Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 2024/ДШМ/1313

 

 

 

 

 

  2024              12            05                                     2024/ДШМ/1313          

 

Н.О-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Бат-Эрдэнэ,

шүүгдэгч Н.О-, түүний өмгөөлөгч А.Очбадрал,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/1083 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ж.Бат-Эрдэнийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 83 дугаар эсэргүүцэл болон шүүгдэгч Н.О-ийн өмгөөлөгч А.Очбадралын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Н.О-д холбогдох эрүүгийн 2408000001222 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

О-,

 

Шүүгдэгч Н.О- нь 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Н.Ц-ийн гээгдүүлсэн Хаан банкны ***** тоот дансны чиптэй картыг олж, улмаар тус картыг ашиглан 12 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нийт 309.100 төгрөгийн зарлагын гүйлгээ хийж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Н.О-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч О-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, Н. О-ийг гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, шүүхээс оногдуулсан ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хохирогч Н.Ц-ид төлөх төлбөргүйг дурдаж, шүүгдэгч Н.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Прокурор Ж.Бат-Эрдэнэ бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүх хэргийн бодит байдалд нийцээгүй, хуулийн зүйл, хэсэг заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл байх ёстой. Шүүгдэгч Н.О- нь хохирогчийн хаан банкны виза картыг  олсон нь гээгдэл эд хөрөнгө гэж үзэхээр байх боловч уг картыг 309.100 төгрөгийн барьцаанд тавьж эд зүйл, бараа худалдан аваагүй. Харин банкны картаар дамжуулан хохирогч Н.Ц-ийн хаан банкны данс дахь мөнгөнд бага багаар халдаж өөрийн хэрэгцээт зүйлээ худалдан авсан. Өөрөөр хэлбэл, 50.000 төгрөгийн худалдан авалтад нууц дугаар шаардахгүй тул үнийн дүнд багтаан хүнсний зүйл, шатахуун зэрэг эд зүйлсийг худалдан авч байгаа үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв.

 

Шүүгдэгч Н.О-ийн өмгөөлөгч А.Очбадрал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шийтгэх тогтоолд шүүгдэгч нь эрхэлсэн ажилгүй, цалин хөлс орлогогүй зэрэгт дүгнэлт хийж улсын яллагчийн саналын хүрээнд 240 цагийн хугацаанд нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдууллаа гэсэн байсан. Н.О- нь 46 настай, эмэгтэй, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон, мөрдөн байцаалтын шатанд хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн дээрх нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүх харгалзан үзэхийг хүсэж байна.

Шүүгдэгч Н.О- нь анхан шатны шүүх хурлын дараа ажилд орсон ба одоо эрхэлсэн тодорхой ажилтай, цалин орлоготой болсон тул түүнд торгуулийн ял оногдуулж өгөхийг хүсэж байна. ...” гэв.

 

Шүүгдэгч Н.О- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би хүний картыг авч ашигласандаа харамсаж байна. Дахин ийм үйлдэл хийхгүй. Би одоо ажил хийж байгаа тул надад торгох ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Н.О-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Прокуророос Н.О-ийг 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Н.Ц-ийн гээгдүүлсэн Хаан банкны чиптэй картыг олж, улмаар тус картыг ашиглан 12 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нийт 309.100 төгрөгийн зарлагын гүйлгээ хийж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд хэргийн болж өнгөрсөн жинхэнэ үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийхдээ Н.О-ийг гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Шүүх хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн нөхөн тогтоохдоо нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдүүдийн мэдүүлгийн шинж, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон логик дүгнэлтэд түшиглэн үнэлж хэргийн үйл баримтыг сэргээн тогтоох учиртай.

 

Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэгт заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь бусдын эд хөрөнгийг шунахай сэдэлтээр, шууд санаатайгаар, хууль ёсны эзэмшигчид нь буцааж өгөхгүйгээр бүрмөсөн өөрийн, эсхүл хамаарал бүхий бусад этгээдийн эзэмшилд хууль бусаар шилжүүлэн авах гэсэн санаа зорилгоор үйлдэгдэхээс гадна тухайн эд хөрөнгөнөөс өөртөө, эсхүл өөрийн хамаарал бүхий этгээдэд эдийн ашигтай байдлыг бий болгож, хууль ёсны өмчлөгчид хохирол учруулсан байдаг онцлогтой.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд урьдаас идэвхтэй үйлдэл хийгээгүй буюу хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа уг эд хөрөнгийг завших сэдэл төрж, хууль бусаар захиран зарцуулсан байдаг бол мөн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах байдлаар илэрдэг.

 

Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч Н.О- нь бусдын гээгдүүлсэн банкны цахим картыг олж авч, хууль ёсны эзэмшигчид нь буцааж өгөхгүйгээр өөртөө үлдээсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан бусдын гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тэрээр уг үйлдэл төгсөж, дараагийн үйлдэл нь нэг объектод халдсан үргэлжилсэн шинжтэй бөгөөд тэрээр уг картыг ашиглан данснаас 12 удаагийн гүйлгээгээр нийт 309.100 төгрөгийн зарлагын гүйлгээ хийсэн үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулсан байна.

Шүүх Эрүүгийн хэргийг буруу зүйлчилж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлд зааснаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн алдаанд хамаарах бөгөөд мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болж байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэв.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан шүүгдэгч Н.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Н.О-ийн өмгөөлөгч А.Очбадралын ял шийтгэлийг өөрчлүүлэх талаар гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/1083 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Н.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Т.ШИНЭБАЯР

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                   Б.ЗОРИГ

 

            ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН