| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баттулга Номин |
| Хэргийн индекс | 307/2025/01505/И |
| Дугаар | 307/ШШ2025/01673 |
| Огноо | 2025-09-30 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 307/ШШ2025/01673
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 307/2025/01505/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* байрлах ******* (РД: *******, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******, утас: *******)-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* (РД: *******, утас: *******)-д холбогдох,
“14,905,480.02 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* (цахимаар),
Хариуцагч Б.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анужин нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч *******-ийн хариуцагч Б.*******д холбогдуулан гаргасан 14,905,480.02 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Б.*******д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ “...Зээлдэгч Б.******* нь ******* 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр №ЗГ/59943130 тоот онлайн цалингийн зээлийн гэрээ, №БГХ/59943130 тоот барьцааны гэрээг тус тус байгуулж, 14,412,400 төгрөгийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийн гэрээ болон барьцааны гэрээ, зээлийн өргөдөл, бүтээгдэхүүний нөхцөлийг Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2-т тус тус зааснаар нэг удаагийн нууц кодоор баталгаажуулсан. Зээлдэгч Б.******* нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэлгүй 92 хоногийн хугацаа хэтэрсэн. Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн мөнгөн төлбөрөө шаардаж удаа дараа холбогдсон боловч төлөхөөс татгалзсан. Иймд зээлдэгч Б.*******гаас үндсэн зээлийн төлбөр 14,410,400 төгрөг, зээлийн хүү 494,633.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 446.22 төгрөг, нийт 14,905,480.02 төгрөг гаргуулж өгнө үү” гэж тодорхойлж байна.
3.Хариуцагч Б.******* нь “...Би энэ зээлийг өөрөө авч хэрэглээгүй тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн зээлийг манай хүү миний утсыг ашиглаж авсан байсан. Би өөрөө утас тааруухан ашигладаг, онлайн зээлийг яаж авдаг тухай огт мэдэхгүй, банкны аппликэйшн ч хэрэглэж мэдэхгүй. Яагаад банк зээл олгох үедээ над руу утсаар ийм зээл авах хүсэлт гаргасан байна гээд баталгаажуулж яриагүй юм бэ? гэж гайхаж байна. миний нэрээр зээл авсан гэдгийг огт мэдээгүй, зээлээ төлөөрэй гэж ярихад л мэдсэн” гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, маргаж байна.
4.Хэрэгт нотлох баримтаар авагдсан *******-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нэхэмжлэгч нь арилжааны банкны үйл ажиллагаа явуулах эрх бүхий этгээд болох нь тодорхойлогдож байна.
5.Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно”, 7.2-т “Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ” гэж заажээ.
6.Хариуцагч Б.******* нь дээрх хуульд зааснаар 14,412,400 төгрөгийг жилийн 15.60 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авахаар нууц кодоор баталгаажуулан зөвшөөрлөө илэрхийлж нэхэмжлэгч *******-тай 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр №ЗГ/59943130 тоот онлайн цалингийн зээлийн гэрээ, №БГХ/59943130 тоот барьцааны гэрээг байгуулсан, хариуцагчийн зээлийн дансанд тухайн зээлийн мөнгө шилжүүлэгдсэн болох нь шүүхийн үзлэг хийсэн тэмдэглэл, *******-ийн дансны хуулгаар тогтоогдож байна.
7.Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар зээлийн гэрээ байгуулагдаж, зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
8.Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д “Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно” гэж, мөн 452.2-т “...Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно” гэж, түүнчлэн мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж тус тус заажээ.
9.Иймд дээрх хуульд зааснаар нэхэмжлэгч ******* нь гэрээнд заасан хугацаанд зээлээ эргэн төлөөгүй хариуцагчаас зээлийн төлбөрийг буцаан төлөх, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй байх ба хариуцагч нь энэ тохиолдолд үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй байна.
10.Хариуцагч Б.*******гийн ...*******-аас би зээл аваагүй, миний утсыг ашиглан манай хүү зээл авсан байсан, над руу зээл авах үед утсаар ярьсан бол ийм зүйл болохгүй байсан... гэх татгалзал нь хууль зүйн үндэслэлгүй.
Учир нь хувь хүн өөрт хадгалагдаж буй, хэрэв бусдад задруулбал сөрөг үр дагавар үүсгэж болох аливаа мэдээллийнхээ нууцлалыг өөрөө хамгаалах, хадгалах үүрэгтэй болно.
Иймээс хариуцагч нь нэхэмжлэлийн үнийн дүнд маргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
11.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232,477 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 232,477 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759 дүгээр зүйлийн 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Б.*******гаас 14,905,480.02 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,477 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 232,477 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НОМИН