| Шүүх | Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Баатарсүх |
| Хэргийн индекс | 2440000000057 |
| Дугаар | 2024/ДШМ/58 |
| Огноо | 2024-11-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Ч |
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 2024/ДШМ/58
2024 11 27 2024/ДШМ/58
Д.Г-т холбогдох
эрүүгийн хэргийн талаар
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч ******* даргалж, ерөнхий шүүгч Г.Болормаа, шүүгч О.Баатарсүх нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд хийв.
Шүүх хуралдаанд:
- прокурор Д.Ч ,
- нарийн бичгийн дарга Ж.М нар оролцов.
1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгч М.Э-н даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, прокурор Э.А-н бичсэн эсэргүүцлээр шүүгдэгч Д.Г-т холбогдох 2440000000057 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч шүүгч О.Б-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.
3. Шүүгдэгч Д.Г нь Хэнтий аймгийн Бор-Өндөр ................................................. орцны гадна 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хохирогч М.Б-н баруун гарын шуу хэсэгт хутгаар зүсэж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
4. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Э.А-с шүүгдэгч Д.Г-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
5. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх: Шүүгдэгч Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г-т оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 27 см урттай, 14.5 см ажлын хэсгийн урттай, бариул нь 12.5 см урттай, шар өнгийн модон бариултай хутга 1 ширхгийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, шүүгдэгч Д.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Г-т урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр тус тус шийдвэрлэжээ.
6. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Э.А давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Э.А би, эрүүгийн 2440000000057 дугаартай шүүгдэгч Д.Г-т холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн. Хэргийг Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхээс 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хэлэлцээд шүүгдэгч Д.Г-т гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, эд мөрийн баримтаар хураагдсан 27 см урттай шар өнгийн модон бариултай 1 ширхэг хутгыг устгахаар шийдвэрлэсэн бөгөөд шийтгэх тогтоолыг 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч танилцаад дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
Шүүгдэгч Д.Г нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар баг, 45 дугаар байрны 6 дугаар орцны гадна 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр М.Б-н баруун гарын шуу хэсэгт хутгаар зүсэж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдсон.
Улсын яллагчаас анхан шатны шүүх хуралдаанд дээрх гэмт хэргийн улмаас хохирогч М.Б-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирч эмнэлгийн тусламж үйлчилгээг авч 361,025 төгрөгийн эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт, чөлөөлтөд хамрагдсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжилсэн. Анхан шатны шүүхээс "Эрүүл мэндийн даатгалын газрыг иргэний нэхэмжлэгчээр тогтоогоогүй, хохирогчийн эмчилгээний зардал болох 361,025 төгрөгийн баримт хэрэгт авагдаагүй, холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй" гэж дүгнэн шийдвэрлээгүй бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д "гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлэх", Мөн Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт "Бусдын амь нас эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй" гэж тус тус хуульчилсан байна. Иймд прокурор төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэл гаргасныг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шийдвэрлэлгүй орхигдуулсан, эрүүгийн хэрэгтэй хамт шийдвэрлэх боломжтой байхад иргэний журмаар шийдвэрлүүлэх эрхтэй гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7 дахь хэсэгт заасан "гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хангах тухай, эсхүл хэлэлцэхгүй орхих үндэслэл" гэснийг зөрчсөн байна. Энэ нь мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад хамаарч байгаа тул Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/56 дугаартай шийтгэх тогтоолд прокурорын иргэний нэхэмжлэлтэй холбоотой зохих өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив”.
7. Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Ч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “ Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хяналтын прокурор Э.А-н эсэргүүцэл үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Д.Г-т холбогдох эрүүгийн хэргийг эсэргүүцэлд зааснаар хязгаарлахгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянахад шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх” хууль ёсны шаардлагыг хангахгүй байна.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйл, 16.15 дугаар зүйл, 35.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасанчлан шүүхээс шүүх хуралдааны хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр эхлээд яллах, дараа нь цагаатгах нотлох баримтыг шинжлэн судлах замаар явуулан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр хэрэгт авагдсан нотлох баримтыг бусад нотлох баримттай харьцуулан шинжлэн судлах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалган хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг өөрийн дотоод итгэлээр үнэлж, хэргийн бодит байдал буюу яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүрэгтэй байдаг билээ.
10. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн үеэр хохирогч М.Б нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нэгдсэн эмнэлэг болон Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлсэн тухай хэргийн 75 дугаар хуудсанд байгаа 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолтыг шинжлэн судалж, хохирогч баруун гарын шууны гэмтлээ аль эмнэлэгт хэдийнээс хэдий хүртэл эмчлүүлсэн, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардал хэдэн төгрөг гарсан зэргийг тодруулаагүй байж, “мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүл мэндийн газрыг иргэний нэхэмжлэгчээр тогтоогоогүй, хэрэгт хохирогчийн эмчилгээний зардал болох 361,025 төгрөгийн баримт хэрэгт авагдаагүй байх тул холбогдох байгууллага нь уг хохирлыг нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй”, “хэргийн 75 дугаар талд авагдсан баримтаар хохирогч М.Б нь энэ гэмт хэргийн улмаас 361,025 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн болох нь тогтоогдохгүй байх тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй” гэх хоёр өөр утгатай, логикийн хувьд нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн алдаатай, ойлгомжгүй дүгнэлтийг хийсэн байна.
11. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой асуудлаар эцсийн шийдвэрээ шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хангах тухай, эсхүл хэлэлцэхгүй орхих үндэслэл”-ийг тусгах тухай заалтыг зөрчжээ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” гэх үндэслэлд хамаарагдана.
12. Шүүгдэгч Д.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохироогүй байна.
13. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “торгох ял”-ын ойлголтыг журамласан нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзнэ.
14. Иймд дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Г-т холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосугай.
2. Хэргийг шүүхэд очтол шүүгдэгч Д.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ
ШҮҮГЧИД Г.БОЛОРМАА
О.БААТАРСҮХ