Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2026/0567

 

2026 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2026/0567

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч А.Мөнх-Өлзий

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: М******* ХХК,

Хариуцагч: Боловсролын Ерөнхий газар,

Нэхэмжлэлийн шаардлага:

"Боловсролын Ерөнхий газрын 2023 оны 08 дугаар 25-ны өдрийн 1/4617 тоот гэрээ цуцлах мэдэгдлийг хүчингүй болгуулах, Барилгын гадна шугам сүлжээ, газар шороо, нэгдүгээр давхрын арматурчлалын нэмэлт ажлын санхүүжилт олгуулахаар гаргасан 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 22/65, 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 22/78 тоот албан бичгүүдээр гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй гаргасан болохыг тогтоох, 2024 оны тариф, магадлалын дагуу үлдэгдэл ажлын төсвийг дахин магадлуулж, нэмэлт санхүүжилт олгохыг хариуцагчид даалгах, нэмэлт ажлын төсвийн зөрүү болон санхүүжилтийг нөхөн олгохыг хариуцагчид даалгах"

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн төлөөлөгч Я.Д*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Э*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц*******, Б.А*******.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Л.Золбоо.

Танхимын дугаар: 2.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэг. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл:

    1. Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс Я.Д*******аас шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь анх тендерт оролцохдоо тендерийн баримт бичигт тусгагдсан хэмжээ, зураг төслийн дагуу 280 хүүхдийн цэцэрлэгийн барилга барихаар тооцоолж, 30х22 хэмжээтэй эскиз зурагт үндэслэн зураг төсөв болон барилгын ажлыг эхлүүлсэн.
    2. Гэтэл барилгын ажлыг гүйцэтгэх явцад захиалагч талаас цэцэрлэгийн барилгын хэмжээг томсгох шаардлагатай байгаа бөгөөд нэмэлт ажлын санхүүжилтийг шийдвэрлэж өгнө гэсэн чиглэл өгсний дагуу барилгын зураг зохиогчоор шинэ ажлын зураг боловсруулж, анхны зураг төслөөс нэмэгдүүлсэн хэмжээгээр зураг хийлгэн 2019 оны 04 дүгээр ажлын гүйцэтгэсэн. Гэвч зураг баталгаажсан боловч төсөвт өртөг нь баталгаажаагүй. Энэхүү шалтгааны улмаас барилгын ажлын төсөв хүрэлцэхгүй болох, ажлын явц удаашрах нөхцөл бүрдсэн. Мөн гэрээнд зааснаас гадна захиалагч болон зураг зохиогчийн өгсөн чиглэлийн дагуу 217,617,215 төгрөгийн нэмэлт ажил гүйцэтгэсэн талаар: мэдэгдэж, хуралдааны тэмдэглэлд тусгуулж байсан боловч Өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй.

 

    1. Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын улмаас барилгын материалын үнэ огцом өссөн бөгөөд төрөөс үнийн өсөлтийн зөрүүг шийдвэрлэх арга хэмжээ авч байсан хэдий ч манай компани нь Барилга, хот байгуулалтын сайдын 75 дугаар тушаалын 2.3, 2.4 дэх заалтын улмаас материалын үнийн өсөлтийн зөрүүгээ бүрэн тооцуулж авч чадаагүй ч манай компани барилгын ажлыг зогсоолгүйгээр 2022 оны намар хүртэл өндөр өртөгтэй материал худалдан авч, ажилтнууддаа зах зээлийн бодит ханшаар цалин олгон барилгын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэсэн. Энэ талаар захиалагч болон бусад холбогдох талуудад удаа дараа албан бичгүүд хүргүүлж нэмэлт магадлал хийлгэх, төсвийн зөрүүг шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байсан. Тухайлбал:

 

    1. 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 20/145 тоот албан бичгээр Боловсрол, шинжлэх ухааны яаманд хандан анхны 1440 м.кв талбайтай эскиз зураг 2021.6 м.кв болж 576.6 м.кв-аар нэмэгдсэн тул зураг төсөвт магадлал хийж, санхүүгийн асуудлыг шийдвэрлүүлэх тухай, 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 21/08 тоот албан бичгээр Боловсрол, шинжлэх ухааны яаманд хандан магадлалаар орсон зураг төслөөр гүйцэтгэж буй ажлын төсвийн зөрүү өртгийг шийдвэрлүүлэх тухай;

 

    1. 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 21/09 тоот албан бичгээр Сангийн яаманд хандан төсвийн зөрүү өртгийг шийдвэрлүүлэх тухай, 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 21/26 тоот албан бичгээр С******* дүүргийн Засаг даргын Тамгын газарт хандан төсвийн зөрүү өртгийг шийдвэрлүүлэх тухай, 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 22/46 тоот албан бичгээр Боловсролын Ерөнхий газарт хандан төсвийн зөрүү өртгийг улсын төсөвт суулгах тухай, 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 22/50 тоот албан бичгээр Барилгын хөгжлийн төвд хандан материалын үнийн өсөлтийн зөрүүг магадлуулах тухай, 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 22/62 тоот албан бичгээр Барилгын хөгжлийн төвд хандан гэрээт төсөвт үнийн өсөлт тооцож, төсвийн зөрүү олгуулах тухай;

 

    1. 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 22/65 тоот албан бичгээр Боловсролын Ерөнхий газарт хандан үнийн өсөлтийн зөрүүг шийдвэрлүүлэх тухай, 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 22/78 тоот албан бичгээр Боловсролын Ерөнхий газарт хандан санхүүжилтийн барьцаа хөрөнгө, магадлал хийгдээгүй үлдэгдэл ажил болон 2023 оны төсөвт нэмэлт санхүүжилт суулгах тухай;

 

    1. 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 23/02 тоот албан бичгээр Барилгын хөгжлийн төвд хандан улсын төсөвт дутуу суугдсан хөрөнгө болон барьцаа хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлэх тухай хүсэлтүүдийг тус тус хүргүүлсэн. Гэвч Боловсролын Ерөнхий газар нь дээрх хүсэлтүүдийг өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй бөгөөд, 2022 оны 10 сарын 18-ны өдрийн 22/65 албан бичгээр Боловсролын Ерөнхий газарт хандан Гэрээ байгуулсан төсөвт үнийн өсөлт тооцож, төсвийн зөрүүг авах тухай хүсэлт,

 

    1. 2022 оны 12 сарын 20-ны өдрийн 22/78 албан бичгээр Боловсролын Ерөнхий газарт хандан санхүүжилтийн барьцаа хөрөнгийг дансандаа авах, материалын үнийн зөрүүг магадлаагүй үлдэгдэл ажилд магадлал хийх, Монгол Улсын 2023 оны төсөвт суусан дүнгээр яаралтай гэрээг нэмэгдүүлэн байгуулах тухай хүсэлтийг шийдвэрлээгүй өнөөдрийг хүрсэн. Тус хүсэлтийг шийдвэрлээгүй нь дараах нөхцөлд хүргэсэн.

