Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 307/ШШ2025/01611

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2024/00815/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* (утас:*******)-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* (утас: *******),

Хариуцагч: Дархан-Уул аймаг, ******* тоотод оршин суух ******* овогт (утас: ),

Хариуцагч: Дархан-Уул аймаг, ******* тоотод оршин суух ******* овогт ын (утас: ),

Хариуцагч: Дархан-Уул аймаг, ******* тоотод оршин суух Хатагин овогт ын (утас: ) нарт холбогдох,

“Орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээнээс хариуцагч нарын нэрийг хасуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч О.*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.,

Хариуцагч Д.*******,

Хариуцагчийн өмгөөлөгч Ө.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анужин нар оролцов.

(Хариуцагч Д., хариуцагч, хариуцагч Г.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. нарын хүсэлтээр тэдний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч О.******* нь хариуцагч Д.*******, Д., Г., Г. нарт холбогдуулан орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээнээс хариуцагч нарын нэрийг хасуулахыг хүссэн нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

“...О.******* нь Дархан хотын махкомбинатад ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан. Манай байгууллагаас намайг олон жил үр бүтээлтэй ажилласан гэж 1980 оны үед одоогийн хаягаар Дархан-Уул аймаг, ******* тоот 2 өрөө орон сууцыг өгсөн.

Би гэр бүлгүй, ганцаараа амьдардаг байсан учир Д. бид нар танайд хэсэг амьдаръя гээд гуйхаар нь зөвшөөрч нэг өрөөндөө оруулж хамт амьдарч эхэлсэн. 1998 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 22 дугаар тогтоолоор орон сууцаа хувьчилж авсан.

Миний бие гадуур дотуур бичиг цаасны ажил хөөцөлдөхдөө муу, хүний хэлж ярьсныг нарийн сайн учир холбогдлыг нь ойлгохгүй тул орон сууцаа хувьчлан авах үед Д., Д.******* нар нь таны бичиг баримтыг хөөцөлдөж өгье гээд намайг дагуулаад албан газруудаар явдаг байсан. Удахгүй гэрчилгээ чинь гарна гэж байна гэж хэлээд тун удалгүй гэрчилгээ гарсан байна гээд авч ирж байсан. Тухайн үед би тэднийг өмчлөх эрхий гэрчилгээнд өөрсдийнхөө нэрийг оруулсан байсныг мэдээгүй. Надад туслаад явж байна гэж ойлгож байсан.

Тэгэхэд миний бичиг цаасны ажилд муу учрыг нь олохгүй байдлыг далимдуулан үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээн дээр хамтран өмчлөгчөөр өөрсдийнхөө нэрийг болон хүүхдүүдийнхээ нэрийг оруулсан байсныг би саяхан гэрчилгээгээ хүнд үзүүлж тайлбарлуулж ойлгож мэдсэн. Сүүлийн үед намайг гадуурхаж орон гэрээс минь хөөж тууж хэрээс хэтэрсэн зан авир гаргаад байхаар нь энэ талаар найзынхаа хүүхдэд хэлэхэд гэрчилгээ чинь байна уу гэсэн. Үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийн гэрчилгээ надад байдаг талаараа хэлээд түүнд үзүүлэхэд хамтран өмчлөгчөөр гэр бүлээрээ орсон байна гэж хэлсэн. Ингээд би гэрээсээ хөөгдөж орон байраа алдахад хүрч аргагүй эрхэнд тус шүүхэд хандаж байна.

Иймд гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнээс Д.*******, Д., Г., Г. нарын нэрийг хасаж өгнө үү” гэжээ.         

2.Хариуцагч Д.*******, Д., Г., Г. нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“...Нэхэмжлэгч О.******* нь намайг бага байхын манайхаар орж гарч, идэж ууж гүйж байж бидэнтэй хуурай ах дүүс болсон. 1997 онд Дархан-Уул аймгийн Орхон сумаас шилжиж ирээд байр хөлсөлж суух газар өгч байхад таарч цуг амьдрахыг санал болгож бид хамт амьдарч эхэлсэн. Уг байрыг 1998 онд хувьчлахад бид нарыг өөрсдийн нэр дээр ав гэхэд бид тийм зүйл юу гэж байж болох уу гэхэд О.******* ах өөрөө санал тавьж хамтран эзэмшигчээр бүртгүүлсэн. Уг байрыг нэхэмжлэгчийн эхнэр нь 1990 оны дундуур салахдаа тэр үеийн ханш 80,000 төгрөгөөр зарчхаад явсан байсныг найз Цог миний ах Атар нар хөөцөлдөж тухайн мөнгө 80,000 төгрөгийг төлж буцаан авсан.

