| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 320/2025/01156/И |
| Дугаар | 320/ШШ2025/01044 |
| Огноо | 2025-09-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 320/ШШ2025/01044
| 2025 оны 09 сарын 17 өдөр | Дугаар 320/ШШ2025/01044 | Хөвсгөл аймаг |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би
Нэхэмжлэгч: А.П
Хариуцагч: П.Б
Зээл 10,000,000 төгрөг, зээлийн хүү 3,400,000 төгрөг, нийт 13,400,000 (арван гурван сая дөрвөн зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 320/2025/01156/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч А.П шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийн шаардлагын дүн: 13,400,000 төгрөг. Энэхүү дүнд: үндсэн төлбөр 13,400,000 төгрөг. Гэрээ байгуулсан огноо: 2025.05.28.
Миний бие А.П нь П.Б г мөнгө хэрэгтэй байна, 7 хоногийн хугацаатай 10,000,000 төгрөгийг өдрийн 1 хувийн хүүтэй зээлж өгөөч гэж гуйсан. Би П.Б г гуйгаад байсан болохоор өөрийн танилуудаасаа хайж өгье гэсэн. Ингээд 2 хоногийн дараа буюу 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдөр өөрийн хуучин хамт ажиллаж байсан эмэгтэйгээс 10,000,000 төгрөгийг 7 хоногийн хугацаатай, өдрийн 1 хувийн зээл авч, түүний ХААН банкны ****** дугаартай данс руу шилжүүлсэн. Гэвч 7 хоногийн дараа П.Б нь мөнгө олж өгч чадаагүй, зээл гартал зээлийн хугацаагаа хойшлуулмаар байна, зээлийн хүүг мөнгө өгөх хугацаагаар тооцож өгөх тухайгаа хэлсэн. Би өөрөө хүнээс мөнгө зээлж авсан учир энэ хугацааг хүлээн зөвшөөрөх боломжгүй ч өөрийн танилаасаа асууж хугацааг нь аль болох хойшлуулсаар ирсэн. Энэ хугацаанд зээлийн төлбөрөөс огт хийгээгүй. Түүнийг би ядарч, сандарч явахад тус боллоо доо гэж бодож байснаас өөрийгөө хэл амаар доромжлуулна чинээ санаагүй. Одоо миний мөнгө зээлсэн хүн нь мөнгөө удаа дараа нэхэж, бүр сүүлдээ намайг худалч, залилагч хэмээн хэлж, зээлээ хүүгийн хамт өгөхгүй бол холбогдох байгууллагад нь хандахаа байнга хэлдэг болсон.
Иймд П.Б д зээлүүлсэн 10,000,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл өдрийн 1 хувийн хүү 3,400,000 төгрөг, нийт 13,400,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 1-6 дахь тал)
2. Хариуцагч П.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь П аас 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 10,000,000 төгрөг авсан нь үнэн болно. Миний бие П тай төрсөн эгч, дүүгийн хүүхдүүдтэй суусан нэг айлын бэрүүд юм. Манай хоёр гэр хөрш, давхар зэргэлдээ хашаанд хамт амьдардаг байсан. Тэднийх хашаа байшингаа зарахаар болсон гэж нөхөр Б-аас нь сонсоод нөхөр, бид хоёр мөнгө зээлье, зээлээ дараад үл хөдлөхийн зээл аваад өгье гэж хэлтэл асуудалгүй ээ, аваарай гэж байсан. Хашаа байшингаа