Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2022/00757

 

Б.А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 182/ШШ2022/00493 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.А-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч................... ТӨААТҮГ-т холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюунцэнгэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнхгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Б.А- нь ................... ТӨААТҮГ-т 2015 оноос хойш................... ТӨААТҮГ-т ажилласан. 2016 оноос эхлэн барилга, байгууламж захиалагчийн хяналтын хэлтсийн ахлах менежерээр ажиллаж байгаад тус төвийн захирлын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Б/308 дугаар тушаалаар сахилгын зөрчил давтан гаргасан гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Б.А- нь хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргаагүй, хэлтсийн даргын биед халдаагүй, ажил хэргийн шаардлагаар буюу томилолтоор явах автомашинаас болж маргасан. Хэлтсийн дарга Э.Мөнхсүх өмнө нь Б.А-д байнгын дарамт шахалт үзүүлэх хандлага гаргадаг байсан. Ёс зүйн зөвлөл нь хэрхэн байгуулагдсан, ямар дүгнэлт гаргасан нь тодорхой бус нөхцөлд түүний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн гэж үзэн ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоон, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах ажлаас халагдсан буюу 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг................... ТӨААТҮГ-т даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

..............ТӨААТҮГ-ын барилга байгууламжийн захиалагчийн хяналтын хэлтэст Бүс хариуцсан ахлах инженерээр ажиллаж байсан Б.А-г хөдөлмөрийн сахилгын зөрчлийн давтан гаргасан гэх үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Б.А-д төвийн захирлын 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Б/151 дугаар тушаалаар сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. Үүний дараа нэг жилийн хугацаа өнгөрөөгүй байхад ёс зүйн зөрчил гаргасан. Улсын Дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай, 33 дугаар тогтоолын 15.4-д Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно. Зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай боловч тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүй, 15.4.1-д Давтан гаргасан зөрчлүүдийн хоорондох хугацаа өмнөх зөрчилдөө сахилгын шийтгэл хүлээсэн бол 1 жилээс, хүлээгээгүй бол 6 сараас хэтрээгүй байна гэж заасан. Тус төвийн захирлын 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/28 дугаар тушаалаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журмын 8.1-д Хөдөлмөрийн тухай хууль, түүнтэй нийцүүлэн эрх бүхий байгууллагаас гаргасан хөдөлмөрийн харилцааг зохицуулсан эрх зүйн бусад акт, энэхүү дотоод журмаар тогтоосон дэг журам болон бусад дүрэм журмуудыг хэлбэрэлтгүй дагаж биелүүлэх талаар ажилтнуудад тавигдах шаардлагыг хөдөлмөрийн сахилга гэнэ гэж заасан байна. Гэтэл Б.А- нь байгууллага дээр мөрдөгдөж буй ёс зүйн дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөн тухай ёс зүйн зөвлөлөөс дүгнэлт гарч, өмнөх сахилгын зөрчлийн хүчинтэй хугацаанд сахилгын зөрчлийг давтан гаргасан. Иймд Б.А-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.А-г................... ТӨААТҮГ-ын Барилга байгууламжийн захиалагчийн хяналтын хэлтсийн Бүс хариуцсан ахлах инженерийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч................... Төрийн өмчит үйлдвэрийн газраас 7,719,148 (долоон сая долоон зуун зуун арван есөн мянга нэг зуун дөчин найман) төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.А-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь зааснаар хариуцагч................... Төрийн өмчит үйлдвэрийн газар нь нэхэмжлэгч Б.А-гийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх үүрэгтэй болохыг дурдаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 156,200 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн данснаас гаргуулж нэхэмжлэгч Б.