Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 2024/ДШМ/1311

 

 

 

 

 

  2024            12           05                                         2024/ДШМ/1311          

 

Б.А-од холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Бат-Орших,

хохирогч М.Н-ийн өмгөөлөгч С.Тэгшжаргал,

шүүгдэгч Б.А-, түүний өмгөөлөгч Г.Оюунцэцэг,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/631 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.А-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2310024071923 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

А-,

 

Шүүгдэгч Б.А- нь 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр ****** албан үүргээ гүйцэтгэж байхдаа Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч М.Н-ийг “хүнтэй утсаараа яриулах гэлээ” гэж хамар луу нь гар утас шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-оос 985,000 төгрөгийг гаргуулан хохирогч М.Н-ид олгож, хохирогч М.Н- нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой бусад зардал болон цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Б.А-оос нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Б.А-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.А- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би Цагдаагийн байгууллагад 18 жил ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд ямар ч сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй. Миний бие 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр ажил үүргээ гүйцэтгэж байхад зөрчил гаргасан дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн нутаг Тэмээтэй хөшөөний уулзвар дээр очиж зөрчил гаргагч М.Н-ийн согтуурлын зэргийг тогтоохоор драгер багаж үлээлгэх болсон. Гэтэл М.Н- нь драгер үлээлгэх гэтэл үлээхгүй “та манай ахтай ярьчих, тэгвэл үлээе” гэх мэтээр албан шаардлага биелүүлээгүй, миний чихэн тус газар утсаар ярьчих хэмээн утсаа ойртуулж байсан. Би утсаар ярихгүй гэж утастай гарыг нь холдуулсан. Гэтэл М.Н- намайг нүүрэн тус газарт нь утас авч шидсэн мэтээр худал мэдүүлж, согтуурлын зэрэг шалгаж, эрх хассан гэдэгт өсөрхөн гүтгэж байна. Миний бие ажил үүргээ биелүүлж явсан бөгөөд М.Н-ийн хууль бус хүсэлтийг биелүүлээгүйдээ яллагдаж байгаад харамсалтай, гомдолтой байна. Би утсаар ярихгүй гэж гарыг нь түлхсэн, харин М.Н-ийн биед гэмтэл учруулъя гэсэн ямар ч санаа зорилго надад байгаагүй. Тухайн гар утсыг түлхэхэд М.Н-ийн хамарт гэмтэл учирсан байх боломжтой. Би  М.Н-ийн гар утсыг аваагүй, гартаа бариа ч үгүй байхад намайг түүний хамарт санаатай гэмтэл учруулсан гэж үзэж яллаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн анхан шатны шүүх намайг Цагдаагийн албаны тухай хуульд заасан албадлагын арга хэмжээг хэтрүүлэн хэрэглэж бусдад хохирол учруулсан гэж дүгнэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би М.Н-ид согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргасан байж болзошгүйг шалгах шаардлага тавьсан болохоос биеийн ямар нэг хүч хэрэглэх ямар ч харилцаа үүсээгүй, үүсэх ч боломжгүй. Би цагдаагийн тээврийн хэрэгслийн жолоон дээр сууж байсан бөгөөд М.Н-ийн мэдүүлж байгаа шиг утас авч түүний нүүр лүү шидэх ямар ч боломжгүй. Шүүх тухайн хэрэгт М.Н-ийн ашиг сонирхол нэг этгээдүүдийн мэдүүлгийг үнэн гэж үзэн миний хэлж байгаа нөхцөл байдлыг яагаад худал гэж үзэж яллаж байгаа талаар тодорхой тайлбарлаагүй атлаа намайг цагдаагийн албан хаагч тусгай бэлтгэлтэй хүн учраас хохирол учруулсан, албадлагын арга хэмжээ хэрэглэхдээ хамгийн бага хохирол учруулах эрмэлзэх үүрэгтэй гэж буруутган дүгнэж байгаа нь ойлгомжгүй байна. Иймд дээрх үйл баримтад хууль зүйн зөв дүгнэлт хийж, намайг М.Н-ид санаатай гэмтэл учруулаагүй болохыг тогтоож, надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.А-ын өмгөөлөгч Г.Оюунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...гэмт хэрэг үйлдэгдсэн сэдэл, санаа зорилго бүрэн тогтоогдоогүй гэсэн агуулгаар давж заалдах гомдол гаргасан. Б.А- болсон үйл баримтыг ярьсан. Тээврийн хэрэгсэлд Б.А- болон хохирогч М.Н- нар байсан. Хохирогч утас авч шидсэн гэж мэдүүлдэг боловч шүүгдэгчийн мэдүүлэгт “утсыг гараар холдуулсан” гэсэн мэдүүлгийн үндэслэлийг шалгах процесс ажиллагаа явагдсан. Шинжээчийн дүгнэлттэй анхнаасаа маргадаггүй. М.Н-ийн биед хохирол учирсан гэдэгт маргаагүй, энэ хохирлыг гэм буруугийн санаатай хэлбэрээр учруулсан эсэх дээр маргасан. Шинжээчийн дүгнэлтээр цохих, цохигдох үйлдлийн улмаас гэмтэл учрах боломжтой гэдгийг тогтоосон. Хэн учруулсан гэдгийг шинжээч тогтоох боломжгүй. Гэтэл миний үйлчлүүлэгчийг энэ хэрэгт буруутган яллахдаа гэм буруугийн санаа, зорилгыг тодорхойлоогүй нэг талыг барьж мөрдөн шалгах ажиллагаа явуулж буруутган ялласан гэж үзэж байна. Хэдийгээр хохирогч над руу гар утас шидсэн, харилцааны зүй бус үйлдэл үзүүлсэн гэж ярьж байгаа боловч хохирогчийн мэдүүлгийг үнэн, зөв эсэхийг юугаар нотолсон бэ. Хохирогчийн биед гэмтэл учирсан гэдэгт маргаагүй. Гэмт хэргийн бүрэлдэхүүний сэдэл, санаа зорилгыг тодорхойлоогүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь санаатай гэмт хэрэг. Санаатай гэмт хэрэг нь онолын хувьд санаа, зорилгоо мэдэх болон хүсэж үйлдсэн байхыг илэрхийлнэ. Гэтэл Б.А- өглөө гарахдаа “би хэн нэгэнд гэмтэл учруулна, эсхүл хэн нэгнийг шалгах явцдаа ингэнэ гэдэг юм уу, тухайн үед энэ согтуу хүнтэй ингэж харьцана гэдэг тийм санаа зорилго байгаагүй. Албаны чиг үүргээ хэрэгжүүлж байх явцад хохирогчийн зүгээс хууль бус шаардлага тавьсан. Хууль бус шаардлагыг Б.А- татгалзаж үгүйсгэсэн. Хохирогч “машины суудлын араас чихэн дээр нь “энэ хүнтэй ярьчихвал би драгер үлээе гэсэн болзлыг тавихад нь энэ болзлыг хүлээн зөвшөөрөхгүй гээд гарыг нь холдуулсан гэж” шүүгдэгч тогтвортой мэдүүлдэг. Хэдийгээр, өөрийн гэм бурууг нотлох үүрэггүй ч гэсэн мөрдөн шалгах ажиллагаагаар гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж буюу нотолбол зохих байдал, сэдэл, санаа зорилгыг бүрэн тогтоох ёстой. Эрүүгийн хуульд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хүсэж үйлдсэн гэж шууд санаатай үйлдлийн сэдэл санаа, зорилгыг тодорхойлсон. Гэтэл албаны чиг үүргээ хэрэгжүүлэхэд заавал М.Н-ид хохирол, хор уршиг учруулж байж драгер багаж үлээлгэх ямар нэгэн зорилго, шаардлага байгаагүй. Хэрэгт хавсаргагдсан гомдолтой холбоотой баримтууд байдаг. Хохирогчийн гаргасан гомдлуудад “энэ хүнийг цагдаагийн байгууллагад ажиллуулмааргүй байна, энэ хүн намайг машинд хийгээд ууланд авч очиж булж болзошгүй, би энэ хүнээс их айсан, цочирдсон” гэж сэтгэлзүйгээ хэт ноцтойгоор дөвийлгөж ярьж байгаа хэлбэр нь хохирогч үнэн бодитой зүйл ярьж байгаа эсэх цагдаагийн албан хаагч машиндаа хүн хийгээд алах, эсхүл хүний биед хохирол учруулъя гээд явах санаа, зорилго байх уу, үгүй юу гэдгийг авч үзэх хэрэгтэй. Анхан шатны шүүх сэдэл, санаа зорилго дээр маргасан маргаанд дүгнэлт хийхдээ Цагдаагийн албаны тухай хууль баримтлан цагдаагийн албан хаагч тусгай чиг үүрэг хэрэгжүүлэхдээ албадлагын арга хэмжээг хэтрүүлсэн мэтээр тайлбарласан. Гэтэл энэ үйл баримтад албадлага хэрэглэх, драгер багаж үлээлгэх шаардлага байсан болохоос тухайн хүний эрүүл мэнд буюу биеийн эсрэг чиглэсэн ямар нэгэн үйлдэл үзүүлэх боломжгүй нөхцөл байдал байсан нь хохирогч болон шүүгдэгчийн мэдүүлгээс харагдана. Тэгэхээр хохирогчийн мэдүүлэгт автаж цагдаагийн албан хаагч тусгай чиг үүрэг, тусгай бэлтгэлтэй байдаг учраас ингэсэн байж болзошгүй гэж хэргийн бодит байдлыг сэргээн дүрслэхдээ хэт нэг талыг барьж бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн. Цагдаагийн албаны тухай хуулийг баримталж ажиллах хэдий ч тусгай чиг үүрэг бүхий техник, эсхүл хамгаалах, таслан зогсоох үйлдэл хийх нөхцөл болоогүй. Утсаар яриулъя гэхэд нь ярихгүй гэсэн үйлдэл болсон. Болзошгүй цохих, цохигдох үйлдлээс гэж байгаа. Б.А-ын хувьд утсаар ярьчих гээд нүүрээрээ сандал руу дөхсөн байсан тэгээд би ярихгүй гээд хойшоо болсон, хохирогчийн нүүрэнд гэмтэл учирсан эсэхийг би мэдэхгүй байна, би албаар гэмтэл учруулсан зүйл болоогүй гэж мэдүүлсээр ирсэн. Иймд гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр Б.А-од холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэв.

 

Хохирогч М.Н-ийн өмгөөлөгч С.Тэгшжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд хэргийн бодит байдалтай нийцсэн гэж үзэж байгаа. Хэдийгээр, шүүгдэгчийн хувьд надад санаа, зорилго байгаагүй, болгоомжгүй үйлдэл байсан гэдэг байдлаар гомдол гаргасан хэдий ч хэргийн бусад үйл баримтаар хангалттай тогтоогдсон. Анхан шатны шүүх яллах болон цагаатгах талын нотлох баримтыг харьцуулах байдлаар дүгнэлт хийсэн. Тиймээс Цагдаагийн албаны тухай хуулийг иш татаж хохирогчийн зүгээс албан хаагчийн эсрэг хүч хэрэглэсэн, заналхийлсэн, довтолсон үйлдэл гаргаагүй байхад цагдаагийн албан хаагч хүний эрүүл мэндэд гэмтэл учруулах хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн нь санаатай үйлдэл байна гэсэн байдлаар дүгнэсэн. Согтуугаар машин жолоодож яваад манай ахтай ярьчих гэж иргэн хүний хууль бус үйлдлийн шинжтэй нөхцөл байдал байгаа хэдий ч цагдаагийн албан хаагч иргэний хууль бус үйлдлийг таслан зогсоох гэж байна гээд эрүүл мэндэд нь хохирол учруулах үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүй гэсэн хууль зүйн үндэслэлээр тайлбарласан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор С.Бат-Орших тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...энэ хэрэг давж заалдах шатны шүүхээр 2 дахь удаагаа хэлэлцэгдэж байна. Хохирогчийн буруутай үйлдэл байгаа боловч гар утас буюу хатуу биетийг авч шидсэнээр хохирогчийн биед гэмтэл учрах боломжтой гэдгийг цагдаагийн албан хаагч мэдэж байсан. Шүүгдэгч Б.А- “би гарыг нь түлхсэн, гэмтэл учирсан эсэхийг нь мэдэхгүй байна” гэж мэдүүлдэг. Хэрэгт авагдсан гэрэл зургийн үзүүлэлтээр хохирогч М.Н-ийн хамраас цус гоожсон, алчуур цус болсон байдалтай байдаг, цус гарч байгаа учраас шүүгдэгч Б.А- мэдэх боломжтой байсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Б.А-од холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ түүний гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч Б.А- нь 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Нийслэлийн хөдөлгөөн зохицуулах хэлтсийн зохицуулагчийн албан үүргээ гүйцэтгэж байхдаа Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “**** улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор хохирогч М.Н-ийг “хүнтэй утсаараа яриулах гэлээ” гэж хамар луу нь гар утас шидэж хамар ясны далд хугарал, таславч мурийлт, хамарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч М.Н-ийн “...намайг 3 удаа дуудсан гэж цагдаагийн алаг машинтай ирсэн ахмад А- гэх цагдаа надад хэлсэн бөгөөд намайг “даварсан п... вэ, дуудаад байхад ирэхгүй, машинд суу” гэхээр нь би цагдаагийн машины баруун урд талын хаалгыг онгойлгоход машинаас согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. Намайг “хойшоо суу даварсан п... вэ” гэхээр нь би хаалгыг нь хаагаад баруун хойд хаалгыг онгойлгон орж суухад “чи ямар том п.... вэ, дуудаад байхад ирэхгүй, чамайг эрүүлжүүлэхэд хийж чадна шүү, яаж л бол яаж чадна” гээд орилж, хашхираад байхаар нь би “хол зайтай байсан учраас дуудсаныг сонссонгүй, уучлаарай гээд нөхцөл байдлыг тайлбарлаж хэлэхэд “чи намайг өдөөд байгаа юм уу, би хувцсаа тайлаад цагдаа биш болоод машинаас буугаад зодолдъё гэхээр нь ахаа хоёулаа учир зүйгээ ярилцаад ойлголцъё, би танд ямар ч муухай ааш гаргаагүй биз дээ” гэхэд “ямар том п.... вэ” гэхээр нь “та манай ахтай ярьчихаач” гэхэд жолооч талын суудалд сууж байснаа утас авах гэж байгаа бололтой баруун гараа хойш нь сарвайхаар нь ах руугаа залгаад гар утсаа өгөхөд дуудлагыг салгаад гар утсыг над руу хүчтэй шидэхэд миний хэвлий хэсгийг оносон. Би “та хүний эд хөрөнгийг ингэж болохгүй ш дээ, эвдэж гэмтээчихвэл яах юм бэ, би таныг яагаа ч гүй биз дээ, яагаад ингээд байгаа юм бэ, хоёулаа учраа олж болохгүй юм уу” гэхэд “чи замын цагдаад таньдаг хүн байдаг юм уу? хэн бэ” гэхээр нь “Түмээ гэсэн байхаа, нэг ах байгаа” гэж хэлэхэд “наад п.... чинь надаас бага цолтой ш дээ, намайг яаж ч чадахгүй” гэхээр нь би дахиад өмнөх ярьсан зүйлүүдээ хэлж ярихад “чи залгаад өг” гээд баруун гараа дахиж сарвайхаар нь би ах Э- руу залгаад спикер дээр нь тавиад өгсөн чинь дуудлагыг салгаад гар утсыг зүүн гараараа миний нүүр лүү шидсэн. Миний хамраас их хэмжээний цус гарахад “п.... минь машин цус болгочхов” гээд машиныхаа шар өнгийн алчуурыг надад өгөхөөр нь “миний хамар хугарчихлаа, би маргааш хүүхдийн үсний найртай юм аа, хоёулаа хамт эмнэлэг орж үзүүлье, янзлуулъя” гэхэд “би чамд хүрээгүй, утсыг чинь л чамд өгсөн. Чи өнгөрсөн шөнө архи ууж яваад хамраа хугалсан юм уу, би мэдэхгүй шүү дээ” гэхээр нь “би зохих хариуцлага шийтгэлийг нь үүрээд одоо явчихъя, маргааш хүүхдийн үсний найртай” гэдгээ дахин хэлж тайлбарлахад намайг загнаж, зандарч байгаад “чи үлээх юм уу” гэхээр нь “үлээе” гэхэд өөр тандагч багаж гаргаж ирээд намайг үлээлгэхэд ногоон гэрэл ассан. Тэгэхэд намайг “драгер багаж үлээх үү” гэхээр нь “үлээе” гэхэд хажуудаа байсан драгер багаж дээрээ залгаатай байсан шинэ хошууг салгаж авчихаад өөрийнхөө аманд хийсэн байсан хошуугаа драгер багаж дээрээ залгаад намайг үлээлгэсэн бөгөөд тэр үед гар утсаараа бичлэг хийсэн. Драгер багаж 0,40 хувийн согтолттой гэж гарсан. …” /1хх 87-89/,

гэрч Л.Б-ийн “...цагаан өнгийн “****” загварын тээврийн хэрэгслийн жолоочийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг тандагч багажаар үлээлгэж шалгахад улаан өнгийн гэрэл асаж сигнал дуугарахаар нь драгер багаж үлээлгэж шалгах гээд бичиг баримтыг нь түр хураан авч жолооч нь машиндаа суугаад үлдсэн. Хамт үүрэг гүйцэтгэж байсан д/а Б драгер багаж байхгүй байсан учраас ****чиглэлд үүрэг гүйцэтгэж байсан бүсийн офицер цагдаагийн ахмад А-ыг станц болон гар утсаар ярьж дуудахад 5-10 орчим минутын дараа албаны “Hyundai duster” загварын ****улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож ирээд “драгер багаж үлээлгэх жолоочоо албаны машинд суулгаарай” гэж хэлэхдээ тээврийн хэрэгслийнхээ хаалганы цонхыг бага хэмжээгээр онгойлгосон байдалтай тэр завсраараа хэлэхээр нь тухайн жолоочийг дуудсан боловч машинаасаа гарч ирэхгүй байгаа харагдсан. Удалгүй а/х А- албаны машины чанга яригчаар “нөгөө жолоочийг яасан бэ” гэж ярихаар нь “жолооч машинаасаа буугаад албаны машин руу орж драгер багажаа үлээгээрэй” гэж дахин хэлэхэд нөгөө жолооч машинаасаа буугаад албаны тээврийн хэрэгслийн баруун хойд хаалгаар нь сууж байгаа харагдсан. Машин дотор юу болсон талаар мэдээгүй. ...Тухайн үед а/х А- албаны машины зүүн урд хаалганы цонхыг 3-4 хуруу орчим зайтай онгойлгосон байдалтай байсан. Надаас тандагч багаж аваад нөгөө жолоочийг дахиж үлээлгэхэд тандагч багажийн сигнал дуугарсан. Тандагч багажийг буцааж өгөөд “явж бай” гэж хэлсэн. ...” /1хх 95- 96/,

гэрч Б.Б- “...а/а Б- цагаан өнгийн “****” загварын тээврийн хэрэгслийн жолоочийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг тандагч багажаар үлээлгэж шалгахад улаан өнгийн гэрэл асаж сигнал дуугарч байсан. Миний хэрэглэж байсан тандагч багажаар үлээлгэхэд мөн улаан гэрэл асаж сигнал дуугарч байсан. Офицер, цагдаагийн ахмад А-ыг станц болон гар утсаар ярьж дуудсан. Удалгүй а/х А- албаны “Hyundai duster” загварын ****улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож ирж байгаа харагдсан. Намайг уулзварын голд байхад **** буюу х/ч Т- нь станцаар яриад утасныхаа дугаарыг хэлж “утсаар залгаад ороод ир” гэж хэлсэн. Би тухайн үед утасных нь дугаарыг цээжилж аваагүй, мөн уулзварын голд байсан учраас утсаар залгаж яриагүй. Удалгүй уулзварын голоос гарч ****албаны машины хажууд очиход нөгөө жолооч залуу албаны машин дотор суучихсан харагдаж байсан. Ойролцоогоор 10 гаруй минутын дараа албаны машинаас гараад ирчихсэн өөрийнхөө машины хажууд утсаар яриад зогсож байсан ба “Т- хошууч яръя” гэж байна гээд гар утсаа барьчихсан зогсож байсан. Тухайн үед “****” загварын тээврийн хэрэгслийн жолоочийн нүүр царай нь зүгээр л хэвийн харагдаж байсан. Яг тулж хараагүй зайнаас хараад өнгөрсөн. Ахмад А- ****албаны машинтайгаа явахдаа “наад машинаа ачигч ирэхээр ачуулаарай” гээд яваад өгсөн. Албаны машин дотор юу болсныг мэдэхгүй. ...” /1хх 98-99/,

гэрч Д.Т-ын “...Э-ын дүү Н- над руу залгахаар нь “хаана зогсоочихсон байгаа юм бэ” гэж асуухад Хан-Уул дүүргийн Тэмээтэй хөшөөний уулзвар дээр гэхээр нь “чи ямар зөрчил гаргасан юм бэ” гэхэд “би ямар зөрчил гаргаснаа мэдэхгүй байна. Хамгаалах бүсээ зүүгээгүй явж байсан” гэхээр нь “тэгээд чамайг ямар учраас зогсоогоод байлгаад байгаа юм бэ, ямар цагдаа байна, надтай яриулаач” гэхэд “ахмад А- гэж хүн байна, тантай ярихгүй гэж байна” гээд утасны цаана Б.А-, Н-той хэрэлдээд байгаа бололтой чанга дуугараад байхаар нь би утсаа салгасан. Тухайн үед би станцаар ахмад Б.А-ыг паролиор нь буюу *** гэж дуудсан боловч хариу өгөөгүй, утсаа нэвтрүүлээч гэхэд мөн хариу өгөөгүй, хэсэг хугацааны дараа буюу 1 цагийн дараа ахмад А- залгахаар нь би “Н- ямар зөрчил гаргасан юм бэ” гэхэд “согтууруулах ундааны зүйл үнэртээд байна, өчигдрийн уусан юм нь гараагүй юм шиг байна” гэж хэлэхээр нь “за, за ойлголоо, шийддэг журмаар нь шийдээрэй” гэж хэлээд утсаа салгасан. Тэгтэл удалгүй ахмад А- над руу байн, байн залгаад байсан. Тухайн үед би 1 дүгээр чиглэлийн хамгаалалттай явж байсан учраас утсаа аваагүй. Хэсэг хугацааны дараа манай найз Э- залгаад “танай цагдаа чинь манай дүүгийн хамрыг цохиод гэмтээчихсэн байна” гэхээр нь би “арай үгүй байлгүй дээ” гэж хэлээд өнгөрсөн. ...” /1хх 101-102/,

гэрч В.Э-ын “...М.Н- над руу залгаад “өглөө цагдаа намайг зогсоочихлоо. Урд шөнө найзуудтайгаа уулзаад нэг шил пиво уугаад унтсан юм аа, өглөө гайгүй байх гэж бодоод явсан юм. Тэгээд үлээсэн чинь илэрчихлээ. яах уу ахаа” гэхээр нь “яах ч арга байхгүй шүү дээ” гэж хэлсэн. ...Дахиад над руу залгаад “энэ цагдаа намайг дарамталж элдвээр хэлээд байна. Би ууснаа хүлээн зөвшөөрсөн шүү дээ, яагаад ингээд байгаа юм. Ийм нэртэй цагдаа” гэж тухайн үед хэлж байсан. Одоо би нэрийг нь санаж хэлж мэдэхгүй байна. Би “энэ хүнтэй би хэл амаа ололцож чадахгүй байна. Та цагдаатай яриач” гэхээр нь “ах нь яриад ч яахав дээ” гэж хэлэхэд тасарчихсан. Ингээд би Замын цагдаад ажилладаг найз Т- луу залгаад “манай дүү асуудалд орчихлоо, тийм нэртэй цагдаа тухайн үед хэлж байсан. Чи энэ цагдаа руу залгаад өгөөч. Маргааш хүүхдийнх нь үсний найр болох гээд байгаа юм. Цагдаа явуулахгүй байна гэнэ, залгаад өгөөч” гэж хэлэхэд Т- “за би тодруулъя, уг нь машиныг журамлаад явуулчихдаг шүү дээ. Би тэр цагдааг танихгүй юм байна. Дүүгийнхээ утасны дугаарыг өгчихөөч. Дүүтэй чинь ярья” гэж хэлээд тасалсан. Тэгээд жаахан байж байхад Н- дахин залгаад “танай найз над руу залгахаар нь би болсон процессоо хэлсэн. Цаад цагдаадаа утсаа өгчөөч, ярья гэж хэлэхээр нь утсаа цагдаад өгсөн. Гэтэл утсыг аваад миний нүүр лүү чулуудаад хамар гэмтээчихлээ. Би цагдаад гомдол гаргалаа” гэж хэлэхээр нь “өөрөө мэдэхгүй юу” гэж хэлсэн. ...” /1хх 159/,

