| 2026 оны 05 сарын 29 өдөр | Дугаар 128/ШШ2026/0558 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч А.Мөнх-Өлзий
Хэргийн оролцогчид:
Гомдол гаргагч: Д.Н******* /РД:*******/,
Хариуцагч: Нийслэлийн Байгаль орчны газрын байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Д.Б*******.
Гомдлын шаардлага:
Нийслэлийн Байгаль орчны газрын байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Д.Б*******ийн 2026 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 0629357 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах
Шүүх хуралдаанд оролцогчид: Гомдол гаргагч Д.Н*******, хариуцагч Нийслэлийн Байгаль орчны газрын байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Д.Б*******.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баянзул.
Танхимын дугаар: 1
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэг. Гомдол гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан гомдлын шаардлага, түүний үндэслэл:
-
- Гомдол гаргагч Д.Н******* шүүхэд бичгээр гаргасан гомдлын үндэслэлээ: Миний бие хууль ёсны газар эзэмшигч болох талаар миний бие Д овогтой Н******* Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу С дүүргийн Газрын албанд газар эзэмших хүсэлтээ гаргаж тус хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг үндэслэн С дүүргийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/441 тоот захирамжаар надад тус дүүргийн 19 дүгээр хороо, Шод 700 м.кв газрыг Гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газар зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ олгосон.
-
- Миний эзэмшлийн газарт холбогдох газрын гэрчилгээ, газрын албатай байгуулсан гэрээ, тус газрын кадастрын зурагт гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газрын зориулалтаар гэж тодорхой заасан болно. С дүүргийн газар зохион байгуулалтын 2021, 2022, 2023 оны төлөвлөгөөнд С дүүргийн 19 дүгээр хороо, Шын 19 дүгээр хороо, Г, Х, Х, Хын богино, С, Б, М******* зэрэг газар нийт 500 гаруй иргэнд гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газрыг эзэмшүүлэх, улмаар зуслангийн газрыг өмчлүүлэхээр тусгагдсан байсныг дурдах нь зүйтэй.
-
- Мөн түүнчлэн Газрын төлбөрийн тухай хууль, С дүүргийн газрын албатай байгуулсан гэрээний дагуу өөрийн эзэмшлийн газрын төлбөр, татварыг зохих хугацаанд нь төлж байгаа болно. Миний бие Газрын албатай байгуулсан гэрээний дагуу газраа ойжуулах, цэцэрлэгжүүлэх, зам тавих, байшин барих, авто машины зогсоол барих зэрэг нь газраа ашиглах миний үүрэг тул монгол хүний уламжлалаар сайн өдрийг сонгон 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр өөрийн эзэмшлийн газартаа бага хэмжээний зуслангийн байшин барихаар газар шорооны ажлыг эхлүүлсэн болно.
-
- Тус өдрөөс өмнө буюу 2026 оны 04 дүгээр сарын 08, 09-ний өдрүүдэд ойн байцаагч Г*******той албан ёсоор холбогдон С дүүргийн 19 дүгээр хорооны Засаг дарга Д.Б мөн С дүүргийн Засаг даргын тамгын газарт өөрийн эзэмшлийн газартаа тохижилтын ажил хийх зөвшөөрөл хүссэн тухай хүсэлтээ өгсөн тухайгаа мэдэгдэж, гол нь газар шорооны ажил хийхэд сайн өдрийг сонгож байгаа талаараа хэлсэн. Нийслэлийн байгаль орчны газрын хяналтын хэлтсийн байцаагч Д.Б*******ийн 2026 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр гаргасан 0629357 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох тухай,
-
- Гэтэл 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр ойн байцаагч Г******* иргэний гомдол мэдээллээр гэх нэрийн дор миний эзэмшлийн газарт дур мэдэн нэвтэрч ажлыг зогсоосон. Мөн түүнчлэн Нийслэлийн байгаль орчны газрын хяналтын хэлтсийн байцаагч Д.Б*******, ойн хэлтсийн мэргэжилтэн Н******* нарыг дуудан ирүүлж ойн сан бүхий газар хориглосон үйл ажиллагаа явуулсан гэсэн үндэслэлээр зөрчлийн хэрэг үүсгэн мэдэгдэх хуудас өгч 2026 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 0629357 дугаартай шийтгэлийн хуудас гардуулсан.
