| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Цэцэгээ |
| Хэргийн индекс | 173/2018/00136/Э |
| Дугаар | 74 |
| Огноо | 2018-05-10 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Б.Мөнгөншагай |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 74
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,
Улсын яллагч Б.Мөнгөншагай,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Оюунчимэг,
Шүүгдэгч Г.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дамбийням нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Үст овогт Ганлийн Эрдэнээд холбогдох эрүүгийн 1726000300023 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Үст овогт Г.Э
Шүүгдэгч Г.Э нь 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, “Өлзийтийн өвөр” гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж, байгаль орчинд 355571 /гурван зуун тавин таван мянга таван зуун далан нэг/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Г.Э шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогч Б.Д мөрдөн байцаалтанд өгсөн: “...Аймгийн мэргэжлийн хяналтын газраас 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хийсэн шалгалтаар Г.Э гэх иргэн тусгай зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар газрын хэвлийд халдаж, газрын хөрс эвдэлж нөхөн сэргээлт хийгдээгүйн улмаас байгаль орчинд хохирол учруулсан. Уг газрын хохирлын үнэлгээг мэргэжлийн байгууллагаар хийлгэсэн. Тухайн байгууллагын дүгнэлтээр гарах газрын хохирлын үнэлгээг хууль бус үйл ажиллагааг явуулсан Г.Э нэхэмжилж байна. ...Үнэлгээний компаниар хэдэн төгрөгийн хохирол гарна тэр мөнгийг нь нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29 хуудас/,
Хохирогч Б.Д-*н мөрдөн байцаалтанд 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр дахин өгсөн: “...2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Өлийн ар” гэх газар шалгалт хийгээд явж байтал ямар нэгэн хүнгүй жижиг оврын эксковатор байсан. Тэгэхээр нь би энэ хэний эксковатор болохыг тодруулахад Арвайхээр сумын Эрдэнээ гэж хүнийг гэж хэлсэн. Маргааш нь Э сумын төвд надтай ирж уулзаад би алт олборлохгүй гэж хэлэхээр нь би хууль тайлбарлаж өгөөд алт олборлож болохгүй талаар нь хэлсэн. Ингээд дахиж харилцаагүй байж байгаад 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр шалгалтаар явж байгаад Э-тэй дахиад таарсан ба Э-д газар чөлөөл гэж шаардсан бөгөөд тухайн үед Э ашигт малтмал олборлохоор газар ухаагүй байсан. Үүнээс хойш 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Э ирж газар ухаж байгаад Мэргэжлийн хяналтын байцаагчид лацдуулчихсан гэсэн мэдээлэл ирсэн. Баруунбаян-Улаан сумын 1 дүгээр багийн нутаг “Өлзийтийн өвөр” гэх газраас жижиг оврын Daewoo-55 маркийн жижиг оврын эксковатортой, камаз маркийн 58-14 БӨТ улсын дугаартай ачааны машинтай байсан. Ганцаараа ашигт малтмал ашигласан болно...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31 хуудас/,
Хохирогч Б.Д-н мөрдөн байцаалтанд 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр дахин өгсөн: “...Надад өмнө нь өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй. ...Мэргэжлийн байгууллагын гаргасан дүгнэлтийн дагуу хохирлоо нэхэмжилж байна. Хохирлоо барагдуулчихвал надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-210 хуудас/,
Гэрч Т.О-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын иргэдийн төлөлөгчдийн хуралд гаргасан. Тэгээд сумаас дэмжээд ашигт малтмалын газар руу явуулсан. Зөвшөөрөл нь одоо хүртэл ирээгүй байгаа юм. Бид хоёр хамтарч ашигт малтмал олборлож байгаагүй. Г.Эрдэнээ ах өмнө нь ашигт малтмал олборлож байгаагүй бөгөөд Баруунбаян-Улаан суманд амьдардаггүй. Ойрын хэдэн жилдээ Г.Эрдэнээ ах Баруунбаян-Улаан сумаар нэг их харагдаагүй юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36 хуудас/,
Гэрч Д.Санжидхоролын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Г.Э гээд нэг хүн ирж алт тушаасан. 2017 оны 07 дугаар сарын 20-ны орчим шиг санагдаж байна. Хүмүүс жижиглингээр л өгсөн. 1 билүү 2 грамм л алт өгсөн. Түүнээс илүү жинтэй алт орж ирдэггүй. Хүнс идэж уух юмны мөнгө болон бензин авах гэсэн юм гээд жижиглэнгээр л орж ирдэг. Г.Э нь яг хэзээ орж ирж, ямар хэмжээний алт өгсөн талаар сайн санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37 хуудас/,
Гэрч С.Ж мөрдөн байцаалтанд өгсөн: “...Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын “Хууль бусаар ашигт малтмал олборлогч аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх” удирдамжийн дагуу Баруунбаян-Улаан сумын Таацын гол дагуу хяналт шалгалт хийсэн. Намайг очиход шөнийн 03 цаг 09 минутанд эксковатор нь газар ухчихсан байдалтай байж байсан. Голын хөндийгөөс 200 гаруй метр үйл ажиллагаа явуулж байсан. Иргэн Г.Э нь Doosan 55 маркийн эксковаторыг 003913 дугаарын лацаар лацадсан. Гар аргаар өмнө нь ухагдаж өртөж эвдэрсэн газар байсан. Эвдэгдсэн газрын солбилцлыг авахад 450321911 10101513311 метр байгаагүй учир хэмжээгүй. Зөвшөөрөл байхгүй бичиг баримтаа хөөцөлдөж байгаа гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39 хуудас/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 7-10/,
2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 05 дугаартай “Үйл ажиллагаа, ашиглалтыг түр зогсоох тухай” Өвөрхангай аймгийн мэргэжлийн хяналтын газрын санал /хх 13/,
Хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд зүйл, баримт бичгийг зөрчлийн хэрэгт хавсаргах тухай тэмдэглэл /хх 14/,
Лац, ломбо тавьсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 16-18/,
Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний “Монслов” ХХК-ний 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 18/018 дугаартай шинжээчийн: Хариулт 1. Иргэн Г.Эрдэнийн ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байсан талбайг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн зураг зүйн болон мэдээллийн санд шүүн үзэхэд хүчин төгөлдөр ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалгүй байна. АМГТГын 2018.08.15 өдрийн /-5888 тоот албан бичгийг хавсаргав. Түүнчлэн уг газар нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалгүй учир урьд өмнө нь ямар аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулж байсныг тогтоох боломжгүй байна.
Хариулт 2. Иргэн Г.Э-д холбогдох 1726000300023 дугаартай хэрэгт хамаарах Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын нутагт орших тус иргэний эвдрэлд оруулсан газрын солбицол бүхий талбай нь “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийн 4.3-т заасан Засгийн газрын 2015 оны 289 дугаар тогтоолын дагуу /Таацын гол/ Усны сан бүхий газрын 200 метрийн энгийн хамгаалалтын бүсийн хилтэй давхцалтай байна. БОАЖЯ-ны 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 066/4712 дугаар бүхий албан бичгийг хавсаргав.
Хариулт 3. Иргэн Г.Э нь 26.88м2 талбайд үйл ажиллагаа явуулсан нь “МОНСЛОВ” ХХК-ийн 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн хэмжилтээр тогтоогдсон. Уг талбайн байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээг БОАЖ-ын сайдын 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А-156 дугаар тушаалаар баталсан “Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох” аргачлалын дагуу байгаль орчны бүрэлдэхүүн тус бүрээр нь тооцож үзэхэд эдэлбэр газарт учрах хохирол-3.93 төгрөг, газрын хэвлийд учрах хохирол-13980 төгрөг, хөрсөн бүрхэвчинд учрах хохирол-4914 төгрөг, ургамлан нөмрөгт учрах хохирол-160674.17 төгрөг, нийт-179572.1 төгрөг, уг талбайг нөхөн сэргээхэд гарах ажлын зардлыг тооцоолж үзэхэд-139392.69 төгрөг байна.
Хариулт 4. Эдэлбэр газарт учрах хохирол-11.79 төгрөг, газрын хэвлийд учрах хохирол-27960 төгрөг, хөрсөн бүрхэвчинд учрах хохирол-14742 төгрөг, ургамлын нөмрөгт учрах хохирол 803370 төгрөг, нийт-846084.64 төгрөг.
Хариулт 5. Иргэн Г.Э-н ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байсан талбай нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалгүй байгаа учир нийт 26.88м2 ямар нэгэн тусгай зөвшөөрөлгүй талбайд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 213-221 хуудас/,
Монгол Улсын Засгийн Газрын 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 151 дүгээр тогтоол /хх-106-118/,
Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ний 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн №10/34 дугаар “2,2 гр байгалийн алт нь 175999 төгрөг” гэсэн тайлан /хх-128/,
Шүүгдэгч Г.Э-н хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-68/, ял шалгуулах хуудас /хх-69/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-73/, гэрлэсний бүртгэлийн хуулбар, бүрэн бус дунд боловсролын гэрчилгээний хуулбар /хх-92/, Э.Я-н, Э.Ц, Э.Г, Э.Ч нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх-93-94/,
2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр “Хаан банк”-ны 10090001**** тоот дансанд 355500 төгрөг тушаасан баримт /хх-236/,
2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр “Хаан банк”-ны 10090001**** тоот дансанд 490585 төгрөг тушаасан баримт,
Хохирогч Б.Д-н шүүхэд ирүүлсэн ...“Баруунбаян-Улаан сумын Байгаль орчны улсын байцаагч Б.Д би Арвайхээр сумын 2 дугаар багийн иргэн Г.Э-н зөвшөөрөлгүйгээр газрын хэвлий ашиглаж ашигт малтмал олборлосон гэх эрүүгийн хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон болно. Г.Э нь нэхэмжилсэн 846085 төгрөгийг Засгийн газрын Байгаль орчин уур амьсгалын санд тушааж хохиролгүй болгосон. Иймд Г.Э нь хохирлоо бүрэн барагдуулсан учир гомдол саналгүй бөгөөд шүүх хуралд оролцохгүй болно. ” гэсэн хүсэлт зэрэг болно.
Шүүгдэгч Г.Э нь 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, “Өлзийтийн өвөр” гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж байгаль орчинд 355571 /гурван зуун тавин таван мянга таван зуун далан нэг/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Б.Д /хх-ийн 31/, гэрч Т.О /хх-35-36/, Д.С /хх-37/,, С.Ж /хх-39/ нарын мэдүүлгүүд, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 7-10/, лац, ломбо тавьсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 16-18/, Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний “Монслов” ХХК-ний 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 18/018 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-213-221/, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ний 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн №10/34 дугаар тайлан /хх-128/, Г.Э-с сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 64-65, 66-67/, шүүгдэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч Үст овогт Г.Э холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Г.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хор уршгийг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч нь оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Г.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Г.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 846085 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг тус тус дурьдаж,
Шүүгдэгч Г.Э-д авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж, давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Үст овогт Г.Э-г тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар орших суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавж байгаа эрх бүхий албан байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.
5. Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч Г.Э-г бүртгэн, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Өвөрхангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч Г.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 846085 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол, шүүгдэгч Г.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
9. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.