| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Алтан |
| Хэргийн индекс | 177/2018/0088/э |
| Дугаар | 99 |
| Огноо | 2018-06-08 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 99
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Алтан даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Нямжав
Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор: Э.Ууганзаяа,
Хохирогч: Н.Э,
Хохирогчийн өмгөөлөгч: Б.Лхагважав,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Дамдинсүрэн,
Шүүгдэгч: Д.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж, Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Э.Ууганзаяа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х ургийн овогтой Д-ийн Ц-д холбогдох эрүүгийн 1735001570117 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Увс аймгийн Хяргас суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Улаангом сумын “Маамуу нааш ир” цэцэрлэгт багш ажилтай, ам бүл-4, нөхөр 2 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 11-р баг 05-21 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, РД:ОР88071202, Х ургийн овогтой Д-ийн Ц.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.Ц нь 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн орой Увс аймгийн Улаангом сумын 11-р багийн нутаг дэвсгэрт байрлах “Хорин айл” дэлгүүрийн урд талын зам дээр “Тоёота корлоа спасио” маркийн 30-63 УВХ улсын дугаартай автомашин жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан заалтыг зөрчиж хохирогч Н.Э-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Д.Ц-г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөнөөс хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Д.Ц нь 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн орой 20 цагийн үед Увс аймгийн Улаангом сумын 11-р багийн нутаг дэвсгэрт байрлах “Хорин айл” дэлгүүрийн урд талын зам дээр “Тоёота королла спасио” маркийн 30-63 УВХ улсын дугаартай автомашин жолоодож яваад зам тээврийн осол гаргаж хохирогч Н.Э-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, замын бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт, автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл,
хохирогч Н.Э-ийн мөрдөн байцаалтад өгсөн : “2017 оны 10 дугаар сарын 27-ны орой 20 цагийн үед би Улаангом сумын 11-р багийн нутагт байрладаг “Хорин айл” дэлгүүрээс тамхи авахаар автозам хөндлөн гарч явтал намайг гэнэт хүчтэй мөргөх шиг болсон. Тэгээд би газарт унаад босох гэсэн боловч босож чадахгүй байсан бөгөөд хэсэг хугацааны дараа түргэн тусламж болон цагдаагийн машин ирж намайг эмнэлэгт авч очсон юм. Би замын урд талын зогсоол талаас хойшоо дэлгүүр лүү чиглээд зам хөндлөн гарч байсан. Намайг замын голд явахад доороос машин ирж байсан бөгөөд би амжаад гарчих байх гэж бодсон. Уг автомашин ертөнцийн зүгээс зүүнээс баруун тийш явж байгаад миний баруун талаас мөргөсөн бөгөөд би машинд мөргүүлээд газарт унасан. Би тухайн үед автомашин ямар нэгэн дуут дохио өгөх чимээ сонсоогүй. Тухайн үед би 7-8 хүний хамт 1 шил архи хувааж уусан байсан бөгөөд биеэ авч явх чадвартай байсан. Ослын улмаас миний баруун ташааны яс хугаралттай, аарцаг ясны цууралттай, зүүн 4 хавирга хугарсан, зүүн мөрний яс үйрсэн, нурууны төгсгөлийн 2 сэртэн гэмтэлтэй, тархинд 2 газар цус хуралттай, үүдэн дээд 1 шүд унасан, зүүн өвдөгний яс гэмтсэн зэрэг гэмтлүүд учирсан. Би ослын улмаас аймгийн нэгдсэн эмнэлэгийн сэхээн амьдруулах тасагт 10 хоног хэвтэн эмчлүүлээд гарч гэрээр