зарсан гэхээр нь нөхөр Б- руу нь залгасан чинь утсаа авахгүй болохоор нь эхнэр болох П руу чат бичсэн. Ингэхд Б унтаж байнаа яасан бэ гэхээр нь учир явдлаа хэлэхэд бид 2 хашаа байшингаа зарсан мөнгөө аль хэдийн цэгцэлсэн, цаадах чинь согтуу л балайрч байхгүй юу, хэдэн төгрөг, хэд хоногийн хугацаатай хэрэгтэй юм, найз нь хүнээс асууж өгөх үү гэсэн. Ингээд 2 хоногийн дараа буюу 5 сарын 28-ны өдөр надад Мөрөн сумын ***** дугаар сургуулийн ******ийн багш Д гэдгээс 10 сая төгрөг, өдрийн 1 хувийн хүүтэй, 7 хоног 7 хувийн хүүтэй шүү гээд миний данс руу мөнгө шилжиж орж ирсэн. Нэхэмжлэлд гэрээ хийсэн, мөн намайг өдрийн 1 хувиар олоод өг гэсэн гэж бичжээ, бидэнд хийсэн гэрээ бол байхгүй, өдрийн 1 хувиар авъя ч гэж би өөрөө хэлээгүй. Олдож байгаа мөнгө, боломж нь учраас П д баярласнаа хэлээд, эргээд заавал туслахаа хэлсэн. Нөхөр бид хоёр банк бусуудын өндөр хүүтэй зээлүүдээ хаагаад нэгтгэж, нэг зээл болгож, банкнаас хүү багатай зээл болгох зорилготойгоор зээлүүдээ хаасан. Гзвч манай гэр бүлийн хүний нэр дээр байсан төрийн банкны ногоон зээл нь зээлийн ангилал буурч хэвийн бус ангилалтай болсныг нь засагдчих байлгүй гзэд бүтэн хаачих гэхээр нь хаачихсан чинь ангилал нь засагдаагүй үлдсэн. Бид хоёр энэ хугацаанд бүх банк, банк бусын байгууллагуудаар явсан боловч манай гэр бүлийн хүний нэр дээр байсан төрийн банкны ногоон зээл хэвийн бус гэсэн ангилалтай хаагдсанаас болоод зээл авч чадаагүй. Энэ хугацаанд өмгөөлөгчөөс зөвлөгөө авч төрийн банкны орон нутаг болон төв салбар, Монгол банкны орон нутаг болон төв салбарт тус тус бичгээр өргөдөл, хүсэлт гаргасан. Мөн Засгийн газрын 1111 төвд цахим өргөдөл гаргасны дагуу 1111 төв миний өргөдлийг Улсын их хурлын тамгийн газарт шилжүүлж, уг газар нь Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн. Гэвч Эдийн засгийн байнгын хорооноос зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2025 оны 5 сарын 16-ны өдөр баталсан, энүүгээр бол зээлийн ангилал гэж байхгүй онооны систем рүү шилжүүлсэн, одоо Монгол банк 9 сарын 1-нээс журмаа гаргасны дараа энэ хэрэгжих учраас тэрийг л хүлээхээс өөр аргагүй гэсэн хариуг утсаар өгсөн. Мөн миний бие Улсын их хурлын гишүүн Б, З, Б нарт хүртэл хандаж үзсэн, би энэ хугацаанд огт зүгээр суугаагүй хөөцөлдсөн боловч зээлээ авч чадаагүй. Манай гэр бүлийн хүн зээлгүй бөгөөд зээлийн ангилалгүй болоод онооны системд шилжихээр нь бүх хүүгээ, алдангитай төлье гэж П болон Д гэдгээс утсаар болон мессэжээр, чатаар байнга тайлбарлаж, гуйж, ярьж байсан. П ын нэхэмжлэлд намайг амаар доромжилсон гэж бичсэн байна. Би энэ хугацаанд П ыг нэг ч муу муухай үгээр хэлж доромжилсон удаа надад нэг ч, бүр нэг ч удаа байхгүй ээ. Харин ёстой 6 сараас хойш П болон Д багшид хэлэх, хэлэхгүй үгээр байнга дарамтлуулж, доромжлуулж, элдвээр хэлүүлж, хараалгаж зүхүүлж жинхэнэ утгаар нь дарамтыг амссаар өнөөдрийг хүрсэн... Намайг угаалгын газар хувцсаа угааж байхад Д багш, П 2 ирээд бид 3 хамт уулзахдаа би Д багшид таны мөнгийг би авсан би хаашаа ч алга болохгүй...