-
- Надад оногдуулсан шийтгэлийн хуудсанд Зөрчлийн тухай хуулийн Ерөнхий ангийн хохирол, нөхөн төлбөр гаргуулах тухай 4.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлаж, мөн хуулийн тусгай ангийн 7.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт Ойн сан бүхий газарт хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлого, зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгслийг хурааж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно заасныг зөрчсөн гэжээ.
-
- Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 2-т гэрээний дагуу эзэмшүүлсэн ойдоо гал түймэр гаргасан, хөнөөлт шавж устгаагүй, өвчнөөс хамгаалах арга хэмжээ аваагүй бол хүн, хуулийн этгээдийг торгох, мөн хохирол нөхөн төлүүлэх тухай заажээ. Гэтэл миний бие нь албан ёсны зөвшөөрөлтэй, эзэмших эрхтэй газартаа Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 2-т заасан зөрчил гаргаагүй байтал зөвшөөрөл, эзэмшилгүй хүн, хуулийн этгээдийн гаргасан үйлдлийг надад хамаатуулан зөрчил гаргасан мэтээр үзэж торгууль оногдуулж байна. Үүнийг дэлгэрэнгүй тайлбарлавал албан ёсны зөвшөөрөлтэй, хууль ёсоор эзэмшиж байгаа зуслангийн газартаа үйл ажиллагаа явуулж буй миний үйлдэл зөрчлийн бүрэлдэхүүнгүй байхад хууль зөрчсөн гэж үзэж торгууль оногдуулж байгаа нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл болж байна.
-
- С дүүргийн газрын алба гэр бүлийн хэрэгцээнд минь зориулж зуслангийн газар 15 жилээр эзэмшүүлж, цаашдаа ч сунгах боломжтой, өмчлөх эрхтэй байхад ойн сан бүхий газарт үйл ажиллагаа явууллаа гэж хориглож торгууль тавьж байгаа нь захиргааны байгууллагуудын шийдвэрийн дотоод зөрчил мөн бөгөөд иргэн намайг буруутган миний газар эзэмших эрхэд ноцтойгоор халдсан үйлдэл юм. Захиргааны байгууллага нийтийн эрх ашгийг хамгаалах үүрэгтэй бөгөөд иргэний хууль ёсны эрхэд бүдүүлгээр халдах ёсгүй.
-
- Маш тэгш бус байдал үүсэж байгаад гомдолтой байна. Тухайлбал, ижил нөхцөлтэй, миний эзэмшлийн газрын эргэн тойрны айлууд бүгд байшин, сав, юу л барих ёстой бүгдийг барьсан. Тэдэнд надад оногдуулж байгаа шигээ торгууль оногдуулаагүй. Яагаад ийм тэгш бус, ялгавартай хандаж байгаа вэ гэж асуухаар иргэн гомдол гаргаагүй гэж хариулах жишээтэй. Зөвхөн намайг ялгавартайгаар торгож байгаа нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл болно. Адил нөхцөлд адил шийдвэр гаргах нь төрийн үндсэн зарчим тул энэ нь хэрэгт онцгой ач холбогдолтой.
-
- Газрын албаны албан ёсны шийдвэрийг үл хүндэтгэн иргэнийг дунд нь хохироох, торгууль, шийтгэл оногдуулан төлбөр мөнгө гаргуулах, цаашлаад миний эзэмшлийн газрын зөвшөөрлийг цуцлах, хүчингүй болгохоор санаархахыг хэрхэвч зөвшөөрөхгүй. Мөн Нийслэлийн байгаль орчны газрын Ойн хэлтсийн мэргэжилтэн Г.Н*******ийн 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 2026/Х-03 дугаартай хохирлын үнэлгээний тухай Модны экологи-эдийн засгийн үнэлгээг тогтоосон шинжээчийн дүгнэлт-ээр надад Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4-ийн 1-т заасны дагуу ойн санд хохирол учруулсан мөнгөн төлбөрийг 3 дахин нэмэгдүүлэн тооцох үнэлгээнд 256,405 төгрөгийн төлбөр оногдуулсан.
-
- Тус дүгнэлт нь нь модны гэх гарчигтай боловч газар ухсан гэх агуулгатай, мөн миний эзэмших эрхийн гэрчилгээтэй газрыг ойгоор бүрхэгдээгүй талбайд гэж хүлээн зөвшөөрсөн атлаа байшингийн суурь ухсаныг хохирол учруулсан гэж тооцсон нь ямар бодит хохирол учирсан бэ гэдэг нь тодорхойгүй, тус шинжээчийн дүгнэлтийн чанар муу, дүр эсгэсэн, хууль эрх зүйн актын зүйл заалтгүй, баримт нотолгоо сул, ойн сангийн хилийг тодорхой заагаагүй, экологи-эдийн засгийн үнэлгээгээ зөвхөн газрын талбайн хэмжээнд суурилан хэрхэн тооцсон нь тодорхойгүй, 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн үдээс хойш миний эзэмшлийн газар дээр очсон хүн тэр өдөртөө байцаагч Д.Б*******ийн гаргасан тогтоолыг үндэслэн мөн өдрөөр огноолон дүгнэлт гаргасан нь Төрийн байгууллагын ажил ямар түвшинд хэрэгждэг вэ гэдэг нь харагдана.
-
- Нийслэлийн байгаль орчны газрын байцаагч Д.Б******* тогтоол, шийдвэр гаргах эрх бүхий субъект мөн үү, мөн бол тогтоол нь яаж гарсан, мэргэжилтэн Г.Н*******ийг тус газарт шинжээчээр томилсон шийдвэр байгаа эсэх, шинжээчийн дүгнэлтийг хянасан эсэх гээд төрийн ажил болоод бичиг баримтын бүрдэл, дүгнэлтийн доторх ноцтой зөрчлүүд олон байна. Иймд иргэн би С дүүргийн газрын албанаас гэр бүлийн хэрэгцээнд минь олгосон зуслангийн зориулалттай газартаа хууль зөрчсөн ямар нэгэн үйлдэл гаргаагүй, мөн түүнчлэн зөрчлийн бүрэлдэхүүн байхгүй тул надад оногдуулсан Нийслэлийн байгаль орчны газрын хяналтын хэлтсийн байцаагч Д.Б*******ийн 2026 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 0629357 дугаартай шийтгэлийн хуудсыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т захиргааны акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох гэснийг үндэслэн хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хоёр. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2.1. Хариуцагч Д.Б******* шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч ажилтай Д.Б******* би БО02/26-102 дугаартай гомдол, мэдээллийг Нийслэлийн Байгаль орчны газрын дарга болон хяналтын хэлтсийн дарга Н.Ш******* даргын үүрэг болгосны дагуу ойн санд хориглосон үйл ажиллагаа явуулаад байна гэсний дагуу газар дээр нь 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр очиж шалгахад С дүүргийн 19 дүгээр хорооны нутаг Ш Г*******ын ам гэх ойн сан газарт иргэн Д.Н******* нь ойн сан бүхий газарт 2022 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн А/441 тоот шийдвэртэй ******* тоот нэгж талбарын дугаартайгаар олгогдсон эзэмшлийн газар дээрээ ой дотор байшингийн суурь ухсан байсан.
2.2. Монгол Улсын Ойн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т ойн сан гэж энэ хуулийн 3.1.1-д заасан ой, ой дотор байгаа ойгоор бүрхэгдээгүй болон ойн тэлэн ургахад шаардлагатай талбай бүхий орчныг, 5 дугаар зүйл Ойн сангийн ангилал, ойн сангийн газар гэж 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт Хамгаалалт, ашиглалтын хэлбэр, экологи эдийн засгийн ач холбогдлыг нь харгалзан ойн санг дор дурдсанаар ангилна, 5.1.1-т хамгаалалтын бүсийн ой, 5.1.2-т ашиглалтын бүсийн ой, 5.2-т Ой бүхий газар, таримал ой, бут сөөг, мод бэлтгэсэн, ой, хээрийн түймэр, хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдсэн ойн талбай, ойн цоорхой, түүнчлэн ойн захаас гадагш 100 метр газар, тарьц, суулгац бойжуулах мод үржүүлгийн газрын эзлэх талбай нь ойн сангийн газарт хамаарна,
2.3. Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т Хамгаалалтын бүсийн ойд цармын бүслүүрийн ой, тусгай хамгаалалттай газрын болон сургалт, судалгааны зориулалттай ой, ногоон бүс, хориотой зурвасын ой, заган ой, баянбүрдийн ой, 100 га хүртэлх хэмжээний төгөл ой, бут, сөөг, 30 хэмээс илүү налуу газрын ой хамаарна, 8.5.1-т нийслэлийн ногоон бүсэд хамаарах ойн заагийг Засгийн газар, Монгол Улсын Засгийн газрын 1996 оны 12 дугаар сарын 25- ны өдрийн 326 дугаар тогтоол, 8.6 дахь хэсэг Хамгаалалтын бүсийн ойд зам, гүүр барих, ус, эрчим хүч, холбооны шугам татах болон түймрээс хамгаалах шороон зурвас гаргах, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг дэмжихэд чиглэгдсэн арчилгаа, цэвэрлэгээний арга хэмжээг хэрэгжүүлэх, ойн дагалт баялгийг ашиглахаас бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно,
2.4. Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.10 дахь заалт Ойн сангийн газарт улсын тусгай хэрэгцээний болон ойн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэхээс бусад зориулалтаар барилга байгууламж барих, аливаа объект байрлуулах-ыг тус тус зөрчсөн байсан. Тухайн өдрөө Нийслэлийн Байгаль орчны газрын ойн асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Н*******ийг шинжээчээр томилон 1462602032 тоот нэгж талбарын дугаартайгаар олгогдсон эзэмшлийн газар дээр байшингийн суурь тавьсан газарт үзлэг хийдгэж ойн санд хамаарч байгаа, ойн сан бүхий газар хориглосон үйл ажиллагаа явуулахдаа хохирол учруулсан талаар дүгнэлт гаргуулан, мэдүүлэг авч ажилласан болно.
2.5. Иргэн Д.Н*******д 2026 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 0629357 дугаартай хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах 0629357 тоот шийтгэлийн хуудсаар Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон зөрчилд нотлох баримт бүрдүүлэх, шалгаж тодруулах шаардлагагүйгээр хялбаршуулсан журмаар зөрчлийг шалган шийдвэрлэх боломжтой гэж үзэн Д.Н*******гийн гаргасан зөрчилд нотлох баримт бүрдүүлэх, шалгаж тодруулах шаардлагагүйгээр хялбаршуулсан журмаар зөрчлийг шалган шийдвэрлэх боломжтой ба Зөрчлийн тухай хуулийн 7.9 дугаар зүйлийн 5-т заасан шийтгэл оногдуулахаар хуульчилсан байх тул тухайн этгээдэд Зөрчлийн тухай хуулийн 4.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.10 дахь заалт болон Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-т ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны А/176 дугаар тогтоолоор батлагдсан ойн экологи- эдийн засгийн үнэлгээ, холбогдогчийн мэдүүлэг зэргийг үндэслэн нөхөн төлбөр болох 769,215 төгрөгийг, Зөрчлийн тухай хуулийн 7.9 дугаар зүйлийн 5-т зааснаар 300,000 төгрөгийн шийтгэл оногдуулж ажилласан.
2.6. Иргэн Д.Н*******д оногдуулсан шийтгэл нь Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.1 дэх хэсэгт заасан Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзэж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
3. Шүүх гомдол, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр гомдол гаргагчийн гаргасан гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Тогтоогдсон үйл баримтын тухайд:
-
- С дүүргийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/441 дүгээр захирамж(Хавтаст хэргийн 11 дэх талд)-аар иргэн Д.Н*******д С дүүргийн 19 дүгээр хороо, Шод 700 м.кв талбай бүхий газрыг зуслангийн зориулалттай газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, нэгж талбарын ******* дугаартай газрыг Э-2203021887 дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон(Хавтаст хэргийн 13 дахь талд), 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-г байгуулсан(Хавтаст хэргийн 15-17 дэх талд).
- Нийслэлийн Байгаль орчны газрын байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Д.Б******* нь Нийслэлийн Байгаль орчны газрын даргаас өгсөн үүрэг, гомдол, мэдээллийн дагуу хяналт шалгалт хийж, С дүүргийн 19 дүгээр хороо, Ш, Г*******ын ам гэх газар иргэн Д.Н******* нь өөрийн эзэмшлийн газарт ойн санд байшингийн суурь ухсан үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
- Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад 2026 оны 04 дүгээр сарын 13-ны өдийн 2026/Х-03 дугаартай Модны экологи-Эдийн засгийн үнэлгээг тогтоосон шинжээчийн дүгнэлт(Хавтаст хэргийн 52 дахь талд)-ээр Байгаль орчны газрын Ойн хэлтсийн мэргэжилтэн Г.Н******* нь Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Д.Б*******, байгаль хамгаалагч А.Г******* нарыг байлцуулан үзлэг шалгалтыг хийж, үзлэгээр ойн сан бүхий газарт ойгоор бүрхэгдээгүй талбайд 9.2м х 9.3м хэмжээтэй талбайг сүйтгэн байшингийн суурь ухсан нөхцөл байдал тогтоогдсон.
- Нийслэлийн Байгаль орчны газрын байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Д.Б******* нь иргэн Д.Н*******г Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт Ойн сан бүхий газарт хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлого, зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгслийг хурааж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтад ойн санд учирсан хохирлыг ойн экологиэдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр гэж тус тус заасны дагуу 300,000 төгрөгийн торгууль, 769,215 төгрөгийн нөхөн төлбөрийг 2026 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 0629357 дугаартай шийтгэлийн хуудсаар оногдуулсан(Хавтаст хэргийн 66 дахь талд).
- С дүүргийн Засаг даргын тамгын газрын дүүргийн менежер Э.Чинзоригоос 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 03/1212 тоот албан бичиг(Хавтаст хэргийн 29 дэх талд)-ээр Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т заасны дагуу 19 дугаар хороонд гэр бүлийн хэрэгцээний зуслангийн зориулалтаар эзэмшиж байгаа ******* нэгж талбарын дугаартай газар дээр орон нутгийн байгаль хамгаалагчийн хяналт дор 2026 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн дотор байшингийн суурь ухах, тэгшлэх арга хэмжээг авч ажиллана уу... гэх хариуг өгсөн байна.
- Дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч иргэн Д.Н*******гаас Байгаль орчны газрын байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Д.Б*******т холбогдуулан 2026 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 0629357 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар 2026 оны 05 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд гомдол гаргасан.
Шүүхээс хийсэн дүгнэлтийн тухайд:
-
- Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт Ойн сан бүхий газарт хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлого, зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгслийг хурааж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж зааснаас үзэхэд гомдол гаргагч нь өөрийн эзэмшил бүхий газраа гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглахдаа Ойн тухай хууль болон Байгаль орчныг хамгаалах тухай хуулийг зөрчиж, ойн сан бүхий газарт хориглосон үйл ажиллагаа явуулсан тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байна.
- Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт Хамгаалалтын бүсийн ойд цармын бүслүүрийн ой, тусгай хамгаалалттай газрын болон сургалт, судалгааны зориулалттай ой, ногоон бүс, хориотой зурвасын ой, заган ой, баянбүрдийн ой, 100 га хүртэлх хэмжээний төгөл ой, бут, сөөг, 30 хэмээс илүү налуу газрын ой хамаарна, 8.6-д Хамгаалалтын бүсийн ойд зам, гүүр барих, ус, эрчим хүч, холбооны шугам татах болон түймрээс хамгаалах шороон зурвас гаргах, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг дэмжихэд чиглэгдсэн арчилгаа, цэвэрлэгээний арга хэмжээг хэрэгжүүлэх, ойн дагалт баялгийг ашиглахаас бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно, 29 дүгээр зүйлийн 29.1.10 дахь заалтад Ойн сангийн газарт улсын тусгай хэрэгцээний болон ойн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэхээс бусад зориулалтаар барилга байгууламж барих, аливаа объект байрлуулах-ыг хориглосон, мөн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.2-т газар эзэмшигч нь газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх үүрэгтэй байхаар тус тус зохицуулжээ.
- Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд ойг хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэх, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор ойн сан бүхий газарт ойн өсөлт, тархалтад сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа явуулахыг хориглосон байх бөгөөд ойн сан бүхий газарт байшин барих, байшингийн суурь ухах, газар ухах зэрэг үйл ажиллагаа нь Ойн тухай хуулиар хориглосон үйл ажиллагаанд хамаарч байна. Иймд газар эзэмшигч нь эзэмшил газраа ашиглахдаа зөвхөн газар эзэмших эрхэд тулгуурлах бус, тухайн газарт үйлчлэх байгаль орчны хамгаалалтын тусгай дэглэм, хязгаарлалтыг мөн дагаж мөрдөх үүрэгтэй байна.