эмчилгээ хийлгэж байгаа. Баруун гуя, өгзөг, бүсэлхий, нурууны төгсгөл, зүүн мөр хавирга шохойдсон. Одоог хүртэл хөдлөх боломжгүй хэвтэрт байна. Мөн гипс, шохой холгосон тул тусгай зориулалтын бэхэлгээг Улаанбаатар хотоос гэмтлийн эмнэлгээс авахуулаад хэрэглэж байна. Ц нь намайг эмнэлэгт хэвтэж байхад 2 удаа эргэж ирсэн. Гэрт 1 удаа ирж уулзсан бөгөөд томографт орсон төлбөрийг төлсөн байгаа. Надад өөрөөр мөнгө төгрөг өгөөгүй. Манай эхнэр ажилтай тул Улаанбаатар хотоос манай хүүхэд ажлаасаа чөлөө авч ирж намайг асарсан. Одоо оюутан хүү маань хичээлээсээ чөлөө авч ирээд намайг асарч байгаа. Би тусгай бэхэлгээ худалдаж авсан, мөн хүүхдүүдийн ирж буцсан зардал, миний ажилгүй үеийн цалин, эмчилгээний мөнгө, эм тарианы мөнгө зэрэг зардал гарсан. Би Увс аймгийн Стандарчлал хэмжил зүйн төвд улсын шалгагчаар ажилладаг. Хүнд юм өргөж, хэмжүүр дээр ажилладаг бөгөөд гэмтлийн улмаас цаашид уг ажлыг хийж чадах эсэх нь тодорхойгүй байна. Би хохирлын баримтыг тусад нь гаргаж өгнө. Миний хувьд эрүүл мэндээрээ хохирсондоо гомдолтой байна. Өөрт учирсан хохирлоо барагдуулж авмаар байна. Цаашид эмчилгээнд ямар зардал гарахыг мэдэхгүй байна. Би одоог хүртэл хүний асаргаанд хэвтэрт байна” гэх мэдүүлэг /хх-ийн 9, 16-17/,
Хохирогч Н.Э-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн : Тухайн өдөр дэлгүүр орохоор явж байгаад машинд мөргүүлсэн. Би сахарын өвчнөөр өвчлөөд 15 жил болж байгаа. Миний холын хараа муу, нэг мэдэхэд л машинд мөргүүлсэн. Би эмнэлэгт 10 хоносон, гэрээр 120 хоног хэвтэж эмчлүүлсэн. 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс таяг тулж явдаг болсон. Түүнээс өмнө байнгын асаргаатай байсан. 2018 оны 4 сарын 15-ны өдрөөс эхнэртэйгээ хамт УБ хот уруу явж оношилгоо хийлгэсэн. Нийт 4400000 төгрөгийн бодит хохирол учирсан. Үүнээс Ц 1362000 төгрөг төлсөн. Үлдсэн төлбөр болон цаашид гарах зардлыг төлөхөө илэрхийлсэн. Хот явахаас өмнө нь 4.2 сая төгрөгийн хохирол гарсан байсан. Баримтуудыг хавтаст хэрэгт өгсөн байгаа. Миний хохирлыг барагдуулаад өгчихвөл гомдол саналгүй. Энэ хүнд заавал ял шийтгэл оногдуулах ёстой гэх бодол алга. Ц нь 2 жаахан хүүхэдтэй хүн, миний том охинтой нас чацуу юм байна лээ . Залуу хүмүүсийн ирээдүйн амьдралыг бас харж үзэх ёстой байх гэж бодож байна” гэх мэдүүлэг,
гэрч А.Т-ийн “Би өнөөдөр буюу 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 20 цаг 40 минутын үед дэлгүүр дотроо сууж байтал гадна юм мөргөх шиг чимээ гарахаар нь дэлгүүрээсээ гарч харахад замын хойд ирмэг хавьцаа дэлгүүрээс холгүй нэг хүн хэвтэж байсан. Дэргэд нь буюу ертөнцийн зүгээр баруун талд нэг машин зам дээр зогсож байсан. Зам дээр хэвтэж байсан хүн машинд мөргүүлсэн бололтой дээшээ харсан байдалтай, толгой нь ертөнцийн зүгээр зүүн зүг рүү чиглээд манай дэлгүүрийн баруун талын хашаа руу ордог явган хүний замын ирмэгт хэвтэж байсан. Тухайн үед машинаас нэг эмэгтэй хүн бууж ирсэн бөгөөд мөргүүлсэн явган зорчигч ухаантай байсан. Тэгээд би хажууд нь очоод харахад мөргүүлсэн хүн “Би зүгээр” гэж хэлж байсан ч босож явж чадахгүй байсан. Тухайн үед дуудлага өгөх хүн байгаагүй тул би эмнэлэг, цагдаад дуудлага өгсөн. Би осол болохыг нүдээр хараагүй бөгөөд дэлгүүртээ байсан. Машинд мөргүүлээд газарт унасан байсан хүний нүүр нь цус болсон байсан. Машины жолоочийн биед гэмтэл учирсан зүйлгүй байсан. Би машиныг тойрч очиж хараагүй бөгөөд араас нь л харсан. Зам дээр ямар нэгэн машины эд ангийн хэлтэрхий байгаагүй. Машин явган зорчигчийг мөргөхийг би хараагүй тул машин хир хурдтай явсныг мэдэхгүй байна. Машин зүүнээс баруун тийш явж байсан бололтой баруун тийш чиглээд зогсож байсан. Би явган зорчигчийг зүс танина. Явган зорчигч осол болох үеэр манай дэлгүүрээр орж ирээгүй. Осол болох үед жолооч нь эрүүл байх шиг байсан. Машинд нь 2 хүүхэд байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 20/,
