Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 307/ШШ2025/01715

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Хэргийн индекс: 307/2025/02015/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* (РД: *******, утас: *******)-ын хүсэлттэй,

“Ажилласан байдал тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч Б.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч Б.******* нь шүүхэд гаргасан хүсэлтийнхээ үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

“...Миний бие 1991 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс Дархан-Уул аймгийн 10 дугаар цэцэрлэгт туслах багшаар ажилласан. 1994 оноос сувиллын ясли цэцэрлэг гэж нэрийг нь өөрчилсөн. 1993 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс цомхотголд орж, 1993 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ажилдаа буцаж орж ажилласан нь хөдөлмөрийн дэвтэрт тэмдэглэсэн боловч тамга тэмдэг зөрүүтэй байна. Ажилд эргүүлэн авсан тушаал баримтыг шүүлгэхэд огт гарч ирэхгүй байна. Иймд намайг 1993 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1999 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд 10 дугаар цэцэрлэгт ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү” гэжээ.

2.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт эхээр, хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн нотариатаар батлуулсан хуулбар, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын нэг цэгийн үйлчилгээний байцаагчийн 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн тодорхойлолт, 262339 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбар, Дархан хотын нэгдсэн 10 цэцэрлэгийн эрхлэгчийн 1991 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 12 дугаартай “Ажилд түр томилох тухай” тушаалын хуулбар, Дархан хотын нэгдсэн 10 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 1993 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 13 дугаартай “Орон тооны цомхотголд орсон ажилчдыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар, Дархан хотын Хүүхдийн сувиллын ясли цэцэрлэгийн эрхлэгчийн 1994 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 01 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаалын хуулбар, Дархан хотын Хүүхдийн сувиллын ясли цэцэрлэгийн эрхлэгчийн 1995 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 23 дугаартай “Цалинг шинэчлэн тогтоож, ээлжийн амралт олгох тухай” тушаалын хуулбар, Дархан-Уул аймгийн Дархан сумын Хүүхдийн сувиллын ясли цэцэрлэгийн эрхлэгчийн 1999 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 24 дугаартай “Ажилд авах ба ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар, хүсэлт гаргагчийн 068035 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбар, Дархан-Уул аймгийн Төрийн архивын 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 401 дугаартай тодорхойлолтын нотариатаар батлуулсан хуулбар, гэрэл зургууд зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. (хх 3-15 хуудас)

3.Шүүхээс гэрч Д.*******, А.******* нараас мэдүүлэг авч, Дархан-Уул аймгийн Төрийн архивын 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 445 дугаартай тодорхойлолт, Дархан-Уул аймгийн Дархан сумын Хүүхдийн сувиллын ясли цэцэрлэгийн эрхлэгчийн 1999 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 24 дугаартай “Ажилд авах ба ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар, Дархан-Уул аймгийн Дархан сумын Хүүхдийн сувиллын ясли цэцэрлэгийн эрхлэгчийн 1998 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 10 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаалын хуулбар, Дархан-Уул аймгийн Дархан сумын Хүүхдийн сувиллын ясли цэцэрлэгийн эрхлэгчийн 1997 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дугаартай “Тэтгэмжтэй чөлөө олгох тухай” тушаалын хуулбар, Дархан-Уул аймгийн Дархан сумын Хүүхдийн сувиллын ясли цэцэрлэгийн эрхлэгчийн 1996 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 28 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаалын хуулбар, Дархан хотын Хүүхдийн сувиллын ясли цэцэрлэгийн эрхлэгчийн 1995 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 23 дугаартай “Цалинг шинэчлэн тогтоож, ээлжийн амралт олгох тухай” тушаалын хуулбар, Дархан хотын нэгдсэн 10 цэцэрлэгийн эрхлэгчийн 1993 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 06 дугаартай “Засгийн газрын 69-р тогтоолоор цалинг нэмэх тухай” тушаалын хуулбар, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 429 дугаартай албан бичиг, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 191 дугаартай лавлагаа, даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлсний хуулбар зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн болно. (хх 27-32, 36-42, 45-47 хуудас)

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хүсэлт гаргагч Б.******* нь Дархан-Уул аймгийн нэгдсэн 10 дугаар цэцэрлэгт 1993 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1999 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргажээ.

 Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтийн зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.  

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д “Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ”, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-т “Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно; 135.2.6.хүний ажиллаж байсан байдал” гэж заажээ.

Хүсэлт гаргагч Б.******* нь ажилласан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан нь дээрх хуульд заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарч байна.

3.Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д “Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа /оршин байгаа/ газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана” гэж заасны дагуу хүсэлт гаргагч нь тус шүүхэд хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй байна.

4.Хүсэлт гаргагчийн Дархан-Уул аймгийн нэгдсэн 10 дугаар цэцэрлэгт 1993 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1999 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байсан үеийн баримтууд архиваас бүрэн олдоогүйн улмаас тэтгэвэр тогтоолгох боломжгүй болж ажилласан байдлаа тогтоолгохоор шүүхэд ханджээ.

5.Хавтас хэрэгт авагдсан 262339 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн “...1993.05.01-ий өдөр сувиллын ясли цэцэрлэгт асрагчаар авч ажиллуулав...” гэх хуулбар, Дархан хотын нэгдсэн 10 цэцэрлэгийн эрхлэгчийн 1991 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 12 дугаартай “Ажилд түр томилох тухай” тушаалын “...1-т Б.*******ыг 1991 оны 02 дугаар сарын 16-наас эхлэн түр томилсугай...” гэх хуулбар, Дархан хотын нэгдсэн 10 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 1993 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 13 дугаартай “Орон тооны цомхотголд орсон ажилчдыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалын “...1-т Б.******* 1991 оны 02 дугаар сарын 21-нд туслах багшаар...” гэх хуулбар, Дархан хотын Хүүхдийн сувиллын ясли цэцэрлэгийн эрхлэгчийн 1994 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 01 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаалын 1 дүгээр хавсралтын “...24-т багш Б.*******...” гэх хуулбар, Дархан хотын Хүүхдийн сувиллын ясли цэцэрлэгийн эрхлэгчийн 1995 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 23 дугаартай “Цалинг шинэчлэн тогтоож, ээлжийн амралт олгох тухай” тушаалын “...2-т Цэцэрлэгийн Техникум төгсөн ирсэн мэргэжлийн багш ******* овогтой *******ыг А-5-3-аар буюу 12,875 төгрөгөөр цалинжуулсугай...” гэх хуулбар, Дархан-Уул аймгийн Дархан сумын Хүүхдийн сувиллын ясли цэцэрлэгийн эрхлэгчийн 1999 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 24 дугаартай “Ажилд авах ба ажлаас чөлөөлөх тухай” тушаалын “...2-т аар газар шилжин ажиллах болсон учир хүсэлтийг нь харгалзан ******* овогтой *******ыг 09-р сарын 09-нөөс тасалбар болгон ажлаас чөлөөлсүгэй...” гэх хуулбар, хүсэлт гаргагчийн 068035 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбар, Дархан-Уул аймгийн Төрийн архивын 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 401 дугаартай тодорхойлолтын нотариатаар батлуулсан хуулбар, гэрэл зургууд, гэрч Д.*******гийн “...1994 онд намайг Дархан-Уул аймгийн Сувиллын ясли цэцэрлэгт ажилд ороход Б.******* нь тус цэцэрлэгт багшаар ажиллаж байсан. 1998, 1999 оны үед Б.******* нь эчнээгээр төгсөөд Төмөр замын Улиасхан цэцэрлэг рүү шилжин ажилласан...” гэх мэдүүлэг, гэрч А.*******гийн “...Б.******* нь 1991 онд 10 дугаар цэцэрлэгт туслах багшаар ажилд орж байсан. Цэцэрлэгийн нэршил нь 1993 онд Сувиллын ясли болж өөрчлөгдсөн. Б.******* нь Сувиллын ясли цэцэрлэгт 1999 он хүртэл туслах багшаар ажилласан...” гэх мэдүүлэг, Дархан-Уул аймгийн Дархан сумын Хүүхдийн сувиллын ясли цэцэрлэгийн эрхлэгчийн 1998 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 10 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаалын “...1-т багш ******* овогтой *******ыг ажлын 19 хоног...” гэх хуулбар, Дархан-Уул аймгийн Дархан сумын Хүүхдийн сувиллын ясли цэцэрлэгийн эрхлэгчийн 1997 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дугаартай “Тэтгэмжтэй чөлөө олгох тухай” тушаалын  “...1-т багш ажилтай ******* овогтой ******* жирэмсний ба төрсний дарах амралтаа эдэлсэн тул 1997 оны 01 дүгээр сарын 2-ноос хүүхдээ 2 нас хүртэл асрах тэтгэмжтэй чөлөөг олгосугай...” гэх хуулбар, Дархан-Уул аймгийн Дархан сумын Хүүхдийн сувиллын ясли цэцэрлэгийн эрхлэгчийн 1996 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 28 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаалын “...1-т багш ******* овогтой *******ыг ажлын 24 хоног тус тус амраасугай...” гэх хуулбар, Дархан хотын нэгдсэн 10 цэцэрлэгийн эрхлэгчийн 1993 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 06 дугаартай “Засгийн газрын 69-р тогтоолоор цалинг нэмэх тухай” тушаалын “...15-т Б.*******...” гэх хуулбар, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 191 дугаартай “...Б.*******ын ажиллаж байсан 10 цэцэрлэг шимтгэл төлөлтийн тайлангаар 1992, 1993, 1994 оны цалингийн буюу хөдөлмөрийн хөлсний сангаас тооцон нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэврийн санд төлж байсныг тодорхойлов” гэх лавлагаа, 1995-1999 он хүртэлх даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлсний хуулбар зэрэг баримтуудаар:

-Хүсэлт гаргагч Б.******* нь 1993 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Дархан хотын 10 дугаар цэцэрлэгт багшаар ажиллаж байсан байдал тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангах үндэслэлтэй.

6.Харин хүсэлт гаргагчийн 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд Дархан хотын 10 дугаар цэцэрлэгт ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нийгмийн даатгалын тухай хууль 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлснээр нийгмийн даатгалын шимтгэлийг даатгуулагч тус бүрээр төлж эхэлсэн бөгөөд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, 22.4 дүгээр хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 450 дугаартай “Журам батлах тухай” тогтоолын хавсралтаар баталсан “Тэтгэвэр тогтоолгох, тэтгэврийн хэмжээг өөрчлөхөд бүрдүүлэх баримт бичиг, тэтгэвэр олгох журам”-ын 2.2.2 дахь заалт, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/246 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Тэтгэвэр тогтоолгох баримт бичгийн бүрдэлд хяналт тавих, тэтгэврийн хувийн хэрэг бүрдүүлэх, бүртгэх журам”-ын 2.2, 2.3 дахь заалтуудад тус тус зааснаар даатгуулагчийн ...1995-2020 оны хооронд ажил хөдөлмөр эрхэлж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг ажил олгогч болон нийгмийн даатгалын байгууллагын баталгаажуулсан нийгмийн даатгалын дэвтэр, 2021 оноос хойш хугацааны шимтгэл төлөлтийг QR код бүхий шимтгэл төлөлтийн лавлагааг үндэслэн тооцохоор заасан байна.

Иймд хүсэлт гаргагч Б.*******ын 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд Дархан хотын 10 дугаар цэцэрлэгт ажиллаж байсан байдлыг шүүхийн журмаар тогтоох үндэслэлгүй.

Хэрэгт авагдсан Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын “Даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн архивын лавлагаа”-аар хүсэлт гаргагч Б.******* нь 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн байх тул хүсэлт гаргагч нь энэ хугацаанд ажилласан байдлаа захиргааны журмаар тогтоолгох нь зүйтэй болохыг дурдаж байна.

7.Хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт ******* ******* (РД: *******)-ыг 1993 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Дархан хотын нэгдсэн 10 дугаар цэцэрлэгт буюу өөрчлөгдсөн нэршлээр Дархан хотын хүүхдийн Сувиллын Ясли цэцэрлэгт багшаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож, үлдэх 1995 оноос 1999 оныг хүртэлх хугацаанд дээрх байгууллагад ажиллаж байсан байдлыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Б.НОМИН