 

    1. Нийслэлийн Боловсролын газраас гэрээт ажлын үлдэгдэл санхүүжилт болох 224,159,305 төгрөгийг холбогдох журмын дагуу баримт бичиг бүрдүүлж холбогдох газарт уламжлан шийдвэрлүүлэх үүргээ биелүүлээгүй, барилгын гадна шугам сүлжээний ажлын зөрүү 62,882,600 төгрөгийг олгоогүй хугацаа өнгөрөөсөн, барилгын ажлын газар шороо, суурь, нэгдүгээр давхрын шалны арматурчлал зэрэг нэмэлтээр хийгдсэн ажлуудын 217,617,215 төгрөгийн санхүүжилтийг олгоогүй, энэ талаар магадлах үүргээ биелүүлээгүй,

 

    1. Барилгын хэмжээг томсгон нэмэгдүүлж барьсан ажлын гүйцэтгэлийн төсөв магадлалаар оруулах, зөрүү төсвийг болох 456,594,283 төгрөгийг дахин гүйцэтгэгчид олгох гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, гэрээ байгуулснаас хойш одоог хүртэл төсөвт тусгагдсан ажилчдын цалин, 2009 оны тарифаар бодогдож гүйцэтгэл олгож байгаа болон машин механизм, тээвэр, бараа, материалын зардлыг шинэчилсэн тарифаар тооцож олгох үүргээ биелүүлээгүй, энэ талаар ямар нэгэн ажил зохион байгуулаагүй,

 

    1. Барилгын хийж гүйцэтгээгүй үлдэгдэл ажлыг 2024 оны магадлалаар оруулж, Гүйцэтгэлийг олгох үүргээ хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй хууль бус эс үйлдлүүдийг гаргасан. Үлдэгдэл ажлыг одоогийн төсвөөр тооцож үзэхэд 1,666,435,735 төгрөг гарахаар урьдчилсан тооцоо гарч байгаа тул тус төсвийг магадлуулж барилгын ажлыг барьж дуусгах тооцоо гарч байгаа юм.

 

    1. Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д зааснаар Захиалагч нь барилга байгууламжийн баримт бичгийг холбогдох хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийн шаардлагын дагуу бүрдүүлэх, 37.1.3. барилга байгууламжийн техникийн нөхцөл, зураг төсөл боловсруулах, барилгын ажлын зөвшөөрлийг энэ хуулийн 22, 23, 26 дугаар зүйлд заасны дагуу авч, түүнд заасан нөхцөлийг биелүүлэх; 37.1.10.барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийлгэж, холбогдох зардлыг хариуцах, 37.1.12.барилгын үйл ажиллагааны хөрөнгө оруулалтын асуудлыг хариуцан зохицуулж, санхүүжилтийг тогтоосон хугацаанд хийх; 37.1.13.барилгын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд өөрийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гарах эрсдэл, хохирлыг хариуцах чиг үүрэгтэй. Гэтэл хариуцагч байгууллага нь цар тахал, инфляц, материалын үнийн өсөлт зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж дахин магадлал хийх, бодит өртгөөр санхүүжилтийг шийдвэрлэх үүргээ хэрэгжүүлээгүй бөгөөд асуудлыг шийдвэрлэлгүй орхигдуулсан болно.

 

    1. Өөрөөр хэлбэл хариуцагч нь төсөвт магадлал хийж, нэмэлт санхүүжилт олгох үүргээ биелүүлээгүй, шийдвэрлэхгүй орхигдуулсан хууль бус эс үйлдэхүй гаргасан. Мөн барилгын үлдэгдэл ажил 11 хувийг хийж гүйцэтгэхэд 1 666 435 735 төгрөгийн төсөв шаардлагатай ч энэ төсвийг захиалагчаас шийдвэрлээгүй байна. Иймд шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Хоёр. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2.1. Хариуцагчаас шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Барилгын гадна шугам сүлжээний нэмэлт ажил, газар шороо, нэгдүгээр давхрын арматурчлалын нэмэлт санхүүжилтийг олгоогүй хууль бус эс үйлдэл, 2024 оны үлдсэн ажлын талаар магадлал хийж, нэмэлт санхүүжилт олгох үүргээ биелүүлээгүй, шийдвэрлэхгүй орхигдуулсан хууль бус эс үйлдэл гаргасан болохыг тогтоож, нэмэлт ажлын зөрүү, санхүүжилтийг нөхөн олгох, 2024 оны тарифын дагуу тооцож үлдэгдэл ажилд магадлал хийж, санхүүжилт олгохыг хариуцагчид даалгах,

2.2. С******* дүүргийн 16, 18, 19 дүгээр хороодын 280 хүүхдийн цэцэрлэгийн барилгын загвар зургийн талаар зураг зохиогч, гүйцэтгэгч, нийслэлийн боловсролын газрын хамтарсан хурал 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 14:00 цагт Нийслэлийн боловсролын газарт хуралдсан. Тус хурлаас дээрх цэцэрлэгүүдийн төсөвт магадлал хийлгэж, ирэх оны төсөвт нэмэлт санхүүжилтийг тусгах санал хүргүүлэхээр шийдвэрлэсэн.

2.3. Үүний дагуу Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулиар 456,594,283.0 (дөрвөн зуун тавин зургаан сая таван зуун ерэн дөрвөн мянга хоёр зуун наян гурав) төгрөг батлагдаж, тус гэрээнд 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр /БСШУСЯ/201801118+4/ төсөвт өртгийг нэмэгдүүлсэн нэмэлт гэрээг байгуулсан. Мөн гүйцэтгэгч компани нь газар шорооны ажил болон төсөвт тусгагдаагүй нэмэлт ажлын хөлс шаардлагатай, цаашид ажлыг үргэлжлүүлэх боломжгүй байна гэсэн хүсэлт гаргасан тул захиалагчийн зүгээс 2023 оны 08 дугаар сард үүнд шаардлагатай тооцоо, судалгаа, холбогдох баримтыг ирүүлэхийг мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл ирүүлээгүй. Энэ нь тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдалд хүргэж байна. Захиалагчийн зүгээс 280 хүүхдийн ашиг сонирхлыг тэргүүнд тавьж гүйцэтгэгч компанийг бүхий л нөхцөл боломжоор хангаж ирсэн.