гэрч Б.О-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би өнөөдөр буюу 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр нэгдсэн эмнэлэгийн түргэн тусламжийн тасагт жижүүр эмчээр гарч байтал “Хорин айл” дэлгүүрийн гадна авто осол гарч, хүн гэмтсэн” гэсэн дуудлага ирсэн. Дуудлгын дагуу уг газарт очиход автомашинд явган зорчигч мөргүүлсэн байдалтай байсан. Мөргүүлсэн хүн 50 гаруй насны эрэгтэй хүн байсан бөгөөд биеийн байдал хүндэвтэр, зүүн нүд хавдсан, ууц, нуруу, зүүн дал, мөр эмзэглэлтэй, “2 хөл дээрээ зогсож чадахгүй байна” гэж хэлж байсан. Зүүн нүд нь хавдаж цус гарсан бололтой гараараа арчиж байсан ба гар нь цус болсон байсан. Тэгээд уг хүнийг яаралтай эмнэлэг рүү тээвэрлэж хүргэсэн. Намайг дуудлагаар очиход явган зорчигч “Хорин айл” дэлгүүрийн үүд орчимд замын боржур дээр сууж байсан ба явган зорчигчоос архи үнэртэж байсан. Цагдаа нар ирээд согтуурал шалгах багажаар үлээлгэх гэхэд үлээж чадахгүй байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 21/,
Увс аймгийн Цагдаагийн газрын шинжээч, Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Буянтогтохын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан 29 тоот: “Жолооч Д.Ц “В” ангиллын 986378 тоот үнэмлэхтэй байна. Д.Ц, Н.Э нар нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрэм зөрчсөн байна. Д.Ц нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а-д зааснаар “Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 9.2-д зааснаар “Жолооч хөдөлгөөнд аюуд саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн. Жолооч Д.Ц-г согтуурал шалгах багажаар шалгахад 0.11 хувийн согтолттой гарсан. Н.Э нь МУ-ын ЗХД-ийн 3.4-д заасан явган зорчигч явган хүний гарц буюу замаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарч, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах саадгүй хэсэгт ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэсэн заалтыг зөрчсөн. Д.Ц, Н.Э нар нь МУ-ын ЗХД-ийн 2.7.а, 9.2, 3.4 дэх хэсгүүдийг зөрчсөн нь буруутай үйлдэл болж байна. Техникийн эвдрэл гэмтлээс шалтгаалж осол гарсан эсэхийг тогтоох боломжгүй. Явган зорчигч Н.Э нь ЗХД-ийн 3.4 дэх хэсгийг зөрчсөн нь осол гарахад хүргэсэн шалтгаан болох магадлалтай байна” гэх шинжээчийн дүгнэлт/хх-ийн 45-р тал/,
Монгол Улс Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №707 дугаартай: “Үзүүлэгч Н.Э-ийн биед тухайн үед гэмтэл учирсан байна. Үүнд: Тархины эдийн доторхи цусан хураа, тархины хаван. Цээжний зүүн талын 3, 4-р хавирганы хугарал, зүүн талын атгаал чөмөгний толгойн бяцарсан хугарал, аарцаг ясны хугарал, ууцны 1-р нугаламын хугарал, баруун дунд чөмөгний толгойн бяцарсан хугарал, толгой, нүүр, хуйхны хэсгийн зулгаралт, зөөлөн эдийн няцрал зэрэг гэмтлүүд үүссэн. Дээрхи гэмтлүүд нь гадны мохоо хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь осол болсон тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Дээрхи гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3, 3.6.2-д заснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болно. Уг гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт удаан хугацаанд нөлөөлнө. Н.Э нь тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба хөнгөн зэргийн согтолттой байсан байна. Шүүх химийн №60 тоот шинжилгээг дүгнэлтэд хавсаргав” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 29-30/,