гэрч Л.Д-ийн “...2023 оны 06 дугаар сарын 14-ний өглөө намайг ажил дээр байж байхад хэлтсийн дарга дуудаад “иргэн М.Н- гэх хүнээс алба хаагчид холбогдуулан гомдол гаргаж байна. Үүнийг шалга” гээд цохолт хийж өгсөн. ...А- ажлын гадаа машинтайгаа ирчихсэн байна гэхээр нь хошууч М-ын хамт бид хоёр гарч яваад хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Борхүү даргын өрөө рүү дагуулж орж шинжээч дуудаж драгер багаж үлээлгэсэн. ...1.02 хувьтай гарч байсан. ...Н-ийн нүүрний хэсэгт нь хөхөрсөн, зулгарсан гэхээр зүйл харагдаагүй, хамар нь бага зэрэг мурийлттай харагдаж байсан. ...” /1хх 104/,

шинжээч эмч С.Чулуунсүхийн “...2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр мөрдөгчийн тогтоолоор М.Н-ийн биед үзлэг хийхэд хамар өвдөнө гэсэн зовуурьтай, бодит үзлэгт хамрын баруун хажуу хэсэгт цөмөрсөн тэмтрэгдэж байсан. Хамарт зулгаралттай байсан, хажуу хэсэг хавдсан байсан. 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн толгойн КТГ шинжилгээнд хамар ясанд цөмөрсөн хугаралтай, таславч мурийсан баруун хацрын зөөлөн эдэд хаван хавдар тодорхойлогдсон. Дээрх байдлыг үндэслэн М.Н-ийн биед хамар ясны далд хугарал, таславчийн мурийлт хамарт зулгаралт, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Мохоо зүйлийн нэг удаагийн цохих, цохигдох үйлчлэлээр үүсэх боломжтой. 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн хөнгөн зэрэг тогтоож дүгнэлт гаргасан. Гар утсаар цохих, цохигдох үед үүсэх боломжтой. ...” /1хх 113-114/,

Б.А-ын яллагдагчаар өгсөн “...ярих, ярихгүй гээд нэлээн юм болоод би сүүлдээ яриагүй. Тэгээд чихэн дээр утсаа наагаад байхаар нь би “утсаа цааш ав” гээд гарыг нь цааш холдуулсан чинь “та миний хамрыг цохьчихлоо” гэж хамраа барьж сууж байгаад драгер багаж үлээсэн 0.40 хувь гарсан. Тэгээд баримтжуулаад өөрөөр нь гарын үсэг зуруулж, драгер үлээлгэх явцаа бичлэгээр баримтжуулаад машинаас буулгасан. Тэр залуу утсаар ярьж байгаад буцаж над дээр ирээд “та миний хамрыг цохичихлоо. Би таныг цагдаагийн байгууллагад гомдол гаргаж ажилгүй болгоно. Хоолноос чинь салгана” гэх мэтээр баахан орилж байгаад явсан. …” /1хх 154-155/ гэсэн мэдүүлгүүд,

 