- Гомдол гаргагч нь С дүүргийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/441 дүгээр захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зуслангийн зориулалтаар газар эзэмших эрх олгогдсон тул тухайн газартаа байшин барих, газар шорооны ажил хийх нь хууль ёсны гэж тайлбарлан маргасан. Гэвч Газрын тухай хуулиар олгогдсон газар эзэмших эрх нь тухайн газарт үйлчлэх бусад хууль тогтоомжийн шаардлага, хязгаарлалтаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй бөгөөд газар эзэмших эрхтэй болсон гэх үндэслэлээр байгаль орчны хамгаалалтын тусгай дэглэмийг үл хэрэгсэх эрхийг иргэн, хуулийн этгээдэд олгоогүй байна.
- Хэрэгт авагдсан Монгол Улсын Засгийн газрын 1996 оны 326 дугаар тогтоол, шүүхийн үзлэгийн тэмдэглэл, агаар сансрын зураг, шинжээчийн дүгнэлт болон хэргийн оролцогчдын тайлбараар гомдол гаргагчийн эзэмшлийн газар нь нийслэлийн ногоон бүсийн хамгаалалтын бүсийн ойд хамаарах ойн сангийн газарт байрлаж байгаа болох нь тогтоогдсон. Иймд гомдол гаргагч нь хууль ёсны дагуу газар эзэмших эрхтэй хэдий ч тухайн газар нь ойн сан бүхий газарт хамаарч байгаа нөхцөлд Ойн тухай хуулийн дээр дурдсан хориглолтыг дагаж мөрдөх үүрэгтэй бөгөөд зөвхөн эзэмшлийн эрхэд тулгуурлан Ойн тухай хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулах эрхтэй гэж үзэх боломжгүй юм.
- Гомдол гаргагч нь С дүүргийн Засаг даргаас гэр бүлийн хэрэгцээний зуслангийн зориулалтаар газар эзэмшүүлсэн атлаа байгаль орчны байгууллага ойн сан бүхий газарт үйл ажиллагаа явуулсан гэж үзэн хариуцлага оногдуулж байгаа нь төрийн байгууллагуудын шийдвэрийн дотоод зөрчил гэж тайлбарласан. Гэвч газар эзэмшүүлэх тухай захиргааны акт нь тухайн иргэнд газар эзэмших, зориулалтын дагуу ашиглах эрх үүсгэж байгаа болохоос биш тухайн газарт үйлчлэх байгаль орчны хамгаалалтын тусгай дэглэмийг хүчингүй болгож байгаа хэрэг биш юм. Өөрөөр хэлбэл, газар эзэмшүүлэх шийдвэр болон ойн сан бүхий газрын хамгаалалтын эрх зүйн дэглэм нь харилцан бие даасан зохицуулалт бөгөөд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүй. Иймээс газар эзэмших эрх олгогдсон гэх үндэслэлээр Ойн тухай хуульд хориглосон үйл ажиллагаа явуулах эрх үүссэн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй.
- Гомдол гаргагчид эзэмшүүлэхээр олгосон гэр бүлийн хэрэгцээний зуслангийн зориулалттай газар нь тухайн газрын зориулалтын дагуу ашиглагдах олон төрлийн боломжийг агуулдаг бөгөөд уг зориулалтыг хэрэгжүүлэх цорын ганц хэлбэр нь заавал байнгын зориулалттай буюу 4 улирлын сууц барих явдал биш юм. Тодруулбал, газар эзэмшигч нь тухайн газрыг амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх, тохижуулах, ногоон байгууламж бий болгох, зөөврийн сууц, гэр болон бусад түр сууц байрлуулах хэлбэрээр ашиглах боломжтой бөгөөд эдгээр нь газрын зориулалттай нийцэх боломжтой ашиглалтын хэлбэрүүдэд хамаарна. Иймд гомдол гаргагчийн эзэмшил газрыг зөвхөн байнгын барилга байгууламж барьж байж зориулалтын дагуу ашигласан гэж үзэх үндэслэлгүй бөгөөд Ойн тухай хуульд заасан хориглолт, хязгаарлалтыг зөрчихгүйгээр зуслангийн зориулалтаар ашиглах бодит боломж бүрэн байсаар байна. Тиймээс Ойн тухай хуулиар хориглосон үйл ажиллагааг явуулахгүйгээр тухайн газрыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй байсан гэх гомдол гаргагчийн тайлбар үндэслэлгүй байна.