Бид цуг амьдрах 27 жилийн хугацаанд уг байрыг зарах болон барьцаанд тавих талаар бодож байгаагүй. 27 жилийн хугацаанд бид 4 удаагийн бүрэн засвар хийхдээ О.******* ахаас нэг ч төгрөг гаргуулаагүй. Мөн байрны тог, ус, дулаан, орцны засвар, үйлчлэгчийн мөнгийг бүрэн төлдөг байсан. 27 жилийн хугацаанд нэхэмжлэгчийн хоол ундыг бүрэн дааж байсан.

2018 оны өвөл тархиндаа харвалт өгч хэвтэрт ороход нь Д.******* болон Г. нар нь өтгөн шингэнийг нь зөөж, хоол цайг нь аманд нь хийж өгч, эмнэлгээр явж байж хөл дээр нь босгосон. Эм тариаг нь өөрөөс нь нэг ч төгрөг гаргалгүй авч хийлгэж байсан. Харвалт өгснөөс хойш үе үе байраа зарна гэх болсон ба 2023 оноос байраа зарна гэж эрчимтэй ярих болж янз бүрийн хүнээр утсаар яриулж байраа суллаж өг 27 жил амьдрахдаа нэг ч удаа засвар хийгээгүй балгас болгосон гэж дарамтлуулах болсон. Бидэнтэй амьдрах хугацаанд энэ хүний ах, дүү, хамаатан садан гэж хүн ирж байгаагүй. Харин энэ нэхэмжлэл дээр байгаа 8819-6800 гэж өөрийнх дугаар биш. Ямар хүн болохыг гайхаж байна. Дугаараар нь хайж үзэхэд үл хөдлөх хөрөнгө зуучилж зардаг хүн бололтой.

Бид О.******* ахыг орон гэрээс нь хөөж, тууж, гадуурхаж элдэв ааш гаргаагүй. Харин сүүлийн хэдэн сарын хугацаанд бидний хийж өгсөн хоол, цайг идэж уухаа байж 00-ын өрөө рүү асгахаар нь асуухад танай хоолыг идэхгүй, хортой хоол хийж өгдөг. Идвэл хордож үхнэ гэх болсноор жаахан ам мурийсан. Г.г өөрийнхөн иргэний үнэмлэхийг хулгайлж бичиг баримтын ашиглаж банкнаас мөнгийг нь авсан гэж хулгайд сэрдэх болсон. Бид бие биедээ тус дэмтэй амьдарч байсан гэж бодож явсан” гэжээ.

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, дугаартай гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар, Дархан сумын 8 дугаар багийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 463 дугаартай оршин суугаа газрын тодорхойлолт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн нотариатаар батлуулсан хуулбар, 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн өмгөөлөгч эрх зүйн туслалцаа үзүүлэх, үйлчлүүлэгч эрх зүйн туслалцаа авах гэрээ, 2024 оны 06 дугаар сарын 24-ий өдрийн 0523 бүртгэлийн дугаартай итгэмжлэл, Дархан сумын 8 дугаар багийн Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 677 дугаартай тодорхойлолт, төрөл садангийн лавлагаа, 2002 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлгийн хуулбар, 2002 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн барьцаат зээлийн гэрээний хуулбар, 2003 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Хас банкны тодорхойлолт, 2001 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлгийн хуулбар, 2001 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн барьцаат зээлийн гэрээний хуулбар, 2002 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Хас банкны тодорхойлолт, 1998 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Д.*******ийн Аймгийн орон сууц хувьчлах товчоонд гаргасан өргөдлийн хуулбар, 1998 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн ам бүлийн тодорхойлолтын хуулбар, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлгийн хуулбар, Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлах товчооны хурлын 1998 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 22 дугаартай орон сууц хувьчлах эрхийн гэрчилгээ олгох тухай тогтоолын хуулбар, 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн өмгөөлөл, хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээ зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. (хх 2-5, 20, 34-35, 122-133, 197 хуудас)

4.Хариуцагчаас 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 0494 бүртгэлийн дугаартай итгэмжлэлийг нотлох баримтаар гаргаж өгсөн. (хх 31, 42 хуудас)

5.Шүүхээс хэргийн оролцогчийн хүсэлтээр Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 01/604 дугаартай албан бичиг, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлгийн хуулбар, орон сууц эзэмших эрхийн бичгийн хуулбар, 1998 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Д.*******ийн аймгийн орон сууц хувьчлах товчоонд гаргасан өргөдлийн хуулбар, 1998 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн ам бүлийн тодорхойлолт, гэрчилгээний төлбөр тушаасан баримтын хуулбар, Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 35 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн ЕГ0125/2040 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргийг нотлох баримтаар бүрдүүлж, гэрч С., Ц., О. нараас мэдүүлэг авсан болно. (хх 25-29, 43-48, 155-161, 176-177, 226-239 хуудас)

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч О.*******ийн хариуцагч Д.*******, Д., Г., Г. нарт холбогдуулан гаргасан орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээнээс хариуцагч нарын нэрийг хасуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч О.******* нь “...Би Дархан хотын махкомбинатад ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Манай байгууллагаас надад олон жил үр бүтээлтэй ажилласан гэж 1980 оны үед одоогийн хаягаар Дархан-Уул аймаг, ******* тоот 2 өрөө орон сууцыг өгсөн. Би гэр бүлгүй, ганцаараа амьдардаг байсан учир Д. …бид нар танайд хэсэг амьдаръя… гэж гуйхаар нь зөвшөөрч нэг өрөөндөө оруулж хамт амьдарч эхэлсэн юм. Би гадуур дотуур бичиг цаасны ажил хөөцөлдөхдөө муу, хүний хэлж ярьсныг нарийн сайн учир холбогдлыг нь ойлгохгүй тул орон сууцыг хувьчилж авах үед Д., Д.******* нар нь таны бичиг баримтыг хөөцөлдөж өгье гээд намайг дагуулж албан газруудаар явдаг байсан. Тухайн үед би тэднийг байрны өмчлөх эрхийн гэрчилгээнд өөрсдийнхөө нэрийг оруулсныг мэдээгүй. Сүүлд 2024 оны 01 дүгээр сард хариуцагч нарын зан араншин өөрчлөгдөж, намайг гэр орноос хөөх болсон ба би энэ тухай өөрийн найздаа хэлэхэд түүний хүү нь таны орон сууцны гэрчилгээг харъя гээд хариуцагч нарыг хамтран өмчлөгч болсныг мэдсэн. Би өөртэйгөө төрөл садангийн болон найз нөхдийн ямар ч хамааралгүй хүмүүст орон сууцныхаа өмчлөх эрхийг шилжүүлэхгүй. Одоо насны эцэст ганц охиндоо өөрийнхөө орон сууцыг өвлүүлж үлдээх хүсэлтэй байна. Иймд хариуцагч нарыг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнээс нэрийг нь хасаж өгнө үү” гэж нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодорхойлж байна.

3.Хариуцагч нар нь “...анх 1998 онд О.*******ийн зөвшөөрснөөр тус байранд ороод одоог хүртэл амьдарч байна. О.*******ийн өөрийнх нь сайн дурын үндсэн дээр бид нар тус орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлсэн. Бид хамт 27 жил амьдарсан. Сүүлийн хэдэн сараас эхлээд энэ хүний зан ааш нь өөрчлөгдөж, хоол унд идэхгүй болж, биднийг хөөх болсон. Энэ 27 жилийн хугацаанд бид орон сууцны бүх хэрэглээний зардлыг төлж, тус орон сууцанд 4 удаа засвар үйлчилгээ хийсэн. Мөн хоол хүнсийг ч бид өөрсдөөсөө гаргаж О.*******тэй нэг гэр бүл шиг хамт амьдарч байсан. Хэрэв тухайн үедээ биднийг байрнаас гар гэсэн бол бид гараад аль хэдийн өөрийн гэсэн орон байртай болсон байх байсан боловч О.******* гуай хамт амьдраач гэж гуйдаг байсан учраас боломжоосоо татгалзаж байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж тайлбарлаж, талууд маргаж байна.

4.Талуудын маргааны зүйл нь ямар учраас хариуцагч нарыг орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгүүлэх болсон, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээнд хариуцагч нарыг нэрээ оруулж бүртгүүлэхийг нэхэмжлэгч зөвшөөрч байсан эсэх болон хөөн хэлэлцэх хугацааны асуудал байна.

5.Хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн баримтаар нэхэмжлэгч О.******* нь орон сууцыг 31547 дугаартай орон сууц эзэмших эрхийн бичгийн үндсэн дээр 1998 оны 04 сарын 17-ны өдрөөс эхлэн эзэмшиж байсан, Аймгийн орон сууц хувьчлах товчоонд 1998 оны 10 сарын 12-ны өдөр хариуцагч Д.******* өөрийн нэрээр өргөдөл гаргаж, өргөдөлдөө уг сууцыг эзэмших эрхтэй гишүүдээр О.*******, Д., Д.*******, Г., Г. нарыг бичсэн байх бөгөөд түүний үндсэн дээр тухайн орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч болон хариуцагч нар бүртгэгдсэн болох нь тогтоогдож байна.

6.Орон сууц хувьчлах тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1-д зааснаар орон сууц хувьчлан авах тухай хүсэлтийг сууц эзэмших эрхийн бичиг /ордер/-ийн эзэмшигч гаргах бөгөөд хэрэв эзэмшигч иргэн нь нас барсан, уг сууцнаас гарсан, иргэний эрх зүйн бүрэн чадамжгүй гэж шүүх тооцсон, бүрэн чадамжийг нь шүүх хязгаарласан, цэргийн жинхэнэ албанд татагдсан, гадаадад зорчих, цагаачлахаар явсан, хорих ял эдэлж байгаа тохиолдолд гэр бүлийн нь 18 нас хүрсэн аль нэг гишүүн гаргана гэж хуульчилжээ.

7.Өмнө дурдсанчлан 1998 оны 10 сарын 12-ны өдөр Аймгийн орон сууц хувьчлах товчоонд орон сууцыг хувьчлан авахаар сууц эзэмших эрхийн бичиг /ордер/-ийн эзэмшигч О.******* бус хариуцагч Д.******* өөрийн нэрээр өргөдөл гаргаж, өргөдөлдөө уг сууцыг эзэмших эрхтэй гишүүдээр О.*******, Д., Д.*******, Г., Г. нарыг бичсэн, түүний дагуу 1998 оны 12 дугаар 16-ны өдөр Улсын бүртгэлийн газарт өмчлөх эрхийн гэрчилгээг авахаар мэдүүлсэн мэдүүлэгт зурагдсан О.******* гэх гарын үсэг нь нэхэмжлэгчийн гарын үсэг биш болох нь 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын ЕГ0125/2040 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул нэхэмжлэгч О.*******ийн зөвшөөрлөөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг олж авсан гэх хариуцагчийн тайлбар үгүйсгэгдэж байна.

8.Иймээс нэхэмжлэгч О.******* нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1. 106 дугаар зүйлийн 106.1, 183 дугаар зүйлийн 183.2-т зааснаар бүртгэлийг бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэрээр хийлгэсэн бол энэхүү бүртгэлийн үр дүнд эрх болон эрх зүйн байдлын хувьд хохирч байгаа этгээд бүртгэлд нэр нь байгаа этгээдээс бүртгэлийн тэмдэглэлд өөрчлөлт оруулахыг шаардах эрхтэй боловч мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байхаар хуульчилсан.

Нэхэмжлэгч нь хариуцагч нарыг тус орон сууцыг өмчлөх эрхгүй гэж маргаж, хамтран өмчлөгчөөс хасуулах шаардлага гаргаж байх тул энэхүү шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-т зааснаар арван жил байна.

9.Маргаан бүхий орон сууцыг 2001 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр хариуцагч Д. нь 200,000 төгрөгт барьцаалж зээл авсан байх тухайн №4500008-0 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ”-ний ...эд хөрөнгийг барьцаалахыг зөвшөөрсөн эд хөрөнгө дундаа хамтран өмчлөгчид гэсэн хэсэгт нэхэмжлэгч О.******* нь гарын үсэг зурсан, тухайн гарын үсэг нь 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын ЕГ0125/2040 дугаартай шинжээчийн дүгнэлтээр О.*******ийн гарын үсэг мөн болох нь тогтоогдсон бөгөөд энэ үед нэхэмжлэгч нь хариуцагч нарыг орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгэгдсэн гэдгийг мэдэж байсан гэж үзнэ.

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно” гэж, 76.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн эсхүл мэдэх ёстой байсан үеэс үүснэ” гэж зохицуулсан бөгөөд дээрх 2001 оноос эхлэн нэхэмжлэгчид шаардах эрх үүссэн боловч, шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

10.Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 209/МА2024/00078 дугаартай магадлалд “...мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу маргаж буй орон сууцны хувийн хэргийг Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн боловч хувийн хэрэг дутуу ирсэн талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргаж байна. Иргэний үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн маргааныг хянан шийдвэрлэхдээ хэргийн гол нотлох баримт болох маргаж буй үл хөдлөх хөрөнгийн түүхчилсэн лавлагаа бүрэн ирсэн эсэхийг тодруулаагүй” гэснийг нэхэмжлэгч талаас улсын бүртгэлийн хэлтсээс дутуу ирүүлсэн баримтыг гомдол гаргаснаар О.*******ид өгсөн гэж тайлбарлаж тус баримтуудыг өөрөө хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн болохыг дурдаж байна. (хх120х)

11.Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч О.*******ийн хариуцагч Д., Д.*******, Г., Г. нарт холбогдуулан гаргасан “Орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээнээс хариуцагч нарын нэрийг хасуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.НОМИН