нөхрийнхөө ангилал засагдахаар 9 сард таньд бүх хүү, алдангитай нь өгье гэж гуйхад миний хажууд П аа би чамайг хэзээ байнга дарамталсан юм бэ, би чам руу юу болж байна гэж чат л бичдэг, би чамайг хэзээ дарамталж доромжилсон юм бэ гэхэд би таны итгэлгийг алдсандаа, би таниас аваад энэ хүнд өгсөн болохоор би бушуу мөнгийг нь авч өгөөд салмаар байна гэж хэлсэн. Д багшид эгчээ та миний учир байдлыг ойлгооч, нөхрийнхөө зээлийн ангилал буурсан болохоор банк, банк бусууд зээл гаргахгүй байна, зээл гартал би тань руу боломжоороо багаар хийж байх уу гэхээр үгүй бөөн авна, багаар авсан юм надад юм болохгүй гээд зөвшөөрөөгүй бөгөөд 5 сарын 28-наас 7 сарын 1 хүртэл өдрийн 1 хувиар тооцоод хүүний 3,400,000-г бүтнээр нь өгөөд, 7 сарын 1-нээс хойш сарын 10 хувиар хүүлээд яв гэсэн. Миний цалингийн зээл сард төлдөг хэмжээ нь 2,200,000 төгрөгийг хийдэг бөгөөд миний цалин зээлэндээ л бараг шахуу таардаг тул нөхрийнхөө цалингаар 6 ам бүл зохицуулж амьдардаг тул бөөнөөр нь 3, 4 саяыг нэг дор хийх ямар ч боломжгүй байнаа гэдгээ учирлаж гуйгаад 7 сарын 24-нд 1,000,000 төгрөгийг Д багш руу шилжүүлсэн. Миний бие цаашид Д багшаас авсан мөнгөө төлж барагдуулах болно гэжээ. (хавтаст хэргийн 26-27 дахь тал)
2.1. Хариуцагч П.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Би А.П аас 2025 оны 05 сарын 28-ны өдөр 10,000,000 төгрөг зээлж авсан нь үнэн. Надад өдрийн 1 хувиар хүү тооцож, 7 хоногийн хугацаатай зээлсэн гэдгийг зөвшөөрч байна. Гэтэл Монгол банкны ангилалаас болж зээл гарах боломжгүй болж одоог хүртэл тус зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй байна. А.П нь шүүхэд гаргасан нэхэмжпэлдээ үндсэн зээл 10,000,000 төгрөг, зээлийн хүүг 2025 оны 05 сарын 28-наас 2025 оны 07 сарын 01-ний өдөр хүртэл 34 хоногийн 34 хувиар тооцож 3,400,000 төгрөг, нийт 13,400,000 төгрөг болсон гэжээ. Би 10,000,000 төгрөг зээлж авсан нь үнэн. Үүнийг төлнө. Хүний мөнгийг авч буцаан өгөөгүй тул бид хүү тооцох гэрээ байгуулаагүй ч гэсэн хүүнд тооцож байгаа 3,400,000 төгрөгийг зөвшөөрч байна. Харин мөнгөө хугацаандаа төлөөгүй тул би А.П ын мөнгө авч өгсөн гэх н.Д багшид 2025 оны 07 сарын 24-нд 1,000,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Хүүнд тооцож байгаа 3,400,000 төгрөгөөс 1,000,000 төгрөгийг 2025 оны 07 сарын 24-нд өгсөн болно.