“...М.Н-ийн биед хамар ясны далд хугарал, таславч мурийлт, хамарт зулгаралт, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл хөнгөн гэмтэл учирсан. ...” болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 7796 дүгнэлт  /1хх 108-109/, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэж, шийтгэл оногдуулсан материалын хуулбар /1хх 13-69/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 71-72/, хэрэг учрал болсон үеийн гэрэл зургийн үзүүлэлт /1хх 74-78/, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх 156-157/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Б.А- ямар гэм буруутай болох, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Шүүгдэгч Б.А-ын хохирогч М.Н-той маргалдах явцдаа хамар луу нь гар утас шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан тухайн зүйлд зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгийн торгох ял оногдуулсныг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч Б.А-ын “...би утсаар ярихгүй гэж гарыг нь түлхсэн, харин М.Н-ийн биед гэмтэл учруулъя гэсэн ямар ч санаа зорилго байгаагүй тул надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хохирогч М.Н-ийн “...би ах Э- руу залгаад спикер дээр нь тавиад өгсөн чинь дуудлагыг салгаад гар утсыг зүүн гараараа миний нүүр лүү шидсэн. Миний хамраас их хэмжээний цус гарахад “п.... минь машин цус болгочихов” гээд машиныхаа шар өнгийн алчуурыг надад өгөхөөр нь “миний хамар хугарчихлаа, би маргааш хүүхдийн үсний найртай юм аа, хоёулаа хамт эмнэлэг орж үзүүлье, янзлуулъя” гэхэд “би чамд хүрээгүй, утсыг чинь л чамд өгсөн. ...” гэж хэлсэн. …” гэх мэдүүлэг нь гэрч Д.Т-ын “...хэсэг хугацааны дараа манай найз Э- залгаад “танай цагдаа чинь манай дүүгийн хамрыг цохиод гэмтээчихсэн байна” гэхээр нь би “арай үгүй байлгүй дээ” гэж хэлээд өнгөрсөн. Тухайн үед би ахмад А-той ярих гэсэн боловч ярьж чадаагүй. ...”, гэрч В.Э-ын “...гэтэл утсыг аваад миний нүүр рүү чулуудаад хамар гэмтээчихлээ. Би цагдаад гомдол гаргалаа” гэж хэлэхээр нь “өөрөө мэдэхгүй юу” гэж хэлсэн. ...” гэрч Л.Д-ийн “...Н-ийн нүүрний хэсэгт нь хөхөрсөн, зулгарсан гэхээр зүйл харагдаагүй, хамар нь бага зэрэг мурийлттай харагдаж байсан. ...”, шинжээч эмч С.Чулуунсүхийн “...2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр мөрдөгчийн тогтоолоор М.Н-ийн биед үзлэг хийхэд хамар өвдөнө гэсэн зовуурьтай, бодит үзлэгт хамрын баруун хажуу хэсэгт цөмөрсөн тэмтрэгдэж байсан. Хамарт зулгаралттай байсан, хажуу хэсэг хавдсан байсан. 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн толгойн КТГ шинжилгээнд хамар ясанд цөмөрсөн хугаралтай таславч мурийсан баруун хацрын зөөлөн эдэд хаван хавдар тодорхойлогдсон. Дээрх байдлыг үндэслэн М.Н-ийн биед хамар ясны далд хугарал, таславчийн мурийлт хамарт зулгаралт, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Мохоо зүйлийн нэг удаагийн цохих, цохигдох үйлчлэлээр үүсэх боломжтой. 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн хөнгөн зэрэг тогтоож дүгнэлт гаргасан. Гар утсаар цохих, цохигдох үед үүсэх боломжтой. ...” гэсэн мэдүүлгүүд, “...М.Н-ийн биед хамар ясны далд хугарал, таславч мурийлт, хамарт зулгаралт, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл хөнгөн гэмтэл учирсан. ...” болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 7796 дүгнэлт зэрэг бусад бичгийн нотлох баримтуудтай тохирсон ба шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг няцааж үгүйсгэсэн, хэргийн үйл баримтад эргэлзээ төрүүлэх нотлох баримт хэрэгт авагдаагүй, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бэхжүүлж, үнэлэх ажиллагааны явцад хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Тодруулбал, “...хохирогч М.Н- нь цагдаагийн албан хаагч Б.А-од халдсан нөхцөл байдал тогтоогдоогүй, харин гар утсаар бусадтай харьцахыг санал болгож, гар утсаа өгөхөд утсыг нь буцаан шидэж хохирогчийн хамар луу цохиж хамар ясны далд хугарал, таславч мурийлт, хамарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан байна. ...” гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэж үзэх ноцтой зөрчил тогтоогдоогүй бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хэргийн үйл баримтын талаар хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, бусад нотлох баримтыг бүх талаас нь харьцуулан шалгаж, дүгнэлт хийсэн байх ба шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг няцааж үгүйсгэх, улмаар шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгч Б.А-ын гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудаас аль нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах зэргээр үнэлснийг буруутгах боломжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.А-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/631 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.А-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Т.ШИНЭБАЯР

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                   Б.ЗОРИГ

 

            ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН