Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 128/ШШ2026/0564

 

 

 

2026 06 03 128/ШШ2026/0564

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Ганзориг даргалж, шүүгч О.Батсүх, шүүгч С.Одмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Интернэшнл тур ХХК /РД:6070353/,

Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын /хуучин нэрээр/ 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн А/144 дүгээр тушаал хуульд нийцсэн эсэх газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Мөнхбат, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Алтангадас, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Хонгорзул, М.Мөнхзаяа, иргэдийн төлөөлөгч А.Хулан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Амин-Од нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг.Нэхэмжлэлийн шаардлага: 1.1.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн А/144 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах.

Хоёр.Хэргийн үйл баримт талаар: 2.1.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/87 дугаар тушаалаар Богдхан Уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд Зайсангийн аманд 0.44 га талбайг аялал жуулчлалын зориулалтаар Интернэшнл тур ХХК-д ашиглуулахаар шийдвэрлэсэн.

2.2.Гэвч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн А/286 дугаар тушаалаар Интернэшнл тур ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцалсан.

2.3.Нэхэмжлэгчээс уг захиргааны актыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын /хуучин нэрээр/ 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/650 дугаар Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай тушаал, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 289 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугар сарын 21-ний өдрийн 440 дүгээр магадлалыг тус тус үндэслэн газар ашиглах эрхийг сэргээж, шүүхийн маргаантай байсан 2 жил 4 сарын хугацааг нөхөн олгож, газар ашиглах эрхийн хугацааг 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүртэл сунгаж, Интернэшнл тур ХХК-д гэрчилгээг олгожээ.

 

2.4.Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын /хуучин нэрээр/ 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн А/144 дүгээр тушаалаар Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг зөрчсөн гэх үндэслэлээр газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

2.5.Тус шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч Интернэшнл тур ХХК-иас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн А/144 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гарган, тус шүүхийн шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШЗ2024/5486 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

2.6.Уг хэргийг тус шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2025/0183 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн А/144 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 221/МА2025/0367 дугаар магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2025/0183 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлгээр буцаасан.

Гурав.Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:

3.1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: ... Интернэшнл тур ХХК нь 2009 оноос хойш Монгол улсад аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд энэ салбарын үйл ажиллагааг хөгжүүлж, хувь нэмэр оруулах, аялал жуулчлалын салбарыг нэг стандарт төвтэй болгох зорилгоор 2016 оноос Байгаль орчин, аялал жуулчлалын сайдтай хамтран ажилласан. Ийнхүү Аялал жуулчлалын хөгжлийн төв барих төслөө тус яаманд танилцуулж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/87 тоот тушаалаар Улаанбаатар хот, Хан Уул дүүрэгт орших Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Зайсангийн аманд 0,44 га газар ашиглах зөвшөөрлийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас авч, газар ашиглах 0160746 дугаар гэрчилгээний дагуу тухайн газрыг ашиглах эрхтэй болсон. Энэхүү төсөлд бид нийт 1,319,751,000 төгрөг зарцуулсан ба энэ нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 344 тоот хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон. Гэвч харамсалтай нь газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас удаа дараа бидний газар ашиглах эрхийг хүчингүй болгож, 2018 оноос хойш шүүхийн маргаан тасралтгүй үргэлжилж 3 шатны шүүхээр хэд хэдэн маргаан шийдвэрлэгдэн газар ашиглах эрхээ сэргээлгэсэн. Хамгийн сүүлд сайдын 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн А/286 дугаар тушаалтай маргаж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 289 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 440 дүгээр магадлалаар газар ашиглах эрхийг маань сэргээсэн. Уг шийдвэрт үндэслэн шүүхийн маргаантай байсан хугацааг нөхөн олгож, газар ашиглах эрхийн хугацааг 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүртэл болгож, энэ тухай газар ашиглах гэрчилгээний ард цохон тэмдэглэсэн байдаг. Гэтэл дахиад Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн А/144 тоот тушаалаар газар ашиглах эрхийг хүчингүй болгосон бөгөөд энэ талаараа 3 сарын дараа, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 01/802 тоот албан бичгээр мэдэгдэж, тушаалын хуулбарыг бидэнд ирүүлсэн болно. Дээрх сайдын А/144 тоот тушаалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч, шүүхэд ийнхүү хандаж байгаа бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтан байхгүй тул шууд шүүхэд нэхэмжлэлээ гаргаж байгаа болно.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн А/144 дүгээр тушаалд Интернэшнл тур ХХК-д 0.44 га газрыг олгохдоо хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх гэснийг зөрчсөн гэж үзэж зөвшөөрлийн хүчингүй болгосон байна. Нэхэмжлэгчид анх энэ газрыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/87 тоот тушаалаар олгохдоо тушаалын 1 дэх заалтаар, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан Уулын дархан цаазат газрын Зайсангийн аманд байрлах Байгаль орчин, аялал жуулчлалын яам өөрийн газраасаа 0.14 га газрын эрхээ хүчингүй болгож, тушаалын 2 дахь заалтаар манай компанид 0.44 га газар ашиглах зөвшөөрөл олгосон байдаг. Нэхэмжлэгчийн газар нь хэний ч газартай давхцаагүй, давхцаагүй тул 2017 онд газар ашиглах эрх олгосон бөгөөд хүсэлтээ гаргаад, эрх олгогдоод, холбогдох зөвшөөрөл зурагаа батлуулаад бүтэн 7 жил өнгөрч байхад хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй гэснийг зөрчсөн гэх үндэслэлээр газар ашиглах эрхийг хүчингүй болгож байгаа нь ойлгомжгүй. Түүнчлэн тушаалын хууль зүйн үндэслэлд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 4 дүгээр хэсгийн 1 дэх заалт, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийг дурджээ. Гэвч газар ашиглах эрхийг хүчингүй болгох үндэслэл болсон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 4 дүгээр хэсгийн 1 дэх заалт, Газрын тухай хуулийн 40.1.1-40.1.7-д заасан нөхцөл байдал нэхэмжлэгчид огт хамааралгүй үндэслэл байна. Дээрх нөхцөл байдлаас үзвэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн А/144 дүгээр тушаал нь хууль зүйн үндэслэлгүй, Захиргааны ерөнхий хуульд тусгагдсан хуульд үндэслэх зарчмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Нөгөөтэйгүүр, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг 2018 оноос хойш удаа дараа, янз бүрийн үндэслэлээр хүчингүй болгож шүүхээр явуулж байгаа нь нэхэмжлэгчийг маш их залхааж байна. Бид газар ашиглах эрхээ хэрэгжүүлэх боломжийг төрийн байгууллага огт олгосонгүй, олгохыг ч хүсэхгүй байгаа гэдэг нь өнгөрсөн 7 жилийн дүр зургаас илт харагдаж байна. Энэхүү нөхцөл байдал нь шүүхийн шийдвэр бодитоор биелэгдэх, захиргааны байгууллагын аливаа үйл ажиллагаа, шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байх зарчмыг утгаар нь алдагдуулж байгаад туйлын гомдолтой байна. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн А/144 дүгээр тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

3.2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Алтангадас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2009 онд Интернэшнл тур ХХК үүсгэн байгуулагдаж, 2016 оноос хариуцагчтай хамтран ажилласан. 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/87 дугаар тушаалаар маргаан бүхий газарт 0.44 га газар ашиглах эрхтэй болсон. Газар ашиглах эрхийн гэрчилгээ, гурван талт гэрээг байгуулж бүхий л баримт бичгийг бүрдүүлсэн. Бидний анхны зорилго нь аялал жуулчлалын төв байгуулах ажлын хүрээнд газар ашиглах эрхийн гэрчилгээ гарсны дараа эскиз зураг, гурван талт гэрээ, архитектур төлөвлөлтийн даалгавар, байгаль орчны үнэлгээ, нарийвчилсан үнэлгээ, техникийн нөхцөлүүд, дулааны зөвшөөрөл, геологийн дүгнэлт, магадлалын ерөнхий дүгнэлт, барилгын ажлын зөвшөөрөл гэх мэт бүхий л баримт бичгүүдийг бүрдүүлж холбогдох байгууллагуудаас зөвшөөрөл авч, Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Богдхан уулын дархан цаазат хамгаалалтын захиргаанаас тавьсан шаардлагын дагуу хамгаалалтын хашаа хүртэл хатгаж, тухайн үеийн ханшаар 1,3 тэрбум төгрөгийн зарцуулалт хийсэн. Гэтэл хариуцагч 2018 оноос эхэлж, манай газар ашиглах эрхийг нийт 4 удаа хүчингүй болгосон. 2018 оноос хойш газрыг бодитоор ашиглах боломжийг хариуцагчаас олгож байгаагүй. Маргаан бүхий тушаалаар газар ашиглах эрхийг хүчингүй болгож, энэ талаар 3 сарын дараа 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 01/820 дугаар албан бичгээр мэдэгдсэн. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн А/144 дугаар тушаал нь бодит байдалд нийцээгүй. Маргаан бүхий тушаалын үндэслэл нь нэхэмжлэгчийн хүсэлт гаргасан 0.44 га газар нь бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай ямар нэгэн байдлаар давхцалгүй байх гэдгийг зөрчсөн гэж үзэж зөвшөөрлийг хүчингүй болгосон. Нэхэмжлэгчид анх 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/87 дугаар тушаалаар газар ашиглах зөвшөөрлийг олгохдоо тушаалын 1 дэх заалтаар Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан уулын Дархан цаазат газрын Зайсангийн аманд байрлах Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны газраас 0.14 га газрын эрхийг хүчингүй болгож, тушаалын хоёр дах заалтаар нэхэмжлэгчид газар ашиглах эрхийн зөвшөөрөл олгосон. Нэхэмжлэгчийн газар нь хэний ч газартай давхцаагүй. Давхцаагүй учраас анх 2017 онд газар ашиглах эрх олгосон. Бид холбогдох бүхий л зөвшөөрлүүдээ авч, 7 жил өнгөрсний дараа бусдын газартай давхцаж байна гэж хэлж байгаа нь үндэслэлгүй байна. Маргаан бүхий актад Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 40 дүгээр зүйлийн 40.4.1, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дугаар зүйлүүдийг дурдсан байдаг. Гэвч газар ашиглах эрхийг хүчингүй болгох үндэслэл болсон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.1-д Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 40.1.3, 40.1.4, 40.1.5, 40.1.6, 40.1.7-д заасан үндэслэлээр гэж заасан. Тухайн үндэслэлд нэхэмжлэгч хамаардаггүй. Ийм учраас маргаан бүхий актыг үндэслэлгүй гарсан гэж үзэж байна. Хариуцагч 2018 оноос хойш удаа дараа нэхэмжлэгчийн газрыг үндэслэлгүй цуцалж, Захиргааны ерөнхий хуульд заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг алдагдуулж, уг зарчим хэрэгжих боломжгүй байна. Маш удаан маргаж, шүүхээр явж байгаа. Шат шатны шүүхээр хариуцагч бидний газар ашиглах эрхийг хүчингүй болгосон үндэслэл нь тогтоогдоогүй байдаг. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцалж байгаа гэж тайлбарладаг. Хууль зүйн техник талаасаа бичиглэлийн хэлбэрээс харахад Газрын тухай хуулийн 27, 28, 29, 30 дугаар зүйлүүдэд эрх хэмжээг тусгаж, тус хуулийн 40 дүгээр зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлүүд тусгагдсан байдаг. Дарааллын дагуу бол хүсэлт гаргаж, тухайн иргэн, хуулийн этгээдийн хүсэлт гаргасан газар нь кадастрын зургийн хувьд, системийн хувьд бусад этгээдийн газартай давхцалтай байгаа эсэх, хэрвээ тодруулах зүйл байвал газар дээр очиж хээрийн судалгаа хийх, хэрвээ хээрийн судалгаагаар ямарваа нэгэн зөрчил илрүүлээгүй бол бусад этгээдүүдэд олгох боломжтой гэж үзэж шийдвэр гаргадаг. Хавтас хэрэгт авагдсан баримтуудаас харахад 2017 онд нэхэмжлэгчид газар олгохдоо энэ процессын дагуу шалгаж, газар олгосон байдаг. Энэ газар нь анхнаасаа бусдын эзэмшиж, ашиглаж байсан газар гэдэг нь үндэслэлгүй. 0.14 га болон 0.44 га гэх хэмжээний хооронд 0.30 га талбай л давхацсан эсэх асуудал яригдах болохоос яамны газартай бүхэлдээ давхацсан эсэх асуудал бол яригдахгүй. Үнэхээр газрууд давхардсан эсэхийг шалгах хэрэгтэй. Сүүлд ирсэн баримтаас харахад 0.14 буюу 1 гэх тоо нь техникийн алдаа байсан гэдгийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн байдаг. Архитектур төлөвлөлтийн даалгавар бол нийслэлийн харьяа байгууллагуудын системээс татаж авч бичигддэг болохоос тушаал хараад шийдвэр гаргадаггүй. Бусад бүхий л байгууллагуудын өөр өөрийн эх сурвалжаас харахад анхнаасаа 0.44 га газар байсан гэдэг нь харагддаг. Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд байсан газрын нэг хэсэгхэн газрыг нь хүчингүй болгоод яг тэр хэмжээгээрээ нэхэмжлэгч Интернэшнл тур ХХК-д олгосон гэж ойлгогддог. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т Захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.1, 48.2.2, 48.2.3, 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно гэж заасан. Үүний дагуу 5 жил нэгэнт өнгөрсөн учир газар ашиглах эрхийг хүчингүй болгож болохгүй. Хариуцагчийн зүгээс өмнө тухайн хуулийн этгээдийн газрыг гурван ч удаа хүчингүй болгосон юм байна. Тэгэхээр маргаантай, давхцалтай л байсан юм байна гэж ойлгож, шийдвэр гаргаж болохгүй. Тухайн гурван тушаал өөр өөр үндэслэлээр гарсан байдаг. Нэг ч удаа нэхэмжлэгчийн газрыг бусдын газартай давхцалтай гэх ойлголт байгаагүй. Газрын давхардал гэж ойлгогддог нэг л ойлголт байгаа. Хойд нарийссан хэсгээрээ урдах газартай шугамаа давсан хэсгээрээ давхацсан байсан. Тэрнээс биш 0.14 га, 0.44 га бүхэлдээ давхардалтай байсан гэж яригддаггүй. Энэ нь анхнаасаа давхардал байгаагүй гэдгийг илэрхийлж байгаа юм. Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан үндэслэлийг маргаан бүхий актад тусгасан боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар зөвхөн Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасан агуулгаар маргаж байгаа бусад үндэслэл байхгүй гэж тайлбарласан учраас бусад хэлээд байгаа газрын төлбөр төлөөгүй, хоёр жил газраа ашиглаагүй гэх үндэслэлд тайлбар өгөхгүй. Тодруулж хэлэхэд газрын төлбөр төлсөн баримт хэрэгт авагдсан байдаг. Үүнийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас хүлээн зөвшөөрөөд газар ашиглах эрхийг нэмж хоёр удаа 2020, 2023 онд хугацаатайгаар шинээр олгосон. Ийм учраас маргаан бүхий акт өөрөө бодит байдалд тохироогүй, хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэв.

3.3.Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Байгалмаа, Г.Энхжавхлан нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... Анх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/87 дугаар тушаалаар, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Богдхан уулын Дархан цаазат газрын Зайсангийн аманд байрлах Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны газраас 0.14 га газрын эрхийг хүчингүй болгож, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Богдхан уулын Дархан цаазат газрын Зайсангийн аманд Интернэшнл тур ХХК-д 0.44 га газар ашиглах зөвшөөрөл олгосон. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай А/144 дүгээр тушаалаар Интернэшнл тур ХХК-д олгосон газрыг хүчингүй болгосон. Тус хүчингүй болгосон тушаалын гол үндэслэл нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасныг удирдлага болгосон. Нэхэмжлэгч Интернэшнл тур ХХК-ийн эзэмшлийн газар нь Газрын тухай хуульд заасны дагуу тус компанийн 0.44 га газрыг олгохдоо хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх гэснийг зөрчсөн болох нь Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 01/64 дугаар албан бичигт ирүүлсэн саналаар нотлогдож байна. Мөн Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 30 дугаар зүйлд заасны дагуу тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх хууль тогтоомж, тухайн газар нутгийн хамгаалалтын горимын биелэлтийг хангуулах, зөвшөөрөл авсан байгууллагатай гэрээ байгуулах, тухайн газар нутгийн хамгаалалтын горимын хүрээнд явуулж болох үйл ажиллагаанд зөвшөөрөл олгох, хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлдэг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа байгууллага учраас Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагааг Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа хийсэн болно. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай А/144 дүгээр тушаал нь хууль зүйн үндэслэлтэй тушаал байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. Интернэшнл тур ХХК нь яамтай 2016 оноос хойш хамтарч ажилласан гэж ярьж байгаа боловч ямар байдлаар хэрхэн хамтран ажилласан талаар ямар ч үйл баримт байдаггүй. Нэхэмжлэгчээс Аялал жуулчлалын хөгжлийн төв байгуулах талаар хүсэлт гаргах үед яам Голден дрийм ХХК-тай хамтарч ажиллаж байсан. Одоо Аялал жуулчлалын хөгжлийн төв нь байхгүй. Мөн тухайн төвтэй холбоотой 4 давхар барилга байгууламж нь Хан-Уул дүүргийн Арцатын аманд баригдсан. Өөрөөр хэлбэл, хамгийн анхны Голден дрийм ХХК нь төрийн аялал жуулчлалтай холбоотой чиг үүргийг хэрэгжүүлж байгаа. Мөн Аялал жуулчлалын хөгжлийн төв нь Бүгд Найрамдах Солонгос Улсын дэмжлэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа. Голден дрийм ХХК-ийн газар ашиглах эрх үүсэхэд, Интернэшнл тур ХХК-ийн асуудал гарч ирсэн. Ингээд тус компаниуд ойлголцоод дараа нь газар ашиглах эрх нэхэмжлэгчид олгогдсон байдаг. Нэхэмжлэгчийн гаргасан яамтай аялал жуулчлалын чиглэлээр хамтарч ажиллах санал нь одоо бодит байдал дээр хэрэгжих боломжгүй. Тухайн газрыг 2016 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас тус яамны нэр дээр олгосон. Газар дээр хамгаалалтын менежментийг хэрхэн хийх талаар төрийн байгууллагууд ярьж байсан. Уг газар дээр бурхан багшийн хөшөө байгаа. Дээр нь Зайсан толгой байдаг. Энэ газар нь хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа өнгөрөөдөг газар. Энэ газрын төв хэсэг дээр Интернэшнл тур ХХК-ийн 0.44 га газар давхцалтай харагдаж байгаа. Захиргааны аливаа шийдвэр бодит нөхцөлд тохирсон, хэрэгжих боломжтой байх ёстой. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх гэж заасан шаардлагыг хангахгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлага хэрэгжих боломжгүй. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны энэ газар нь төрийн өмчийн газар. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас тухайн газар дээр байгаа аж ахуй нэгжүүдийн газар ашиглах эрхийг цуцлах үүрэг даалгавар өгсний улмаас энэ ажиллагааг явуулж байгаа. 2008 онд Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэдийн хандив тусламжаар бурхан багшийн хөшөөг босгож, музей байгуулсан. Интернэшнл тур ХХК нь нэг ч удаа газрын төлбөр төлж байгаагүй. Газар дээр бодит үйл ажиллагаа явуулсан. Маш олон удаа шүүхийн маргаан болсон. Энэ хугацаанд шүүхийн шийдвэр хэрэгжих боломжгүй болсон байна. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2024 оны А-1/610 дугаар албан бичигт төрийн өмчийн болон орон нутгийн өмчийн газар дээрх хуулийн этгээдийн газар ашиглахтай холбоотой асуудлыг зохицуулах чиг үүрэг өгдөг. Сүүлд гарсан шүүхийн шийдвэрээр 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл газар ашиглах эрхийн хугацааг нөхөж олгохоор шийдвэрлэсэн. Гэхдээ одоогоор энэ хугацаа дууссан учир газар нөхөж олгох боломжгүй. Нэхэмжлэгчийн хэрэгжүүлэх гэж буй төслийг харахаар өндөр байшин барилга байдаг. Тухайн барилгынх нь 3 давхрыг Аялал жуулчлалын хөгжлийн төвд олгож, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааг оруулна гэх амлалтуудыг өгч байсан. Гэхдээ өнөөдөр тэр амлалт биелэх боломжгүй. Яагаад гэвэл Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа болон Аялал жуулчлалын хөгжлийн төвүүд өөрийн барилгатай болсон. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.

3.5.Иргэдийн төлөөлөгч А.Хулан шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Нэгэнт тухайн газар дээр өөр барилга байгууламж баригдсан байгаа. Тухайн барилга байгууламжийг нураах боломжгүй. Тухайн бүсэд нийтийн тээврийн 5 чиглэлийн автобус явж байгаа. Маш ачаалалтай газар дахиад 12 давхар өндөр барилга барих нь түгжрэлд нөлөөлнө. Мөн оюутан сурагчид төгсөлтийн баяр, хурим найр хийх үедээ Зайсан толгойд очдог. Ийм бүхий газар оффисын барилга барихгүйгээр ногоон байгууламж байлгуулбал сайн байна. Нэгэнт төр тухайн газар дээр өөр зүйл хийчихсэн байгаа учир өөр чиглэлээр нэхэмжлэгч компани үйл ажиллагаа явуулж болохгүй юм уу. Тийм учраас би Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын гаргасан шийдвэр үндэслэлтэй гэж бодож байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын /хуучин нэрээр/ 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн А/144 дүгээр тушаалыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

2.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын тухайд:

2.1.Аялал жуулчлалын үндэсний төв ТӨҮГ болон Голден дрийм ХХК-ийн хооронд Монгол Улсын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Бурхан багшийн үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн төвд аялал жуулчлалын Будда хилл центр төвийг байгуулахтай холбоотой хамтран ажиллах санамж бичгийг[1] 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 5 жилийн хугацаатай байгуулсан.

2.2.Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А/44 дүгээр тушаалаар[2] Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн аманд аялал жуулчлал, сургалт, сурталчилгааны зориулалтаар 1.87 га газар ашиглах эрхийг тус яаманд олгож, 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 2016/0069 дугаартай газар ашиглах гэрчилгээ[3] олгожээ.

2.3.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/87 дугаар тушаалаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн аманд байрлах Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны газраас 0.14 га газрын эрхийг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн аманд Интернэшнл тур ХХК-нд 0.44 га газар ашиглах зөвшөөрлийг олгож, Аялал жуулчлалын хөгжлийн төв байгуулахтай холбогдуулан хамтран ажиллах гэрээний төслийг боловсруулан хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газарт үүрэг болгосон, улмаар 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай 2017/083 дугаартай гэрээг талууд байгуулсан байна.

2.4.Маргаан бүхий газар дээр нэхэмжлэгчээс Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын даргаас 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр МЗХ2017/14-31 дугаартай цутгамал төмөр бетон арагт бүтээц хийцтэй 8-16 давхар зоорьтой аялал жуулчлалын цогцолбор барилга барих архитектур төлөвлөлтийн даалгавар,

Ус сувгийн удирдах газраас 233/18 дугаартай Техникийн нөхцөл, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас 1865/2017 дугаартай Техникийн нөхцөл, Эрчим хүчний яамнаас 85/2017 дугаартай Техникийн нөхцөл, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас 060/2018 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг тус тус авч,

Барилгын хөгжлийн төвөөр аялал жуулчлалын хөгжлийн төвийн барилгын ажлын зураг төсөлд 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 103/2018 дугаар Магадлалын ерөнхий дүгнэлт хийлгэжээ.[4]

2.5.Голден дрийм ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/87 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан бөгөөд уг захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр Интернэшнл тур ХХК оролцжээ.

2.6.Улмаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 144 дүгээр шийдвэрээр хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/87 тоот тушаалыг хоёр сарын хугацаагаар түдгэлзүүлсэн байна.

2.7.Энэхүү шийдвэрийг Интернэшнл тур ХХК-ийн гомдлоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч Голден дрийм ХХК нь нэхэмжлэлээсээ татгалзсан тул давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор Голден дрийм ХХК-ийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 87 дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2.8.Үүний дараа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/407 дугаар тушаалын[5] 1 дэх заалтаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 144 дүгээр шийдвэр болон Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 324 дүгээр тогтоолоор баталсан Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хөтөлбөр, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.4.5 дахь хэсэг, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 01/158 дугаар албан бичиг, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 618 тоот санал зэргийг үндэслэн Интернэшнл тур ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгож, гэрээг цуцалсан,

2 дахь заалтаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны нэр дээрх Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн ам, Бурхан багшийн хөшөөний 1.2 га газрын эрхийг баталгаажуулан нэмж Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд 0.8 га, нийт 2 га газрыг олгожээ.

2.9.Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/260 дугаар тушаалаар[6] Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн амны хязгаарлалтын бүсэд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2018 оны А/407 дугаар тушаалаар нийт 2 га газрыг ашиглах эрхтэй болсон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тус газрыг хамгаалалтын захиргааны саналын дагуу 18255 м.кв болгон өөрчилж, 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 2016/0069 дугаартай тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрчилгээнд талбайн хэмжээг өөрчилсөн бүртгэлийг[7] бүртгэж, 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 2020/218 дугаартай Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах гэрээ[8] байгуулж, Теэм смайл ХХК-иар аялал жуулчлалын сургалт сурталчилгааны зориулалттай талбайн төлөв байдал, чанарын захиалгат хянан баталгааны ажлыг гүйцэтгүүлжээ.[9]

2.10.Нэхэмжлэгч Интернэшнл тур ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны А/407 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 344 дүгээр шийдвэрээр[10] Интернэшнл тур ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин аялал, жуулчлалын сайдад Интернэшнл тур ХХК-аас гаргасан 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Байгаль орчин аялал, жуулчлалын сайдын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/407 дугаар тушаалын Интернэшнл тур ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

2.11.Мөн шийдвэрт ...Интернэшнл тур ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/87 дугаар тушаалаар газар ашиглах эрхтэй болсон ба энэ газар дээр Аялал жуулчлалын төвийг барихаар эрх бүхий захиргааны байгууллагуудаас холбогдох зөвшөөрлийг хуульд заасан журмын дагуу авч үйл ажиллагаа явуулж байсан, энэхүү төсөлд нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтаар 1,319,751,000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж дүгнэжээ.

2.12.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/168 дугаар тушаалаар тус шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 344 дүгээр шийдвэрийг үндэслэн нэхэмжлэгчийн 0.44 га газар ашиглах эрхийг сэргээж, 0160746 дугаартай тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээний хавсралтад[11] тэмдэглэл үйлдсэн байна.

2.13.Үүний дараа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн А/286 дугаар тушаалаар Интернэшнл тур ХХК-д 2017 оны А/87 дугаар тушаалаар олгосон 0.44 га газар ашиглах эрхийг Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар хууль зөрчин газар олгосон гэх үндэслэлээр хүчингүй болгосон, энэ шийдвэрийг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гарган маргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 289 дүгээр шийдвэрээр[12] бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны А/286 дугаар тушаалыг хүчингүй болгосон, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 440 дүгээр магадлалаар[13] хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 376 дугаар тогтоолоор[14] хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсанаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.

