Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2022/00756

 

................ ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо, шүүгч Д.Бямбасүрэн, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2022/00631 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ................ ББСБ ХХК-нэхэмжлэлтэй, хариуцагч .........., ..........., ........... нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 60,622,125.28 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн итгэлснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвнайдан, хариуцагчийн өмгөөлөгч Р.Бадмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

ББСБ ХХК нь Б. ........... ........., ..........., ..........., .......... нартай 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 50,000,000 төгрөгийг сарын 3,4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч нар зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөх үүргээ удаа дараа зөрчсөн, зээлийн төлбөрийг төлөх хугацаа өгсөн боловч төлж барагдуулаагүй. Иймд зээлийн гэрээг цуцалж үндсэн зээл 49,935,242.42 төгрөг, зээлийн хүү 10,042,439.40 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 639,443.46 төгрөг, нотариатын зардал 5,000 төгрөг, нийт 60,622,125.28 төгрөг гаргуулна.

Талууд дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 3 дугаар хороолол, /16092/, далив хутагт Жамрангийн гудамж, 37 дугаар байр, ...... тоот хаягт байрлах .........., ..........., ........... нарын өмчлөлийн 76,72 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалсан тул зээлдэгч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ. 

2. Хариуцагч Д.Базарваанын гаргасан тайлбар, татгалзлын агуулга:

........... ББСБ ХХК-аас 50,000,000 төгрөгийг сарын 3,4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн. Хамтран зээлдэгч .......... 1-4 сарын хүүг төлсөн. Миний бие 5,6 сарын хүүг төлсөн. Б.Ихбаяр мөнгө хэрэгтэйм байна гэж гуйж улмаар 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ........... ББСБ ХХК дээр дуудаж ..........тай танилцуулсан. .......... нь эксковатор худалдан авахаар зээл авч байна. Зээлийн хүүг бүрэн төлж 3 сарын дотор орон сууцны гэрчилгээг гаргаж өгч шагнал өгнө гэсэн. ........... ББСБ ХХК-аас зээл авч ХААН банк ХХК-ийн данснаас 49,750,000 төгрөг авч ..........т бэлнээр 50,000,000 төгрөг өгсөн. .......... зээлийн төлбөрийг 1 жилийн дотор төлж, орон сууцны гэрчилгээг авч өгөхөөр гэрээ бичгээр хийсэн. Гэвч .......... нь зээлийн төлбөрийг төлөөгүй алга болсон. Иймд .......... зээлийн төлбөрийг төлөх ёстой гэжээ. 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Дамбын Базарваань, Базарваанийн ........., Рэнцэндоржийн Алтанцэцэг нараас 60,459,781.64 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ........... ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлээс 162,343.64 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нь хариуцагч Доржийн Батбаярт холбогдох шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ..........., .........., ........... нар шүүхийн шийдвэрийг сайн дураар үл биелүүлбэл барьцаа хөрөнгө болох хариуцагч нарын өмчлөлийн Баянгол дүүрэг 8 дугаар хороо 3 дугаар хороолол /16092/ Дилав хутагт Жамсранжавын гудамж 37 дугаар байрны ...... тоотод байршилтай, 76,72м2 талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-2205042705 дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 531,261 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч ..........., .........., ........... нараас улсын тэмдэгтийн хураамжид 530,449 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ........... ББСБ ХХК-д олгож шийдвэрлэжээ. 

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Ц.Ихбаяр 2020 оны 12 дугаар сард Д.Базарвааны гэрт очиж ... 50,000,000 төгрөг яаралтай хэрэгтэй байна, орон сууцаа барьцаалаад зээл авч өгөөч шагналд нь 150,000,000 төгрөг өгч болно... орон сууцны гэрчилгээг сарын дотор гаргаж өгнө... гэж гуйсны дагуу итгэж ........... ББСБ ХХК-аас 50,000,000 төгрөг зээлж ..........т өгсөн. .......... нь зээлийн төлбөрийг 1 жилийн дотор төлөөгүйгээс хугацаа хэтэрсэн. .........., Б.Ихбаяр нар Д.Базарвааниас авсан мөнгөө төлөөгүй, бусдыг хуурч залилан мэхлэсэн гэмт хэрэгт үйлдсэн гэх үндэслэлээр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, тэднийг эрэн сурвалж байгаа талаар баримтыг шүүхэд өгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж ..........ыг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргасан боловч шүүх уг хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан. Шүүх ..........ыг шүүх хуралд оролцуулаагүйгээс нэхэмжлэгч түүнд холбогдох шаардлагаасаа татгалзсаныг баталж, өөрөөр хэлбэл, хариуцагчаас хасаж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Шүүх ..........ыг хариуцагчаас хасаж шийдвэрлэсэн нь түүнийг Д.Базарвааниас авсан 50,000,000 төгрөгийг төлөхгүй зугтаах боломж олгож байна. ..........., ........... нар тэтгэвэрт, .......... нь тогтвортой ажилгүй тул зээлийн төлбөрийг төлөх боломжгүй. ..........аас 50,000,000 төгрөгийг авч зээлийн төлөх боломжтой. Иймд ..........ыг шүүх хуралд оролцуулах шаардлагатай тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ. 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

Зээлийн гэрээг 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Б21020122101 дугаартай зээлийн гэрээг үндсэн зээлдэгч нь ..........., хамтран зээлдэгч нь .........., ..........., .......... нар 50,000,000 төгрөгийн зээлийг сарын 3,4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн. ........... ББСБ ХХК 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 49,750,000 төгрөгийг Д.Базарвааны 5753499415 тоотод данс руу шилжүүлсэн. Зээлдэгч ........... нь зээлийг анх зориулалтын дагуу авч ашиглаж, өөрийн захиран зарцуулах эрхийн дагуу бусдад шилжүүлсэн болох нь тогтоогдоно. ........... ББСБ ХХК нь зээлийн гэрээгээр байгуулагдсан үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар нэхэмжлэлийг гаргасан. .......... нь оршин суух хаягтаа байхгүй байсан учраас ........... ББСБ ХХК түүнд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан. Анхан шатны шүүх ..........аас татгалзсан хүсэлтийг хүлээн авч, ..........., .........., ........... нарт холбогдох шаардлагыг шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаж нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байхад шүүх нэхэмжлэгч нь хариуцагч ..........т холбогдох шаардлагаасаа татгалзсан гэж дүгнэсэн нь буруу байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар өөрчлөлт оруулах нь зүйтэй байна. 

1.    Хэргийн үйл баримт болон шүүхийн шийдвэрийн талаар.

1.а. Нэхэмжлэгч Инвесксор ББСБ ХХК нь хариуцагч .........., ..........., ..........., .......... нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 49,935,242.42 төгрөг, зээлийн хүү 10,042,439.40 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 639,443.46 төгрөг, нотариатын зардал 5,000 төгрөг, нийт 60,622,125.28 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ..........т холбогдох шаардлагаас татгалзаж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байна. 

1.б. ........... ББСБ ХХК нь .........., ..........., ..........., .......... нартай 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч нь 50,000,000 төгрөгийг зээлэх, зээлдэгч нар 50,000,000 төгрөгийг 12 сарын хугацаанд сарын 3,4 хувийн хүүгийн хамт эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхөөр тохиролцжээ. (хх-13-16) 

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээг бичгээр хийх шаардлагыг хангасан, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ. Зээлдүүлэгч ........... ББСБ ХХК нь зээлийн гэрээний дагуу 50,000,000 төгрөгийг зээлдэгч ...........д шилжүүлэн өгсөн үйл баримтын талаар талууд маргаагүй.

1.в. Зээлдэгч нар зээлийн гэрээний төлбөрийг гэрээний хавсралтаар тогтоосон хуваарийн дагуу төлөх үүргээ зөрчсөн, улмаар зээлдүүлэгч нь 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн мэдэгдэх хуудсаар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх талаар зээлдэгч ...........д мэдэгдсэн боловч зээлдэгч нар эргэн төлөх хуваарийн дагуу төлбөрөө төлөөгүй үүргийн зөрчил гаргасан байна. (хх-ийн 30) Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээг цуцлах, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээл, зээлийн хүүг шаардах эрхтэй.

 1.г. Зээлдэгч нар зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээл 50,000,000 төгрөг, 12 сарын хүү 20,400,000 төгрөг, нийт 70,400,000 төгрөг төлөхөөс 9,989,000 төгрөг төлсөн нь зээлийн дансны хуулгаар тогтоогдсон ба зээлдэгч нар зээлийн төлбөрт үндсэн зээл 49,935,242.42 төгрөг, зээлийн хүүд 10,042,439.40 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 639,443.46 төгрөг, нийт 60,617,125.28 төгрөг төлөөгүй талаар буюу зээлийн тооцоололд маргаагүй, харин зээлийн гэрээний үүргийг хэн төлөх нь маргаагүй зүйл болжээ. Өөрөөр хэлбэл, хариуцагч .........., ..........., ........... нар зээлдүүлэгчээс зээлсэн мөнгөн хөрөнгийг .......... захиран зарцуулсан тул тэрээр төлөх үүрэгтэй гэх үндэслэл заан маргажээ. 

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж, мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болно гэж тус тус заасан тул нэхэмжлэгч ........... ББСБ ХХК нь хариуцагч .........., ..........., .........., ........... нарын хэн алинаас нь зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй. Иймд анхан шатны шүүх хариуцагч .........., ..........., ........... нараас 60,459,781.64 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ........... ББСБ ХХК-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна. 

Харин хариуцагч .........., ..........., ........... нар өөрт учирсан хохирлоо ..........аас шаардахад энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй. 

1.д. Талууд дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Ипотекийн гэрээг байгуулж зээлдүүлэгч ........... ББСБ ХХК болон зээлдэгч ..........., .........., ..........., .......... нарын байгуулсан 50,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 3 дугаар хороолол, (160921), Дилав хутагт Жамаранжавын гудамж 37 дугаар байрны ...... тоот хаягт байрлах ..........., Р.........., .......... нарын өмчлөлийн 76,72 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалжээ. (хх-ийн 17-20) 

Дээрх барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр байгуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр байна. Тиймээс нэхэмжлэгч Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхтэй. Энэ талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. 

1.е. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... хариуцагч .......... оршин суух хаягтаа амьдардаггүй... гэх үндэслэлээр түүнд холбогдох шаардлагаас татгалзсаныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн гэж үзнэ. 

Нэхэмжлэгчийн татгалзсан хамтран хариуцагчид холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосноор шүүх Иргэний хуулийн 242 дугаар зүйлд заасан хамтран үүрэг гүйцэтгэгчийн үүргийн зохицуулалтыг зөрчсөн байна. 

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байхаас гадна үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэгч нэг этгээдэд шаардлага гаргаснаар бусад үүрэг гүйцэтгэгчдэд шаардлага гаргах эрхээ алддаггүй байна. Мөн хуулийн 242.12 дахь хэсэгт Хамтран хүлээх үүргийг гүйцэтгэсэн үүрэг гүйцэтгэгч нь хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол бусад үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг тус бүрд нь ногдох хэсгээр шаардах эрхтэй гэж заасан тул хамтран үүрэг гүйцэтгэгч ..........ын үүргийг шүүхээс дуусгавар болгож болохгүй.

Иймд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч ..........т холбогдох шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

 Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын ... ..........ыг хариуцагчаас хасаж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй... гэсэн нь үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, харин шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэх талаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2022/00631 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

2 дахь заалтын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нь хариуцагч Доржийн Батбаярт холбогдох шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэснийг хүчингүй болгож, 3 гэж дугаарласныг 2 гэж, 4 дугаарласныг 3 гэж, 5 гэж дугаарласныг 4 гэж тус тус өөрчилсүгэй. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 460,250 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Н.БАТЗОРИГ