Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 2024/ДШМ/54

 

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 27-ны өдөр                    Дугаар 2024/ДШМ/54                           Өвөрхангай аймаг

 

 

                        Д.Ч , Н.Б , Б.М ,

                         Г.Н , Ц.З , Д.Э  

   нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Нямдорж даргалж, ерөнхий шүүгч Н.Энхмаа, шүүгч Б.Цэрэнпүрэв нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд     

 

Прокурор Б.Буяндалай,

Шүүгдэгч Д.Ч ийн өмгөөлөгч Б.Батсайхан,   

Шүүгдэгч Б.М ,

Шүүгдэгч Г.Н ,

Шүүгдэгч Д.Э ,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Энхтуяа

Нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаярын даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/221 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч Г.Н , Н.Б , Б.М , Д.Ч  нарын гомдлоор Д.Ч , Н.Б , Б.М , Г.Н , Ц.З , Д.Э  нарт холбогдох эрүүгийн 2326001540151 тоот хэргийг 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв

Монгол Улсын иргэн, Д.Ч

Монгол Улсын иргэн, Н.Б

Монгол Улсын иргэн, Д.Э

Монгол Улсын иргэн, Б.М

Монгол Улсын иргэн, Г.Н

Монгол Улсын иргэн, Ц.З

Д.Ч  нь Б  сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга буюу нийтийн албан тушаалд ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1. албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид дарамт, шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх, 7.1.3. Албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах, 7.1.6. Албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх, 7.1.7. Албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх" гэснийг тус тус зөрчин, албан тушаалтын байдлаа урвуулан ашиглаж .... дугаартай тендер сонгон шалгаруулах үнэлгээний хорооны дарга Н.Б , үнэлгээний хорооны гишүүд Г.Н , Ц.З , Б.М , Д.Э  нарын шийдвэр, үйл ажиллагаанд нөлөөлөн, Өвөрхангай аймгийн Б  сумын Засаг даргын тамгын газарт "Онцгой байдал, гамшгаас хамгаалах албаны үйл ажиллагаанд ашиглах автомашин"-ыг нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах шийдвэр гарахаас өмнө өөрөө 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр гэрч Д.Э-оос 45.000.000 төгрөгөөр худалдан авсан, .... улсын дугаартай .... маркийн тээврийн хэрэгслийг тус суманд үйл ажиллагаа явуулдаг “....” ХХК-аар төлбөрийг төлүүлэн, тендерт оролцуулж, 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн үнэлгээний хорооны хурлаас техникийн тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй байхад нь шалгаруулсан, улмаар уг тендерийг Монгол Улсын сангийн яамнаас хүчингүй болгосны дараа тухайн автомашиныг “....”  ХХК-ийн нэр дээр дахин тендерийн материал бүрдүүлэн тендерт оролцуулж, үнэлгээний хорооны 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн хурлаас Баян жинчид ХХК-ийг ялагчаар шалгаруулсны дараа Баян жинчид ХХК-ийн төрийн банкны ....  тоот дансанд шилжүүлсэн 56.000.000 төгрөгөөс 50.250.000 төгрөгийг өөрийн хамаарал бүхий этгээдийн дансаар дамжуулан .... улсын дугаартай тээврийн хэрэгслийн төлбөрт Довын харз ХХК-нд 46.000.000 төгрөгийг шилжүүлж, “....” ХХК-нд буюу 1.000.000 төгрөгийн давуу байдал бий болгосон, үлдэгдэл 4.250.000 төгрөгөөс 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр өөрийн хаан банкны .....  тоот дансаар 500.000 төгрөг, өөрийн эхнэр О.Эрдэнэцэцэгийн хаан банкны .... тоот дансаар 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 3.750.000 төгрөгийг шилжүүлсэн авч өөртөө эдийн давуу байдал бий болгосон,

Шүүгдэгч Н.Б , Д.Э , Б.М , Г.Н  , Ц.З   нар нь нийтийн албан тушаалтан буюу .... дугаартай тендерийн үнэлгээний хорооны гишүүнээр ажиллахдаа тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Ч ийн нөлөөнд автаж, түүний “тендерт оролцуулсан автомашиныг шалгаруулах” хүсэлтийг гүйцэлдүүлэх зоригоор Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3. Албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах, 7.1.6. Албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх гэснийг зөрчиж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2-д "тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх" гэсэн чиг үүргийг хэрэгжүүлэхдээ албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж, Д.Ч ийн тендерийн шалгаруулалтаас өмнө худалдан авсан, .... улсын дугаартай .... маркийн тээврийн хэрэгслийг тус суманд үйл ажиллагаа явуулдаг “....” ХХК-аар төлбөрийг төлүүлэн, тендерт оролцуулж байгаа болохыг мэдсээр байж 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн үнэлгээний хорооны хурлаас техникийн тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй байхад нь шалгаруулсан, улмаар уг тендерийг Монгол Улсын сангийн яамнаас хүчингүй болгосны дараа тухайн автомашиныг “....”  ХХК-ийн нэр дээр тендерийн материал бүрдүүлэн тендерт дахин оролцуулахад нь үнэлгээний хорооны 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн хурлаас “....”  ХХК-ийг ялагчаар шалгаруулахаар шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос: Боржигон овгийн Д.Ч ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиас өмнө мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Н.Б , Д.Э , Б.М , Г.Н, Ц.З   нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиас өмнө мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус  гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Ч ийг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Н.Б , Д.Э , Б.М , Г.Н  , Ц.З   нарыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцон,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиас өмнө мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ч ийг нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил зургаан сарын хугацаагаар хасаж долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу долоон сая төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиас өмнө мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Б, Д.Э , Б.М, Г.Н , Ц.З   нарыг нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу таван сая дөрвөн зуун мянган төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ч-т оногдуулсан долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу долоон сая төгрөгөөр торгох ялыг, шүүгдэгч Н.Б , Д.Э , Б.М , Г.Н , Ц.З  нарт оногдуулсан таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу таван сая дөрвөн зуун мянган төгрөгөөр торгох ялыг нэг жилийн хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ч , Н.Б , Д.Э , Б.М , Г.Н , Ц.З  нарт шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ч т оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг  хоёр жил зургаан сарын хугацаагаар хасах, шүүгдэгч Н.Б , Д.Э , Б.М , Г.Н , Ц.З  нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг тус бүр хоёр жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг  ял оногдуулсан үеэс тоолж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1-д зааснаар шүүгдэгч Д.Ч , Н.Б , Д.Э , Б.М , Г.Н , Ц.З  нарт оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялын биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалган, шүүгдэгч Д.Ч , Н.Б , Д.Э , Б.М , Г.Н , Ц.З  нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Д.Ч  нь 4,250,000 төгрөг улсын орлогод төлсөн, шүүгдэгч Н.Б , Д.Э , Б.М , Г.Н , Ц.З  нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд  мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого 5,750,000 төгрөгийг шүүгдэгч Д.Ч оос, Иргэний хариуцагч “....” ХХК-аас 1,000,000 төгрөг тус тус гаргуулж улсын орлогод оруулахаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ч , Н.Б , Д.Э , Б.М , Г.Н , Ц.З  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч  нар давж заалдах гомдол гаргах,  иргэний хариуцагч  иргэний  нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч,  дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ч , Н.Б , Д.Э , Б.М , Г.Н , Ц.З  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Н  давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/221 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Г.Н  миний бие худалдан авах үнэлгээний хорооны гишүүний үүргийг гүйцэтгэгч бөгөөд сумын онцгой байдал, гамшгаас хамгаалах зориулалтаар худалдан авсан Toyota .... маркын автомашины худалдан авалтыг төрийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн хүрээнд зохион байгуулахад үнэнч шударгаар оролцож, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж ажилласан гэж өөрийгөө гэм буруугүй гэж үзэж байна. Иймд торгох болон төрийн албанд ажиллах эрх хассан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Н.Б  давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/221 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Н.Б  миний бие худалдан авах үнэлгээний хорооны даргын үүргийн дагуу сумын онцгой байдал, гамшгаас хамгаалах зориулалтаар худалдан авсан Toyota .... маркын автомашиныг худалдан авалтын хуулийн хүрээнд зохион байгуулж, бусдын дарамт, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан зүйлгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Б.М  давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/221 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Миний бие үнэлгээний хорооны нарийн бичгийн үүргийн дагуу сумын Засаг даргын Тамгын газарт онцгой байдал, гамшгаас хамгаалах зориулалтаар худалдан авсан Toyota .... маркын автомашиныг хуулийн дагуу шалгаруулсан. Үнэлгээний хороо болон тухайн үнэлгээний хороонд ажиллахдаа бусдын дарамт шахалт, нөлөөнд автаагүй, бусадтай урьдчилан тохиролцсон зүйлгүй, бусдад давуу байдал олгоогүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Д.Ч  давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/221 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Учир нь Toyota .... маркын автомашины нийт зөрүүгийн асуудал байгаа учраас дахин хянаж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Б.М  давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Өвөрхангай аймгийн Б сумын үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажилласан. Ажиллах явцдаа бусдын нөлөөнд автаж шийдвэр гаргаагүй, бусадтай урьдчилан тохиролцож хэн нэгний нөлөөнд автаж журам зөрчиж шийдвэр гаргаагүй. Бид 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хурлаа хийж машиныг нь үзүүлье гээд 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр шийдвэр гаргасан. Баянмонгол хорооллын доор байна гэж машины зургийг явуулж байсан. Тэгээд очоод үзэхэд машин нь асахгүй байсан. Чиптэй түлхүүртэй, чип нь байхгүй учраас асахгүй байсан гэсэн тайлбар өгсөн байсан. Тэгээд 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр шалгаруулсан. Тухайн машин хамгийн бага үнийн саналтай байсан. Гэрчүүдийн мэдүүлэгт Д.Ч той холбоотой зүйлүүд байгаа. Д.Ч той ярьж байсан зүйлүүдийг бид нар мэдэхгүй. Гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэж бид нарыг яллаж байгаад гомдолтой байна. Та нар нэг жижиг суманд амьдардаг учраас машин ирсэн байгааг харсан байх ёстой. Нэг байшинд ажилладаг учраас та хэд нэг нэгнийгээ мэдэх ёстой гээд байгаад үнэхээр гомдолтой байна. Та нар тэр машиныг зургаан сард ирсэн байсныг мэдсэн байх ёстой гээд байгаа. Өөр хэлэх зүйлгүй гэв.

Шүүгдэгч Г.Н  давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие автомашин авах үнэлгээний хорооны гишүүнээр ажиллахдаа ямар нэгэн албан тушаалтны нөлөөллөөр ажилласан зүйл байхгүй. Тухайн машиныг үнэлж хамгийн бага саналтай машиныг шалгаруулсан. Энэ хэргийг дахин хянаж үзэж бусдад давуу байдал олгосон уу үгүй юу гэдгийг нь хянаж өгнө үү гэв.

Шүүгдэгч Д.Э  давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Машин наадмаас өмнө 7 дугаар сарын 04-ний өдөр ирсэн юм. Гэрчийн мэдүүлэгт 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдөр аваад явсан гэсэн байгаа. Би гомдол гаргаагүй учраас өөр хэлэх зүйл байхгүй гэв.

Шүүгдэгч Д.Ч ийн өмгөөлөгч Б.Батсайхан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгдэгч нарын гаргасан гомдлуудыг дэмжиж байна. Шүүгдэгч Д.Ч  нь өөрт оногдуулсан шийтгэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа.  Учир нь шүүгдэгч Д.Ч ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үнэлгээний хорооны нэр бүхий 5-н гишүүнийг урьдчилан үгсэн тохиролцсон гэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй. “....” ХХК-аас мөнгө зээлээд машиныг урьдчилан авчирч тендерт оролцсон гэдэг үйлдлээрээ энэ хэрэгт холбогдсон. Д.Ч нь эдгээр хүмүүст нөлөөлсөн юм шиг харагдаж байгаа боловч бодит байдал дээр эдгээр хүмүүс хуулийн дагуу тендерийн үнэлгээний тушаал гаргасан. Энд 4-н удаагийн тендер зарлагдаж зохион байгуулагдсан. Нэр бүхий 5-н гишүүний ажлыг өөрсдөө бие даан хариуцахаас гадна, түүний дээд шатны байгууллага болох Өмчийн газар болон Сангийн яам гэсэн байгууллагууд хяналт тавьж байдаг. Эдгээр байгууллагууд нь комиссын гишүүдийн шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн. Энэ хэрэгт дурдаад байгаа тээврийн хэрэгсэл одоо ч төрийн үйлчилгээнд явж байгаа. Мөн төрийн өмчийн бүртгэлд авагдсан. Тэгэхээр эдгээр хүмүүст нөлөөлсөн урьдчилан үгсэн тохиролцсон зүйл байхгүй. Тендерийн үр дүнд болон бусдад давуу байдал бий болгосон зүйл хэрэгт тогтоогдоогүй. Эдгээр хүмүүсийг буруутай юм шиг харагдуулж байгаа зүйл бол машиныг урьдчилан авсан нь юм. Үнэлгээний комисс авчирсан машиныг авахгүй байх боломжтой байсан. Харин тээврийн хэрэгсэл тендерийн нөхцөл шаардлагыг хангаж тухайн тендерт оролцсон. Тээврийн хэрэгслүүдээс хамгийн боломжит буюу тендерийн шаардлагад нийцэж байгаа нь шинээр авчирсан тээврийн хэрэгсэл байсан учраас шалгаруулсан гэж ойлгож байгаа. Эдгээр хүмүүс тендерийн үр дүнд нөлөөлсөн гэдэг нь хавтаст хэрэгт цугларсан баримтаар нотлогдохгүй байгаа. Тээврийн хэрэгслийн үнэлгээг гурван байдлаар гарсан. “Лэндс” компанийн үнэлгээч Д.Оюундарь 45,000,000 төгрөгөөр, “Вендо” ХХК нь 65,981,250 төгрөгөөр үнэлсэн байдаг. Энэ машины үнэлгээ нь өөр хоорондоо зөрүүтэй байна гээд дахин шинжээч томилж шинжээчийн дүгнэлт гаргуулсан. Уг дүгнэлтээр  машиныг 47,500,000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Мөн машиныг тендерт оролцуулахдаа 51,000,000 төгрөгөөр худалдаж авсан гэсэн материал байдаг. Д.Ч ийн хувьд эрх зүйн байдлыг нь дордуулж байгаа нь хамгийн бага үнэлэгдсэн үнэлгээгээр буюу 45,000,000 төгрөгийг тендерийн үнэлгээнд нь зарлагдсан байсан түвшинд 56,000,000 төгрөгтэй харьцуулж 11,000,000 төгрөгийн хохирол учруулсан байна гэдэг байдлаар буруутгасан. Нэмэгдсэн өртгийн 5,750,000 төгрөгийг хураамжийг төр авсан байдаг. Үүнийг хохиролд тооцуулаад байгаа нь буруу, түүний эрх зүйн байдлыг дордуулсан байна. Одоо төлбөл зохих хохирол 1,500,000 төгрөг гэж үзэж байна. 56,000,000 төгрөгөөс 47,500,000 төгрөг буюу хамгийн сүүлд гарсан нь зөрүүтэй үнэлгээний дүгнэлтээр 47,500,000 төгрөг байгаа. 56,000,000 төгрөгөөс 47,500,000 төгрөгийг хасаж 5,750,000 төгрөгийг төлсөн. Энэ талаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд арай өөрөөр тооцсон байсан. 5,750,000 төгрөгийг шүүгдэгч Д.Ч оос, “....” ХХК-аас 1,000,000 төгрөгийг тус тус улсын орлогод оруулсугай гэсэн заалтыг зөвшөөрөхгүй байгаа юм. Шүүгдэгч нарын гаргасан шийдвэрт шат шатны дараалсан хяналт үнэлгээнүүд явагдаж байсан. Зөвхөн энэ 5-н гишүүний 4-н удаагийн тендерээс гадна Төрийн өмчийн хороо, Төрийн өмчийн газар болон Сангийн яамны байгууллагууд хяналт тавьж байсан. Тухайн машин нь төрийн ажил үйлчилгээнд явж хэрэглэгдэж байгаа учраас тендерийн үнэлгээний хорооны ажлын хууль бус үр дүн гаргасан гэдгийг зөвшөөрөхгүй байна. Мөн ажил албан тушаалын хувьд шүүгдэгч нар нь нэг дор ажилладаг, нэг суманд ажилладаг учраас эдгээр хүмүүст нөлөөлсөн гэдэг зүйл хэргийн материал дотор авагдаагүй. Харин хэргийг шалгаж байгаа эрх бүхий албан тушаалтнуудын эрх зүйн ухамсарт байдлуудтай холбоотой буруу дүгнэж шийдвэр гаргасан тул Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/221 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож дээрх нэр бүхий хүмүүсийг цагаатгаж өгнө үү гэв.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Энхтуяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Н , Б.М  Н.Б , Б.Э , Ц.З  нарын өмгөөлөгчөөр оролцож байна. Шүүгдэгч нарын гаргасан гомдлыг дэмжиж байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож яллагдагчаар татсан. Шүүгдэгч нар үнэлгээний хорооны комиссын 5-н гишүүд үнэлгээний хорооны техникийн шаардлага хангасан, хуулийн дагуу тендер сонгон шалгаруулалтыг явуулсан. Тендерийн материал нь хууль ёсны шаардлага хангасан учраас шалгаруулсан. 2023 оны 11 дүгээр сард автомашиныг Өвөрхангай аймгийн Төрийн өмчийн хороогоор бүртгэж авч ашиглаад өнөөдөр үйлчилгээнд явж байгаа. Техникийн шаардлага хангасан машин учраас Төрийн өмчийн хороо бүртгэлдээ бүртгэж өнөөдрийг хүртэл ашиглаж, өмчлөлдөө шилжүүлсэн. Яллагдагчаар байцаалт авахдаа тендерийн хорооны комиссын 5-н гишүүн тухайн тендерийн хороонд шалгаруулалт хийсэн дөрвөн удаагийн шалгаруулалтыг хууль ёсны дагуу явагдсан гэдгийг мөрдөн байцаалтын ажиллагаандаа тодорхой мэдүүлдэг. Энэ талаарх баримтууд нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тендерийн хорооны 5-н гишүүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  яллагдагчаар татсан нь үндэслэлгүй, үгүйсгэгдэж байгаа учраас өмгөөлөгчийн зүгээс дээрх 5-н шүүгдэгчийн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэсэн саналтай байна гэв.

Прокурор Б.Буяндалай давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Өвөрхангай аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Б.Буяндалай би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч Д.Ч , Н.Б , Б.М , Г.Н , Ц.З , Д.Э  нарт холбогдох эрүүгийн 2126002100108 дугаартай хэргийн шүүх хуралдаанд оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/221 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Д.Ч  машин сонгохдоо жолоочийг дагуулж явсан гэдгийг хэлсэн учраас огт болоогүй үйл явдлыг болсон мэтээр ярьж тэмдэглэл үйлдэж хурлыг хийж, шийдвэрээ гаргасан гэж  дүгнэж байна. Шүүгдэгч нарын тайлбараас харахад хоёр удаа очиж үзсэн мэтээр ярьж байна. Хавтаст хэрэг дотор хоёр удаа очиж үзсэн гэсэн зүйл байхгүй. Хамгийн сүүлд Д.Ч  ямар машин тендерт оруулах вэ гэж Улаанбаатар хот руу явахдаа тамгын газрын жолоочийг дагуулж явсан. Тэгэхдээ хэд хэдэн машин үзсэн, зарим нь асаагүй гээд болсон үйл явдлаа дараа нь болсон мэтээр хурал хийж тэмдэглэл үйлдсэн нь зориуд хууль бусаар шийдвэр гаргасан үзэх үндэслэлтэй.  Тэр машин хэзээ ирсэн ирээгүй нь тодорхой биш. Жолооч нар өөрөөс нь үнийг нь асуухад нэг удаа яваад л үзсэн. Д.Ч  дарга өөрөө машинаа сонгоод үзүүлээд байсан гэсэн л юм ярьсан байгаа гэдгийг хэлмээр байна. Тийм учраас үнэлгээний хорооны гишүүд хуулиар хүлээсэн чиг үүргээ урвуулан ашигласан. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга албаны эрхээ ашиглаж эдгээр хүмүүст нөлөөлсөн гэж дүгнэж байна. Хэн нэгэн нөлөөлөөгүй бол энэ хүмүүс хууль зөрчин байж гэмт хэрэг үйлдэн огт болоогүй үйл явдлыг болсон мэтээр хурал хийж шалгаруулахгүй байсан. Д.Ч  огт нөлөөлөөгүй гэж дүгнэх боломжгүй. Д.Ч  энэ машиныг анх авахдаа тендерт шалгарна гэдгийг мэдэж байсан болох нь мэдүүлгүүдээс нь харагддаг. Хүнээс 45,000,000 төгрөгийг зээлж удахгүй гаргаад өгнө, манайх энэ машиныг авч байгаа юм гэх үйлдлүүдээс нь харагдаж байна.  Мөнгө зээлүүлсэн хүн нь удаа дараа Д.Ч оос мөнгөө нэхэж олж авсан байдаг. Д.Ч  нь хамаатныхаа хүнээс мөнгийг олж өгч тендер шалгарсныхаа дараа нөгөө дүүдээ мөнгөө өгсөн ийм үйл баримт тогтоогдсон. Үүнээс дүгнэхэд Д.Ч  анхнаасаа энэ машиныг шалгаруулъя гэсэн зорилготой тендерт оролцож нөлөөлсөн гэх үндэслэлтэй. Мөн 45,000,000 төгрөгийг зах зээлд шууд төлөөд авчихсан байгаа нь тодорхой байгаа. Түрүүн Б.Батсайхан өмгөөлөгч аудитын байгууллага шалгалт хийхдээ нэг үнэлгээний компаниа бөглүүлчихсэн бид нар үнэлээд байна гээд яриад байсан. Бодит байдал дээр тэр эзэмшигчид нь 45,000,000 төгрөгийг авчихсан учраас зах зээлд 45,000,000 төгрөгөөр зарагдаж байсан нь тогтоогдсон учраас Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/221 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж оролцогч нарын гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч Г.Н , Н.Б , Б.М , Д.Ч  нарын гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ. 

Шүүгдэгч Г.Н аас давж заалдах шатны шүүхэд... Миний бие худалдан авах үнэлгээний хорооны гишүүний үүргийг гүйцэтгэгч бөгөөд сумын онцгой байдал, гамшгаас хамгаалах зориулалтаар худалдан авсан Toyota .... маркын автомашины худалдан авалтыг төрийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн хүрээнд зохион байгуулахад үнэнч шударгаар оролцож, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж ажилласан гэж өөрийгөө гэм буруугүй гэж үзэж байна. Иймд торгох болон төрийн албанд ажиллах эрх хассан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү... гэх,

Шүүгдэгч Н.Б оос давж заалдах шатны шүүхэд ... Миний бие худалдан авах үнэлгээний хорооны даргын үүргийн дагуу сумын онцгой байдал, гамшгаас хамгаалах зориулалтаар худалдан авсан Toyota .... маркын автомашиныг худалдан авалтын хуулийн хүрээнд зохион байгуулж, бусдын дарамт, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан зүйлгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү... гэх,

Шүүгдэгч Б.М гээс давж заалдах шатны шүүхэд ... Миний бие үнэлгээний хорооны нарийн бичгийн үүргийн дагуу сумын Засаг даргын Тамгын газарт онцгой байдал, гамшгаас хамгаалах зориулалтаар худалдан авсан Toyota .... маркын автомашиныг хуулийн дагуу шалгаруулсан. Үнэлгээний хороо болон тухайн үнэлгээний хороонд ажиллахдаа бусдын дарамт шахалт, нөлөөнд автаагүй, бусадтай урьдчилан тохиролцсон зүйлгүй, бусдад давуу байдал олгоогүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү... гэх,

Шүүгдэгч Д.Ч оос давж заалдах шатны шүүхэд ....Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Учир нь Toyota .... маркын автомашины нийт зөрүүгийн асуудал байгаа учраас дахин хянаж өгнө үү... гэх гомдлуудыг гаргажээ.

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Учир нь: Хэрэгт авагдсан баримт болох тендерт оролцуулан худалдан авсан .... улсын дугаартай Toyoto .... маркын машины үнэлгээг хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 4/16 дугаартай үнэлгээгээр 45,000,000 төгрөгөөр /2-р хх-ийн 27-30/,

Хөрөнгө үнэлгээний Вендо ХХК-ийн 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Автомашин техникийн үнэлгээний тайлангаар 65,981,250 төгрөгөөр /2-р хх-ийн 112-115/,

Шинжээчийн 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 344Ш/24 дугаартай дүгнэлтээр 47,500,000 төгрөг гэж өөр өөрөөр үнэлсэн буюу харилцан зөрүүтэй нотлох баримт байхад нэгийг нь авахдаа нөгөөг нь үгүйсгэсэн үндэслэлээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заагаагүй.

Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуульд заасан хуулийн шаардлагыг хангаагүй буюу шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хуулийн зорилго, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалд бүрэн дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна.

Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/221 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Ч , Н.Б , Б.М , Г.Н , Ц.З , Д.Э  нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.3-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/221 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
  2. Шүүгдэгч Д.Ч , Н.Б , Б.М , Г.Н , Ц.З , Д.Э  нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Л.НЯМДОРЖ

                 ШҮҮГЧИД                               Н.ЭНХМАА                                                                         

                                                                  Б.ЦЭРЭНПҮРЭВ