2.14.Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай А/650 дугаар тушаалаар дээрх шүүхийн шийдвэр, магадлалыг үндэслэн Интернэшнл тур ХХК-ийн 0.44 га газар ашиглах эрхийг сэргээж, шүүхийн маргаантай байсан 2 жил 4 сарын хугацааг нөхөн олгож, газар ашиглах эрхийн хугацааг 2024 оны 08 дугаар сарын 12-ний өдөр хүртэл тогтоосныг 0160746 дугаартай тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээний хавсралтад[15] тэмдэглэсэн байна.

2.15.Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 01/277 тоот[16] ...сайдын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/87 дугаар тушаалаар Интернэшнл тур ХХК ХХК-д 0.44 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ... ашиглах эрх олгосон байна. Төрийн өмчийн эзэмшилд байгаа Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнгийн 1.87 га газартай давхцуулж дээрх ... компанид газар олгосон асуудлыг судалж, хэрхэн шийдвэрлэх... талаар санал авах тухай албан бичгийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт хүргүүлсний хариуд тус газрын 2024 оны 03 дугаар сарын 21-ний А-1/610 тоот[17] албан бичгээр ...Засгийн газрын Төрийн болон орон нутгийн өмчийн талаар авах зарим арга хэмжээний тухай 2020 оны 10 дугаар тогтоолын 7 дахь заалтад Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн эзэмшилд байгаа барилга байгууламжийн доорх газар эзэмших, ашиглах эрхийг иргэн, хувийн хэвшлийн хуулийн этгээдийн нэр дээр олгосныг цуцалж, тухайн төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн нэр дээр баталгаажуулах, газар эзэмшилтэй холбоотой зөрчлийг арилгах арга хэмжээг 2020 онд багтаан авч хэрэгжүүлэх, цаашид төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдэд эзэмшүүлсэн газраас хувийн хэвшлийн хуулийн этгээд, иргэнд эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргахгүй байх, барилга барих, эхлүүлэх зөвшөөрөл олгохгүй гэж заасан. Иймд дээрх газар эзэмших эрхээс Интернэшнл тур ХХК ...-д давхцуулж олгосон шийдвэрийг цуцлах арга хэмжээ авч хариу мэдэгдэхийг... Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргад хүргүүлсэн байна.

2.16.Улмаар Маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн А/144 дүгээр тушаалаар Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна заасныг зөрчсөн үндэслэлээр нэхэмжлэгчийн 0.44 га газар ашиглах эрхийг хүчингүй болгосон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхзаяагаас шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон голлох үндэслэлээ бусдын ашиглах эрхтэй газартай давхцалтай бөгөөд Газрын тухай хуулийн 40.1.1-40.1.7-д заасан үндэслэл хамаарахгүй гэж тайлбарласан тул шүүхээс нэхэмжлэгчид ашиглах эрх олгосон 0.44 га талбай бүхий газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхацсан эсэхэд дараах байдлаар дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэв.

3.Өөрөөр хэлбэл, хариуцагчаас Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад заасан Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.7-д заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцлаагүй гэж тайлбарласан тул хуулийн дээрх үндэслэлийн талаар дүгнэлт өгөөгүй болно.

4.Нэхэмжлэгч Интернэшнл тур ХХК-ийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн аманд байрлах 0.44 га газар нь тус дүүрэгт байрлах Бурхан багшийн хөшөөний дэргэд, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны нэгж талбарын 1781000689 дугаар бүхий 18254 м.кв талбай бүхий газартай бүхэлдээ давхцалтай болох нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 2/2975 дугаартай албан бичиг[18], шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэгээр тогтоогддог.

5.Уг захиргааны хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасан үндэслэлийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 367 дугаар магадлалд ...нэхэмжлэгчид анх газар ашиглуулах эрх 2017 онд олгохдоо бусдын газартай буюу Байгаль, орчин аялал жуулчлалын яамны газартай давхцуулан олгосон, эсхүл, шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг сэргээн олгохдоо газрын давхцал бий болсон эсэхтэй холбоотой нөхцөл байдлыг зайлшгүй тогтоох, ...Ийнхүү тогтоохдоо нэхэмжлэгчид анх олгосон газрын байршил хаана байсан гэдэгтэй холбоотой баримтуудыг цуглуулах, нэхэмжлэгч болон Байгаль, орчин аялал жуулчлалын яамны ашиглалтын газруудын 2017 оноос хойших жил бүрийн сансрын зургийг давхцуулан авч, тэдгээр газрууд нь аль хэсгээрээ давхцалтай, давхцал нь бүхэлдээ эсхүл, зарим хэсгээрээ давхцалтай эсэх нөхцөл байдлыг мөн анхан шатны шүүхээс тогтоох, ... Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны А/87 дугаар тушаалын 1 дэх заалтаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны ашиглаж байсан газраас 0.14 га газрыг хүчингүй болгож, 2 дахь заалтаар 0.44 га газар ашиглах эрхийг Интернэшнл тур ХХК-д олгосон. Уг А/87 тушаалаар хүчингүй болгосон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны 0.14 га газрын байршил, солбицлыг нэхэмжлэгчийн ашиглалтын 0.44 га газрын байршил, солбилцолтой давхцуулан үзэж, нэхэмжлэгчид олгосон газар нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны хүчингүй болгосон 0.14 га газартай давхцаж байгаа эсэхийг тодруулсны үндсэн дээр хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоох гэж дүгнэсэн.

6.Анхан шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасан хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах үүргийн хүрээнд дээрх магадлалд заасан нөхцөл байдлыг тодруулах ажиллагааг хийхэд,

6.1.Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 2/2975 тоот албан бичгээр[19] ...Газрын кадастрын мэдээллийн сангийн 2006 оны 09 дүгээр сарын 03-наас 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүртэлх мэдээллээс албан бичигт дурдсан нэгж талбарын 1781000689 дугаараар хайлт хийж үзэхэд 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн архивын мэдээлэлд 18254 м.кв талбайгаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны нэр дээр ашиглах эрхийн төрлөөр бүртгэгдсэн байна, ...Харин Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/87 дугаар тушаалаар Интернэшнл тур ХХК-д олгосон газрын мэдээлэл нь Газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй байна. Иймд албан бичигт дурдсан 0.44 га газрын давхцал хэзээ үүссэн баримтыг гаргах боломжгүй... гэх хариуг,

6.2.2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2/3602[20], 2/3603[21] тоот албан бичгүүдээр ...Газрын мэдээллийн сангийн 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн мэдээллээс албан бичигт дурдсан нэгж талбарын 1781000689 дугаараар хайлт хийж үзэхэд 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Б.Мөнхтөр тусгай хамгаалалттай газар нутагт шинээр газар ашиглуулах тухай хүсэлтийг бүртгэсэн... гэх хариуг,

6.3.Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 01/1418 тоот албан бичгээр[22] Тус албан тоотод дурдсан газрын давхцал бий болсонтой холбоотой мэдээллийг хүргүүлэх боломжгүй байна, ...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны А/87 дугаар тушаалыг холбосон, бүртгэсэн талаар судалж үзэхэд тус Хамгаалалтын захиргаа 2017 онд газрын нэгдсэн сангийн удирдлагын нэгдсэн цахим системд холбогдоогүй байсан бөгөөд тухайн үеийн бүртгэлтэй холбоотой мэдээллийг гаргах боломжгүй... гэх хариу ирүүлж, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 2016/0069 дугаартай 1.87 га газар ашиглах эрхийн гэрчилгээ, хавсралт, 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн гэрээ, Аялал жуулчлалын хөгжлийн төвийн хуулийн этгээдийн гэрчилгээг нотлох баримтаар ирүүлснээс өөр баримт ирүүлээгүй,

6.4.Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 07/6512 тоот албан бичгээр ...Интернэшнл тур ХХК-д анх газар олгохдоо Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд олгосон 1.87 га-аас 0.14 га цуцалж, 0.44 га-д давхцуулж олгосон, ... Засгийн газрын 2020 оны 110 дугаар тогтоолоор Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим систем буюу газрын кадастрын мэдээллийн систем нэвтэрч эхэлсэн бөгөөд мэдээллийн санд давхцалтай байсан тул бүртгэл хийх боломжгүй байсан... гэх хариуг тус тус ирүүлсэн.

6.5.Дээрх баримтуудаас үзвэл хариуцагчаас газрын давхцалыг Интернэшнл тур ХХК-д анх газар олгоход үүссэн гэж тайлбарлаж байх боловч үүнийг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, харин Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/87 дугаар тушаалаар Интернэшнл тур ХХК-д олгосон газрын мэдээлэл нь Газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй болох нь тогтоогдож байна.

7.Хэрэгт авагдсан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 08/725 тоот албан бичгээр тус шүүхэд ирүүлсэн ...Уг хүсэлтэд дурдсан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/87 дугаар тушаалын 1 дэх заалтад ...Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны газраас 0.14 га газрын эрхийг хүчингүй болгосугай гэж заасан нь техникийн алдаа гэж үзэж байна. Интернэшнл тур ХХК-аас тухайн алдааг засварлуулах талаарх хүсэлт гаргаж байгаагүй болно гэх тайлбараас үзвэл нэхэмжлэгчид анх газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/87 дугаар тушаалын 1 дэх заалтад Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны газраас хүчингүй болгосон газрын хэмжээг 0.14 гэж тэмдэглэсэн нь техникийн алдаа болох нь тогтоогдож байна.

8.Тодруулбал, маргаан бүхий нэхэмжлэгчийн 0.44 га газар нь байршлын хувьд яамны 1.87 га газрын голд байрлалтай, 2017 оны А/87 дугаар тушаалын нэг дэх заалтаар яамны газрын хэмжээг багасгаж, хоёр дахь заалтаар Интернэшнл тур ХХК-д газар ашиглах эрх олгосон, уг тушаалаар өөр этгээдийн газрын асуудлыг шийдвэрлээгүй зэрэг нөхцөл байдлаас үзэхэд хариуцагч анхнаасаа нэхэмжлэгчид газар ашиглах эрх олгохдоо яамны газраас 0.44 га газрыг багасгах байдлаар хасаж, нэхэмжлэгчид газар олгосон буюу А/87 дугаар тушаалын нэг дэх заалтад 0.14 га гэсэн нь техникийн буюу бичиглэлийн алдаа гэж дүгнэх үндэслэлтэй байна.

9.Түүнчлэн хариуцагчаас Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны ашиглах эрхтэй 1.87 га газрын аль хэсэгт байрлах 0.14 га газрын ашиглах эрхийг цуцалсан болохыг, давхацсан гэх 0.30 газрыг яамны ашиглах эрхтэй газрын аль хэсгээр давхцуулж нэхэмжлэгчид олгосон болохоо баримтаар шүүхэд нотлоогүй, шүүхээс энэ талаарх баримтыг шаардахад гаргаж өгөөгүй болно.

10.Мөн хэрэгт авагдсан 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Интернэшнл тур ХХК-ийн 4404.5 м.кв газрын кадастрын зураг[23], 2014 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Голден дрийм ХХК-ийн 4408 м.кв газрын кадастрын зураг[24], Аялал жуулчлалын үндэсний төв ТӨҮГ болон Голден дрийм ХХК нарын хооронд байгуулсан 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хамтран ажиллах санамж бичиг[25], Төрийн өмчийн хорооноос Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд хүргүүлсэн 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Санал хүргүүлэх тухай 1б/3421 тоот албан бичиг[26], Голден дрийм ХХК болон Интернэшнл тур ХХК нарын хооронд үүссэн гэх газрын давхцалын маргааныг хянан шийдвэрлэх явцад гарсан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 144 дүгээр шийдвэр зэргээс үзвэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/87 дугаар тушаалаар нэхэмжлэгчид 0.44 га газар ашиглах эрхийг олгохдоо яамны ашиглах эрхтэй 1.87 га газраас 0.44 га газрыг хассан, уг тушаалын нэг дэх заалтад 0.14 гэж хассан газрын хэмжээг буруу бичиж техникийн алдаа гаргасан, хассан 0.44 га газрын хэмжээгээр нэхэмжлэгчид газар ашиглах эрх олгосон бөгөөд анхнаасаа газрын давхцал үүсээгүй гэж дүгнэх үндэслэлтэй байна.

11.Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасан, дээр дүгнэсэнчлэн газрын давхцал анхнаасаа үүсээгүй байх тул нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн А/144 дүгээр тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй, үндэслэлгүй шийдвэр байна.

12.Нэхэмжлэгчид газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/87 дугаар тушаалын 3 дахь заалтад Аялал жуулчлалын хөгжлийн төв байгуулахтай холбогдуулан хамтран ажиллах гэрээний төслийг боловсруулан хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газарт үүрэг болгосон бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан Аялал жуулчлалын хөгжлийн төв байгуулах боломжтой гэх тайлбар зэргээс үзвэл захиргааны байгууллагаас маргаан бүхий 0.44 га газрыг Интернэшнл тур ХХК-д олгохдоо Аялал жуулчлалын хөгжлийн төв байгуулах, хамтран ажиллах зорилготой байсан боловч энэ нь хэрэгжих боломжгүй болсон нь тогтоогдож байна.

13.Тодруулбал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд Аялал жуулчлалын хөгжлийн төв төрийн өмчит газар, төрийн бус байгууллага, холбоо бүгд байгуулагдаад ажиллах нөхцөл боломжоор нь хангаад гадаадын хөрөнгө оруулалтаар 4 давхар байшин яармагт байгуулсан, уг газарт бүх зүйлээ хийх бүрэн боломжтой болсон, анхны тушаалаар олгогдож байсан зорилго тэнд хэрэгжчихсэн, бодит байдал дээр анхны төсөл хэрэгжих боломжгүй гэж тайлбар гаргаснаас үзвэл нэхэмжлэгч Интернэшнл тур ХХК-д 0.44 га газар ашиглах эрх олгосон захиргааны байгууллагын зорилго хэрэгжсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.

14.Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлд захиргааны байгууллагаас тодорхой асуудлыг шийдвэрлэхдээ хууль, захиргааны хэм хэмжээний актаар зөвшөөрөгдсөн боломжит хувилбаруудаас эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан шаардлагад үндэслэн зорилгодоо нийцүүлэн сонгох боломжийг хэрэглэж захиргааны акт гаргах зохицуулалтыг хуульчилсан.

15.Хэдийгээр хариуцагчийн аялал жуулчлалын хөгжлийн төв байгуулах зорилго хэрэгжсэн боловч 2017 оны А/87 дугаар тушаалаар олгосон газар ашиглах эрхийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан энэхүү төсөлд нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтаар 1,319,751,000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон байх тул Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэл хамгаалах зарчим хэрэглэгдэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

16.Мөн Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.2-т Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ гэж заасан.

17.Иймд хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаас хуулийн дээрх заалтын хүрээнд хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг баримтлан хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн хүрээнд тухайн газар дээр Аялал жуулчлалын хөгжлийн төвийг барихтай холбогдуулан гаргасан 1.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын асуудлыг харгалзан үзэж, хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд зорилгодоо нийцүүлэн дахин шинэ акт гаргах шаардлагатай бөгөөд үүнийг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн А/144 дүгээр тушаалыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж дахин шинэ акт гаргахыг даалгах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

18.Хэрэв хариуцагчаас шүүхээс тогтоосон хугацаанд дахин шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий тушаал хүчингүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

19.Шүүх бүрэлдэхүүн иргэдийн төлөөлөгчийн гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын гаргасан шийдвэр үндэслэлтэй гэх агуулга бүхий дүгнэлтийг дээрх үндэслэлүүдээр хүлээн авах боломжгүй гэж үзсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.11 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.8, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтыг тус тус баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын сайд /хуучин нэрээр/-ын 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн А/144 дүгээр тушаалыг хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаас дахин шинэ акт гаргах хүртэл гурван сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон гурван сарын хугацаанд хариуцагчаас дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд /хуучин нэрээр/-ын 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн А/144 дүгээр тушаал хүчингүй болохыг мэдэгдсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  А.ГАНЗОРИГ

 

ШҮҮГЧ О.БАТСҮХ

 

ШҮҮГЧ С.ОДМАА