Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 307/ШШ2025/01687

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 307/2025/00873/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, ******* байрлах ******* (Дархан бизнес төв салбар, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.*******, утас: *******, *******)-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* (утас: 9555-0098)-д холбогдох,

“19,966,549.01 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.*******,

Хариуцагч О.*******,

Хариуцагчийн өмгөөлөгч Ө.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Жавхлан нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Ш.*******, О.******* нарт холбогдуулан 19,966,549.01 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 “...Ш.*******, О.******* нар нь 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр ЗГ4305118227 тоот цалингийн зээлийн гэрээг байгуулж 13,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 16.8 хувийн хүүтэй зээлж авсан боловч гэрээний үүргээ биелүүлэхгүй гэрээний үүргээ зөрчсөн байна. Шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 135/ШЗ2025/05720 дугаартай захирамжаар оршин суугаа гэрийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 135/ШШ2023/00123 дугаартай шүүхийн шийдвэрээр хариуцагч О.*******г эрэн сурвалжлахаар болж 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 37/6/2512 дугаар Цагдаагийн газрын албан тоотоор оршин суугаа гэрийн хаяг тодорхой болсон тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Зээлдэгч нар нь эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, гэрээний хугацаанд ньзээлээ  төлөх талаар хэд хэдэн удаа мэдэгдсэн боловч төлөөгүй. Гэрээний төлбөр нэхэмжлэл гаргах 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар үндсэн зээл 10,011,346.04 төгрөг, үндсэн хүү 8,948,662.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,006,540.75 төгрөг, нийт 19,966,549.01 төгрөг байна.

Иймд зээлийн гэрээний үүрэг болох төлөх ёстой төлбөр, хүүг гэрээнд заагдсан хугацаанд төлөхгүй байгаа бөгөөд гэрээний хугацаа дууссан, хариуцагчаас 19,966,549.01 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч Ш.*******гаас татгалзаж, хариуцагч О.*******гаас зээлийн үүргийг шаардсан.

2.Хариуцагч О.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“...О.******* миний бие Ш.*******тай 2013 оноос хойш хамтран амьдарч байсан. 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Ш.*******гийн Дархан-Уул аймгийн банкнаас авсан 13,000,000 төгрөгийн зээлийн гэрээнд дуудагдан очиж гарын үсэг зурсан. Хамтран зээлдэгчийн хувиар гарын үсэг зурсан гэдгээ сүүлд мэдсэн. Тухайн зээлийг Ш.******* юунд зарцуулсныг тэр үед би мэдээгүй өнгөрсөн. Уг явдлаас хойш 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Ш.******* ахуйн гэнэтийн ослоор буюу угаартаж нас барсан. Харин талийгаачийг 13,000,000 төгрөгийн зээл авсан байсан, уг зээл нь 10,000,000 орчим төгрөгийн үлдэгдэлтэй байсныг нас барсных нь дараагаар ар гэрийнхнээс нь би мэдсэн. Ингээд би талийгаачийн төрсөн дүү болох Ш. ярилцаад хэрэв зээлийн үлдэгдэл байгаа бол хуваагаад төлцгөөе гэсэн дээр санал нийлцгээж байсан ч Ш. хэлэхдээ манай талийгаач зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалтай тийм болохоор даатгалаас эрсдэлийг хаадаг учиртай, би хөөцөлдөөд зохицуулна гэсэн утгатай зүйл ярьсан учир би тайвшраад салсан. Тэр цагаас хойш 6 жил шахуу хугацаанд хэн ч надтай холбоо бариагүй бөгөөд гэнэт энэ оны 04 дүгээр сарын дундуур Цагдаагаас холбогдож банк миний нэр дээр шүүхэд нэхэмжлэл гаргасан тухай мэдэгдсэн. Миний бие уг нэхэмжлэлийг доорх хэд хэдэн шалтгааны улмаас хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд,

-Банк тухайн нөхцөлд мэргэжлийн бус, хөшүүн хойрго хандаж харилцагчтайгаа нягт харилцаа холбоотой ажиллаагүй өөрийн буруутай үйлдлийг бидний буруу болгон олон жилийн дараа оргон зайлсан гэмт хэрэгтэн олсон мэтээр асуудалд хандаж байгаа нь шударга бус байна. Энэ бүх хугацаанд О.******* би үргэлж Дархан-Уул аймагтаа байсан бөгөөд хаашаа ч, хэнээс оргон зайлаагүй болно. Ер нь бол би алга болоогүй, банк өөрөө 6 жил алга болсон. Энэ хугацаанд би уг зээлийг даатгалаас төлөгдсөн гэж ойлгож явсан.

-Дээр дурдсан талийгаачийн ар гэрээс авсан мэдээллээр зээл ба зээлийн хүүг зогсоосон, зээлийн даатгалын сангаас төлүүлэхээр хөөцөлдөж байгаа гэсэн мэдээлэл аваад явсан.

-О.******* би талийгаачтай хамтран амьдарч байсан боловч өөрсдийн санхүүгээ тус тусдаа барьдаг, хэнд, юунд, хэдийг зарцуулснаа өөр хоорондоо тайлагнаад байдаггүй байсан. Гэсэн хэдий ч талийгаачийг хүндлэх үүднээс ажил явдлаас нь хойш Дархан-Уул аймгийн 8 дугаар багт орших Нарантолгойд авсан хашаагаа талийгаачийн охин Ундармаад шилжүүлэн өгсөн. Бид хамтран амьдраад дундын гэх өмч хөрөнгө хурааж амжаагүй байсан болно.

-Банк талийгаачийг нас барсан тэр дор нь шүүхэд нэхэмжлэлээ гаргах байсан. Талийгаачийг нас барах үед зээлийн үлдэгдэл 10,338,944.11 төгрөг байсан бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөс ямарваа нэгэн хүү, алданги зогсох ёстой байтал банк өөрсдийн алдаатай хайхрамжгүй үйл ажиллагаа явуулсныхаа үр дүнд 10 орчим сая төгрөгийн нэхэмжлэл байхыг 20 сая болгон нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Дээрх тодорхой шалтгаануудын улмаас уг нэхэмжлэлийг О.******* би бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, *******-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар, гүйцэтгэх захирлын 2024 оны 07 дугаар 26-ны өдрийн 317 дугаартай “Эрх олгох тухай” тушаалын нотариатаар батлуулсан хуулбар, 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 18/10/0284 дугаартай “Итгэмжлэл олгох тухай” албан бичгийн нотариатаар батлуулсан хуулбар, гүйцэтгэх захирлын 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн “Салбарын захирал томилох тухай” тушаалын нотариатаар батлуулсан хуулбар, 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 10/321 дугаартай итгэмжлэл, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 135/ШЗ2022/05720 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжийн нотариатаар батлуулсан хуулбар, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 135/ШШ2023/00129 дугаартай шийдвэр, Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 37/6/2512 дугаартай албан бичиг, 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ4305118227 дугаартай зээл болон барьцааны гэрээний нотариатаар батлуулсан хуулбар, зээлийн дансны хуулга, хүү тооцооллын хүснэгт, цалингийн зээл хүсэгч иргэдийн өргөдлийн маягтын хуулбар, 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 18/10/0186 дугаартай итгэмжлэл зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. (хх 3-18, 41-43 хуудас)

4.Хариуцагчаас 0000226954 дугаартай Ш.*******гийн нас барсны гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. (хх 35, 50 хуудас)

5.Хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр *******-аас О.*******гийн гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, цалингийн зээлийн кредит скоринг, 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн албан хаагчийн тодорхойлолт, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээ, цалингийн зээл хүсэгч иргэдийн өргөдлийн маягт, улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа, Ш.*******гийн Хаан депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Ш.*******гийн Хаан зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн ЗГ/201743041837 дугаартай зээлийн гэрээ, мөн өдрийн БГ/201743041837 дугаартай барьцааны гэрээ зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн. (хх 98-126 хуудас)

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч *******-ийн хариуцагч О.*******д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 19,966,549.01 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.******* нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