Иймд зээл 10,000,000 төгрөг, хүү 2,400,000 төгрөг, нийт 12,400,000 төгрөгийг А.П д төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ. (хавтаст хэргийн 26-27, 28 дахь тал)
3. Нэхэмжлэгч А.П шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2025 оны 08 сарын 8-нд гаргасан нэхэмжлэлийн хариутай танилцлаа. Маш урт хугацаанд мөнгөний асуудал яригдаж, 7 сарын 01-нээс хойшхи аман яриагаар хийсэн сарын 10 хувиар тооцох тухай яриагаа үгүйсгэснээс хүүний төлбөрт өгсөн 1,000,000 (нэг сая) төгрөгийг хүү гэж ойлгосон боловч (7 сарын 10 хувийн) үндсэн 3,400,000-аас хасаж тооцож байсныг ойлголоо. 7, 8 сарын 10 хувийн хүүг хүлээн зөвшөөрөхгүйг харж байна. Хийсэн мэдэгдлийн дагуу 12,400,000 төгрөгийн төлбөрийг барагдуулах боломжтой гэж хариу мэдэгдсэн байгааг хүндэтгэн ямар ч хариу гомдолгүйгээр боломжит мөнгөн дүнг буцаан авахыг зөвшөөрч байна гэжээ. (хавтаст хэргийн 31 дэхь тал)
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.П нь хариуцагч П.Б д холбогдуулан зээл 10,000,000 төгрөг, зээлийн хүү 3,400,000 төгрөг, нийт 13,400,000 (арван гурван сая дөрвөн зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч П.Б ...Би 10,000,000 төгрөг зээлж авсан нь үнэн. Үүнийг төлнө. Хүний мөнгийг авч буцаан өгөөгүй тул бид хүү тооцох гэрээ байгуулаагүй ч гэсэн хүүнд тооцож байгаа 3,400,000 төгрөгийг зөвшөөрч байна...Хүүнд тооцож байгаа 3,400,000 төгрөгөөс 1,000,000 төгрөгийг 2025 оны 07 сарын 24-нд өгсөн болно. Иймд зээл 10,000,000 төгрөг, хүү 2,400,000 төгрөг, нийт 12,400,000 төгрөгийг А.П д төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэх тайлбар, нэхэмжлэгч А.П ...хүүний төлбөрт өгсөн 1,000,000 (нэг сая) төгрөгийг хүү гэж ойлгосон боловч (7 сарын 10 хувийн) үндсэн 3,400,000-аас хасаж тооцож байсныг ойлголоо...Хийсэн мэдэгдлийн дагуу 12,400,000 төгрөгийн төлбөрийг барагдуулах боломжтой гэж хариу мэдэгдсэн байгааг хүндэтгэн ямар ч хариу гомдолгүйгээр боломжит мөнгөн дүнг буцаан авахыг зөвшөөрч байна гэх тайлбарыг тус тус ирүүлсэн.
Нэхэмжлэгч А.П нэхэмжлэлийн шаардлагаас 1,000,000 (нэг сая) төгрөг гаргуулахаас татгалзан, зээл 10,000,000 төгрөг, зээлийн хүү 2,400,000 төгрөг, нийт 12,400,000 (арван хоёр сая дөрвөн зуун мянга) төгрөг өгч авахаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасган хариуцагчтай эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч А.П ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 224,950 төгрөгөөс 112,475 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч П.Б гаас 12,400,000 төгрөгийн дүнд төлөх улсын тэмдэгтийн хураамж 213,350 төгрөгийн тал хувь болох 106,675 төгрөг гаргуулан, тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч А.П ын нэхэмжлэлтэй, хариуцагч П.Б д холбогдох зээл 10,000,000 төгрөг, зээлийн хүү 3,400,000 төгрөг, нийт 13,400,000 (арван гурван сая дөрвөн зуун мянга) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч 1,000,000 (нэг сая) төгрөг гаргуулахаас татгалзан, хариуцагч П.Б 12,400,000 (арван хоёр сая дөрвөн зуун мянга) төгрөгийг нэхэмжлэгч А.П д төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч А.П ын Төрийн сангийн 100170000941 тоот дансанд 2025 оны 8 дугаар сарын 08-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224,950 төгрөгөөс 112,475 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч П.Б гаас улсын тэмдэгтийн хураамж 106,675 төгрөг гаргуулан, тус тус нэхэмжлэгч А.П д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА