| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баттулга Номин |
| Хэргийн индекс | 307/2025/01024/И |
| Дугаар | 307/ШШ2025/01607 |
| Огноо | 2025-09-23 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 307/ШШ2025/01607
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс:307/2025/01024/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, ******* тоотод оршин суух ******* ******* (РД: *******, утас: *******)-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, ******* байрлах ******* (РД: *******, итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******, утас: *******),
Хариуцагч: Дархан-Уул аймаг, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* (РД. *******, утас: ) нарт холбогдох,
“Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Б.*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.,
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* (цахимаар),
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:
“...Би *******-д 2009 оноос хойш одоог хүртэл үндсэн албан тушаалтнаар экскаваторын операторчоор, нэмэгдлээр ковшийн оператор, чулуун бутлуур, засварын ажил, туслах ажилтнаар гэх мэт бүхий л ажлын байранд цаг наргүй ажиллаж, сэтгэл зүрх, хүч хөдөлмөр, залуу нас, эрч хүчээ зарцуулж ажиллаж ирсэн. Энэ хугацаанд ажлаар Дархан-Уул аймагт томилолтоор ирж ажиллах болсон учраас компанийн зүгээс байраар хангаж өгнө, байранд оруулж өгнө гэж амлалт өгч одоо амьдарч байгаа байрыг өгсөн юм. Тухайн байрны мөнгөө цалингаасаа шууд суутгуулж компанидаа төлдөг байсан бөгөөд байрныхаа мөнгийг бүрэн төлж дуусгаад өмчлөх эрхийн гэрчилгээгээ өөрийн нэр дээр авах гэтэл хариуцагч нар гаргаж өгөхгүй байна. Иймд Дархан-Уул аймаг, ******* тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү” гэжээ.
2.Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Бид *******-тай блок худалдах худалдан авах гэрээг байгуулж төлбөрт нь уг орон сууцыг тооцон өгсөн. ******* нь тус орон сууцыг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэх хүсэлтийг манай компанид тавьсан. Тус орон сууц нь ямар нэг барьцаанд байхгүй, эрхийн зөрчилгүй, хариуцагчид шилжүүлж өгөхөд бэлэн, татгалзах зүйлгүй” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч *******, Б.******* нарт холбогдуулан “Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2.Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* нь шүүх хуралдаанд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргаж байна.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “...хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна” гэж заасан.
Дээрх хуульд зааснаар хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх учиртай.
Хэрэгт нотлох баримтаар авагдсан 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Дархан-Уул аймаг, ******* тоот хаягт байршилтай 49.04 мкв талбайтай, 2 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр хариуцагч Б.******* бүртгэгдсэн байна.
Мөн шүүх хариуцагчийн хүсэлтээр 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр *******-ийг оролцуулахаар шийдвэрлэж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******-ийг шүүхэд дуудсан боловч хүрэлцэн ирээгүй.
Түүнчлэн, хариуцагч нараас *******-ийн 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2025/18 дугаартай *******-д хүргүүлсэн “...орон сууцыг цалингаас тооцох гэрээний дагуу Б.*******д өгөхөөр тохиролцсон бөгөөд тухайн ажилтнаас төлөх төлбөр тооцоо бүрэн дууссан тул тухайн орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Б.*******гийн нэр дээр гаргаж өгнө үү” албан бичгийг ирүүлж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр *******-ийг оролцуулах хүсэлтээсээ татгалзсан.
Иймээс шүүх маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь хариуцагчийн өмчлөлд байгаа, гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, Б.******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 140,400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.*******д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Б.*******гийн нэхэмжлэлтэй, *******, Б.******* нарт холбогдох “Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай” иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, Б.******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 140,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НОМИН