А-д буцаан олгож, хариуцагч ................... төрийн өмчит үйлдвэрийн газраас улсын тэмдэгтийн хураамжид 138,456 төгрөгийг гаргуулж улсын төвлөрсөн төсвийн дансанд оруулж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүх талуудын хоорондох маргаанд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, нотлох баримтыг хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Шүүх ...нотлох баримтууд гаргаж өгсөн боловч Б.А-г хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон болон байгууллагын дотоод журмаар зохицуулсан журмыг зөрчиж, сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдгийг нотлох үндэслэл бүхий баримт гэж дүгнэх боломжгүй байна гэсэн атлаа хариуцагчаас гаргасан эдгээр баримтуудыг яагаад үндэслэл бүхий баримт гэж үзэхгүй байгаа нь тодорхойгүй, хэрхэн үнэлсэн нь ойлгомжгүй байна. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч ёс зүйн зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүн болон хэрхэн байгуулагдсан талаар маргаж, тус төвийн захирлын эрх хэмжээний хүрээнд байгуулагдсан гэж үгүйсгэсэн. Гэтэл шүүхээс дүгнэлт хийгээгүй. Мөн шүүх ...Б.А-г ёс зүйн зөрчил гаргасан гэж буруутгах боломжгүй байх ба ёс зүйн зөрчил гаргасан эсэх нь үндэслэл бүхий баримтаар тогтоогдохгүй гэж тодорхойгүй дүгнэлт хийсэн. Тодруулбал, шүүх хариуцагчийн гаргасан нотлох баримтуудыг үнэлсэн эсэх нь тодорхойгүй. Б.А- сахилгын давтан зөрчил гаргасан. Гэтэл шүүх ...ямар зөрчилд ажлаас халах сахилгын зөрчил гаргасан нь тодорхойгүй, Б.А-д ажлаас халах сахилгын зөрчил ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 128 дугаар зүйлийн 128.1.7, 131.1, 131.2, Хөдөлмөрийн гэрээний 2.2, 2.6, 2.7 дахь заалтуудтай нийцээгүй байна гэж дүгнэсэн. Талууд Б.А-д ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан гэж маргаагүй байхад шүүх санаачилгаар дүгнэлт хийсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлийг, 131 дүгээр зүйлд хөдөлмөрийн сахилгын шийтгэл, түүний хэлбэрийг зохицуулахаар заасан. Монгол улсын Дээд шүүхийн 2006 оны Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 33 дугаар тогтоолын 15.4, 15.4.1-д Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно. Зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай боловч тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүй. Давтан гаргасан зөрчлүүдийн хоорондох хугацаа өмнөх зөрчилдөө сахилгын шийтгэл хүлээсэн бол 1 жилээс, хүлээгээгүй бол 6 сараас хэтрээгүй байна гэж заасан. Мөн тогтоолд Хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1-д заасан сахилгын шийтгэл нь ажилтны гэм буруу, зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон байх бөгөөд шийтгэлийг заавал шат дараалан оногдуулсан байхыг шаардахгүй гэж зааснаас үзэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 131.1.3-т заасан зохицуулалт нь өөр өөрийн урьдчилсан нөхцөлийг хангах, хөөн хэлэлцэх хугацааг агуулах, тус тусын ойлголтууд байхад шүүхээс давхардуулан ойлгож, шийдвэрт хэрэглэсэн байна. Мөн эдгээр зохицуулалтыг хэрхэн яагаад хэрэглэх болсон талаарх тайлбар, дүгнэлтийг хийгээгүй.

Б.А-д тус төвийн захирлын 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Б/151 дугаар тогтоолоор сануулах сахилгын шийтгэл ногдуулсан талаар маргаагүй. Энэ талаар шүүх дүгнээгүй. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн зүгээс ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахаар тус төвийн Барилга байгууламжийн захиалагчийн хяналтын хэлтсийн дарга Э.Мөнхсүх, ахлах инженер Ц.Хэрлэн нарыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасан боловч шүүх хүлээж аваагүй атлаа Б.А-гийн гаргасан давтан зөрчил тогтоогдохгүй мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

......... ТӨААТҮГ нь 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хөдөлмөрийн гэрээг цуцалсан үндэслэлээ нотолж чадаагүй. Хөдөлмөрийн гэрээг цуцалсан үндэслэл нь тодорхой биш, зөвхөн ёс зүйн зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 01 дугаартай дүгнэлтийг үндэслэсэн. Мөн хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалын үндэслэх хэсэгт ажлаас гарсан үндэслэл, түүний гаргасан зөрчлийн талаар тусгагдаагүй.

Ёс зүйн зөвлөлийн 4.5.2-т ёс зүйн зөвлөл нь гомдол мэдээлэлд холбогдогч болон гомдол мэдээлэл гаргагчидтай уулзаж, тэдний тайлбар, саналыг сонсох, тэмдэглэл хөтлөх, харьяалах нэгжийн удирдлага албан хаагчтай уулзаж шаардлагатай мэдээ мэдээллийг цуглуулан холбогдох нотолгоо баримт бичгийг шаардан авч түүний үндэслэлийг шалган тогтооно гэж заасан. Б.А-г ямар шалтгаанаар ажлаас халж байгааг тодорхойлоогүй. Мөн холбогдох хүмүүстэй уулзаж тайлбар мэдээлэл аваагүй. Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын хүрээнд хянаж, гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

1. Хэргийн үйл баримт болон шүүхийн шийдвэрийн талаар.

1.а. Б.А- нь ................... ТӨААТҮГ-ын Барилга, байгууламжийн захиалагчийн хяналтын хэлтсийн бүс хариуцсан ахлах инженерээр ажиллаж байгаад тус төвийн захирлын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/308 дугаар тушаалаар хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан тул 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлөгдсөн байна. (хх-ийн 4)

 

Хариуцагч................... ТӨААТҮГ-ын захирлын дээрх тушаалд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, 20.1.10, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 3.8.1, 3.9, 4.6.1, 8.1,...................ийн Ёс зүйн зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 01 дүгээр дүгнэлтийг тус тус үндэслэжээ.

 

1.б. Хариуцагч байгууллагын захирлын 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Б/151 дугаар тогтоолоор удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь хурдан шуурхай гүйцэтгээгүй гэсэн үндэслэлээр Б.А-д сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байх бөгөөд уг тушаалд гомдол гаргаагүй тул 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4 дэх хэсэгт зааснаар сахилгын шийтгэлтэй гэж үзнэ.

 

1.в. Харин нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагын захирлын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/308 дугаар тушаалын үндэслэл болсон хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан эсэх нь маргааны зүйл болжээ.

 

1.г. ................... ТӨААТҮГ-ын Ёс зүйн зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 01 дүгнэлтэд Албан хаагчдын өдөр тутмын үйл ажиллагаанд баримтлах ёс зүйн хэм хэмжээг тогтоон хэвшүүлэх, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухайн иргэн, хуулийн этгээд, албан хаагчийн гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах Ёс зүйн дүрмийн 3.1.14, 3.1.17, 3.1.23-т заасныг барилга байгууламжийн захиалагчийн хяналтын хэлтсийн ахлах инженер Б.А- тус тус зөрчсөн гэж дүгнэсэн байна. (хх-ийн 39-41)

 

Гэтэл................... ТӨААТҮГ-ын ёс зүйн дүрмийн 4.5.2-т Гомдол, мэдээлэлд холбогдогч болон гомдол мэдээлэл гаргагчтай уулзаж, тэдний тайлбар, саналыг сонсох, тэмдэглэл хөтлөх харьяалах нэгжийн удирдлага, албан хаагчтай уулзаж, шаардлагатай мэдээ, мэдээллийг цуглуулах, холбогдох нотолгоо, материал баримт бичгийг шаардах-аар заасан байхад тус төвийн Ёс зүйн зөвлөл Б.А- ёс зүйн зөрчил гаргасан эсэх асуудлыг шийдвэрлэх ёс зүйн зөвлөлийн хуралдаанд өөрийг нь оролцуулж тайлбар гаргах эрхийг хангаагүй байх тул уг дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэгчийг ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй байна. (хх-ийн 71-75)

 

.........ийн ёс зүйн зөвлөл 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр, 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр тус тус 2 удаа хуралдсан байх ба гомдол, мэдээлэлд холбогдсон албан хаагч болон гомдол, мэдээлэл гаргагчтай уулзаж, тэдгээрийн тайлбар, саналыг сонсож тэмдэглэл хөтлөх ажиллагааг хийгээгүй, хуралдаанд тэдгээрийг оролцуулаагүй тухайн гомдол мэдээлэлд хамааралгүй Ц.Хэрлэнг оролцуулснаар зөрчил шалгах ажиллагааг хязгаарлан, ёс зүйн зөрчлийн тухай мэдээллийг шалгаж шийдвэрлэх журмыг зөрчсөн байх тул уг хуралдаанаас гаргасан дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэх боломжгүй.

 

Түүнчлэн, ................... ТӨААТҮГ-ын Ёс зүйн дүрмийн 6.3.1-т холбогдох хүмүүсээс тайлбар мэдээлэл аваагүй, баримт материал цуглуулаагүй бол Төвийн захирал дүгнэлттэй танилцаад дахин шалгуулахаар ёс зүйн зөвлөлд буцааж болохоор заасан байна.

 

1.д. Иймд Б.А-г хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан гэж дүгнэх үндэслэлгүй тул ................... ТӨААТҮГ-ын захирлын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/308 дугаар тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасантай нийцээгүй байна. Анхан шатны шүүх Б.А-г................... ТӨААТҮГ-ын Барилга байгууламжийн захиалагчийн хяналтын хэлтсийн Бүс хариуцсан ахлах инженерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацаан олговор гаргуулсан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын талаар.

2.а. Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч Б.А-г ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлээ, тэрээр хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан гэх үндэслэл заан маргасан. Хөдөлмөрийн тухай (1999 оны) 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан.

 

Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгох бөгөөд зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай. Гэвч...................ийн ёс зүйн зөвлөл дүгнэлт гаргахдаа журмаа зөрчсөн тохиолдолд нэхэмжлэгч Б.А-г хэлтсийн даргын биед халдсан, албан үүргээ гүйцэтгэхдээ хүлээцтэй хандах, албан харилцаанд хүний халдашгүй байдлыг эрхэмлэх, удирдах, удирдуулах ёсыг чанд баримталж, удирдлагадаа хүндэтгэлтэй хандах ёс зүйн дүрмийг зөрчсөн гэж дүгнэх үндэслэлгүй байна.

 

2.б. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ................... ТӨААТҮГ-ын дарга Э.Мөнхсүх, ахлах инженер Ц.Хэрлэн нарыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШЗ2022/00265 дугаар захирамжаар хангахаас татгалзаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй. Учир нь шүүх ................... ТӨААТҮГ-ын даргын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/308 дугаар тушаал хөдөлмөрийн тухай хууль тогтоомжид нийцсэн эсэхэд дүгнэлт хийх тул уг тушаалыг гарахаас өмнөх нөхцөл байдлыг дахин нотлох ажиллагааг хийх үндэслэлгүй юм.

 

2.в. Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн (1999 оны) 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан үндэслэлээр тушаал гаргасан, харин мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасан ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах зохицуулалтыг тушаалд баримтлаагүй байхад анхан шатны шүүх ...Б.А-д ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, 131.2-т нийцээгүй... гэсэн дүгнэлт хийсэн нь хэргийн дээрх нөхцөл байдалд нийцээгүй боловч энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох өөрчлөх үндэслэл болохгүй. Гэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасан зохицуулалт мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан зохицуулалтаас илүү өргөн агуулгатай эрх зүйн хэм хэмжээ буюу 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ цуцалж байгааг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулаагүй гэж үзэх үндэслэл бас болохгүйг дурдах нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 182/ШШ2022/00493 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн зааснаар 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн төлсөн 138,456 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Н.БАТЗОРИГ