Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 64

 

 

2024     08        27                                             2024/ДШМ/64

 

О.Цэнд-Аюушид холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Б.Хосбаяр, яллагдагч О.Цэнд-Аюуш түүний өмгөөлөгч Н.Очирбат, нарийн бичгийн дарга Р.Лхагвасүрэн нарыг оролцуулан,

 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 05 дугаар сарын 22ы өдрийн 2024/ШЗ/250 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн О.Цэнд-Аюушид холбогдох эрүүгийн 2436000000034 дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 25ы өдөр хүлээн авч шүүгч М.Нямбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Монгол Улсын иргэн Тугчин ургийн овогт Оюундарийн Цэнд-Аюуш, 2004 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Ховд аймгийн Дөргөн суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл зургаа, эцэг эх, дүү нарын хамт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум, Индэрт багийн 6-52 тоотод оршин суух хаягтай, Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 86 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх ялыг хоёр дахин багасган 2 жилээр тогтоож, мөн тус хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн ялыг хасаж, эдлүүлэхээр тогтоосон хорих ялаас өршөөн чөлөөлсөн.

 

2. Шүүгдэгч О.Цэнд-Аюуш нь 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр "Оргил" барьцаат зээлийн төвд Э.Түвшинсайханаар дамжуулан 200'000 төгрөгийн барьцаанд тавьсан хохирогч Б.Хашбатын өмчлөлийн iphone-XR загварын гар утсыг дээрх барьцаат зээлийн газрын ажилтан Б.Мөнгөнийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилж өөртөө шилжүүлэн авч хохирогчид 700'000 төгрөгийн хохирол учруулсан;

2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр захирал гэх хүнтэй утсаар яриулж цалин маргааш бууна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурах аргаар хохирогч 3. Нямдаваагийн iphone-14 загварын гар утсыг авч түүнд 3'100'000 төгрөгийн хохирол учруулсан;

- 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр цалин орохоор аваад өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож хуурах аргаар насанд хүрээгүй хохирогч О.Дэлгэрмөрөнгийн  iphone-11 загварын гар утсыг өөртөө шилжүүлэн авч түүнд 900,000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2024 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Билэг төвд байрлах Элит ресторанд үйлчлүүлж байхдаа хохирогч Э.Очирхүүгийн өмчлөлийн iphone-12 pro max загварын гар утсыг "гарч утсаар ярьчхаад ирнэ" гэж хуурах аргаар өөртөө шилжүүлэн авч хохирогчид 1'400'000 төгрөгийн хохирол учруулсан;

- 2024 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Э.Очирхүүгийн гар утсыг өөрийнхөө өмчлөлийн гар утас мэтээр цахим хуудсанд хямд үнээр худалдан борлуулах талаар зар оруулж бодит байдлыг нуух замаар насанд хүрээгүй хохирогч Э.Ууганбаярын І phone-11 pro maх загварын гар утас, 250'000 төгрөг зэргээр сольж хуурах apraap өөртөө шилжүүлэн авч насанд хүрээгүй хохирогч Э.Ууганбаярт 1'290'000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

3.Ховд аймгийн прокурорын газраас О.Цэнд-Аюушийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

4. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

4.1 Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Хосбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Тугчин ургийн овогт Оюундарийн Цэнд-Аюушид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2436000000034 дугаартай хэргийг Ховд аймгийн прокурорын газарт буцааж,

4.2 Яллагдагч О.Цэнд-Аюушид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг прокурорт очих хүртэл үргэлжлүүлж,

4.3 Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж,

4.4 Энэхүү захирамжийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

            5. Прокурор эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

5.1 Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр шүүгч нь яллагдагч О.Цэнд-Аюуш нь хохирогч З.Нямдавааг гар утсаа барьцаанд тавихыг шаардаж зүй бус үгээр хэлж, хохирогчийг заамдах зэргээр үгээр болон үйлдлээрээ хүч хэрэглэхээр заналхийлж, хохирогчийн гар утсыг авч 500,000 төгрөгийн барьцаанд тавьсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж дүгнэсэн нь эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарч байна.

 Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг нь хохирогчийн амь нас, эрүүл мэндэд аюултай хүч хэрэглэх, эсхүл хүч хэрэглэхээр заналхийлж довтлох үйлдлээр илэрдэг ба заналхийлж довтолгоон хийснээр гэмт хэрэг төгссөнд тооцогддог. Гэтэл хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаагаар яллагдагч О.Цэнд-аюуш нь хохирогчийн гар утсыг хууль бусаар авахад саад болж байгаа өмчлөгч, эзэмшигчийн эсэргүүцлийг бие мах бодид нь ноцтой хохирол учруулах байдлаар дарах, няцаах зорилгоор амь нас, эрүүл мэндэд нь аюултай үйлдэл хийж, эсхүл тийнхүү үйлдэл хийхээр довтолж хууль бусаар гар утсыг өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдоогүй бөгөөд хохирогч 3.Нямдаваагийн гар утсыг авсны дараа түүнийг захирал гэх хүнтэй утсаар яриулж, цалин маргааш бууна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон түүнийг хуурч уг гар утсыг барьцаат зээлийн газарт 3.Нямдаваагийн хамт очиж 500,000 төгрөгийн барьцаанд тавьсан үйл баримт тогтоогдог тул яллагдагч О.Цэнд-Аюушийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хохирогч З.Нямдавааг захирал гэх хүнтэй утсаар яриулж цалин маргааш бууна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон цалин буухаар буцааж авч өгнө гэж хуурч түүний Айфоне-14 загварын гар утсыг барьцаат зээлийн газарт тавьж 500,000 төгрөг авсан үйлдэл нь "Залилах" гэмт хэргийн шинжийг хангана гэж дүгнэж байна.

5.2 Яллагдагч О.Цэнд-аюуш нь хохирогч О.Дэлгэрмөрөнгийн Айфоне-14 загварын гар утсыг барьцаанд тавьсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж шүүгчийн захирамжаар дүгнэсэн нь мөн л Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамраач байна. Учир нь Улсын дээд шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн №446 дугаар тогтоолд дурдсанаар ... Итгэмжлэн хариуцсан этгээд гэж аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгох бөгөөд ингэхдээ бусдын хөрөнгийг тогтоосон хугацаанд буюу хяналт шалгалтгүйгээр буцаан өгөхгүй байх, үнэ хөлсийг нь төлөөгүй, өөрийн өмчийн адил хууль бус эзэмшил тогтоосон зэрэг аргаар илэрдэг байхаар Завших гэмт хэргийн шинжийг тайлбарласан байна. Өөрөөр хэлбэл тухайн эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгч нь тодорхой хугацаа тогтоож өөрийн өмч, хөрөнгийг итгэмжлэн хариуцах талаар үүрэг хүлээлгэсэн байх явдал юм. Гэтэл хохирогч О.Дэлгэрмөрөн нь Айфоне-14 загварын гар утсаа тодорхой хугацаанд итгэмжлэн хариуцаж байх талаар яллагдагч О.Цэнд-Аюуштай харилцан тохиролцсон үйл баримт мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдоогүй бөгөөд хохирогчийн гар утсаар фэйсбүүк орох, утсаар ярих зэргээр түр зуур ашиглах явцдаа бусдад 300,000 төгрөгийн барьцаанд тавьж хохирогчийн гар утсыг түр хэрэглэж буй дүр үзүүлэн хуурч, залилан түүнд 900,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

5.3 Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс яллагдагч О.Цэнд-Аюушийн 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Б.Хашбатын өмчлөлийн "Оргил" барьцаат зээлийн төвд Э.Түвшинсайханаар дамжуулан 200,000 төгрөгийн барьцаанд хугацаатайгаар тавьж хадгалуулсан байсан "Айфоне экс ар" загварын гар утсыг дээрх барьцаат зээлийн газрын ажилтан Б.Мөнгөнийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилж өөртөө шилжүүлэн авсан гэмт үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Барьцаат зээлийн газрын ажилтан Б.Мөнгөнийг хохирогчоор, "Айфоне экс ар" загварын гар утасны хууль ёсны өмчлөгч Б.Хашбатыг иргэний нэхэмжлэгчээр тогтоох нь зүйтэй гэж шүүгчийн захирамжид дурдсан нь мөн Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарч байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ" гэж тодорхойлсон байх бөгөөд хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар "Оргил" барьцаат зээлийн төв, болон ажилтан Б.Мөнгөн нарт яллагдагч О.Цэнд-Аюушийн гэмт үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирсан нөхцөл байдал тогтоогдохгүй байхад шүүгчийн захирамжид дурдсан дээрх дүгнэлт нь ойлгомжгүй байдлыг бий болгож байна.

Мөн Улсын Дээд шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 18-ний өдрийн №677 дугаар тогтоолд: ... "Зарим тохиолдолд залилах гэмт хэргийн субъект нь хохирогчтой шууд харилцаа бий болгохгүйгээр тухайн хохирогчийн эд хөрөнгийг авч хадгалах хамгаалах үүрэг хүлээсэн этгээд, эсхүл хохирогчоос тухайн эд хөрөнгийг гаргуулан авч чадах итгэл хүлээлгэсэн гуравдагч этгээдийг дээрх байдлаар төөрөгдүүлэн жинхэнэ хохирогчийн эд хөрөнгийг дам байдлаар зувчуулан авсан үйлдэл мөн энэ гэмт хэргийн шинжид хамаарна” гэж тайлбарласан байх бөгөөд хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Б.Хашбатыг хохирогчоор тогтоосон нь Улсын дээд шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийг тайлбарласан уг тайлбарт хамаарч байна. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар цугларсан нотлох баримтуудыг мөрдөгч болон прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар үнэлж нотлох баримтуудаар яллагдагчийн гэм буруугийн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "... прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана" гэх зарчмын хүрээнд хэргийг шүүхээс эцэслэн шийдвэрлэх боломжтой байхад прокурорт буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх" зарчмыг ноцтой зөрчиж байна гэж дүгнэхээр байна.

Иймд Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 2023/Ш3/250 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

6. О.Цэнд-Аюуш түүний өмгөөлөгч Н.Очирбат нарын давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

6.1  Шүүгчийн захирамжинд "... 7 дээр дурдсан үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл: яллагдагч О.Цэнд-Аюуш хохирогч 3.Нямдавааг гар утсаа барьцаанд тавихыг шаардаж зүй бус үгээр хэлж, хохирогчийг заамдах зэргээр үгээр болон үйлдлээрээ хүч хэрэглэхээр заналхийлж гар утсыг нь барьцаанд тавьж, мөнгийг нь хувьдаа ашигласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг, мөн яллагдагч О.Цэнд- Аюушийн хохирогч О.Дэлгэрмөрөний гар утсыг түүний зөвшөөрлөөр ашиглаж байх явцдаа завшсан үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус агуулж байх тул яллагдагчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөх, хүндрүүлэхээр байна. Энэ нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаанд хамаарч байна.

Мөн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Б.Хашбат нь "I phone XR" загварын гар утсаа "Оргил" барьцаат зээлийн газарт Э.Түвшинсайханаар дамжуулан 200,000 төгрөгийн барьцаанд тавьсныг яллагдагч О.Цэнд-Аюуш нь 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр "Оргил" барьцаат зээлийн газрыг ажиллуулдаг Б.Мөнгөнд тухайн гар утсыг өөрийн гар утас гэж итгүүлэн, барьцааны мөнгийг төлж авсан үйлдэлд иргэний нэхэмжлэгчээр оролцвол зохих Б.Хашбатыг хохирогчоор, хохирогчоор тогтоогдвол зохих Б.Мөнгөнийг гэрчээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх зөрчилд хамаарч байна ..." гэж дүгнэжээ.