Цагдаагийн Ерөнхий Газрын Замын цагдаагийн албаны техник замын хяналтын хэлтсийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн Дахин шинжилгээ хийсэн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн ¹614 тоот : “Тус аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Буянтогтохын гаргасан 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 29 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй боловч учир дутагдалтай байна. Жолооч Д.Ц нь МУ-н Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч болох Н.Э нь МУ-н Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.-т заасан “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц ба гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, саадгүй хэсгээр ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны А/138, А/131 дугаар хамтарсан тушаалын хавсралтанд/.....2.5. “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%о), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%о) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэж байдаг. Иймд жолооч Д.Ц нь тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргах үедээ 0,11%-ийн согтолттой байсан нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй байна. 30-63 УВХ улсын дугаартай “Согоllа Spasio” маркийн автомашины жолооч Д.Ц нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан заалтыг зөрчсөнөөс зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 45-46/,
шүүгдэгч Д.Ц-гийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр цэцэрлэг тараад хамт ажилладаг хүмүүсийн хамт 2,0 литрийн савлагаатай 1 ширхэг “Сэнгүр” нэртэй пиво уусан. Тэгээд өөрийн эзэмшлийн “Тоёота Королла Спасио” загварын 30-63 УВХ улсын дугаартай автомашиныг жолоодож хажуу талын суудалдаа 3 болон 6 насны хоёр хүүхдээ суулгаад гэрлүүгээ харихаар хөдөлсөн юм. Тухайн үед цэцэрлэгээс гараад 200 м орчим яваад “Хорин айл” дэлгүүрийн үүдээр өнгөрч явтал машины урдуур гэнэт нэг хүн орж ирээд урд салхины шил мөргөөд хажуу тал руу унасан юм. Би машинаа зогсоогоод буугаад харахад автомашины замын захад зам дагуу нэг эрэгтэй хүн хэвтэж байсан. Би тэр хүн дээр очиход тэр хүн согтуу байсан бөгөөд түүнээс архи үнэртэж байсан. Тэгээд би тэр хүнийг татаж явган хүний зам дээр суулгахад тэр хүн надад “Ах нь зүгээрээ. Чи яв яв” гэж хэлээд байсан. Тэр хүний духны зүүн хэсгээс цус бага зэрэг гарч байсан. Тэгтэл “Хорин айл” дэлгүүрийн эзэн залуу гарч ирээд цагдаа, эмнэлэгт дуудлага өгсөн бөгөөд удалгүй цагдаа нар ирсэн юм. Тухайн үед автомашиныг би өөрөө жолоодож явсан. Автомашинд надаас гадна миний 3 болон 6 настай хоёр хүүхэд байсан ба өөр хүн байгаагүй. Явган зорчигч ганцаараа байсан. Би ажлын газрын хашаанаас дөнгөж гараад зам дагуу явж байсан тул хурдаа аваагүй байсан. Ойролцоогоор 20-30 орчим км/ц хурдтай явсан байх. Тухайн үед орой болж харанхуй болсон байсан бөгөөд 20:00 цаг өнгөрч байсан байх. Тэр орчмын газрын гудамжны гэрэлтүүлэг асдаггүй. Замын эсрэг талд ганц шонгийн гэрэл бүдэг асдаг юм. Би тэр хавиар байнга явдаг тул сайн мэднэ. Би машины гэрлийг ойрын тусгал дээр тавьсан байсан. Өөр машины гялбаанд орсон зүйл байхгүй. Би явган зорчигчийг зам хөндлөн гарч байхыг хараагүй. Би тэр хүнийг машины урдуур орохыг хараагүй. Гэнэт