Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 2024/ДШМ/56

 

 

 

2024 оны 11 сарын 28-ны өдөр                Дугаар 2024/ДШМ/56                                 Өвөрхангай аймаг

 

Б.Н-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Нямдорж даргалж, ерөнхий шүүгч Н.Энхмаа, шүүгч Б.Цэрэнпүрэв нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд    

    Прокурор Д.Алимаа /цахимаар/

    Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ариунжаргал

    Шүүгдэгч Б.Н

    Нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан     

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Сарантуяа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/130 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн гомдлыг үндэслэн Б.Н-д холбогдох эрүүгийн 2427001440158 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Б.Н

Б.Н нь 2024 оны ...  сарын ....-ны өдөр Өвөрхангай аймгийн .... сумын .... багийн нутаг дэвсгэрт байрлах наадмын талбайд Б.С-тай дунд сургуульд байхдаа таарамжгүй харилцаатай байсан гэх шалтгаанаар муудалцаж Б.С-ын толгойд чулуугаар цохиж духанд нь шарх гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Б.Н-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхэд  шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Н-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч Б.Н-д зорчих эрхийг хязгаарласан 01 сарын хугацаанд Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох, хяналт тавьж буй шийдвэр гүйцэтгэх байгууллагын зөвшөөрөлтэйгөөр зорчих, оршин суух газраа өөрчлөх үүргийг хүлээлгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Н нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэн, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар шүүгдэгч Б.Н-гээс сэтгэцэд учирсан хор уршигт 3,300,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.С-т олгохоор, шүүгдэгч Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 -т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Н давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 10 дүгээр сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/130 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. 2024 оны 7 дугаар сарын 26-ны орой наадмын талбай дээр явж байтал 10 жилд нэг ангид байсан Б.С дээд ангийн Н, Б, Ө нартай таарсан. Гэтэл Б.С ыг би сайн уу гээд явтал зайл яв гээд доромжлоод цамцнаас зуурахад подволкыг дундуур нь ураад бамбарын ханцуйг ураад наадмын талбайн хойноос урд хаалга хүртэл чирээд чирэх хоорондоо Б.С миний нүүр толгой мөр рүү хэд хэд цохисон. Намдаг намайг наадмын талбайн гадаа чирч Б.С, Н нар нийлж миний араас өшиглөөд ахар сүүл гэмтсэн, одоо өвдөж байгаа. Тухайн үед Н, Б.С намайг зуурахад тавихгүй чирээд байсан. Энэ дөрөв зодох нь гэж айгаад би Б.С ын гарыг тавиулахын тул чулуугаар нэг удаа Б.С-ын толгой руу цохисон. Гэтэл Б.С надад цохилцъё гээд Н-ийг цохисон гэж битгий хэлээрэй гээд гуйгаад байхаар нь цагдаад гомдол гаргаагүй байсан. Гэтэл хоёр сарын дараа цагдаагаас дуудаад ганцхан намайг буруутгаж шударга бус байгаад гомдолтой байна. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буруутган зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан. Би .......... сурдаг. Аав ээжийн хамт гурвуулаа амьдардаг. Манай аав мал малладаг, барилгын компанид хувиараа ажил хийдэг. Манай ээж хужирт сумын Таван тансаг компанид үйлчлэгч хийдэг. Би сургуулийн амралтаар мал малладаг. Хичээлийн бус цагаар цагийн ажил хийдэг тул зорчих эрх хязгаарлах ялыг сольж торгох ялаар сольж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Б.Н давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би энэ хэргийг хэтэрхий нэг талыг барьж шийдвэрлэсэнд  гомдолтой байгаа. Тухайн үед хохирогч нь хоёулаа зохицъё гэж хэлчихээд гомдол гаргасан. Би гомдолтой байна. Манай аавын нэр дээр 41 тооны мал байгаа. Энэ нь манай гэр бүлийн мал юм. Иймд зорчих эрх хязгаарлах ялыг торгох ял болгон өөрчилж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ариунжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгдэгч Б.Н-гийн гомдлын гол агуулга нь хэргийг бүрэн бодитой, бүх талаас нь шалгаагүй. Ганцхан намайг буруутгаад байгаад гомдолтой байна гэдэг. Шүүгдэгч Б.Н нь тухайн үед өөрөө бас зодуулсан. Анх зодоон эхлэх үед Б.Н-г Б.С гэх залуу арван жилээс атаман гэдэг байдлаар байнга дарамталж байсан. Тухайн үед хувцсыг нь урж татаж, толгой руу нь цохиход Б.Н чулуугаар цохисон юм билээ.  Тэгээд ахиж Б.Н-г зодож байхад 4-5-н цагдаа ирж салгасан байсан. Яагаад тухайн үед цагдаа эмчид хандаагүй, үзүүлээгүй юм бэ гэхэд Б.С гэдэг хүүхэд нь утсаар яриад эр хүний ёсоор тохирчихъё харилцан зодолдсон юм чинь цагдаа шүүхээр яваад яах юм бэ. Чи хэдэн төгрөг өгчихнө гэж хэлсэн гэсэн. Ингээд Б.Н сургуульдаа явсан хойгуур 2024 оны 09 дүгээр сарын 11-ны өдөр хэрэг болсноос хойш 2 сарын дараа цагдаагаас гэнэт дуудаж Б.С цагдаад өгчихсөн байсан. Миний тухайн үед авсан гэмтэл арилчихсан байсан. Би зодуулсан байхад хэтэрхий нэг талыг барьж шийдвэрлэсэнд гомдолтой байна гэж гомдол гаргасан. Өмгөөлөгчийн зүгээс хэргийн материалтай танилцахад Б.Н-гийн яриад байгаа зүйл үндэслэлтэй байна. Тухайн үйл явдал 2024 оны 7 дугаар сарын 28-ны өдөр болсон. Б.С гомдлоо 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдөр гаргасан байсан. Харин Б.Н-г 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр цагдаагаас дуудаж анхны мэдүүлгийг авсан нь нэг талыг барьсан байна. Б.Н нь Шинжлэх ухаан техникийн их сургуульд суралцдаг. Зав чөлөөгөөрөө аав ээждээ тусалдаг.  Мөн байнга нааш цаашаа яваад байгаадаа ангийнхаа хамт олноосоо ичээд байгаа. 

Иймд ганцхан Б.Н-гийн буруутай үйлдэл биш байгаа учраас зорчих эрх хязгаарлах ялыг сольж торгох ялаар өөрчилж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

Прокурор Д.Алимаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.Н-гээс Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 10 дүгээр сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/130 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг торгох ялаар сольж өгнө үү гэх агуулга бүхий гомдол гаргасан байна. Шүүгдэгч Б.Н нь ..... суралцдаг учраас түүнийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ялын төрөл буюу торгох ялыг оногдуулах боломжгүй байна гэж дүгнэсэн. Мөн нийтэд тустай ажил хийх ялыг оногдуулах боломжгүй. Ингээд анхан шатны шүүхээс зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон.

Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 10 дүгээр сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/130 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн дүгнэлт гаргаж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ.

Б.Н нь 2024 оны ... дугаар сарын ....-ны өдөр Өвөрхангай аймгийн .... сумын .... багийн нутаг дэвсгэрт байрлах наадмын талбайд Б.С-тай дунд сургуульд байхдаа таарамжгүй харилцаатай байсан гэх шалтгаанаар муудалцан Б.С-ын толгойд чулуугаар цохиж духанд нь шарх гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Б.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...Б.Н гэх залуу нэлээд согтуу ирээд мэнд мэдчихээд хэрүүл гуйгаад, хэл амаар доромжлоод.., цааш явснаа эргэж ирээд дахин хэрүүл гуйгаад, доромжлоод байхаар нь наадмын талбайгаас гарч уулзан тайвшруулах гээд дагуулаад явж байтал гэнэт миний толгой руу чулуугаар цохиод улмаар миний толгойн зүүн дух хэсэгт шарх үүсгэж .... сумын эмнэлэг орж оёдол тавиулаад цагдаад мэдэгдсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

Гэрч Б.Г-жийн мөрдөн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...Н бид хоёр... араас нь яваад очтол Б.Н толгойгоо бариад тонгойчихсон байсан. Харин Б.С, Н бид хоёрыг очих үед гартаа атгаж байсан чулуугаа газарт шидсэн. Тэгээд Н, Б.С аваад цааш явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

Гэрч Б.Н-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...нэг эргээд хартал Б.С толгойгоо дараа доош суух шиг болсон. Наанаас нь яваад очтол Б.С толгойноос цус гарчихсан хажууд нь Наадамхүү гэх залуу зогсож байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,

Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн №567 тоот “...1. Б.С-ын биед духанд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу ирмэгтэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь хэргийн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 24-27 дугаар хуудас/ болон анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Н-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч Б.Н-гээс ...Анхан шатны шүүхээс оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг өөрчилж торгох ял шийтгэл оногдуулж өгнө үү... гэх агуулга бүхий гомдлыг гаргажээ.

Давж заалдах шатны шүүхээс эрүүгийн хариуцлагын зорилго, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Н-д оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг хөнгөрүүлэн өөрчилж торгох ял оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Прокуророос шүүгдэгчид торгох ял шийтгэл оногдуулах боломжгүй, цалин орлогогүй учир түүнд оногдуулсан ялыг аав, ээжид нь буюу бусдад ял халдааж болохгүй гэх дүгнэлтийг гаргасан ба хэрэгт авагдсан Өвөрхангай аймгийн .... сумын .... дүгээр багийн Засаг даргын тодорхойлолтоор Б.Н нь ам бүл 3, аав, ээжийн хамт амьдардаг. Мөн мал тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2023 оны тооллогоор 41 тооны малтай болох нь баримтаар тогтоогдсон байна. Иймд шүүгдэгчийн хөрөнгө, орлого олох боломжтойг харгалзан үзвэл шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг бусдад халдаасан гэж үзэхээргүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны үед Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаартай тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-д зааснаар хохирогч Б.С-т хоёрдугаар зэрэглэлийн сэтгэцэд учирсан хор уршгийг учирсан гэж мөрдөгч тогтоосныг /хх-ийн 29 дүгээр хуудас/ хохирогч зөвшөөрч гарын үсэг зуржээ.

Хохирогч хэдийгээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг хүлээн зөвшөөрсөн, сэтгэл санааны хохирлоо нэхэмжилнэ гэж байгаа боловч “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-д заасан ...сульдал, неврозын хам шинж илрэх, сэтгэлээр унах, түгших... гэх мэт шалгуур үзүүлэлтэд заасан нөхцөл байдал хэрэгт авагдсан  нотлох баримтаар тогтоогдоогүй байхад анхан шатны шүүхээс хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн хохиролд 3,300,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн үндэслэлгүй байна.

Иймд  Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/130 дугаартай шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв. 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/130 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

             а/ 2 дахь заалтыг бүхэлд нь “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй” гэж,

            б/ 3 дахь заалтыг бүхэлд нь “Шүүгдэгч Б.Н нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т заасан хугацаанд торгох ял биелүүлэхийг үүрэг болгосугай.” гэж,

            в/ 4 дэх заалтыг бүхэлд нь “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Н-д мэдэгдсүгэй.” гэж,

            г/ 5 дахь заалтыг бүхэлд нь хасаж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн дугаарлалтын “...6, 7, 8” гэснийг “...5, 6, 7” гэж тус тус өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Л.НЯМДОРЖ

 

                                        ШҮҮГЧИД                         Н.ЭНХМАА

 

                                                                                  Б.ЦЭРЭНПҮРЭВ