Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 385

 

С.Т-ийн нэхэмжлэлтэй,

Эрчим хүчний яамны Төрийн нарийн

бичгийн даргад холбогдох захиргааны

хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                       Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                          Г.Банзрагч,

                                         Д.Мөнхтуяа,

                                         Ч.Тунгалаг,

Илтгэгч шүүгч:                 П.Соёл-Эрдэнэ,

Нарийн бичгийн дарга:   Т.Даваажаргал,

Нэхэмжлэлийн шаардлага: Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 257 дугаар тушаал болон 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 307 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах, урсгал зардал хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2019/0214 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2019/0264 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: нэхэмжлэгч С.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.О нарыг оролцуулж,

Нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2019/0214 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 12 дугаар зүйлийн 12.1, 18 дугаар зүйлийн 18.1, 18.2-д заасныг баримтлан С.Т-ийн нэхэмжлэлээр “Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 307 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урсгал зардал хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 257 дугаар тушаалыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 сарын 14-ний өдрийн 221/МА2019/0264 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2019/0214 дүгээр шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д заасны дагуу С.Т шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээн, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хяналтын гомдлын үндэслэл:

3. Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Миний бие Төрийн албаны тухай хуульд заасны дагуу төрийн албаны мэргэшлийн шалгалт өгч хамгийн өндөр оноог авч тэнцсэнээр Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 221 дүгээр тушаалаар төрийн албан хаагч болж томилогдсон. Гэтэл Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга нь үндэслэлгүйгээр төрийн албанаас чөлөөлөх нэрийн дор халсан тул нэхэмжлэл гаргасан боловч анхан болон давж заалдах шатны шүүх Захиргааны ерөнхий хууль болон Төрийн албаны тухай хууль тогтоомж, түүнийг даган гарсан холбогдох журмын зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж иргэн миний төрийн албанд ажиллах эрхийг хууль бусаар хязгаарласан шийдвэрүүдийг гаргасан.

4. Туршилтын хугацаанд байгаа этгээд болон туршилтын хугацаа нь дуусгавар болсон этгээд хоёрын төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхийг буюу тэдгээрийг төрийн албан тушаалаас чөлөөлөх нөхцөл болзол нь ижил тэгш байхаар хуульчлагдсан. Гэтэл Төрийн нарийн бичгийн даргын тушаалын хуулийн үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэг буюу төрийн албанаас чөлөөлөх хуулийн зохицуулалтад хамаарахгүй хуулийн заалтыг хэрэглэн төрийн албанаас чөлөөлсөн нь хууль бус болсон. Төрийн албаны тухай хуулийн төрийн жинхэнэ албан тушаалтныг чөлөөлөх зохицуулалт Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2, 23.3, 23.4, 24 дэх хэсгүүдээр тус тус зохицуулсан бөгөөд ийнхүү хуульд заасан үндэслэлүүдээс өөрөөр төрийн жинхэнэ албан хаагчийг чөлөөлөх нь хууль бус болох юм.

5. Өөрөөр хэлбэл төрийн жинхэнэ албан тушаалд туршилтаар ажиллаж байгаа эсэхээс үл хамааран албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзвэл  Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-т “албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн”  бол захиргааны санаачилгаар албан тушаал бууруулах, эсхүл мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” бол төрийн албанаас халах гэсэн ижил тэгш хэрэгжих зохицуулалттай байна.

6. Төрийн жинхэнэ албан хаагчийг аливаа албан тушаалд томилсон тохиолдолд тухайн төрийн албан хаагчтай Төрийн албаны зөвлөлөөс баталсан зааврын дагуу үр дүнгийн гэрээ байгуулж, туршилтын хугацааны эцэст зохих журмын дагуу дүгнэх бөгөөд ийнхүү дүгнэсний үр дүнд түүнд зөвхөн Төрийн албаны тухай хуульд заасан албан тушаал бууруулах, давтан сургалтад хамруулах зэрэг шат дараалсан арга хэмжээг авах зохицуулалттай.

7. Гэтэл Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайханы 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн В/1024 дугаар албан бичигт “С.Т-тэй үр дүнгийн гэрээ байгуулаагүй” гэж мэдүүлсэн байгаа нь анхнаасаа туршилтын хугацаа тогтоож ямар нэг шалтаг, шалтгаан олж төрийн албанаас халах, чөлөөлөх зорилготой.

8. Анхан шатны шүүхийн шийдвэрт “нэхэмжлэгч ... туршилтын хугацаанд амжилттай ажилласан бол...Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйл, 14 дүгээр зүйлд заасан Төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүргийг хүлээж, эрхийг эдлэх мөн хуулийн 27 дугаар зүйлд заасан Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдах боломжгүй байжээ” гэсэн нь илтэд хуулийн үзэл санааг гажуудуулан тайлбарласан, туршилтын хугацаанд байгаа этгээд болон туршилтын хугацаа нь дуусгавар болсон этгээд хоёрын төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхийг буюу тэдгээрийг төрийн албан тушаалаас чөлөөлөх нөхцөл болзол нь ижил тэгш байхаар хуульчлагдсан байна.

9. Анхан шатны шүүх дээр дурдсан хуулийн зохицуулалтуудын “төрийн албан хаагч” буюу “төрийн жинхэнэ албан хаагч” гэх нэг ойлголтыг хоёр тусдаа мэтээр буруу тайлбарлан ойлгож хэрэглэсний улмаас эрх зүйн дүгнэлтийг буруу хийж, хэрэглэвэл зохих эрх зүйн хэм хэмжээг бүрэн гүйцэд хэргийн нөхцөл байдалд нийцүүлэн хэрэглээгүйн улмаас шүүгчийн гаргасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй.

10. Магадлалд “Төрийн албаны тухай хуулийн 11.2-т зааснаас үзвэл төрийн захиргааны болон төрийн тусгай албан тушаалын ангилалд багтаж байгаа албан хаагчдыг төрийн жинхэнэ албан хаагч гэх бөгөөд мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах заалт нь төрийн жинхэнэ албанд туршилтын хугацаагаар ажиллаж байгаа албан хаагчид хамаарахгүй гэж үзэхгүй” гэх дүгнэлтийг хийж нэхэмжлэгчийг буруутгаж хуулийг хэрэглэсэн байна. Учир нь хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг төрийн жинхэнэ албан хаагч гэж үзэлгүйгээр түүнтэй бусад төрийн албан хаагчийн нэгэн адилаар үр дүнгийн гэрээ байгуулаагүй, ажлын байрны тодорхойлолтыг танилцуулаагүй зэрэг суурь үүргээ хэрэгжүүлээгүй байхад эдгээр баримт бичгийг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийн ажил үүргийн биелэлтийг дүгнэж сахилгын шийтгэл оногдуулаагүй, төрийн албанаас чөлөөлсөн буюу халсан, хариуцагчийн шийдвэрүүдийг хууль ёсны гэж хамгаалан зөвтгөсөн нь илтэд хуулийг нэг талын ашиг сонирхолд нийцүүлэн тайлбарласан гэх үндэслэл болж байна.

11. Төрийн албаны тухай хуульд зааснаар Монгол Улсын иргэн төрийн албан тушаалд анх томилогдох нөхцөл, болзол, шаардлагыг хангасан гэж Төрийн албаны төв байгууллага үзсэн тохиолдолд тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтан тушаал гарган томилсноор тухайн иргэн төрийн жинхэнэ албан хаагч болж Төрийн албаны тухай хуульд заасан ажиллах нөхцөл бололцоо, баталгаагаар хангагдах, үр дүнгийн гэрээ байгуулах, түүнийгээ дүгнүүлэх, эрх нь зөрчигдсөн асуудлаар шийдвэр гаргахад сонсох ажиллагаа хийж тайлбар авах зэрэг эрхийг эдэлдэг бөгөөд эдгээр эрхийг хэрэгжүүлэх боломжоор хангаагүй, ямар ч баримтаар нотлогдоогүй асуудлуудаар сахилгын шийтгэл оногдуулж улмаар төрийн албанаас халж байгааг зөвтгөж байгаа нь төрийн албан хаагч хэн ч хэзээ ч төрийн албанаас чөлөөлөх нэрийн дор халагдах нөхцөлийг нээж өгсөн шүүхийн шийдвэр, магадлал болсон.

12. Төрийн жинхэнэ албан хаагчийн мэргэшлийн шалгалтыг өгч хамгийн өндөр оноогоор тэнцэн шалгарсан иргэдийг томилсон нэрийн дор үр дүнгийн гэрээ байгуулахгүй, ажлын байрны тодорхойлолтыг нь танилцуулахгүй, тодорхойгүй эрх, үүрэгтэйгээр ажиллуулсан нэрийн дор түүнийг албан үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр төрийн албанаас халах, чөлөөлөх байдал цаашид гарахыг үгүйсгэхгүй бөгөөд албан тушаалд томилох эрх бүхий албан тушаалтнуудад хууль хэрэглээний буруу жишиг тогтоох магадлалтай юм.

13. Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

14. Анхан шатны шүүхээс маргааны үйл баримтыг буруу тодорхойлсон, холбогдох нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй, давж заалдах шатны шүүхээс уг алдааг залруулаагүйгээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

15. Төрийн албаны тухай хуулийн /2002 он/ 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт “төрийн жинхэнэ албан тушаалд анх орсон албан хаагчид туршилтын хугацааг нэг жил хүртэл хугацаагаар тогтоож болно” гэж заасан байх бөгөөд Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 221 дүгээр тушаалаар нэхэмжлэгчийг 6 сар туршилтын хугацаагаар томилсон байна.

16. Улмаар Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 307 дугаар тушаалаар “туршилтын хугацаанд цалингийн тооцоог удаа дараа дутуу олгож, албан үүргээ хангалтгүй биелүүлж, цаашид уг албан тушаалд үргэлжлүүлэн ажиллахад байгууллагын үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхээр байна” гэх үндэслэлээр албан тушаалаас чөлөөлж шийдвэрлэсэн, нэхэмжлэгчээс “ажлын байрны тодорхойлолтыг танилцуулаагүй, өгөөгүй, ажиллах нөхцөл боломжоор хангаагүй, цалин хөлс бодоход шаардагдах мэдээллийг бүрэн зөв гаргаж өгөөгүй, үр дүнгийн гэрээ байгуулаагүй атлаа хариуцлага тооцож, ажиллуулсан нэрийн дор санаатайгаар ажлаас халлаа” гэж маргажээ.

17. Төрийн албаны хуулийн /2002 он/ 18 дугаар зүйлийн 18.2-т “Төрийн жинхэнэ албан тушаалд туршилтын хугацаа хэрэглэх болзол, журмыг төрийн албаны төв байгууллага тогтооно” гэж заасан бөгөөд Төрийн албаны зөвлөлийн 2003 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 02 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан тушаалд туршилтын хугацаа хэрэглэх болзол, журам”-ын 8-д “Төрийн жинхэнэ албан тушаалд ажиллах чадваргүй нь туршилтын хугацаа дуусахаас өмнө мэдэгдэж, улмаар цаашид үргэлжлүүлэн ажиллуулах нь тухайн байгууллагын үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхээр бол түүнийг төрийн холбогдох байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр туршилтын хугацаа дуусахаас өмнө албан тушаалаас нь чөлөөлж болно” гэж заажээ.

18. Гэвч захиргааны байгууллагаас нэхэмжлэгчийг туршилтын хугацаанд ажиллуулахдаа ажлын байрны тодорхойлолт танилцуулж, ажил үүргийн хуваарийг тодорхойлсон эсэх, ажиллах нөхцөл бололцоогоор хангасан эсэх нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй, мөн журамд зааснаар Үр дүнгийн гэрээ байгуулж ажиллах байтал уг гэрээ байгуулаагүй, нэхэмжлэгчийн ажлын үр дүнг хэрхэн үнэлж дүгнэсэн нь тодорхойгүй байна.

19. Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх хэсэгт зааснаар төрийн жинхэнэ албан хаагч нь төрийн тухайн албан тушаалын чиг үүрэг, эрх хэмжээг тогтоосон ажлын байрны тодорхойлолтыг албан ёсоор гаргуулан авах, түүнийг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэхийг шаардах эрхтэй, энэ эрх нь тухайн албан тушаалд түр томилогдсон болон жинхлэн томилогдсоноос үл хамааран хэрэгжих бөгөөд анх шинээр ажилд томилогдсон этгээдэд албан тушаалын ямар чиг үүрэг хэрэгжүүлэх талаар тодорхой мэдээлэл өгөх нь захиргааны байгууллагын үүрэг болно.

20. Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 257 дугаар тушаалаар “цалингийн тооцоог удаа дараа дутуу гаргасан” гэх үндэслэлээр 2018 оны 08 дугаар сарын 30-нд томилогдсон нэхэмжлэгчид “сануулах” сахилгын шийтгэл ногдуулсан тул цаг хугацааны хүчин зүйлийг харгалзан үзэх шаардлагатай, хариуцагчаас уг тушаалын үндэслэлээ “гүйлгээний бичилт удаа дараа буруу бичсэн, Л.Н-ийн цалинг хасч бодсон” гэх боловч холбогдох баримтууд байхгүй, нэхэмжлэгчээс “цалин бодоход шаардагдах мэдээллээр хангаагүй, цалин нэмэгдсэн тухай холбогдох тушаалыг надад өгөөгүй учраас би мэдээгүй, хэрэв өгсөн бол цалинг зөв бодох байсан” гэж маргаж байгаа тул эдгээр үйл баримтад холбогдох нотлох баримтыг цуглуулах нь /У.Н-ийн цалин мөн адилхан/ хэрэгт ач холбогдолтой байна.

21. Мөн С.Т-ийн 9 дүгээр сарын цалингийн цэснээс үзвэл түүнд 28500 төгрөгийн торгууль тавигдсан байх бөгөөд суутгал хэсэгт уг 28500 төгрөг хасагдаагүй, үүнийг хариуцагчаас “эрх мэдлээ урвуулан ашиглаж, өөртөө цалин бодож, ноцтой алдааг дахин гаргасан” гэж, нэхэмжлэгчээс “28500 төгрөгийн торгууль гарах ёсгүй, хасах ёстой байсан, цалин бодохоос өмнө засуулсан” гэж тайлбарлаж байх бөгөөд энэ нь хариуцагчийн нэрлэн заасан “ёс зүйгүй үйлдэл” гэх үндэслэлд хамаарах эсэх талаар эрх зүйн дүгнэлт хийх шаардлагатай.

22. Ийнхүү талуудын маргалдаж буй үндэслэлд холбогдох баримтууд хавтаст хэрэгт бүрэн авагдаагүй, хэргийн үйл баримтыг тодорхойлж, эцэслэн шийдвэрлэх нөхцөл бүрдээгүй байхад анхан болон давж заалдах шатны шүүхээс “...туршилтын хугацаанд алдаа дутагдал гаргасан нь тогтоогдсон тул албан тушаалаас чөлөөлсөн нь зөв” гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь буруу байна.

23. Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар төрийн жинхэнэ албан хаагчаар ажиллах этгээдийн үйл ажиллагааг үнэлж дүгнэх, цаашид төрийн албанд жинхэлж үргэлжлүүлэн ажиллуулах эсэх нь захиргааны байгууллагын эрх хэмжээний асуудал боловч нэхэмжлэгчийн хувьд ажиллах боломж олгосон эсэх нь эргэлзээтэй буюу нотлох баримт дутуу байх тул захиргааны байгууллага хуулиар олгогдсон эрхээ зөв хэрэгжүүлсэн эсэхэд эрх зүйн дүгнэлт хийж, маргааны үйл баримтыг бүрэн дүүрэн тодруулах шаардлагатай.

24. Үүний тулд нэхэмжлэгчийн “хариуцагчийн зүгээс ажлын байрны тодорхойлолтыг танилцуулах, ямар ажил гүйцэтгэх талаар зааж зөвлөөгүй, ажиллах боломжоор хангаагүй, цалин бодоход шаардагдах баримтыг өгөөгүй зэрэг суурь үүргээ хэрэгжүүлээгүй” гэх үндэслэлд холбогдох нотлох баримтыг цуглуулсны дараа “туршилтын хугацаанд төрийн жинхэнэ албан хаагчаар үргэлжлүүлэн ажиллах боломжгүй болох нь тогтоогдсон эсэх” талаар дүгнэх нь зүйтэй.

25. Иймээс шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2019/0214 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2019/0264 дүгээр магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Нэхэмжлэгч шүүгчийн захирамжаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

        ШҮҮГЧ                                                                    П.СОЁЛ-ЭРДЭНЭ