Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 100

 

 

          Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Алтан даргалж,     

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Сувд-Эрдэнэ,

          Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор: Х.Энхтуул,

          Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Д.Бунжаа,

          Шүүгдэгч Ж.С, Ц.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Х.Энхтуул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Б ургийн овогтой Ц-ийн Т, Х ургийн овогтой Ж-ын С нарт холбогдох эрүүгийн 1835001290096 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.          

          Шүүгдэгч нарын биеийн байцаалт:         

            - Монгол улсын иргэн, 1966 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Увс аймгийн Түргэн суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-5, эхнэр, 3 хүүхдийн хамт Увс аймгийн Түргэн сумын 2-р багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б ургийн овогтой Ц-ийн Т, РД:ОН66073078.

            -Монгол улсын иргэн, 1969 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Увс аймгийн Түргэн суманд төрсөн, 49 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-5, нөхөр, 3 хүүхдийн хамт Увс аймгийн Түргэн сумын 2-р багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Х ургийн овогтой Ж-ын С, РД:ОН69041061.

            Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ж.С, Ц.Т нар бүлэглэн 2017 оны 10 дугаар сард Увс аймгийн Түргэн сумын 2 дугаар багийн нутаг “Илжигний боом” гэх газраас зохих зөвшөөрөлгүй 94 ширхэг буюу 2.1937 метр куб шинэс мод бэлтгэж ойн санд 521.223 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

                  1. Шүүгдэгч Ж.С, Ц.Т нарыг бүлэглэж ойгоос зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлийн талаар:

                  Шүүгдэгч Ж.С, Ц.Т нар бүлэглэн 2017 оны 10 дугаар сард Увс аймгийн Түргэн сумын 2 дугаар багийн нутаг “Илжигний боом” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 94 ширхэг нойтон шинэс мод бэлтгэсэн нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 03-11/,

                   эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 25-34/,

                   хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Х-ын: “Би 2004 оноос өнөөг хүртэл Увс аймгийн Түргэн сумын байгаль хамгаалагчаар ажиллаж байна. Намайг Түргэн сумын Засаг даргын захирамжаар Ж.С, Ц.Т нарын зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилсон. Түргэн сумын 2-р багийн нутаг “Илжигний боом” гэх газрын ойгоос Т, С нар  зөвшөөрөлгүй мод бэлтгэж хашаа барьсан гэдгийг сумын байгаль орчны улсын байцаагчаас сонсож мэдсэн. 2017 онд Түргэн суманд хэрэглээний модны зөвшөөрөл олгосон талаар засаг даргын захирамж гараагүй, зөвшөөрөл олгоогүй. Учир нь 2017 онд хэрэглээний мод бэлтгэх эрх Түргэн суманд ирээгүй юм. Буруутай этгээдүүдээс дүгнэлтэнд дурдсан байгаль орчинд учруулсан хохирол буюу нөхөн төлбөрийг гаргуулах саналтай байна. Манай байгууллагын зүгээс өөр санал хүсэлт, гомдол байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 39/,                 

                  гэрч О.Г-ын өгсөн “2017 оны 10 дугаар сарын сүүлээр байх, өдрийг нь сайн санахгүй байна,  би нэг өдөр адуугаа хайгаад “Илжигний боом” гэх газарт морьтой явж байтал модны захаас хүн орилж, гараараа даллаж намайг дуудсан. Би ямар учиртай хүн юм бол гэж гайхаад уг хүний хажууд яваад очтол авга ах Т байсан бөгөөд эхнэр С-ийнхээ хамт бэлтгэсэн модыг тэмээнд ачих гэж байсан. Тэгээд би тэр хоёрт тусалж бэлтгэсэн модыг нь 4 тэмээнд ачиж өгөөд  цааш нь адуугаа хайгаад явсан. Т ах уг модоороо “Адуунчулуун” гэх газарт хашаа барьсан байсан. Бид нар нэг тэмээнд 15-20 орчим модыг урд бөхөнд модны нэг талын үзүүрийг уяж чирч явахаар ачсан. Тухайн мод нь 4-5 метрийн урттай мод байсан ба цөөн тооны 1-3 метрийн урттай мод бас байсан. Нийт 60-70 тооны мод тэмээнд ачсан байх гэж бодож байна. Т ах урьд өмнө нь надад мод бэлтгэх талаар ямар нэгэн зүйл хэлээгүй. Би адуугаа хайж яваад Т ахтай тааралдаж Т ах, С эгч хоёрыг мод бэлтгэсэн гэдгийг мэдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 46/,