6.2 Захирамжинд дурдсан яллагдагч О.Цэнд-Аюуш хохирогч З.Нямдавааг гар утсаа барьцаанд тавихыг шаардаж зүй бус үгээр хэлж, хохирогчийг заамдах зэргээр үгээр болон үйлдлээрээ хүч хэрэглэхээр заналхийлж гар утсыг нь барьцаанд тавьж, мөнгийг нь хувьдаа ашигласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хавтаст хэрэгт авагдсан баримтаар хангаагүй байгаа. хх-ийн 109-110 хуудсанд 3.Нямдаваагийн гэрчээр өгсөн "... би гар утсаа тавьж чадахгүй гэсэн тэгээд намайг янз бүрээр хараагаад байсан. Намайг айлгаад заамдаж аваад доошоо явъя гээд дагуулаад явсан. Замдаа явж байхдаа утсаар манай захирал гээд хүнтэй яриулаад цалин маргааш бууна гээл гар утсаа тасалсан. Ломбард ороод миний гар утсыг 500,000 төгрөгийн барьцаанд тавиад унаа олоод Дэлгэрмөрөн бид 3 Ховд аймаг явсан гэжээ ..." үүнээс харвал утас ломбардад тавиулах гэж заамдсан, эсвэл доошоо явах гэж заамдсан, хувийн харилцаанаас болж заамдсан эсэх нь эргэлзээтэй байна. Хавтаст хэргийн 8 дугаар хуудсанд авагдсан хохирогч Б.Хашбатын мэдүүлэгт Б.Хашбат нь өөрийн эзэмшлийн iphone  маркийн гар утсыг буудлын мөнгө хэрэг болоод 200,000 төгрөгт ломбардад тавьсан байна. үүнээс дүгнэвэл Б.Хашбат хохирогч байна. Харин "Оргил" барьцаат зээлийн газрыг ажиллуулдаг Б.Мөнгөн иргэний нэхэмжлэгч байх боломжтой байна. Иймд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар 22-ны өдрийн 2023/Ш3/250 дугаартай захирамжийн тодорхойлох хэсгийн 7 дахь хэсэгт заасан хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

2. Прокуророос “яллагдагч О.Цэнд-Аюушийг 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр "Оргил" барьцаат зээлийн төвд Э.Түвшинсайханаар дамжуулан 200'000 төгрөгийн барьцаанд тавьсан хохирогч Б.Хашбатын өмчлөлийн I phone-XR загварын гар утсыг дээрх барьцаат зээлийн газрын ажилтан Б.Мөнгөнийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилж өөртөө шилжүүлэн авч хохирогчид 700'000 төгрөгийн хохирол учруулсан,

2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр захирал гэх хүнтэй утсаар яриулж цалин маргааш бууна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурах аргаар хохирогч 3. Нямдаваагийн I phone-14 загварын гар утсыг авч түүнд 3'100'000 төгрөгийн хохирол учруулсан,

2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр цалин орохоор аваад өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож хуурах аргаар насанд хүрээгүй хохирогч О.Дэлгэрмөрөнгийн I phone-11 загварын гар утсыг өөртөө шилжүүлэн авч түүнд 900,000 төгрөгийн хохирол учруулсан,

2024 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Билэг төвд байрлах Элит ресторанд үйлчлүүлж байхдаа хохирогч Э.Очирхүүгийн өмчлөлийн I phone-12 pro max загварын гар утсыг "гарч утсаар ярьчхаад ирнэ" гэж хуурах аргаар өөртөө шилжүүлэн авч хохирогчид 1'400'000 төгрөгийн хохирол учруулсан,

2024 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Э.Очирхүүгийн гар утсыг өөрийнхөө өмчлөлийн гар утас мэтээр цахим хуудсанд хямд үнээр худалдан борлуулах талаар зар оруулж бодит байдлыг нуух замаар насанд хүрээгүй хохирогч Э.Ууганбаярын І phone-11 pro maх загварын гар утас, 250'000 төгрөг зэргээр сольж хуурах apraap өөртөө шилжүүлэн авч насанд хүрээгүй хохирогч Э.Ууганбаярт 1'290'000 төгрөгийн хохирол учруулсан” гэж тус тус дүгнэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

3. Шүүх хэргийг хянан хэлэлцээд “ялагдагчийн зарим үйлдэлд бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон буюу дээрэмдэх гэмт хэргийн, мөн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завших гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгах нь зүйтэй, мөн Оргил барьцаат зээлийн газрын ажилтан Б.Мөнгөн нь хохирогчоор, Б.Хашбат нь иргэний нэхэмжлэгчээр тогтоогдохоор байтал Б.Мөнгөнийг гэрчээр, Б.Хашбатыг хохирогчоор оролцуулсныг зөвтгөх нь зүйтэй” гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэснийг прокурор эс зөвшөөрч, эсэргүүцэл бичжээ.

4. Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийн дагуу хэргийг бүхэлд нь  хянаж “хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авч шийдвэрлэв.

4.1 Яллагдагчийн зарим үйлдэлд “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж байгаа эсэх” талаар.

            Насанд хүрээгүй хохирогч О.Дэлгэрмөрөн мэдүүлэгтээ “Аймгаас гарахдаа миний гар утсыг О.Цэнд-Аюуш авчихсан байсан, надад ямар нэгэн зүйл хэлээгүй, миний гар утсаар фейсбүүк ороод ашиглаж байсан, надад өгөөгүй, би гар утсаа барьцаанд тавьчих гэж хэлсэн зүйл байхгүй, чиний гар утсыг таньдаг ахдаа түр 300,000 төгрөгөөр тавьчихлаа маргааш цалин орохоор өгнө гээд одоо болтол өгөөгүй байна. Хаана ломбардад тавьсан талаар би хамт яваагүй болохоор мэдэхгүй байна. Бид хоёрыг цохисон зүйл байхгүй, үгээр бид хоёрыг айлгаад байсан” гэж,

Хохирогч З.Нямдаваа мэдүүлэгтээ “...Орой 18 цаг өнгөрч байхад гаднаас орж ирчхээд намайг гар утсаа өгөөдөх гээд гар утас аваад өөрийнхөө фейсбүүк рүүгээ орж байгаад нэг эмэгтэй хүнд миний зургийг харуулаад намайг манай багийн найз гээд байсан. Би гар утсаа авъя гэтэл байж бай, хуцаад байлгүй байж бай гээд байсан. ...Ховд аймагт мөсний баяр болно намайг дагаад яв гэж яриад манайд хоносон. Маргааш өглөө нь намайг гар утсаа 500,000 төгрөгөөр ломбардад тавьчих зардлаа хийгээд явъя гэсэн, би гар утсаа тавьж чадахгүй гэсэн. Намайг янз бүрээр хараагаад байсан. Намайг айлгаад заамдаж аваад доошоо явъя гээд дагуулаад явсан. Замдаа явж байхдаа утсаар манай захирал гэх хүнтэй яриулаад цалин маргааш бууна гээд утсаа тасалсан.” гэж тус тус мэдүүлсэн байна.

Эдгээр мэдүүлгээс харахад яллагдагч О.Цэнд-Аюуш нь насанд хүрээгүй хохирогч О.Дэлгэрэнмөрөн болон хохирогч З.Нямдаваа нарын өмчлөлийн гар утсыг өөртөө шилжүүлэн авахдаа хуурч мэхлэх, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулах, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулах зэргээр залилах арга хэрэглээгүй байна.

Харин насанд хүрээгүй хохирогч О.Дэлгэрэнмөрөн болон хохирогч З.Нямдаваа нарыг үг, үйлдлээр айлгаж, тэдгээрийн утсыг илээр булааж авсан байна.

Мөн эдгээр хохирогч нар нь яллагдагч О.Цэнд-Аюушийн үг, үйлдлээс айж, гар утсаа өгсөн, Ховд аймаг дагаж явсан зэрэг үйл баримт тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл яллагдагч О.Цэнд-Аюушид хууртаж, түүнд итгэж гар утсаа өгсөн биш харин түүнээс айж гар утсаа шилжүүлэн өгсөн байна.

Иймээс “яллагдагч О.Цэнд-Аюушийн үйлдэлд бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгаж тогтоох нь зүйтэй” гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Харин яллагдагчийн дээр дурдсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон” гэх  хүндрүүлэх шинж тогтоогдоогүй байна.

