Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 912

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч нарт холбогдуулан  гаргасан “Татварын улсын байцаагч нарын 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 26******* тоот татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий “Ө*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Б, хариуцагч Х.П*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 

“*******” ХХК-нд Баянгол дүүргийн татварын хэлтсээс 2012 онд шалгалт оруулж гаалийн мэдүүлгийн дүнд үндэслэн Татварын улсын байцаагчийн 26******* тоот дүгнэлт үйлдэн шалгуулахаар цагдаагийн байгууллагад шилжүүлсэн бөгөөд нийслэлийн Прокурорын 2013 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаар тогтоолоор Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзан шийдвэрлэсэн бөгөөд татварын улсын байцаагч нь уг тогтоолыг 2014 оны 05 дугаар сард гардан авч мөн оны 6 дугаар сарын 25-ны өдөр тус хэлтсийн татварын улсын байцаагч Д.Т*******, Х.П******* нар 26******* тоот акт үйлдэн, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусдыг нуусан...” хэмээн 18,809,758,20 төгрөгийн нөхөн татвар, 7,523,903,40 төгрөгийн торгууль, 4,567,908,70 төгрөгийн алданги, 258,214,70 төгрөгийн хүү нийт 30,929,785,00 төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт үйлдсэн байна.

“*******” ХХК-ийн зүгээс уг актыг эс зөвшөөрч Нийслэлийн маргаан таслах зөвлөлд 2014 оны 7 дугаар сард, Татварын Ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлд 2015 оны 7 сард тус тус хандсан боловч татварын улсын байцаагчийн актыг хэвээр үлдээснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа юм.

Учир нь “*******” ХХК нь үйл ажиллагаа явуулдаггүй бөгөөд улсын хилээр бараа бүтээгдэхүүн оруулаагүй, ямар нэгэн борлуулалт хийгээгүй, ашиг, орлого олоогүй байхад акт тавих үндэслэл байхгүй болно.

Хэдийгээр “*******” ХХК-ийн нэр дээр бүртгүүлэн нэр бүхий иргэд өөрийнхөө өмчийн бараа, бүтээгдэхүүнээ оруулж ирсэн боловч эдгээр иргэд нь холбогдох татвар /гааль, НӨАТ/-аа 100% төлсөн болохыг хууль, хяналтын байгууллагаас тогтоочихсон байдаг.

Мөн түүнчлэн дээрх нэр бүхий иргэд нь улсад төлөх татвараа бүрэн төлчихсөн байх бөгөөд бараа, бүтээгдэхүүнээ оруулж ирээд зарж борлуулсан эсэх нь “*******” ХХК-ийн асуудал биш бөгөөд, тэдгээрийн төлөх татвар нь орлогыг  нь тухай бүр тодорхойлох боломжгүй, ажил үйлчилгээ хуваариа эрхлэх иргэний орлогын албан татварын тухай хуулийн дагуу зохицуулагдах ёстой гэж үзэж байна.

Татварын улсын байцаагчийн 26******* тоот актын дүн нь ямар ч үндэслэл, тооцоогүй бөгөөд үүнийгээ нийслэл болон Татварын ерөнхий газрын маргаан таслах зөвлөлд тайлбарлаагүй бөгөөд Маргаан таслах зөвлөлийн гишүүд ч татварын улсын байцаагчаас асууж тодруулалгүйгээр нэг талыг барьж, татварын улсын байцаагчийнхаа актыг шат, шатанд нь хамгаалсан шийдвэр гаргаж байгаа нь улсад ямар нэгэн хохирол учруулаагүй, үйл ажиллагаа явуулдаггүй компанийн хувьд илтэд хохиролтой байгаа тул асуудлыг хууль тогтоомжийн дагуу шүүхээр шийдвэрлүүлэхээр хандаж байна.

Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.1-д заасны дагуу Татварын улсын байцаагчийн 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 26******* тоот татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан актыг хүчингүй болгон нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн бичгийн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянгол дүүргийн Татварын хэлтэстэй харьцдаг 2006 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 9011046094 тоот улсын бүртгэлийн, 51******* тоот регистрийн дугаартай “*******” ХХК-ийн 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 26******* тоот дүгнэлтийг үйлдэж Улсын мөрдөн байцаах газар шилжүүлсэнийг Нийслэлийн прокурорын газрын 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн прокурорын тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан ******* тоот прокурорын тогтоол ирсэн. 

Татварын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-д “Энэ хуулийн 33.2.6-д заасан дүгнэлтийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүчингүй болгосон нь зөрчил гаргасан этгээдийг захиргааны хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан болон Татварын хяналт шалгалт хийх томилолт, татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамжийн дагуу Баянгол дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Т*******, Х.П******* нар шалгалт хийж 2010 онд 557,248,300 төгрөгийн, 2011 оны 822,133,000 төгрөгийн борлуулалтын орлогыг тайланд тусгаагүй зөрчилд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын болон Нэмэгдсэн өртөгийн албан татварын тухай хуульд заасан холбогдох зардал өртгийг гаалийн мэдээ баримтанд  үндэслэн хасч 18,809,758 төгрөгийн нөхөн татвар, 7,523,903 төгрөгийн торгууль, 4,567,908 төгрөгийн алданги, 28,214 төгрөгийн хүү, нийт 30,929,785 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр 2014 оны 06-р сарын 25-ны өдөр татварын улсын байцаагчийн 26******* дугаартай актыг үйлдсэн. 

Тус “*******” ХХК нь хуулийн этгээдийн нэр, гэрчилгээг бусдад ашиглуулж 2010-2011 онуудад 1,194,269,500 төгрөгийн бараа импортлуулан бусдыг татвар төлөхгүй байх нөхцөл боломжийг олгосон байна. 

Татварын зөрчилд хариуцлага тооцохдоо орхигдуулсан орлогоос гадна хуулийн этгээдийн нэр, хаяг, тамга, тэмдэг дансулсын бүртгэлийн гэрчилгээ, зөвшөөрөл болон хөрөнгө баримт бичгийг бусдад шилжүүлэн ашиглуулсан бол Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.1, 35 дугаар зүйлийн 35.3, 74 дүгээр зүйлийн 74.1.10, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.1, 12 дугаар зүйлийн 12.1.1, Нэмэгдсэн өртөгийн албан татварын  тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1, 7.1.3, 14 дүгээр зүйлийн 14.1.2 заалтаар хуулийн хариуцлага тооцохоор заасан байгаа ба үүнийг үндэслэсэн болно.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд бичгээр болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, тэдгээрийн хууль зүйн үндэслэлийг хянан хэлэлцээд Баянгол дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч нарт холбогдуулан гаргасан “Татварын улсын байцаагч нарын 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 26******* дугаар татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий “*******” ХХК-ийг нэхэмжлэлийг хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн тул хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Нэг. Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Х.П*******, Д.Т******* /цаашид “татварын улсын байцаагч нар” гэх/ нар нь “*******” ХХК-ийн  2007-2011 оны албан татварын ногдуулалт, төлөлтийг иж бүрэн шалгаж 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 26******* дугаартай  маргаан бүхий захиргааны актыг гаргажээ.

“*******” ХХК нь дээрх актыг эс зөвшөөрч гомдол гаргасны дагуу нийслэлийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцэж 39 дүгээр тогтоолоороо татварын улсын байцаагч нарын 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 26******* дугаар актыг хэвээр баталсан бөгөөд Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 108 дугаар тогтоолоор мөн татварын улсын байцаагч нарын актыг үндэслэлтэй гэж үзжээ.

Татварын улсын байцаагч нар нь 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 26******* дугаар актаараа 2010 онд 557,248,300.00 төгрөг, 2011 онд 822,133,000.00 төгрөгийн борлуулалтын орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тусгаагүй болон нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогод тооцоогүй, татвар ногдуулж төлөөгүй гэж үзэн 18,809,758.20 төгрөгийн нөхөн татвар, 7,523,903.40 төгрөгийн торгууль, 4,567,908.70 төгрөгийн алданги, 28,214.70 төгрөгийн хүү буюу нийт 30,929,785.00 төгрөгийн төлбөрийг “*******” ХХК-д ногдуулжээ.

“*******” ХХК нь 2010 онд 42 удаагийн гаалийн бүрдүүлэлтээр 315 нэр төрлийн 711,803,439.00 төгрөгийн бараа, 2011 онд 44 удаагийн гаалийн бүрдүүлэлтээр 378 нэр төрлийн 482,466,017.00 төгрөгийн барааг монголд оруулж иржээ. Ингэхдээ 2009-2013 онуудад  “*******” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд байсан Ц.Н******* нь бусдад  тус компанийн гэрчилгээ, тэмдэг, нэрийг ашиглуулж нийт 1,194,269,456.00 төгрөгийн бараа импортоор оруулж ирэх боломжийг олгосноор Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.10-т “нэр, хаяг, тамга, тэмдэг, улсын бүртгэлийн гэрчилгээ, харилцах болон хувийн данс, гарын үсгийг бусдад ашиглуулан татвараас зайлсхийх боломж олгохгүй байх” гэж заасныг зөрчсөн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “нэр бүхий иргэд өөрийнхөө өмчийн бараа, бүтээгдэхүүнээ “*******” ХХК-ийн нэр дээр бүртгүүлэн оруулж ирсэн боловч эдгээр иргэд нь холбогдох татвараа 100% төлсөн тул бараа, бүтээгдэхүүнээ оруулж ирээд зарж борлуулсан эсэх нь “*******” ХХК-ийн асуудал биш” гэж мэтгэлцээнээ үндэслэсэн.

Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “бараа” гэж гаалийн хилээр нэвтрүүлэх ачаа, тээш, эд юмс, валют, валютын үнэт зүйл, улс хоорондын шуудангийн илгээмж, бүх төрлийн эрчим хүч, мал, амьтан, ургамал зэрэг хөдлөх эд хөрөнгө болон энэ хуулийн 3.1.5-д зааснаас бусад тээврийн хэрэгслийг”,  3.1.2-т “монголын бараа” гэж энэ хуулийн 99.1-д заасан горимын дагуу боловсруулалт хийснээс бусад Монгол Улсад үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүн, эсхүл Монгол Улсын нутаг дэвсгэр дээр чөлөөт эргэлтэд байгаа гадаадын барааг” хэлнэ гэж тус тус тодорхойлсны дагуу дээрх барааг монголын хилээр оруулж ирэхдээ холбогдох татваруудыг бүрэн төлсөн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

Харин хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар 2010-2011 онуудад “*******” ХХК-ийн нэрээр оруулж ирсэн төмөр хийц, барилгын материал, гэрийн тавилга, гэр ахуйн бараа зэрэг барааг монголд олон тоогоор оруулж ирсэн нь цаашид борлуулах зорилготой байсныг илэрхийлж байгаа бөгөөд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Албан татвар төлөгчийн үйл ажиллагааны дараахь орлогод албан татвар ногдоно”, 8.1.1-д “үндсэн болон туслах үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого”, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 7 дугаар зүйлийн 7.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол дор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна”, 7.1.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа” гэж заасны дагуу дээрх барааг борлуулсны орлогод хуулийн дагуу татвар ногдуулах, төсөвт төлүүлэх боломжийг “*******” ХХК  алдагдуулсан гэж үзэх үндэслэлтэй.

Иймд “*******” ХХК-ийн “Татварын улсын байцаагч нарын 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 26******* дугаар татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг хангах боломжгүй болно. 

 Хоёр. Хариуцагч татварын улсын байцаагч нар 26******* тоот актаараа 2010 оны 557,248,300.00 төгрөгийн борлуулалтын орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тусгаагүй, татвар ногдуулж төлөөгүй зөрчлөөс 519,254,050.80 төгрөгийн гаалиар оруулж ирсэн бараа материалын өртөг бусад зардлыг хасч  үлдэх 37,994,249.20 төгрөг, 2011 оны 822,133,000.00 төгрөгийн борлуулалтын орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тусгаагүй татвар ногдуулж төлөөгүй зөрчлөөс 766,078,458.21 төгрөгийн гаалиар оруулж ирсэн бараа материалын өртөг бусад зардлыг хасч үлдэх 56,054,541.79 төгрөг нийт 94,048,790.99 төгрөгийн зөрчлийг “*******” ХХК-ийг гаргасан гэж үзжээ.

Шүүх хуралдаан дээр хариуцагч ямар аргачлал, баримтанд үндэслэн “*******” ХХК-ийн 2010-2011 онуудад оруулж ирсэн барааны материалын өртөг болон бусад зардал гэж нийт 1,285,332,509.01 төгрөгийн зардлыг хассан талаар үндэслэл бүхий тайлбар хийж чадаагүй тул Татварын ерөнхий хуулийн ******* дугаар зүйлийн *******.1-д “Татварын алба нь татвар, алданги, торгуулийн нягтлан бодох бүртгэлийг хууль тогтоомжид нийцүүлэн хөтөлнө”, *******.2-т “Татварын бүртгэлд татвар төлөгч бүрийн төлбөл зохих татварын ногдол, хөнгөлөлт, чөлөөлөлт, алданги, торгууль, тэдгээрийн төлөлт, хураалт, өрийг анхан шатны баримтад үндэслэн бүрэн тусгана” гэж заасныг хариуцагч нар зөрчсөн гэж шүүхээс үзлээ.

Татварын ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Тодорхой үйл ажиллагаа эрхлэхдээ бодит бус үнэ хэрэглэсэн, тайлан, бүртгэл хөтлөөгүй буюу дутуу хөтөлсөн, эсхүл бүртгэл, татварын тайланг гаргаж өгөөгүй нь нотлогдсон тохиолдолд татварын алба тухайн татвар төлөгчийн татварын ногдлыг дор дурдсан шууд бус аргаар тодорхойлно”, 48.1.1-д “бодит үнийн арга”, 48.1.2-т “жишиг үнийн арга” гэж заасны дагуу татварын байгууллага нягтлан бодох бүртгэл хөтлөөгүй,  зөрчил гаргасан татвар төлөгчийн тодорхойлох боломжгүй тооцоог хэрхэн гаргахыг зохицуулсан байхад хариуцагч нар маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа энэхүү хуулийн заалтыг хэрэглээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд татварын ногдол, хөнгөлөлт, чөлөөлөлт, алданги, торгууль, тэдгээрийн төлөлтийг хийх тооцоолол нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн тул  татварын улсын байцаагч нарын  2014 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 26******* дугаар актыг 6 сарын хугацаатайгаар түдгэлзүүлж энэ хугацаанд хариуцагч нар нь дахин хяналт шалгалт явуулахдаа зохих тооцооллыг үндэслэл бүхий хийж шинэ акт гаргах шаардлагатай гэж шүүх дүгнэв.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11, 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.2, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1, Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.10,  48 дугаар зүйлийн 48.1, 48.1.1, 48.1.2, ******* дугаар зүйлийн *******.1, *******.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан  хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн тул хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Х.П*******, Д.Т******* нарын 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 26******* дугаар татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан  шүүхээс тогтоосон хугацаанд шинэ акт гаргаагүй бол Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Х.П*******, Д.Т******* нарын 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 26******* дугаар татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай акт хүчингүй болохыг дурдасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       С.ТӨМӨРБАТ