хүн мөргүүлэхээр нь зогсоох арга хэмжээ авч зогссон юм. Би болон миний хүүхдүүдийн биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Харин тэр хүний духны зүүн хэсгээс цус гарч байсан. Өндийлгөхөд босчихоод “Хөл өвдөж байна” гэж хэлээд буцаад суусан юм. Өөр ямар гэмтэл учирсныг мэдээгүй. Автомашины урд салхины шил хагарсан, урд копуд хонхойсон, радиаторын урд салхивч хагарсан байсан. Би 2014 онд Улаангомд БМ авто дамжаа төгссөн. “В” ангилалын автомашин жолоодох эрхийн үнэмлэхтэй бөгөөд хүчинтэй байгаа.Уг автомашин миний өөрийн эзэмшлийн автомашин байгаа юм. Миний автомашин баруун талдаа буюу буруу рультэй машин бөгөөд миний урд талын буюу урд салхины шилний баруун хэсгийг мөргөсөн байсан. Би явган зорчигчийг машины баруун урд хэсгээр мөргөсөн байсан. Би хохирогч Э гуайтай уулзаж уучлалт гуйсан. Эмнэлэгт хэвтэж байхад эргэж тойрч байсан. Эмчилгээнд одоогоор нийт 1362000 төгрөг өгсөн байгаа. Одоо нэхэмжилж байгаа болон цаашид гарах хохирлыг нөхөн төлж барагдуулах болно. Надад хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Д.Ц нь 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн орой 20 цагийн орчим “ Toyoto Согоllа Spasio” маркийн 30-63 УВХ улсын дугаартай саарал өнгийн суудлын автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан “ Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөнөөс зам тээврийн осол гарсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Хохирогч Н.Э нь Монгол улсын “Замын хөдөлгөөний дүрэм”-ийн 3.4 дүгээр зүйлд “ явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц ба гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах саадгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэж заасныг зөрчсөн нь хэрэгт авагдсан техникийн шинжээчдийн дүгнэлтээр нотлогдож байх боловч энэ нь тухайн зам тээврийн осол гарах шууд шалтгаан болсон гэж үзэх үндэслэлгүй. Учир нь хэрэгт авагдсан зам тээврийн ослын схем зураг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон хохирогчийн мэдүүлгээс дүгнэхэд: осол болох үед хохирогч нь шүүгдэгч Д.Ц-гийн зорчиж явсан замын эсрэг талаас замын зорчих хэсэг / эгц хөндлөн гарахаар / рүү орж, замын ихэнх хэсгийг туулсан байхад осол гарсан болох нь нотлогдож байх бөгөөд энэ тохиолдолд жолооч машинаа зогсоох арга хэмжээ авах, самбаачлах бүрэн боломжтой байсан гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл жолооч Д.Ц нь хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн даруйдаа тээврийн хэрэгслийн хурдаа хасах, зогсоох арга хэмжээ авах үүргээ биелүүлээгүйгээс осол гарсан гэж дүгнэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон, хэргийн бүрдэл хангагдаж, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Зам тээврийн ослын улмаас хохирогч Н.Э-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь тогтоогдсон тул шүүгдэгч Д.Ц-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөнөөс хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Ц 2014 онд Увс аймгийн Улаангом суманд “БМ” жолооны автосургуульд суралцаж төгссөн, “B” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй болох нь түүнд 2014 оны 09 дүгээр сарын 05-нд олгосон 986378 дугаартай жолооны үнэмлэхээр нотлогдож байх тул түүнийг “B” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй гэж үзнэ.
2. Шүүгдэгч Д.Ц-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Д.Ц нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөнөөс хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.
Д.Ц-гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Н.Э-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд хохирогч Н.Э нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 4.400.768 төгрөг нэхэмжилж хэрэгт холбогдох нотлох баримтууд авагдсныг шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан болно. Хохирлын талаар хэрэгт авагдсан баримтууд нь нотлох баримтын шаардлага хангасан, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүнд гэмтэл буюу тархины эдийн доторхи цусан хураа, тархины хаван, цээжний зүүн талын 3, 4-р хавирганы хугарал, зүүн талын атгаал чөмөгний толгойн бяцарсан хугарал, аарцаг ясны хугарал, ууцны 1-р нугаламын хугарал, баруун дунд чөмөгний толгойн бяцарсан хугарал зэрэг гэмтлийг оношлуулж, эмчилгээ хийлгэхэд гарсан зардал, мөн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, асарч сувилахад гарсан зардал зэрэг зайлшгүй гарах зардлууд байх бөгөөд хохирлын тооцооллын талаар хохирогч, шүүгдэгч нар маргаангүй, шүүгдэгч Д.Ц нь хохиролд 1.362.000 төгрөг төлсөн, үлдэгдэл 3.038.768 төгрөгийг нөхөн төлөхөө шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн байх тул хохирогч , шүүгдэгчийн хэлэлцэж тохиролцсон хүрээнд нэхэмжлэлийг шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв. Хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хүнд гэмтлийн улмаас цаашид гарах зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Д.Ц-гийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт : “ Шүүгдэгчийн хувьд энэ гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлын талаар огт маргахгүй байгаа. Гэхдээ осол гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн учир учирсан хохирлыг шүүгдэгч 100% хариуцаж төлөх нь шударга биш учир хувааж төлөх ёстой гэж үзэж байна” гэх дүгнэлт гаргасан бөгөөд хохирогч Н.Э тухайн үед явган хүний гарцгүй хэсгээр зорчсон нь энэ гэмт хэрэг гарах шууд шалтгаан болоогүй, түүнчлэн хохирогчийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангаагүй, түүнчлэн хамтран хариуцлага хүлээх үндэслэлгүй тул гэмт хэргийн хохирлыг хамтран хариуцах хуульзүйн үндэслэлгүйг дурдах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Д.Ц-гийн хувийн амьдрал, зан байдлын талаар гэрч С.Я-ийн өгсөн: “2017 оны 10 сарын 27-ны орой хүү В хөдөө явчихсан байсан бөгөөд эхнэр Ц нь над уруу утсаа залгаж “Би хүүхдүүдээ аваад танайд очиж хононо” гэж хэлсэн. Тэгээд оройтоод байхаар нь Ц рүү утсаар залгаж асуутал “Ээж би цагдаа дээр байна. Нэг асуудал гарсан” гэж хэлсэн тул би цагдаа дээр ирээд болсон явдлын талаар мэдсэн юм. Тухайн үед Ц машинтай явж байгаад “Хорин айл” дэлгүүрийн дэргэд хүн мөргөсөн байсан. Явган зорчигч нь эмнэлэгт хүргэгдсэн байсан юм. Ц нь миний хүү В-тай гэр бүл болоод 7 дахь жилдээ амьдарч байгаа. 3 болон 6 насны хоёр хүүхэдтэй. Ар гэрийн амьдарлын хувьд Ц нь хувийн цэцэрлэгт багшилдаг, нөхөр нь Дулааны станцад хамгаалагчаар ажилладаг. Цалингийн зээлтэй , хүрч ядсан амьдралтай хүмүүс юм. Ах, дүү нарын зүгээс харж хандаад тусалж дэмжээд байх хүн байхгүй. Өөрсдөө амьдарлаа аваад явдаг хүмүүс байгаа юм. Хүүхдүүд нь ээжийнхээ цэцэрлэгт явдаг. Том охин нь ирэх жил сургуульд орох юм. Ц хувийн зан араншингийн хувьд даруухан, элдэв муу зуршилгүй, томоотой, амьдрал ойлгодог, илүү дутуу элдэв зан араншин гаргаад гомдоллоод, голж шилээд байдаггүй, төлөв төвшин зан араншинтай хүүхэд байгаа юм. Ц, В хоёр өнгөрсөн хавар манай хүргэн залуугаас хуучин машин худалдаж авсан юм. Өөрсдийн гэсэн хашаа байхгүй, хүний хашаанд амьдардаг, хувьд ногдох мал байхгүй, гэрт амьдардаг хүмүүс байгаа юм. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 22/,
гэрч Г.В-ын өгсөн : “Би 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ажлаар Тариалан сумын “Хар тарвагатай” нүүрсний уурхайд хамгаалалтанд ажиллахаар явсан юм. 2017 оны 10 сарын 27-ны орой эхнэр Ц надруу “Би машинтай явж байтал согтуу хүн машины урдуур орж ирээд шүргүүлчихлээ. Цагдаа дээр байна” гэсэн мессэж бичсэн байсан. Тэгээд би тэр оройгоо Улаангомд ирээд болсон явдлыг Ц-гээс асуухад “Ажлаас гараад хүүхдүүдээ аваад гэрлүүгээ явж байтал гэнэт урдуур хүн орж ирж мөргүүлсэн” гэж хэлсэн. Тухайн үед явган зорчигч нь гэмтэж эмнэлэгт хүргэгдсэн байсан юм. Тухайн осол гарах үед би хамт байгаагүй тул болсон явдлыг сайн мэдэхгүй байна. Ц бид хоёр 2012 онд гэр бүл болсон бөгөөд түүнээс хойш хамт амьдарч байгаа. 5 настай охин Г, 3 настай хүү Ч нарын хамт айлын хашаанд өөрсдийн гэрт амьдардаг юм. Ц нь Хяргас суманд төрж өссөн, Баруунтуруун суманд ахлах сургууль төгсөөд “Сэрүүлэг” дээд сургуульд англи хэлний багш мэргэжлээр суралцаж төгссөн. 2014 онд “Маамуу нааш ир” цэцэрлэгт багшаар орж одоог хүртэл ажиллаж байна. Би өөрөө “Дөл харуул” хамгаалалтын байгууллагад харуулын даргаар ажилладаг бөгөөд би сард 380.000 төгрөгийн, эхнэр Ц сард 310.000 төгрөгний цалин авдаг. Бид хоёр эхнэрийн нэр дээр цалингийн зээл авсан бөгөөд одоо 5 сая гаруй төгрөгийн зээлтэй байгаа. Эхнэр маань 2017 оны 08 сараас автомашин жолоодож эхэлсэн юм. Бид хувьдаа өөрийн гэсэн хашаа байхгүй тул айлын хашаанд түр амьдардаг. Ар гэрийн амьдарлын хувьд цалингийн зээлээ төлөөд үлдсэн мөнгөөр нь ар гэрийн амьдарлаа залгуулдаг юм. Хүүхдүүд маань “Маамуу нааш ир” цэцэрлэгт явдаг бөгөөд ажилчдын хүүхдүүд үнэ төлбөргүй явдаг. Том охин ирэх жил сургуульд орох юм. Ц нь зан араншингийн хувьд төлөв даруу зантай, тайван, ар гэртээ халамжтай, элдэв муу зуршилгүй, архины харшилтай архи уухаар зүрх нь дэлсээд байдаг тул огт уудаггүй. Айлын хамгийн бага буюу 7 дахь хүүхэд байгаа юм. Ямар нэгэн илүү дутуу зан байхгүй, хүнтэй харьцах харьцаа сайтай, хүнтэй ярилцаад өөрийгөө ойлгуулах чадвартай, хөдөө өссөн тул найз нөхөд гэхээр хүн цөөхөн, ажлын голдуу найз нартайгаа холбоотой байдаг юм. 2014 онд жолооны БМ дамжаа төгсөж “В” ангиллын жолоочийн үнэмлэхтэй болсон. 2013 онд цэцэрлэгийн багшийн дамжаанд суралцаж, 2014 онд цэцэрлэгт ажилд орсон юм” гэх мэдүүлэг /хх-ийн 23/-үүд болон Увс аймгийн Улаангом сумын 11-р багийн Засаг даргын 2017-12-21-ний өдрийн 1234 тоот тодорхойлолт зэрэг авагдсан байх ба шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдсон.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах ба шүүгдэгч Д.Ц нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын зарим хэсгийг сайн дураараа төлсөн, үлдэх хохирол болон цаашид гарах зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон тэрээр бага насны буюу 3-6 насны 2 хүүхэдтэй зэрэг хувийн амьдрал байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх заасан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Ц-д ял шийтгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Д.Ц-гийн 986378 дугаартай, “B” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодах эрхийн үнэмлэх 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тус тус шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х ургийн овогтой Д-ийн Ц-г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөнөөс хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэсүгэй.
3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.Ц гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1.362.000 төгрөг төлснийг дурдаж, хохирогч Н.Э-т 3.038.768 төгрөг нөхөн төлөхөө илэрхийлснийг тус тус дурдаж, хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирлоо нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Д.Ц-гийн 986378 дугаартай, “B” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Д.Ц-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.АЛТАН