4.2 Яллагдагчийн зарим үйлдэлд “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завших гэмт хэргийн шинж байгаа эсэх” талаар.

Хэрэгт авагдсан баримтаар “насанд хүрээгүй хохирогч О.Дэлгэрэнмөрөн нь яллагдагч О.Цэнд-Аюушид өөрийн гар утсаа сайн дураараа түүнд итгэмжлэн хариуцуулахаар шилжүүлэн өгсөн” үйл баримт тогтоогдоогүй бөгөөд харин түүнээс айж гар утсаа шилжүүлэн өгсөн үйл баримт тогтоогдсон байна.

Иймээс яллагдагчийн үйлдэлд “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгах нь зүйтэй” гэх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй байна.

4.3 “Оргил барьцаат зээлийн газрын ажилтан Б.Мөнгөн нь хохирогчоор, Б.Хашбат нь иргэний нэхэмжлэгчээр тус тус тогтоогдохоор байтал Б.Мөнгөнийг гэрчээр, Б.Хашбатыг хохирогчоор оролцуулсныг зөвтгөх нь зүйтэй” эсэх талаар.

Яллагдагч О.Цэнд-Аюуш нь “анхнаасаа хохирогч Б.Хашбатын гар утсыг авах зорилгоор гуравдагч этгээд буюу Оргил барьцаат зээлийн газрын ажилтан Б.Мөнгөнийг хуурч мэхлэх аргаар Б.Хашбатын гар утсыг өөртөө шилжүүлэн авсан байх тул Б.Хашбатыг хохирогчоор, Б.Мөнгөнийг гэрчээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь зөв” гэх прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна.

Харин яллагдагч О.Цэнд-Аюушид холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэгдэхээс өмнө “Оргил” барьцаат зээлийн газрын ажилтан Б.Мөнгөн нь Б.Хашбатад учирсан хохирлыг үл маргах журмаар бүрэн төлж барагдуулсан тохиолдолд яллагдагч О.Цэнд-Аюушид холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Б.Мөнгөнийг иргэний нэхэмжлэгчээр оролцуулах боломжтой юм.

4.4 Дээр дурдсан үндэслэлээр прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авч, шийдвэрлэв.

5. Яллагдагчийн өмгөөлөгч Н.Очирбатын “яллагдагч О.Цэнд-Аюушийн үйлдэлд бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийн шинж байхгүй, Б.Хашбат нь хохирогч,  Оргил барьцаат зээлийн газрын ажилтан Б.Мөнгөн нь иргэний нэхэмжлэгч байх боломжтой” гэх агуулгатай давж заалдах гомдол нь прокурорын эсэргүүцэлтэй агуулгын хувьд ижил байх тул дээр дурдсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

6. Мөн өмгөөлөгч Н.Очирбат нь яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлт гаргажээ.

6.1 Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч яллагдагч О.Цэнд-Аюушид холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд хэргийг прокурорт буцааж шийдвэрлэхдээ шүүгчийн захирамжийн ЗАХИРАМЖЛАХ хэсгийн 2 дахь заалтаар яллагдагч О.Цэнд-Аюушид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Харин давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцэл, яллагдагчийн өмгөөлөгчийн гомдлын дагуу шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцаасан үндэслэлийг хянаж, захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн тул яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх боломжгүй байна.

Иймд өмгөөлөгчийн яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн ажиллагаа болон бусад ажиллагааны үед хүсэлт, гомдол дахин гаргах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүйг дурдлаа.

7 Дээр дурдсан үндэслэлүүдээр “хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийн хүлээн авч, яллагдагчийн өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож, 

ТОГТООХ нь:

 

1.Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн  2024/ШЗ/250 дугаартай  шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авч, яллагдагчийн өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.7-д зааснаар яллагдагчийн өмгөөлөгч Н.Очирбатын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлтийг хангахгүй орхисугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой.” гэсэн үндэслэлээр оролцогч Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                        Ж.ОТГОНХИШИГ

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

 

                    ШҮҮГЧ                                       М.НЯМБАЯР