                   гэрч Б.З-ийн өгсөн “Түргэн сумын иргэн Т нь 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Түргэн сумын Рашаант багийн ИНХ-ын тогтоолоор тус багийн “Адуунчулууны хөтөл” хэмээх газрыг өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлэх тогтоол гарсны дагуу сумын засаг даргад 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр өргөдөл гаргасан. Сумын засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А/77 тоот захирамжаар “Адуунчулууны хөтөл” гэх газрыг Т-д эзэмшүүлсэн гэрчилгээ олгосон. Т уг газрыг өвөлжөөний зориулалтаар ашиглах ёстой” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50/,                   

                   шүүгдэгч Ж.С-ийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би 2017 оны 10 дугаар сарын 10-ны үед нөхөр Т-ийн хамт Түргэн сумын 2-р багийн нутаг “Илжигний боом” гэх газарт очиж 50 ширхэг шургаа мод бэлтгэсэн. Модоо бэлтгэж дуусаад буцаж гэртээ очиж амраад маргааш нь өөрийн 4 тооны тэмээгээр бэлтгэсэн модоо ачсан юм. Тухайн үед манайх Түргэн сумын нутаг “Тасархай” гэх газарт байсан юм. Тэгээд Т бид хоёр бэлтгэсэн моднуудаа өвөлжөөндөө авч ирээд малын хашаа барьсан юм. Т-ийн хөл нь өвддөг учраас би тэмээ хөтөлж явсан юм. Т бид хоёр ургаа модыг хөрөөдөж унагааж бэлдсэн. Тэгээд хөрөөдсөн модоо ууланд бөөгнүүлж байгаад тэмээ хөтөлж гараад ачиж явсан юм. Мод бэлтгэхэд Т бид хоёроос өөр хүн байгаагүй, өөр хүн оролцоогүй. Мод ачсан тэмээ нь манай өөрийн эзэмшлийн 4 тооны тэмээ бөгөөд Т бид хоёр малын хашаа барих гэж мод бэлтгэсэн бөгөөд тухайн үед бэлтгэсэн модоо тоолоогүй, хэдэн ширхэг мод байсныг мэдэхгүй байна. Бид нар байгаль орчинд учирсан хохирлыг төлж барагдуулсан. Бид хууль мэдэхгүйгээс ийм хэрэгт холбогдлоо. Дахин ийм үйлдэл гаргахгүй тул хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэх мэдүүлэг,

       шүүгдэгч Ц.Т-ийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би 2017 оны 10 дугаар сард эхнэр С-ийн хамт Түргэн сумын 2-р багийн нутаг “Илжигний боом” гэх газар очиж шургаа мод бэлтгэсэн бөгөөд бид хоёр нийтдээ 50 гаруй ширхэг урт мод бэлтгэсэн юм. Тэгээд орой нь гэртээ очиж амарсан. Маргааш нь би өөрийнхөө мотоциклоор яваад, эхнэр С 4 тэмээ хөтлөөд мод бэлтгэсэн газраа очсон юм. Бид хоёр ойролцоогоор 10 цагийн үед очоод тухайн бэлтгэсэн модоо тэмээнд хувааж ачаад манай өвөлжөөний “Адуунчулуун” гэх нэртэй газарт аваачихад орой болчихсон байсан. Би тухайн модыг өвөлжөөндөө хүргэж буулгачихаад хэд хонож байгаад бэлтгэсэн модоороо хашаа барьсан юм. Би мод бэлтгэхдээ сумын байгаль орчны байцаагч, зөвшөөрөл олгох эрх бүхий албан тушаалтнаас зөвшөөрөл аваагүй. Зөвшөөрөл авахгүй мод бэлтгэсэн. Би зөвшөөрөл авч мод бэлтгэдэг талаар сайн мэдэхгүй. Хавар болохоор гоожингийн мод, хогны мөнгө гэх мэт мөнгө авдаг болохоор мод бэлтгээд авчихаж болох байх гэж бодсон. Би малын хашаа барих зорилгоор мод бэлтгэсэн юм. Би учруулсан хохирлоо Түргэн сумын байгаль орчны байцаагч Х гэх залууд төлж барагдуулсан. Хууль мэдэхгүйгээс ийм үйлдэл хийсэндээ гэмшиж байна. Би настай хүн тул дахиж ийм үйлдэл гаргахгүй. Мод бэлтгэхээр бол хуулийн дагуу зөвшөөрөл авч мод бэлтгэнэ гэдгийг ойлгосон. Надад хөнгөн ял шийтгэж өгнө үү”  гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.          

       Шүүгдэгч Ц.Т, Ж.С нарын мод бэлтгэсэн гэх Увс аймгийн Түргэн сумын 2-р багийн нутаг “Илжигний боом” гэх газар нь дархан цаазат буюу улсын тусгай хамгаалалттай газар нутаг, бүсийн ойд хамаарахгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон. 

       Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д  : иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт баялгийг зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй , мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дахь хэсгүүдэд:   тухайн сум, дүүргийн ойн анги, эрх бүхий албан тушаалтан нь иргэн, аж ахуйн нэгжид мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно, уг эрхийн бичигт мод бэлтгэх иргэн, аж ахуйн нэгжийн нэр, хаяг, бэлтгэх модны төрөл, хэмжээ, бэлтгэх газрын нэр, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа зэргийг тодорхой зааж тусгана, эрхийн бичгийг бусдад шилжүүлэхийг хориглоно гэж тус тус заасны дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос хэрэглээний болон түлшний зориулалтаар мод бэлтгэхдээ зохих төлбөр, хураамжийг төлж эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тусгай зөвшөөрөл буюу мод бэлтгэх эрхийн бичиг авсан байхыг шаарддаг.

      Шүүгдэгч Ц.Т, Ж.С нар нь дээрхи хуулийн шаардлагуудыг зөрчиж Увс аймгийн Түргэн сумын 2-р багийн нутаг “Илжигний боом” гэх газрын ойгоос зөвшөөрөлгүйгээр 94 ширхэг буюу 2.1937 метр куб нойтон шинэс мод бэлтгэсэн болох нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нар нь уг газраас хэрэглээний болон түлшний зориулалтаар мод бэлтгэх эрхийн бичгийг эрх бүхий албан тушаалтнаас  аваагүй болох нь нотлогдсон.                                 

                 Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Ц.Т, Ж.С нарыг бүлэглэж ойгоос зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.             

                  Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.1.2-д: “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага  хууль бусаар мод бэлтгэсэн үйл ажиллагаа явуулснаас ойн сан, түүний нөөцөд хохирол учруулсан бол учирсан шууд хохирлыг нөхөн төлнө”, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 3-д “Энэ хуулийн 42.1.3-д ойн дагалт баялгийн нөөцийн нөхөн төлбөрийн хэмжээг тухайн үеийн зах зээлийн үнэлгээгээр, бусад нөхөн төлбөрийн хэмжээг экологи эдийн засгийн үнэлгээгээр тогтооно” гэж заасан ба шүүгдэгч Ц.Т, Ж.С нарын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээг 2018.04.09-ний өдрийн №3 тоот шинжээчийн дүгнэлтээр 521.223 төгрөгөөр тогтоосон байх бөгөөд ойн санд учирсан хохирол 521.223 төгрөгийг шүүгдэгч Ц.Т, Ж.С нар нь Түргэн сумын байгаль хамгаалах сангийн дансанд тушааж, хохирлыг барагдуулсан болох нь Түргэн сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Баяраагийн 2018.05.07-ны өдөр гаргасан тодорхойлолтоор   нотлогдсон байна.         

                  2. Шүүгдэгч Ц.Т, Ж.С нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

                  Шүүгдэгч Ц.Т, Ж.С нар бүлэглэж ойгоос зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.

                  Шүүгдэгч Ц.Т, Ж.С нарын хувийн зан байдал болон амьдралынх нь талаар гэрч Ц.Ц-ын өгсөн : “Би С, Т нарыг сайн танина. С миний нагац талын хүн байгаа юм. Харин Т ах С эгчийн нөхөр нь юм. С нь хөдөө мал малладаг бөгөөд Түргэн сумын 2-р багийн нутагт ээж, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг. С нь зан аашийн  хувьд эелдэг зөөлөн ааштай, бусадтай зөв боловсон харьцдаг, дуугүй үг дуу цөөтэй, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй хүн юм. Т нь манай нагац эгчийн нөхөр бөгөөд хөдөө мал малладаг. Т нь бага байхдаа даруухан, хүний үгэнд орж ажил хийдэг, ааш зан сайтай, хүнд тусархуу хүүхэд байсан талаар манай ээж ярьдаг. Түргэн сумын сургуулийн 3-р ангид сурч байгаад сургуулиас гарч малчин болсон гэсэн. Т-ийн бие нь муу, даралт хагас харвасан гэж ярьдаг бөгөөд даралт нь байнга ихэсдэг, хөл муутай хүн,  хааяа эмнэлэгт хэвтэж байгаа талаар сонсогддог. Т нь зан аашийн хувьд эелдэг зөөлөн, бусадтай зөв боловсон харьцдаг, үг дуу цөөтэй, өөрийн бодлоор аливаа ажлыг хийдэг юм. Архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг эсэхийг сайн мэдэхгүй байна. Урьд өмнө ял шийтгэл эдэлж, гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй хүн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52/,