- Гомдол гаргагч нь өөрийн эзэмшлийн газрын эргэн тойрон дахь бусад иргэд байшин, хашаа, барилга байгууламж барьсан атлаа зөвхөн өөрт нь хариуцлага оногдуулсан нь ялгавартай хандсан үйлдэл гэж тайлбарласан. Гэвч тухайн бусад этгээдүүдийн хувьд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдсан эсэх, эрх бүхий байгууллагад гомдол мэдээлэл ирсэн эсэх, тэдгээрийн нөхцөл байдал нь гомдол гаргагчийн нөхцөл байдалтай ижил байсан эсэх нь хамааралгүй ба гомдол гаргагчийн гаргасан зөрчлийг үгүйсгэх үндэслэл болохгүй тул энэхүү тайлбарыг шүүхээс хүлээн авах боломжгүй байна.
- Мөн Нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хэлтсийн мэргэжилтэн Г.Н*******ийн гаргасан 2026 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 2026/Х-03 дугаартай шинжээчийн дүгнэлтийг үндэслэлгүй, бодит хохирлыг тогтоогоогүй, чанарын шаардлага хангаагүй гэж маргасан. Гэвч хэрэгт авагдсан баримтаас үзэхэд эрх бүхий албан тушаалтан шинжээч томилж, шинжээч нь газар дээр нь үзлэг хийж нөхцөл байдлыг тогтоон дүгнэлт гаргасан байх бөгөөд уг дүгнэлтийг огноо зөрсөн гэх техникийн шинжтэй алдааг үндэслэн үгүйсгэх үндэслэлгүй байх тул шүүх уг шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв нотлох баримтын хэмжээнд үнэлэв.
- Нийслэлийн Байгаль орчны газрын байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Д.Б******* нь шийдвэр гаргах эрх бүхий этгээд мөн эсэх талаар маргасан боловч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-т иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийг хэрхэн биелүүлж байгаад харьяалал харгалзахгүйгээр хянан шалгах, 27.1.7-д Зөрчлийн тухай хууль зөрчсөн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авах гэж тус тус зааснаар байгаль орчны хяналтын улсын байцаагчид холбогдох хяналт шалгалт хийх, шийтгэл оногдуулах бүрэн эрхийг хууль тогтоогчоос олгосон байна. Иймд хариуцагч нь өөрийн эрх хэмжээний хүрээнд ажиллагаа явуулсан гэж үзнэ.
- Түүнчлэн хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь гомдол, мэдээллийн мөрөөр газар дээр нь шалгалт хийж, холбогдох этгээдээс мэдүүлэг авч, шинжээчийн дүгнэлт гаргуулан, нөхцөл байдлыг тогтоосны үндсэн дээр шийтгэлийн хуудас үйлдсэн байх бөгөөд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу хэрэгжүүлсэн байна.
- Гомдол гаргагч нь С дүүргийн Засаг даргын Тамгын газраас байшингийн суурь ухах, газар тэгшлэх зөвшөөрөл авсан гэж тайлбарлах боловч хэрэгт авагдсан С дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 03/1212 дугаартай албан бичиг нь цаг хугацааны хувьд шийтгэлийн хуудас гарснаас хойш буюу 2026 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн шийтгэл оногдуулснаас дараа гарсан байна. Иймд уг баримт нь зөрчил үйлдсэн үеийн нөхцөл байдлыг зөвтгөх, эсхүл шийтгэлийн хуудсыг хууль бус гэж үзэх үндэслэл болохгүй юм.
- Хариуцагч нь гомдол гаргагчийн гаргасан зөрчлийн шинж, нөхцөл байдал, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хохирлын хэмжээг үндэслэн Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан 300,000 төгрөгийн торгууль, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-т ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр гэж заасны дагуу 769,215 төгрөгийн нөхөн төлбөрийг оногдуулсан нь хуульд нийцсэн бөгөөд шийтгэлийн төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна.
- Иймд Нийслэлийн Байгаль орчны газрын байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Д.Б*******ийн 2026 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 0629357 дугаартай шийтгэлийн хуудас нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн, эрх бүхий албан тушаалтан эрх хэмжээний хүрээнд гаргасан, бодит нөхцөл байдал болон хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон байх тул уг шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдол гаргагчийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
- Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.6, 29 дүгээр зүйлийн 29.1.10, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1, Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч Д.Н*******гаас гаргасан Байгаль орчны газрын байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Д.Б*******ийн 2026 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 0629357 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
- Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
- Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХ-ӨЛЗИЙ