Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 101

 

 

       Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Алтан даргалан,

       Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Нямжав,

            Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор:  Э.Ууганзаяа,   

            Хохирогч: Э.Н,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Бунжаа,

       Шүүгдэгч: Д.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж, Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Э.Ууганзаяа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х ургийн овогтой Д-ийн Д-д холбогдох эрүүгийн 1835001600111  дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 07дугаар сарын 08-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт Увс аймгийн Тэс сумын 1-р баг “ Хар үзүүр ” гэх газарт оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, РД:ОО92070819, Х ургийн овогтой Д-ийн Д.

           Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.Д нь 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Увс аймгийн Тэс сумын 4-р багийн нутаг дэвсгэрт хохирогч Э.Н-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

                  1. Шүүгдэгч Д.Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

                  Шүүгдэгч Д.Д нь 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Увс аймгийн Тэс сумын 4-р багийн нутаг дэвсгэрт хохирогч Э.Н-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Э.Н-ийн: “Д нь миний нөхөр юм. 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр би сургууль дээр очоод хичээлээ заачихаад 17 цагийн орчим манай сургуулийн багш ажилчдын хуралд  суусан юм. Хурал тараад би ангидаа Т багшийн хамт байж байтал гэнэт манай нөхөр Д хаалга өшиглөөд орж ирээд “Энэ сургуулиас чинь архи үнэртэж байна. Архичин авгай нар. Энэ Т танай ангид юу хийж байгаа юм. Нэг ангид 2 багш хичээл ордог болчихсон юм уу” гэх мэтээр Т бид хоёрыг доромжилж дарамталсан юм. Тухайн үед би бага охиноо цэцэрлэгээс хүүхдээр авахуулчихаад ангидаа хараад байж байсан юм. Тэгтэл Д “хүүхэд эзэнгүй орхилоо” гэх зэргээр уурлаад байсан тул би санаа зовоод сургуулиас гараад явахад Д миний араас гарч ирээд бид хоёр харих замдаа би Д-д “Чи битгий ингэж цаг тутам ажил дээр ирж бай, би харих замаа мэднэ. Чамаас өөр ингээд эхнэрээ урдаа туугаад явж байгаа хүн байхгүй байгаа биз” гэж хэлэхэд Д юу ч дуугараагүй юм. Тэгээд би гэртээ очоод бага охиндоо хөхүүлж байгаад унтчихсан байсан,  нэг сэртэл юм хагарах чимээ гарсан, босоод харахад Д хаалга уруу аяга шидээд хагалсан байсан. Тэгэхээр нь би Д-г надад уурлаад аяга шидээд хагалсан гэдгийг нь мэдээд миний уур хүрээд ширээн дээр байсан тавагтай боорцогыг  гараараа цохиод цацчихсан юм. Тэгэнгүүт Д босож ирээд шууд миний хоолойг 2 гараараа бооход миний амьсгаа давчдаад би амь тэмцээд Д-аас салгах гэж оролдож байгаад нүүрийг нь хумсаараа маажчихсан. Тэгтэл Д миний зүүн шанаа хэсэгт гараараа нэг удаа алгадаж, баруун шанаа руу гараа зангидаж байгаад нэг удаа хүчтэй цохиход миний хамраас цус гарсан. Тэр үед Д надаас холдсон, би гоожуурт цусаа угаахад миний хамраас цус ихээр гарсаар байсан юм. Тэгээд би гэрийн хаалгаар гарах гэтэл Д намайг гараараа түлхэж унагаагаад, хөлөөрөө миний баруун хөлний гуя, шилбэ, зүүн хөлний тахим хэсэгт 2-3 удаа өшиглөсөн юм. Тэгээд миний хамраас цус гараад тогтохгүй байсан учир Д гоожуурт ус хийх хооронд нь би гэрээс гарч зугатаагаад манай урд талд байх Ц эгчийн гэр лүү гүйхэд Д намайг барьж аваад миний хувцаснаас татаад Ц эгчийн гэрийн гадна очиход Ц эгч урдаас гараад ирсэн. Тэгтэл Д тэвэрч явсан хүүхдээ Ц эгчид өгөөд намайг “Харья” гээд татахад нь би “би харихгүй, чи намайг гэртээ авч очоод зодох гэж байна” гэхэд Д уурлаад хөлөөрөө 4-5 удаа миний 2 хөл рүү өшиглөсөн. Мөн намайг авч явахын тулд миний үснээс татаж чирээд гэрлүү явсан юм. Ц эгч манайх хоёрын хоорондох зай 100-150 метр зайтай ба тийм зайнд миний үснээс татаж намайг чирсэн юм. Намайг үснээсээ татуулаад чирүүлж байхад Ц эгч намайг харж байсан. Д тухайн өдөр  эрүүл байсан, намайг ажил дээр оройтлоо гэж уурласан, мөн намайг хэн нэгэнтэй хардаж зодсон байх гэж бодож байна. Би Д-тай нэг гэрт ороод 3 жил болж байна. Бид хоёр ах дүү нараа цуглуулж найр хурим хийсэн боловч албан ёсоор төрийн байгууллагад бүртгүүлж гэрлэлтээ батлуулаагүй. Одоогоор миний биеийн байдал хэвийн байгаа бөгөөд Дгаас нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/,                  

                  гэрч Т.Ц-гийн өгсөн “Би 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр ажил тараад гэртээ байж байтал Д, Н нар хүүхдээ тэвэрчихсэн, нэг гараараа хоорондоо барьцалдчихсан Н нь “Д намайг хардаж хэрүүл маргаан үүсгэж зодсон. Би гэртээ харихгүй. Аав, ээж дээрээ очмоор байна” гэж хэлээд унтлагын хувцас нь цус болчихсон манай гэрийн үүдэнд ирсэн юм. Би гэртээ байсан учраас Д-г Н-ийг яаж зодсон гэдгийг сайн мэдэхгүй байна. Харин манай гэрийн гадаа байхад Д хөлөөрөө Н-ийн өгзөг тус газарт нэг удаа өшиглөсөн. Би энэ хоёрыг урьд өмнө нь хоорондоо хэрэлдэж, маргалдаж байсныг мэдэхгүй байна. Тэр өдөр Д, Н хоёр юунаас болж маргалдсан талаар надад мэдэх зүйл байхгүй. Тухайн үед би гэртээ ганцаараа байсан бөгөөд өөр хүн байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/,

                   гэрч О.Т-ын өгсөн “ 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 16 цагаас 18 цагийн хооронд сургууль дээр багш, ажилчдын хурал болоод тарсны дараа би ангидаа ороод байж байтал миний араас Н орж ирээд дэвтэр номоо авч байтал Д ангийн хаалга хүчтэй өшиглөөд орж ирээд Н-ийг “Гэртээ харихгүй юм уу, би зөндөө хүлээлээ” гэж хэлэхэд Н “Би хуралтай байж байгаад одоо л тарж байна ш дээ” гэж хэлээд гараад явсан. Өөр зүйл мэдэхгүй ” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/,

                   гэрч Т.С-ийн өгсөн “ Д.Д нь миний хүргэн юм. Манай дунд охин Н Баян-Өлгий аймагт багшийн сурууль төгсөөд 2015 онд Тэс сумын 1-р багт байх бага сургуулийн бага ангийн багшаар ажиллахаар явсан юм. Тэгээд Тэс суманд ажиллаж байхдаа тус сумын харъяат Д гэх залуутай танилцаад 2016 онд Д, Н нар хурим найраа хийж нэг гэрт орж, 2017 онд охинтой болсон юм. 2018 оны 04 дүгээр сарын 19-ний орой манай охин Н над руу утсаар яриад уйлсан. Тэгэхээр нь юу болсныг охиноосоо асуухад “Д намайг үсдэж чирээд, миний хөл гар луу гар, хөлөөрөө зодож цохиод хөхрүүллээ. Би гэртээ харимаар байна” гэхээр нь би охиноо “ хүрээд ир” гэж хэлсэн. Тэгээд маргааш нь буюу 2018 оны 04 дүгээр сарын 20-ны орой Н бага охинтойгоо Улаангомд манай гэрт ирсэн юм. Н-ийн нүүрнийх нь шанаа хэсэг хөхөрч хавдсан, толгойн хуйх хэсэгт нь хаван хавдартай, гар хөл нь хөхөрчихсөн байсан. Тэгээд 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр цагдаад  гомдлоо гаргаж шинжээч эмчид үзүүлсэн юм. Н-ийг урьд өмнө нь Д зодож байсан эсэхийг би хараагүй. Гэхдээ хэрүүл маргаантай байдаг гэдгийг надад хэлж байсан. Д их хартай юм шиг байсан. Миний бодлоор Д нь мал малладаг, сурч боловсроогүй учир багшийн мэргэжлийг ойлгохгүй, ажилдаа оройтлоо гээд хардаад байдаг юм шиг байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/,

                   Монгол Улс Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн №308 дугаартай: “Үзүүлэгч Э.Н-ийн биед тухайн үед гэмтэл учирсан байна. Баруун хацар, хоёр гарын бугалга, хоёр хөлийн гуя, шилбэний хэсэгт дээрхи хэмжээтэй зөөлөн эдийн цус хуралт, няцралт гэмтэл үүссэн байна. Дээрхи гэмтэл нь өөрийнх нь хэлж байгаа тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Дээрхи гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Уг гэмтэл нь эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тодорхой хугацаанд нөлөөлнө” гэх дүгнэлт /хх-ийн 13/,                             

       шүүгдэгч Д.Д-ны мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би 2018 онь 04 дүгээр сарын 19-ний орой гэрийн гадна хананы мод хийж байгаад бага охиноо цэцэрлэгээс авахаа мартчихсан байсан. Тэгээд гарч яваад цэцэрлэг рүү очиход цэцэрлэг хаачихсан байсан тул эхнэр Н-ийг хүүхдээ авчихсан байх гэж бодоод сургууль руу яваад ортол манай 1 настай охин сургуулийн коридорт ганцаараа хана түшээд явж байсан. Тэгэхээр нь би охиноо аваад Н-ийн анги руу ороход Н Т багштай хамт юм яриад сууж байсан. Тэгэхээр нь би эхнэртээ хандаж “Чи охиноо сургуулийн коридорт ганцааранг нь хаячихсан байдаг” гэж хэлээд уурлаад охиноо аваад гэрлүүгээ хариад охиндоо бантан хийж өгчихөөд эхнэрээ ажлаасаа ирэхийг нь хүлээхэд ирээгүй тул охиныг сургууль явуулж эхнэрээ дуудуулахад ирээгүй ба манай охин “Сургуулийн багш нар нэг ангид хамт байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би охиноо аваад сургууль руу дахин очоод эхнэрийнхээ анги руу орохдоо хүүхдээ тэвэрчихсэн учир ангийнх нь хаалгыг  хөлөөрөө өшиглөөд орчихсон чинь манай эхнэр уурлаад эхэлсэн. Тэгээд би Н-т “Чи байнга ангидаа утсаараа оролдоод Т багштай хамт сууж байдаг. Гэртээ харьдаггүй юм уу” гэхэд манай эхнэр “Чи намайг байнга цагдаж байдаг” гээд уурлаад байсан. Тэгээд бид хоёр маргалдаад сургуулиас гараад гэрлүүгээ очсон ба би гэртээ очоод эхнэртээ “Хоол хийчихсэн байна идээч” гэхэд миний хийсэн хоолыг идэлгүй орон дээр хүүхдээ аваад хэвтээд өгсөн. Тэгэхээр нь миний уур хүрээд хийсэн хоолоо гаргаж асгаад галын дээд талд цай ууж сууж байгаад аягаа хаалга руу шидэхэд манай эхнэр орон дээр хэвтэж байснаа босож ирээд ширээн дээр байсан боорцогтой таваг аваад шидсэн. Түүнээс болоод эхнэр бид хоёр маргалдаж эхэлсэн ба манай эхнэр манай аав, ээж, дүү нарыг доромжлоод над руу дайраад байхаар нь миний уур хүрээд эхнэрийнхээ хоёр гарных нь булчин хэсгээс  хоёр гараараа базаж, мөн хөлний булчин хэсгээс базаж зодсон нь үнэн. Тэгээд манай эхнэр гэрээс гараад надтай маргалдаад “Гэртээ харина” гээд орилоод Ц эгчийн гэрлүү явахаар нь би араас нь хүүхдээ тэврээд явсан. Тэгтэл Ц эгч гэрээсээ гараад ирсэн ба би эгчид хүүхдээ өгчихөөд Н-ийг “Гэрлүүгээ харья” гэхэд харихгүй гээд орилоод байхаар нь би эхнэрээ хүчээр гар хөлнөөс нь барьж байгаад гэрлүүгээ авч ирээд гэртээ оруулсан. Тухайн үед манай эхнэр надтай хамт явахгүй гээд эсэргүүцээд миний нүүрийг өнгөц маажсан. Тэгээд гэрт очоод бид хоёр тайвшраад унтаж амарсан. Харин Ц эгч манай хүүхдийг гэрт хүргэж ирж өгөөд явчихсан юм. Би эхнэр Н-тэй маргалдсан шалтгаан нь 1 настай бага охины сургуулийн коридорт ганцааранг нь хаячихаад анги дотроо Т багштай юм яриад сууж байсан. Мөн сургууль дотор нэл архи үнэртсэн, шөнө орой болчихсон байхад гэртээ харихгүй байгаад байхаар нь түүнээс болж уурлаж маргалдаад маргаан дунд манай эхнэр намайг болон манай аав, ээж, дүү нарыг доромжлоод байхаар нь уурандаа гараараа хөл, гарыг нь зодсон юм. Би Н-ийг урьд өмнө нь зодож цохиж байгаагүй, харин гэр бүлийн асуудлаас болж хэрэлдэж маргалддаг байсан юм. Би эхнэр Н-ээс уучлалт гуйж, эвлэрсэн. Надаас нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй. Надад хөнгөн ял шийтгэж өгнө үү”  гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.        

     Хэрэгт авагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хохирогч Э.Н-ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь тогтоогдсон, уг гэмтлийг шүүгдэгч Д.Д нь хохирогчтой маргалдах явцдаа учруулсан нь нотлогдсон байна.                               

                 Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Д.Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.            

                  Хохирогч Э.Н мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт “Д.Д-гаас нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох хохирол, хор уршиг байхгүй гэж дүгнэв.

                  2. Шүүгдэгч Д.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

                  Шүүгдэгч Д.Д нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.                 

                  Шүүгдэгч Д.Д нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдсон байна.                      

                  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах ба шүүгдэгч Д.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон түүний хувийн байдал, улсын яллагч нийтэд тустай ажил хийгэх ял оногдуулах санал гаргасан зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.                

                  Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

                  Шүүгдэгч Д.Д нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохирол, хор уршиггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.            

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг,  36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

                   1. Шүүгдэгч Х ургийн овогтой Д-ийн Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-д 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.Д нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

            4. Шүүгдэгч Д.Д нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохирол, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдсугай.

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Д-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

         6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                                        ДАРГАЛАГЧ,

                                                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Л.АЛТАН