                   гэрч Т.А-ийн өгсөн:  “С нь миний төрсөн ээж бөгөөд хөдөө аав, ахын хамт мал маллаж амьдардаг юм. Манай эмээ Ч нь өвлийн улиралд Улаангом суманд, зуны улиралд хөдөө манай гэртэй хамт зусдаг. Эмээг манай аав, ээж харж асардаг юм. Ээж С-ийн толгой өвддөг, цөс нь бас өвддөг, ядрахаар хамраас нь цус гараад байдаг. Аймгийн нэгдсэн эмнэлэгт 2 удаа хэвтэж эмчлүүлж байсан. Ихэвчлэн Түргэн сумын эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэдэг юм. Манай ээж урьд өмнө нь гэмт хэрэг, зөрчилд холбогдож, шалгагдаж байгаагүй. Т нь манай төрсөн аав  юм. Аав Т нь 2017 оны хавар даралт хагас харвасан, даралт нь байнга ихэсдэг, толгой нь өвддөг, хөлний өвдөг хэсгээр өвддөг, хааяа эмнэлэгт хэвтэж эмчлүүлдэг юм. Намайг бага байхад аав Т  авто осолд орж гэмтэж, бэртээд эмчилгээ хийлгэж байсан. Аав маань архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, хааяа тамхи татдаг, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй хүн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54/ зэрэг баримтууд хэрэгт авагджээ. 

                  Шүүгдэгч Ц.Т, Ж.С нар Увс аймгийн Түргэн сумын Рашаант багт 3 хүүхдийн хамт мал маллан амьдардаг болох нь Түргэн сумын Рашаант багийн засаг даргын 2018.05.02-ны өдөр гаргасан 131 тоот тодорхойлолтоор, нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тус тус нотлогдсон байна.                  

                  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах ба шүүгдэгч Ц.Т, Ж.С нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураараа төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон тэд анх удаа ахуй амьдралын нөхцөл байдал / малын хашаа саравч барих зорилгоор мод бэлтгэсэн/-ын улмаас гэмт хэрэг үйлдсэн болон хувийн байдал зэргийг тус тус харгалзан тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг тус тус хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж дүгнэв.   

                   Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.                            

                   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг албадан гаргуулна”, мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2-д “ Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж  энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно, 4-д “гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, гал зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус заасан бөгөөд дагуу шүүгдэгч Ц.Т, Ж.С нар гэмт үйлдэж олсон  94 ширхэг нойтон шинэс модоор малын хашаа барьсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул модны үнэ 282.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын төсөвд шилжүүлэх, түүнчлэн  шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн хөрөө 1 ширхэг, олс 2 ширхэгийг тус тус улсын төсөвд шилжүүлэх зэрэг үндэслэлтэй гэж дүгнэв.

                  Шүүгдэгч Ц.Т, Ж.С нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохирол, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Т-ийн эзэмшлийн улаан шар өнгийн “Мустанг-5” маркийн мотоцикль, 3 тооны тэмээ битүүмжилсэн тогтоолыг тус тус хүчингүй болгож, эзэмшигчид нь буцаан олгож, шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тус тус шийдвэрлэв.            

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг,  36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

                   1. Шүүгдэгч Б ургийн овогтой Ц-ийн Т, Х ургийн овогтой Ж-ын С нарыг бүлэглэн ойгоос зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

       2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т, Ж.С нарт тус тус хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг тус тус хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

             3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч  Ц.Т, Ж.С нараас нойтон шинэс модны үнэ 282.000/ хоёр зуун наян хоёр мянга / төгрөг /хувь тэнцүүлэн /,  хөрөө 1 ширхэг, олс 2 ширхэгийг тус тус гаргуулж улсын төсөвд шилжүүлсүгэй.

             4. Энэ хэрэгт битүүмжилсэн Ц.Т-ийн эзэмшлийн улаан шар өнгийн Мустанг-5 маркийн мотоцикль, 4 тооны тэмээ битүүмжилсэн тогтоолыг тус тус хүчингүй болгож, эзэмшигчид нь буцаан олгосугай.

        5. Шүүгдэгч Ц.Т, Ж.С нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохирол, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Т, Ж.С нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр хэрэглэсүгэй.

         7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                                        ДАРГАЛАГЧ,

                                                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Л.АЛТАН