2.4. Улсын төсөвт тусгагдаагүй үлдсэн 224,159,305 төгрөгийн хувьд тендерийн хэмнэлт тул улсын төсөвт буцаан төвлөрүүлсэн. Цэцэрлэгийн барилга, 280 ор /Улаанбаатар, С******* дүүрэг, 17, 18 дугаар хороо/ барилга угсралтын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээний 5.5 Гүйцэтгэгчийн ирүүлсэн үе шатны хуваарь болон 5.7-д Ажил гүйцэтгэх хуваарь-ийн дагуу барилга угсралтын ажлын гүйцэтгэлээр гүйцэтгэгч байгууллагад санхүүжилтийг олгодог. Гэвч тухайн жил Улсын төсөвт тусгагдсан санхүүжих дүнд барилга угсралтын ажлыг нэхэмжлэгч тал хийж гүйцэтгээгүй тул буцаан татагдаж, санхүүжилт нь Улсын төсөвт нэг жил өнжиж санхүүжилт тусгагддаг. Барилга угсралтын ажлын санхүүжилт гүйцэтгэлийн хувиар санхүүждэг тул гүйцэтгэлийн хувьд тохируулан санхүүжилт гаргасан.

2.5. Газар шороо, суурь, нэгдүгээр давхрын арматурчлалын нэмэлт ажлыг магадлалаар оруулах боломжтой тухай удаа дараа гүйцэтгэгч байгууллагын захирал Я.Д*******д биеэр уулзаж хэлсэн. Улсын их хурлын 88 дугаар тогтоол нь зөвхөн барилгын материалын үнийн зөрүүг бодохоор гарсан тул тогтоолын хүрээнд ажлаа хийж гүйцэтгэсэн. Улсын төсөвт тусгах санал жил бүр хүргүүлсэн боловч тусгагдаагүй.

2.6. Барилгын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсэгт зааснаар "Барилгын ажлын явцад барилга байгууламжийн үндсэн хийц, бүтээцэд өөрчлөлт оруулсан бол тухайн өөрчлөлтийг тусгаж боловсруулсан зураг төсөлд дахин магадлал хийлгэнэ." гэж заасан байдаг. Төсвийн тухай хуулийн 291.2.2 дахь заалтад "барилга байгууламжийн хувьд Барилгын тухай хуулийн 4.1.30-д заасан зураг төсөл болон сүүлийн хоёр жилийн хугацаанд хийгдсэн магадлалаар баталгаажсан төсөвтэй байх" шаардлагыг хангасан байх шаардлагатай.

2.7. Нэхэмжлэгчээс одоогийн барилга угсралтын үлдэгдэл ажил 11 хувийг хийж гүйцэтгэхэд 1,666,435,735 төгрөгийн төсөв шаардлагатай гэж байгаа боловч тус төсөл, арга хэмжээний нийт төсөвт өртөг нь 2,557,325,525 төгрөг байна. Үүнээс гэрээний үнийн дүнгээс тооцвол 11 хувийн гүйцэтгэл нь 281,305,807.75 төгрөг байна.

2.8. Иймд Манагал консракшн ХХК-ийн барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ цуцлах шийдвэрийг хүчингүй болгох болон үлдэгдэл санхүүжилт, нэмэлт ажлын хөлсийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтад зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

3. Нэхэмжлэгчээс анх 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Боловсролын Ерөнхий газрын 2023 оны 08 дугаар 25-ны өдрийн 1/4617 тоот гэрээ цуцлах мэдэгдлийг хүчингүй болгох, 190 дүгээр цэцэрлэгийн барилга, 280 ор /Улаанбаатар, С******* дүүрэг, 18 дугаар хороо/ барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл, санхүүжилт, нэмэлт ажлын хөлсийг хариуцагчаас гаргуулах гэж тодорхойлж,

4. 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Боловсролын Ерөнхий газрын 2023 оны 08 сарын 25-ны өдрийн 1/4617 тоотоор мэдэгдсэн гэрээ цуцалсан шийдвэрийг хүчингүй болгох, Барилгын төсөвт магадлал хийж, нэмэлт санхүүжилт олгох үүргээ биелүүлээгүй, шийдвэрлэхгүй орхигдуулсан хууль бус эс үйлдэл гаргасан болохыг тогтоолгох, Хууль бус захиргааны акт, эс үйлдэлтэй холбоотой а/ Улсын төсөвт тусгагдаагүй үлдсэн 224,159,305 төгрөгийг суулгаж гэрээ байгуулах, 6/Мөн уг барилгын гүйцэтгэх гэрээний үлдэгдэл эргүүлэн татагдсан санхүүжилтийг шийдвэрлүүлэх, в/Барилгын гадна шугам сүлжээний ажлын зөрүү 62,882,600 төгрөгийг гүйцэтгэгчид олгох, г./ Барилгын ажлын газар шороо, суурь, нэгдүгээр давхрын шалны арматурчлал зэрэг нэмэлтээр хийгдсэн ажлуудын 217,617,215 төгрөгийн гүйцэтгэгчид олгох, д./Барилгын хэмжээг томсгон нэмэгдүүлж барьсан ажлын гүйцэтгэлийн төсөв болох 456,594,283 төгрөгийг дахин магадлалаар оруулах, төсвийг гүйцэтгэгчид олгох, е./ Гэрээ байгуулснаас хойш одоог хүртэл төсөвт тусгагдсан ажилчдын цалин 2009 оны тарифаар бодогдож гүйцэтгэл олгож байгаа байдлыг, шинэчилсэн тарифаар тооцуулах, 2./Барилгын хийж гүйцэтгээгүй үлдэгдэл ажлыг 2024 оны төсвөөр тооцоход 1 666 435 735 төгрөг гарахаар урьдчилсан тооцоо гарч байгаа тул тус төсвийг магадлуулж гүйцэтгэгчид олгохыг тус тус хариуцагчид даалгах, Захиргааны байгууллагын хууль бус эс үйлдлээс шалтгаалан хохирсон хохирол 361 000 000 төгрөгийн зээлийн хүү, алдангийг гаргуулах гэж,