“...Ш.*******, О.******* нар нь 2018.05.28-ны өдөр цалингийн зээлийн гэрээ байгуулж 13,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 16.8 хувийн хүүтэй зээлж авсан боловч үүргээ биелүүлээгүй, гэрээний үүргээ зөрчсөн. Иймд хариуцагч нараас Үндсэн зээл 10,011,346.04 төгрөг, үндсэн хүү 8,948,662.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,006,540.75 төгрөг нэхэмжилсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ш.******* нас барсан болох нь тогтоогдож байх тул гэрээний үүргийг О.*******гаас шаардаж байна. Нэхэмжлэгчийн хувьд зээлийн гэрээний үүргийг шаардахаар О.*******тай холбогдох гэсэн боловч утас нь болохгүй, оршин суугаа хаягтаа байхгүй байсан тул шүүхэд хандахад хариуцагч хаягтаа оршин суудаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон тул хариуцагчийг эрэн сурвалжлуулахаар шийдвэр гаргуулж хариуцагчийн хаягийг тодруулан нэхэмжлэл гаргасан бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй” гэв.

3.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “Энэ зээлийг би өөрөө авч, хэрэглээгүй. Зээлийн гэрээнд гарын үсэг зурснаа ч санахгүй байна, зээлийн гэрээнд зурагдсан гарын үсэг минийх ч биш байна. Уг зээлийг даатгалаас төлөгдсөн гэж ойлгож явсан. Би Дархан-Уул аймагтаа байж л байсан, хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Банк шүүхэд нэхэмжлэлээ гаргаж хүүг зогсоох байтал тэгээгүй. 10 сая төгрөгийн зээл энэ 6,7 жилийн хугацаанд 20 сая төгрөг болсон байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ зээл нь Ш.*******гийн цалингийн орлогыг барьцаалан олгогдсон, хөдөлмөрлөх эрхтэй холбоотой буюу түүний хувийн байдалтай салшгүй холбоотой тул Ш.******* нас барснаар зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон” гэж маргасан.

4.Хэрэгт баримтаар авагдсан *******-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нэхэмжлэгч нь арилжааны үйл ажиллагаа явуулах эрх бүхий этгээд болох нь тодорхойлогдож байна.

5.Мөн хэрэгт авагдсан 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ4305118227 дугаартай зээл болон барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн дансны хуулга зэргээр тус өдөр ******* нь Ш.*******, О.******* нарт 13,000,000 төгрөгийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар зээлдүүлэхээр тохиролцож зээлийн гэрээг бичгээр байгуулж, зээлийн мөнгийг Ш.*******гийн дансанд шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

6.Дээрх үйл баримтаар талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

Түүнчлэн, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж зааснаар зээлдүүлэгч нь үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй байна.

7.Зохигчдын маргааны зүйл нь хариуцагч О.******* нь хамтран үүрэг гүйцэтгэгч мөн эсэх, зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдал, хөөн хэлэлцэх хугацаа, үндсэн зээлдэгч нас барснаар зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон эсэх асуудал байх тул шүүхээс  эдгээр маргааны зүйлд дүгнэлт хийлээ.

8.Талуудын байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2023.05.27-ны өдөр дуусах байсан боловч үндсэн зээлдэгч болох Ш.******* нь 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр өвчнөөр нас барсан болох нь №0000226954 дугаартай нас барсны гэрчилгээгээр тогтоогдож байх бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаас харахад зээлдэгчийг нас барсны дараагаас 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлжээ.

9.Иргэний хуулийн  74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар аливаа этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байдаг.

Нэхэмжлэгч банк нь хариуцагч О.*******д холбогдуулан тус зээлийн гэрээний үүрэгт 14,747,128.21 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан боловч Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 135/ШЗ2022/05720 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжаар “...хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Ингээд нэхэмжлэгч ******* нь хариуцагч О.*******г эрэн сурвалжлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 138/ШШ2023/00129 дугаартай шийдвэрээр “...О.*******г эрэн сурвалжилж, эрэн сурвалжлах ажиллагааг хийж гүйцэтгэхийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай” гэж шийдвэрлэсэн байна.

Дархан-уул аймгийн Цагдаагийн газрын 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 37/6/2512 дугаартай албан бичгээр “...Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 138/ШШ2023/00129 дугаартай шийдвэрээр ******* *******г эрэн сурвалжлахад ******* тоотод оршин суудаг, дугаарын утас эзэмшиж байгаа болохыг үүгээр мэдэгдье” гэж нэхэмжлэгчид хариу хүргүүлсэн, уг хаягаар нэхэмжлэгч нь шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан болох нь тогтоогдож байна.

Дээрх үйл баримт нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д “Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан ...бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” гэж заасан үндэслэлд хамаарах ба 2022 оноос хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.

10.Хариуцагч О.******* нь хэрэгт авагдсан 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ4305118227 дугаартай зээл болон барьцааны гэрээнд зурагдсан гарын үсэг өөрийнх нь гарын үсэг биш гэж маргаж байх боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй тул түүний татгалзал үндэслэлгүй, мөн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т зааснаар тус төрлийн зээлийн гэрээнд тавигдах шаардлага хангагдсан байх тул зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ.

11.Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэж зааснаар хариуцагч О.******* нь зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч мөн.

Мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагч О.*******гаас гэрээний үүргийг шаардах эрхтэй.

12.Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т “Үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан бол үүрэг дуусгавар болно” гэж заасан бөгөөд үндсэн зээлдэгч Ш.******* нас барсан нь зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзэхгүй.

Өөрөөр хэлбэл, дээрх хуулийн зохицуулалтыг үүрэг гүйцэтгэгч нас барсан бөгөөд түүний оролцоогүйгээр үүргийг гүйцэтгэх боломжгүй болсон буюу үүргийг биечлэн гүйцэтгэх боломжгүй үед үүрэг дуусгавар болно гэж ойлгох ба үндсэн зээлдэгч Ш.******* нас барснаар үүргийг гүйцэтгэх боломжгүй болсон гэх үндэслэлгүй байх тул зээлийн гэрээний үүрэг үндсэн зээлдэгчийн хувийн салшгүй байдалтай холбоотой гэх хариуцагчийн татгалзал тус үндэслэлд хамаарахгүй.

Түүнчлэн, хариуцагч О.******* нь зээлийн мөнгөн төлбөрийг авч хэрэглээгүй гэх байдал нь зээлийн гэрээний үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.

13.Харин хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй маргаж байх бөгөөд зээлийн тооцооллын хувьд хуульд нийцээгүй зарим хэсгийг шүүх хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн.

Талуудын байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2023.05.27-ний өдөр дуусгавар болсон, үндсэн зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон тохиолдолд мөн нэмэлт үүрэг буюу хүү шаардах, нэмэгдүүлсэн хүү шаардах эрх мөн өдрөөс дуусгавар болно.

Тооцоолоход, 2020.01.27-ны өдрөөс зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийг төлөх үүрэг зөрчигдөж эхэлсэн, энэ үед үндсэн зээлийн үлдэгдэл 10,011,346.04 төгрөг байсан болох нь зээлийн дансны хуулга, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, хүү тооцооллын хүснэгт зэргээс харагдах ба үүнээс хойшхи зээлийн гэрээний хугацаа 2023.05.27-ны өдөр дуусгавар болсон хүртэлх хооронд нийт 41 сар, нэг сарын хүү 1.4% буюу 140,158 төгрөг нийт 5,746,512 төгрөгийн хүү, үүнээс нэмэгдүүлсэн хүүг 20%-иар тооцоход 1,149,302 төгрөг байна.

Иймээс нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 10,011,346.04 төгрөг, хүү 5,746,512 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,149,302 төгрөг нийт 16,907,160.04 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 3,059,388.97 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

14.Үндсэн зээлдэгч Ш.******* нь зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалтай байсан,  нэхэмжлэгчээс “...зээлдэгч өвчнөөр нас барсан бол даатгалын тохиолдол үүсэхгүй тул даатгалаас зээлийн төлбөр төлөгдөөгүй” гэж тайлбарладаг бөгөөд хариуцагчаас энэ талаар ямар нэг маргаан үүсгээгүй болно.

15.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч О.*******гаас 16,907,160.04 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож, үлдэх 3,059,388.97 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257,783 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 242,485 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.НОМИН