Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 430

 

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, улсын яллагч О.Багшбаяр, нарийн бичгийн дарга М.Оюунчимэг, шүүгдэгч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор О.Багшбаяраас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн П.Ганбаатарт холбогдох эрүүгийн 180 601 459 0383 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

    Монгол Улсын иргэн, 1975 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар аймагт төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зураач мэргэжилтэй, “Нэгүл”, ХХК-нд барималчин ажилтай, ам бүл-6, эхнэр, 4 хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, 45 дугаар гудамжны 2261 тоотод оршин суух хаягтай, урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн шүүхийн 1998 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 327 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 3-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэж байсан, хэрэг хариуцах чадвартай, ХВ75022714 регистрийн дугаартай,

Үйлдсэн хэргийн талаар:  /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/                                           

Яллагдагч нь 2018 оны 02 дугаар сарын 07-ны шөнө Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунд Дарь-Эхийн 45-2261 тоотод иргэн Б.Энхзултай маргалдан түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний буруу” гэв.

2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2551 дугаар дүгнэлт /хх-ийн 13/, П.Ганбаатарын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 16/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 17/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 18/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 19/, Сүхбаатар дүүргийн шүүхийн Эрүүгийн шүүхийн 1998 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 327 дугаар таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 32/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 35/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байн гэж үзээд тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь :

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор О.Багшбаяраас  шүүгдэгч Пүрэвжавын Ганбаатарыг 2018 оны 02 дугаар сарын 07-ны шөнө Баянзүрх дүүргийн 27-р хороо Дунд Дарь-Эхийн 45-2261 тоотод эхнэр Б.Энхзултай маргалдан түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүгдэгч нь 2018 оны 02 дугаар сарын 07-ны шөнө Баянзүрх дүүргийн 27-р хороо Дунд Дарь-Эхийн 45-2261 тоотод зхнэр Б.Энхзултай маргалдан түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:

Мөрдөн байцаалтын шатанд П.Ганбаатарын өгсөн: "...2018 оны 02 дугаар сарын 07-ноос 8-нд шилжих шөнө 03 цагийн үед БЗД-ийн 27 дугаар хороо ДДЭ-ийн 45-2261 тоотод байх гэртээ байж байтал гаднаас эхнэр Б.Энхзул ажлын газрын хүмүүстэй явсан гээд согтуу орж ирэхээр нь миний уур хүрээд нүүрэн тус газар нь нэг удаа цохиод, багалзуурдаад гэрлүүгээ чирч оруулаад гар, дал хэсэг рүү нь гараараа цохиод маргалдаад дүүтэйгээ утсаар яриад дүү Отгонзул нь ирээд Б.Энхзулыг гэрлүүгээ аваад явсан." гэх мэдүүлэг/хх-ийн 30-31/

Мөрдөн байцаалтын шатанд Б.Энхзулын хохирогчоор өгсөн: "...2018 оны 02 дугаар сарын 07-ноос 8-нд шилжих шөнө 03 цагийн үед БЗД-ийн 27 дугаар хороо ДДЭ-ийн 45-2261 тоот дахь гэртээ иртэл^ нөхөр оройтож ирлээ гэх шалтгаанаас болж миний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиж, үснээс зулгаагаад хөл, гараараа миний нуруу, хэвлий хэсэгрүү цохижзодсон..." гэх мэдүүлэг /хх-ийн 06-07/,

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2551 дугаартай:

"1.Б.Энхзулын биед зүүн нүдний дээд, доод зовхи, баруун, зүүн бугалга, зүүн шуу, дал, баруун гуянд цус хуралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо,

 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ,

 З.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,

 4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй,

 5. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой." гэх дүгнэлт /хх-ийн 13/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч П.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурьдах нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                      ТОГТООХ нь:

   1. Шүүгдэгч ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.       

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Г-ыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Г-т оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд тэнцүү хуваан хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

   4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

  5. Хэргийн учир шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

   6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

   7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.