5. 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Боловсролын Ерөнхий газрын 2023 оны 08 сарын 25-ны өдрийн 1/4617 тоотоор мэдэгдсэн гэрээ цуцалсан шийдвэрийг хүчингүй болгох, Барилгын гадна шугам сүлжээний Нэмэлт ажил, газар шороо, нэгдүгээр давхрын арматурчлалын нэмэлт санхүүжилтийг олгоогүй хуул бус эс үйлдэл, 2024 оны үлдсэн ажлын талаар магадлал хийж, нэмэлт санхүүжилт олгох үүргээ биелүүлээгүй, шийдвэрлэхгүй орхигдуулсан хууль бус эс үйлдэл гаргасан болохыг тогтоож, Нэмэлт ажлын зөрүү, санхүүжилтийг нөхөн олгох, 2024 оны тарифын дагуу тооцож үлдэгдэл ажилд магадлал хийж, санхүүжилт олгохыг хариуцагчид даалгах, Хууль бус захиргааны акт, эс үйлдэлтэй холбоотой учирсан хохирол 2,307,935,550 төгрөгийг гаргуулах гэж тус тус нэмэгдүүлсэн.

6. 2026 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Хууль бус захиргааны акт, эс үйлдэлтэй холбоотой учирсан хохирол 2,307,935,550 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, эцсийн байдлаар Боловсролын Ерөнхий газрын 2023 оны 08 дугаар 25-ны өдрийн 1/4617 тоот гэрээ цуцлах мэдэгдлийг хүчингүй болгуулах, Барилгын гадна шугам сүлжээ, газар шороо, нэгдүгээр давхрын арматурчлалын нэмэлт ажлын санхүүжилт олгуулахаар гаргасан 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 22/65, 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 22/78 тоот албан бичгүүдээр гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй гаргасан болохыг тогтоох, 2024 оны тариф, магадлалын дагуу үлдэгдэл ажлын төсвийг дахин магадлуулж, нэмэлт санхүүжилт олгохыг хариуцагчид даалгах, нэмэлт ажлын төсвийн зөрүү болон санхүүжилтийг нөхөн олгохыг хариуцагчид даалгах" гэж тодорхойлсон ба энэхүү нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэн шийдвэрлэсэн болно.

7. Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Тогтоогдсон үйл баримтын тухайд:

    1. М******* ХХК нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамтай 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр БСШУСЯ/201801118 дугаар бүхий цэцэрлэгийн барилга, 280 ор /Улаанбаатар, С******* дүүрэг, 17, 18 дугаар хороо/ барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-г (Хавтаст хэрэг 1-ийн 190-192 дэх талд) анх байгуулж, 1,888,723,295 төгрөгөөр ажлын нийт төсөвт өртөг буюу гэрээний дүнг тогтоосон.
    2. 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр "БСШУСЯ/201801118+1 дугаар бүхий цэцэрлэгийн барилга, 280 ор /Улаанбаатар, С******* дүүрэг, 17, 18 дугаар хороо/ барилгын гадна инженерийн шугам сүлжээний ажил гүйцэтгэх нэмэлт гэрээ" (Хавтаст хэрэг 1-ийн 193-194 дэх талд), 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр "БСШУСЯ/201801118+1 дугаар бүхий цэцэрлэгийн барилга, 280 ор /Улаанбаатар, С******* дүүрэг, 17, 18 дугаар хороо/ барилга угсралтын ажлын хугацаа сунгах гэрээ" (Хавтаст хэрэг 1-ийн 195-196 дахь талд), 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдөр "БСШУСЯ/201801118+3 дугаар бүхий цэцэрлэгийн барилга, 280 ор /Улаанбаатар, С******* дүүрэг, 17, 18 дугаар хороо/ барилга угсралтын ажлын хугацаа сунгах гэрээ" (Хавтаст хэрэг 1-ийн 197-198 дэх талд), 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр "БСШУСЯ/201801118+4 дугаар бүхий цэцэрлэгийн барилга, 280 ор /Улаанбаатар, С******* дүүрэг, 17, 18 дугаар хороо/ барилга угсралтын ажилд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ" (Хавтаст хэрэг 1-ийн 199-201 дэх талд), 2023 оны 01 дүгээр сарын 27- ны өдөр "БСШУСЯ/201801118+5 дугаар бүхий цэцэрлэгийн барилга, 280 ор /Улаанбаатар, С******* дүүрэг, 17, 18 дугаар хороо/ барилга угсралтын ажилд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ" (Хавтаст хэрэг 1-ийн 202-204 дэх талд) байгуулж нийт 5 удаагийн нэмэлт өөрчлөлт орсон.
    3. 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Барилга байгууламжийн үе шатны ажлын гүйцэтгэл №1-ээр 439,649,486 төгрөг(Хавтаст хэрэг 1-ийн 106-111 дэх талд), 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 477,602,896 төгрөг(Хавтаст хэрэг 1-ийн 112-117 дахь талд), 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 203,726,910 төгрөг(Хавтаст хэрэг 1-ийн 118-123 дахь талд), 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 541,878,109 төгрөг(Хавтаст хэрэг 1-ийн 124-129 дэх талд), 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 203,079,694 төгрөг(Хавтаст хэрэг 1-ийн 130-132 дахь талд), 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 141,532,917 төгрөг(Хавтаст хэрэг 1-ийн 133-136 дахь талд), 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 50,731,242 төгрөг(Хавтаст хэрэг 1-ийн 137-138 дахь талд), нийт 2,242,164,159 төгрөгийн санхүүжилтийг М******* ХХК-д олгосон.
    4. Онцгой байдлын ерөнхий газраас барилгын зураг төсөлд хяналт хийж, 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 45/0-34 дугаартай дүгнэлт(Хавтаст хэрэг 2-ын 245-246 дахь талд)-ийг гаргасан. Барилгын Хөгжлийн Төвөөс 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 921/2019 дугаартай магадлалын нэгдсэн дүгнэлт(Хавтаст хэрэг 2-ын 250 дахь талд), 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 1438/2019 дугаар Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын нэгдсэн дүгнэлт(Хавтаст хэрэг 3-ын 14-22 дахь талд), 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 56/2021 дугаартай дүгнэлт(Хавтаст хэрэг 3-ын 233 дахь талд), 2022 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 88-0252/2022 дугаартай дүгнэлт(Хавтаст хэрэг 4-ийн 6 дахь талд)-ийг тус тус гаргасан.
    5. Ч******* ХХК-аас 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 7 дугаартай албан бичиг(Хавтаст хэрэг 1-ийн 210 дахь талд)-ээр ...2013 онд хийгдэж батлагдсан, нэг ангид 30 хүүхэд байхаар тооцож, төлөвлөсөн 8 бүлэг бүхий 240 хүүхдийн цэцэрлэгийн барилгын загвар зураг нь төлөвлөж буй хүүхдийн тоо хүрэхгүй, цэцэрлэгийн барилгын төлөвлөлт, норм дүрмийн дагуу шинээр загвар зураг хийсэн болно. ...Шинээр хийсэн 280 хүүхдийн цэцэрлэгийн барилгын загвар зураг нь стандарт шаардлага хангасан тул уг барилгын ажлын төсөвт магадлал хийлгэх хүсэлтэй байна гэх хүсэлтийг Барилгын хөгжлийн төвд хүргүүлсэн.
    6. Нэхэмжлэгчээс 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 22/65 тоот Хүсэлт гаргах тухай албан бичиг(Хавтаст хэрэг 2-ын 210 дахь талд)-ээр ...гэрээт ажил эхэлснээс хойш 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр БСШУСЯ/20180118+4 тоот нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ /Гэрээний үнийн дүн-456,594,283 төгрөг/ байгуулан өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Нэмэлт өөрчлөлт оруулах гэрээнд урьд гүйцэтгэж байсан ажлын гүйцэтгэх хугацааг сунгах, 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 58/2021 тоот Магадлалын нэгдсэн дүгнэлтээр 1222 м.кв барилгыг 2021 м.кв болж нэмэгдсэн магадлалын төсвийн өртгийн дагуу гэрээт ажлуудыг тусгасан. Барилга, хот байгуулалтын сайдын 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 74 дүгээр тушаалаар баталсан Барилга байгууламжийн 2021 оны үнийн индекс нь урьд онтой харьцуулахад i=1.52 хувиар өссөн байна. Материалын үнийн өсөлт, барилгын материалын хомсдол, цалингийн хуучин тарифтай төсвөөр ажил гүйцэтгэж байгаа нь бидэнд уг ажлыг гүйцэтгэхэд нэлээдгүй бэрхшээл тулгарч байна. Иймд гэрээ байгуулсан төсөвт үнийн өсөлт тооцож төсвийн зөрүүг олгож өгнө үү гэжээ.
    7. Тус албан бичгийг Боловсролын ерөнхий газраас хүлээн авсан бүртгэл байхгүй гэж тайлбарласан ба 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 22/65 тоот Хүсэлт гаргах тухай албан бичгийг хүлээн авсан талаарх бүртгэл байхгүй, нэхэмжлэгчээс уг хүсэлтийг гаргасан эсэх нь тодорхойгүй, хариуцагчаас хүлээн аваагүй болох нь тогтоогдсон(Хавтаст хэрэг 3-ын 51 дэх талд).
    8. 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 22/78 тоот албан бичгээр Ковидын нөхцөл байдлаас үүдэлтэй барилгын үнийн өсөлтөөс хамаарсан барилгын гүйцэтгэж чадаагүй үлдэгдэл санхүүжилт барьцаа хөрөнгийн дансанд байгаа мөнгийг татуулахгүй арга хэмжээ авах, мөн 2022 оны үлдэгдэл санхүүжилтийг барьцаа хөрөнгийн дансанд авах, Барилга, хот байгуулалтын сайдын 75 дугаар тушаалын заалтаас хамааралтай гэсэн өрөөсгөл шалтгаанаар, 2021 оны 01 сард магадлагдсан төсвийн санхүүжилт нь 2 онд хуваагдаж тавьсан байдлыг нэмэлт гэрээ хэмээн материалын үнийн зөрүүг магадлаагүй үлдэгдэл ажилд магадлал хийлгэх, Монгол улсын 2023 оны төсөвт суусан дүнгээр яаралтай гэрээг нэмэгдүүлэн байгуулж, материалын үнийн зөрүү 50.8 сая төгрөгийг яаралтай олгох-оор хүсэлт гаргасан(Хавтаст хэрэг 2-ын 13 дахь талд).
    9. Барилгын хөгжлийн төвийн 2022 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 88-0252/2022 дугаартай Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийг хийж материалын үнийн өсөлтийн өөрчлөлтийг 50,825,525.0 төгрөг гэж тогтоосон байна(Хавтаст хэрэг 1-ийн 210 дахь талд).
    10. М******* ХХК-д 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 30,731,242.0 төгрөгийг Боловсролын ерөнхий газраас шилжүүлсэн(Хавтаст хэрэг 4-ийн 26 дахь талд).
    11. Боловсролын Ерөнхий газраас 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1/4617 дугаар Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг(Хавтаст хэрэг 3-ийн 75 дахь талд)-ээр М******* ХХК-тай байгуулсан гэрээг 2022-2023 онд барилга угсралтын ажил хийгдээгүй тул Иргэний хуулийн 355.2-д заасны дагуу гэрээний хариуцлага тооцож, гэрээг цуцалж байгааг мэдэгдсэн.
    12. Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн А/121 дугаартай Төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх эрхийг шилжүүлэх тухай тушаалаар ...Боловсрол, шинжлэх ухааны сайдын эрхлэх асуудлын хүрээнд улсын төсөв болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулах, үнэлгээний хороо байгуулах, гэрээ байгуулах, гэрээний хэрэгжилтийг хангах, санхүүжүүлэх, хяналт тавих эрхийг 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөр тасалбар болгон Боловсролын ерөнхий газарт шилжүүлсүгэй гэж шийдвэрлэн эрхийг шилжүүлсэн(Хавтаст хэрэг 1-ийн 103-104 дэх талд).
    13. Боловсролын сайдын 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/23 дугаар Тушаал хүчингүй болгох тухай тушаал(Хавтаст хэрэг 2-ын 175 дахь талд)-аар Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх эрхийг шилжүүлэх тухай А/121 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Боловсролын сайдын 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн А/65 дугаартай Эрх шилжүүлэх тухай тушаалаар Боловсролын яамны бүтцийн стратеги өөрчлөлтийн хөтөлбөр шинэчлэн батлагдсантай холбогдуулан салбарын төсвийн зарцуулалтын үр ашгийг сайжруулах, үйл ажиллагааны үр дүн, бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор Боловсролын сайдын эрхлэх асуудлын хүрээнд улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулах, хэрэгжүүлэх, санхүүжүүлэх, хяналт тавих эрхийг Боловсролын ерөнхий газарт шилжүүлсүгэй гэж шийдвэрлэсэн.
    14. Барилга архитектурын сургуулийн Р******* төвөөс 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 70/24 тоот албан бичиг(Хавтаст хэрэг 2-ийн 183 дахь талд)-ээр 280 хүүхдийн цэцэрлэгийн барилгын оношилгооны тайланг шүүхэд ирүүлсэн.

Шүүхээс хийсэн дүгнэлтийн тухайд:

    1. Нэхэмжлэгчээс гаргасан Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 1/4617 дугаартай барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ цуцлах тухай мэдэгдлийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
    2. Хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч болон хариуцагчийн хооронд 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан бөгөөд гэрээний хэрэгжилтийн хугацаанд талууд нийт таван удаагийн нэмэлт гэрээ байгуулж, гэрээний үнэ, ажлын хэмжээ, гүйцэтгэх хугацаа болон бусад нөхцөлийг тухай бүр өөрчлөн тохиролцож байсан болох нь тогтоогдож байна.
    3. Талуудын байгуулсан нэмэлт гэрээнүүдийн агуулгыг судлан үзэхэд барилгын ажлын явцад үүссэн Ковид-19 цар тахлын нөхцөл байдал, барилгын материалын үнийн өсөлт, зураг төслийн өөрчлөлт, ажлын хэмжээ нэмэгдсэн асуудал, нэмэлт төсөв шаардагдсан нөхцөл байдал зэрэг нэхэмжлэгчийн өнөөдөр гэрээ цуцлалт хууль бус байсан гэх үндэслэл болгон тайлбарлаж буй асуудлууд нь гэрээ хэрэгжих хугацаанд талуудын хооронд удаа дараа хэлэлцэгдэж, нэмэлт гэрээнүүдээр тухай бүр зохицуулагдан шийдвэрлэгдэж байсан байна.
    4. Тодруулбал дээрх нөхцөл байдлуудыг харгалзан 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн барилгын гадна инженерийн шугам сүлжээний ажил гүйцэтгэх нэмэлт гэрээ", 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Барилга угсралтын ажлын хугацаа сунгах нэмэлт гэрээ", 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Барилга угсралтын ажлын хугацаа сунгах нэмэлт гэрээ", 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Барилга угсралтын ажилд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ", 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Барилга угсралтын ажилд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ"-г тус тус байгуулж талууд гэрээний хугацааг хэд хэдэн удаа сунгаж, гэрээний үнийг шинэчлэн тогтоож, ажлын хэмжээ болон төсөвт өртөгт өөрчлөлт оруулж байсан бөгөөд нэхэмжлэгч эдгээр нөхцөлийг зөвшөөрч нэмэлт гэрээ бүрд гарын үсэг зурсан болох нь тогтоогдож байна.
    5. Иймд нэхэмжлэгчийн өнөөдөр гэрээ цуцлах тухай мэдэгдлийг хууль бус гэж маргаж буй Ковид-19 цар тахал, материалын үнийн өсөлт, ажлын хэмжээ нэмэгдсэн, нэмэлт төсөв шаардагдсан гэх нөхцөл байдлууд нь талуудын хооронд үүссэн боловч шийдвэрлэгдээгүй үлдсэн асуудал бус, харин нэмэлт гэрээнүүдээр харилцан тохиролцож зохицуулсан, улмаар нэхэмжлэгч өөрөө зөвшөөрч гарын үсэг зурсан нөхцөлүүд байх тул эдгээрийг хожим гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээ зөвтгөх болон гэрээ цуцлалтыг хууль бус гэж үзүүлэх үндэслэл болгон тайлбарласныг хүлээн авах боломжгүй гэж шүүх үзэв.
    6. Хэрэгт авагдсан баримтаар талууд хамгийн сүүлд байгуулсан 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн нэмэлт гэрээгээр барилга угсралтын ажлыг 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн дуусгаж ашиглалтад оруулахаар эцэслэн тохиролцсон боловч нэхэмжлэгч уг хугацаанд гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй, барилга байгууламжийг ашиглалтад хүлээлгэн өгөөгүй болох нь тогтоогдож байна.
    7. Нэхэмжлэгч ажлыг хугацаанд нь дуусгаж чадаагүй шалтгаанаа захиалагч талаас нэмэлт санхүүжилтийг бүрэн шийдвэрлээгүйтэй холбон тайлбарлаж байгаа боловч хэрэгт авагдсан нотлох баримтаар хариуцагчаас гэрээ болон нэмэлт гэрээний дагуу олгох санхүүжилтийг холбогдох төсөв, гүйцэтгэлийн акт, магадлалын дүгнэлтэд үндэслэн тухай бүр олгож байсан болох нь тогтоогдсон. Түүнчлэн хамгийн сүүлд материалын үнийн өсөлттэй холбоотой асуудлаар Барилгын хөгжлийн төвөөр магадлал хийлгэж 50,825,525 төгрөгийн өсөлтийг тогтоосон байх бөгөөд гэрээний хэрэгжилтийн хугацаанд үүссэн асуудлуудыг талууд тухай бүр хэлэлцэн шийдвэрлэж, улмаар нэмэлт гэрээнүүдээр баталгаажуулж байсан байхад нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үндсэн үүргээ биелүүлээгүй шалтгаанаа дээрх нөхцөл байдлаар зөвтгөх үндэслэлгүй байна.
    8. Захиргааны ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.3 дахь хэсэгт Захиргааны байгууллага нийтийн ашиг сонирхолд ноцтой хор уршиг учруулахаар бол түүнээс урьдчилан сэргийлэх, эсхүл арилгах үүднээс захиргааны гэрээг дангаар цуцалж болно, мөн хуулийн 56.4 дэх хэсэгт Захиргааны гэрээ цуцлах болсон үндэслэл, шалтгаан, үр дагаврыг мэдэгдэлд тодорхой тусгасан байна гэж тус тус заасан байна.
    9. Дээрх зохицуулалтын зорилго нь захиргааны байгууллагад захиргааны гэрээний нөгөө тал гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй байгаа нөхцөлд нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, төсвийн хөрөнгийн үр ашигтай зарцуулалтыг хангах, төрийн чиг үүргийн хэрэгжилтийг тасалдуулахгүй байх үүднээс гэрээг дангаар цуцлах боломжийг олгосон зохицуулалт юм. Өөрөөр хэлбэл захиргааны гэрээ нь зөвхөн талуудын хувийн ашиг сонирхлыг хөндсөн иргэний эрх зүйн харилцаа бус, нийтийн ашиг сонирхлыг хангах зорилгоор байгуулагддаг тул гэрээний хэрэгжилт удааширч, гэрээгээр хүрэх ёстой нийтийн зорилго алдагдах нөхцөл үүссэн тохиолдолд захиргааны байгууллага нийтийн ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээг цуцлах эрхтэй байна.
    10. Хэрэгт авагдсан нотлох баримтаар маргаан бүхий барилга угсралтын ажил нь улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй боловсролын зориулалттай барилга байгууламжийг ашиглалтад оруулах зорилготой байсан бөгөөд талууд гэрээний хэрэгжилтийн хугацаанд нийт таван удаагийн нэмэлт гэрээ байгуулж, гэрээний хугацаа, үнэ, ажлын хэмжээг удаа дараа өөрчлөн тохиролцсон хэдий ч нэхэмжлэгч нь хамгийн сүүлд тохиролцсон хугацаанд ажлаа бүрэн дуусгаж хүлээлгэн өгөөгүй болох нь тогтоогдож байна.
    11. Ийнхүү гэрээний зорилго биелэхгүй удааширч, улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй төсөл ашиглалтад орохгүй хойшилсон нөхцөл байдал нь боловсролын үйлчилгээ үзүүлэх зориулалттай барилга байгууламжийг ашиглалтад оруулах төрийн чиг үүргийн хэрэгжилтэд сөргөөр нөлөөлөх, төсвийн хөрөнгийн үр ашигтай зарцуулалтад эрсдэл учруулах нөхцөл бүрдүүлсэн гэж үзэхээр байх тул хариуцагчаас Захиргааны ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.3 дахь хэсэгт заасан бүрэн эрхийн хүрээнд нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор гэрээг дангаар цуцалсан нь хуульд нийцсэн байна.
    12. Мөн хэрэгт авагдсан 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 1/4617 дугаартай мэдэгдлээс үзэхэд хариуцагч байгууллага гэрээ цуцлах болсон үндэслэл, шалтгаан, үр дагаврыг тодорхой дурдсан, уг мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргүүлсэн байх тул Захиргааны ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.
    13. Түүнчлэн гэрээ цуцлах тухай мэдэгдэл нь хариуцагч байгууллагын дур зоргын шинжтэй шийдвэр бус, харин хуульд заасан нөхцөл бүрдэж, гэрээний үүргийн зөрчил болон нийтийн ашиг сонирхлыг хамгаалах шаардлагад үндэслэн гарсан байх тул маргаан бүхий Боловсролын ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 1/4617 дугаартай гэрээ цуцлах тухай мэдэгдлийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.
    14. Нэхэмжлэгчийн хариуцагчийг 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 22/65 дугаартай, 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 22/78 дугаартай албан бичгүүдээр гаргасан хүсэлтүүдийг шийдвэрлээгүй хууль бус эс үйлдэхүй гаргасан болохыг тогтоолгох шаардлагын тухайд:
    15. Захиргааны байгууллагын эс үйлдэхүйг тогтоохын тулд тухайн байгууллага өргөдөл, хүсэлт, албан бичгийг хүлээн авсан, түүнийг шийдвэрлэх эрх хэмжээ болон үүрэг үүссэн атлаа хуульд заасан ажиллагааг хэрэгжүүлээгүй болох нь тогтоогдох шаардлагатай.
    16. Үүнийг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно гэж зохицуулсан байна.
    17. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтаар 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 22/65 дугаартай албан бичгийг хариуцагч байгууллагад хүргүүлсэн, хүлээн авсан болох нь хэрэгт авагдсан албан бичгийн бүртгэл, нэхэмжлэгчийн бичиг хэрэгт нь өгсөн гэх тайлбар зэргээр хангалттай нотлогдоогүй, мөн хариуцагч байгууллагын албан хэрэг хөтлөлтийн бүртгэлд тусгагдаагүй байх тул тухайн хүсэлтийг шийдвэрлэх үүрэг үүссэн гэж шууд дүгнэх үндэслэл тогтоогдохгүй байна
    18. Харин 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 22/78 дугаартай албан бичгийн тухайд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Тогтоогдсон үйл баримт-ын хэсэгт тогтоосон үйл баримттай уялдуулан үнэлж үзэхэд нэхэмжлэгч нь материалын үнийн өсөлт, Ковид-19 цар тахлын нөлөө болон гүйцэтгэлийн явцад үүссэн нэмэлт санхүүжилтийн зөрүүг магадлуулж шийдвэрлүүлэхээр хариуцагч байгууллагад хандан хүсэлт гаргасан болох нь тогтоогдсон.
    19. Уг хүсэлтийн дагуу хариуцагч байгууллагаас тодорхой ажиллагаа хэрэгжүүлж, холбогдох асуудлыг Барилгын хөгжлийн төвөөр магадлуулах ажлыг зохион байгуулсны үр дүнд материалын үнийн өсөлтийн нэмэгдлийг 50,825,525 төгрөгөөр тогтоосон магадлалын дүгнэлт гарсан болох нь тогтоогдсон бөгөөд энэхүү магадлал нь Тогтоогдсон үйл баримт-ын хэсэгт дурдсанчлан барилгын ажлын явцад үүссэн үнийн өсөлтийн зөрүүг эрх бүхий байгууллагаар хянуулж шийдвэрлэдэг практикийн дагуу хийгдсэн байна.
    20. Мөн уг магадлалын дүгнэлтийг үндэслэн гүйцэтгэлийн холбогдох санхүүжилтийн зохицуулалт хийгдэж, 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 30,731,242 төгрөгийн санхүүжилт нэхэмжлэгчид олгогдсон болох нь тогтоогдсон бөгөөд энэ нь тухайн албан бичгээр тавьсан шаардлагын хүрээнд тодорхой хэмжээгээр хэрэгжүүлсэн захиргааны ажиллагаа бодитоор хийгдсэн болохыг илэрхийлж байна. Иймд дээрх 22/78 дугаартай албан бичгийг хариуцагч огт шийдвэрлээгүй, эсхүл эс үйлдэхүй гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй бөгөөд харин хүсэлтийн агуулгад хамаарах асуудлыг магадлалын журмаар хянан шийдвэрлэж, улмаар түүнд үндэслэн холбогдох санхүүжилтийг олгосон байх тул захиргааны байгууллагын эс үйлдэхүй тогтоогдохгүй байна.
    21. Нэхэмжлэгчийн барилгын гадна шугам сүлжээ, газар шороо, нэгдүгээр давхрын арматурчлал болон бусад нэмэлт ажлын төсвийн зөрүүг шийдвэрлүүлэх, нэмэлт санхүүжилт олгуулах, үлдэгдэл ажлын төсвийг дахин магадлуулж шинэчлэн батлуулахыг хариуцагчид даалгах шаардлагын тухайд:
    22. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд барилгын ажлын явцад үүссэн нэмэлт ажил, ажлын хэмжээний өөрчлөлт, материалын үнийн өсөлт, төсөвт өртгийн зөрүү зэрэг нөхцөл байдлууд нь талуудын хооронд байгуулагдсан нэмэлт гэрээнүүдийн үндэслэл болж, тухайн бүрд нь харилцан тохиролцсоны үндсэн дээр шийдвэрлэгдэж байсан.
    23. Тодруулбал талууд Ковид-19 цар тахлын улмаас үүссэн хүндрэл, барилгын материалын үнийн өсөлт, зураг төслийн өөрчлөлт, ажлын хэмжээ нэмэгдсэн нөхцөл байдлыг харгалзан үзэж гэрээний хугацааг хэд хэдэн удаа сунгаж, гэрээний үнийг шинэчлэн тогтоож, ажлын хэмжээг өөрчлөн тохиролцож байсан бөгөөд эдгээр нэмэлт гэрээнүүдэд нэхэмжлэгч өөрөө гарын үсэг зурж, тухайн үеийн нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч байсан нь тогтоогдож байна.
    24. Иймд талуудын хооронд нэмэлт гэрээнүүдээр зохицуулагдаж, харилцан зөвшөөрөгдөн шийдвэрлэгдсэн асуудлыг хожим шийдвэрлэгдээгүй үлдсэн асуудал мэтээр үзэж, нэмэлт санхүүжилт олгох үүргийг хариуцагчид шинээр бий болсон гэж дүгнэх боломжгүй байна.
    25. Мөн хэрэгт авагдсан нотлох баримтаар хариуцагчаас гэрээ болон нэмэлт гэрээний дагуу санхүүжилтийг холбогдох магадлал, төсөв, гүйцэтгэлийн баримтад үндэслэн тухай бүр олгож байсан бөгөөд гэрээгээр хүлээсэн санхүүжилтийн үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй ба нийтдээ 2,242,164,159 төгрөгийн санхүүжилтийг М******* ХХК-д олгосон байх ба төсөвт туссан үлдэгдэл татагдсан гэх шалтгаанаар үлдэгдэл ажлаа хийгээгүй гэх тайлбарыг шүүхээс хүлээн авах боломжгүй ба тухайн шалгарсан компани ажлаа гүйцэтгээд гүйцэтгэлийн дүнгээ батлуулан төсвөөс санхүүжилтээ авч байсан дараалалтай байсныг мэдэж байсан, энэ дарааллаар өмнө ажлуудаа гүйцэтгэж байсан атлаа үлдэгдэл ажлаа гүйцэтгэхдээ төсвөөс эхэлж мөнгө авна гэх тайлбарыг өгч байгаа нь үндэслэлгүй.
    26. Шүүх гэрээ цуцлах тухай мэдэгдлийг хуульд нийцсэн гэж дүгнэж байгаа нөхцөлд уг гэрээний хүрээнд цаашид нэмэлт санхүүжилт олгох, үлдэгдэл ажлын төсвийг дахин магадлуулж шинэчлэн батлуулахыг хариуцагчид даалгах эрх зүйн үндэслэл мөн тогтоогдохгүй байна.
    27. Шүүхийн дээрх дүгнэлтүүдээс үзэхэд нэхэмжлэгчийн маргаж буй Ковид-19 цар тахал, барилгын материалын үнийн өсөлт, ажлын хэмжээ нэмэгдсэн, нэмэлт ажил үүссэн, санхүүжилт дутуу олгогдсон гэх нөхцөл байдлууд нь талуудын байгуулсан нэмэлт гэрээнүүдээр тухай бүр зохицуулагдан шийдвэрлэгдэж байсан бөгөөд хариуцагчаас гэрээгээр хүлээсэн санхүүжилтийн үүргээ хэрэгжүүлээгүй, эсхүл нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэлгүй орхигдуулсан гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Харин нэхэмжлэгч гэрээ болон нэмэлт гэрээгээр хүлээсэн үндсэн үүргээ эцсийн байдлаар тохиролцсон хугацаанд биелүүлээгүй болох нь тогтоогдсон тул гэрээ цуцлах тухай мэдэгдлийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан гэрээ цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгуулах, хууль бус эс үйлдэхүй тогтоолгох, нэмэлт санхүүжилт шийдвэрлүүлэх, үлдэгдэл ажлын төсвийг дахин магадлуулж шинэчлэн батлуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3, 56 дугаар зүйлийн 56.3, 56.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч М******* ХХК-аас Боловсролын Ерөнхий газарт холбогдуулан гаргасан Боловсролын Ерөнхий газрын 2023 оны 08 дугаар 25-ны өдрийн 1/4617 тоот гэрээ цуцлах мэдэгдлийг хүчингүй болгуулах, Барилгын гадна шугам сүлжээ, газар шороо, нэгдүгээр давхрын арматурчлалын нэмэлт ажлын санхүүжилт олгуулахаар гаргасан 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 22/65, 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 22/78 тоот албан бичгүүдээр гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй гаргасан болохыг тогтоох, 2024 оны тариф, магадлалын дагуу үлдэгдэл ажлын төсвийг дахин магадлуулж, нэмэлт санхүүжилт олгохыг хариуцагчид даалгах, нэмэлт ажлын төсвийн зөрүү болон санхүүжилтийг нөхөн олгохыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХ-ӨЛЗИЙ