Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 00044

 

     Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,

нарийн бичгийн дарга Д.Одончимэг,

улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Оюун-Эрдэнэ,

шүүгдэгч Х.Т  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Т д холбогдох эрүүгийн 163/2018/0046/Э индекстэй, 171500134 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1979 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б овогт Х.Т  

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Т  нь 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 07 цагийн үед Булган аймгийн Рашаант сумын 4 дүгээр багийн нутаг “Мөргөцөг” гэх газарт **-**УНК улсын дугаартай “Toyota preimo” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас онхолдож, зорчигч Г.Т ийн эрүүл мэндэд хөнгөн, Г.Анарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.  

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Т ын өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй. Эрүүл мэндийн болон эд хөрөнгийн хохирлыг бүгдийг төлж барагдуулсан. Гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна, ялаас чөлөөлж өгнө үү гэх мэдүүлэг,

171500134 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлийн шатанд:

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Нарангэрэлийн өгсөн: Би Хашхүүгийн Т ын төрсөн эгч нь байгаа юм. Манай эцэг, эх нас барсан мөн Т ын нөхөр М.Ганзориг Солонгос улсад ажиллаж байгаа учраас би энэ хэрэгт Т ын хүүхдүүдийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байна....Надад осол хэргийн талаар мэдэх зүйл байхгүй, харин Х.Т  нь хохирогч нарын эмчилгээний зардлыг бүрэн төлж барагдуулсан Г.Т , Г.А нарын бие эрүүл цэцэрлэг, сургуульдаа явж байгаа болно. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй тул хэргийг хялбаршуулж, хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү  гэх /хх-49 тал/ мэдүүлэг,

Гэрч Б.Г өгсөн: Би 2017 оны 09 дүгээр сарын 15-ны үүрээр Улаанбаатар хотоос Ланд 200 маркийн **-**УБС улсын дугаартай машинаар гарахад манай ангийн Т  шөнийн 4 цаг болж байхад утсаар ярьсан юм. Тэр үед би “чи гарч бай, хүн аваад араас чинь гарна” гэхэд Т  хоёр хүүхдийнхээ хамт бид нараас түрүүлээд замд гарсан. Бид араас нь Төв аймгийн Лүн сумын нутагт гүйцэж ирээд “Булган аймгийн Рашаант сумын урд зам дээр хүлээж байя” гээд бид түрүүлээд явсан. Тэгээд бид нарыг дөнгөж Рашаант суманд ирээд зогсоход ******** дугаарын утснаас нэг эмэгтэй хүн яриад “энэ хамгийн сүүлд ярьсан дугаарын эзэн машинтайгаа замын хажууруу уначихсан, хоёр хүүхэд нь машинаасаа газар шидэгдсэн байна” гэхээр нь бид буцаад очиход зам дээр ногоон өнгийн 45 хүний суудалтай автобус зогсож байсан. Би тэр хүмүүсийг танихгүй тэр хүмүүс машиныг нь босгоод байж байсан. Би очоод Улаанбаатар хотын лавлахаас Булган аймгийн Цагдаагийн газрын утсыг авч холбоо барьсан. Тэгээд Рашаант сумаас цагдаа, түргэн ирж холбогдох ажлуудаа хийсэн гэх мэдүүлэг /хх-17-18 тал/,

Гэрч О.Ч өгсөн: Би 2017 оны 9 дүгээр сарын 15-ны үүрээр Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн Хархорин сум орохоор 4 цаг 40 минутын үед Гантөмөр ахын эзэмшлийн Ланд-200 маркийн **-**УБС улсын дугаартай автомашинд суугаад гарахад нэг эмэгтэй Гантөмөр ахтай утсаар яриад явж байсан. Бид араас нь Төв аймгийн Лүн сумын нутагт гүйцэж ирээд “Булган аймгийн Рашаант сумын урд зам дээр хүлээж байя” гээд бид түрүүлээд явсан. Тэгээд бид нарыг дөнгөж Рашаант суманд ирээд зогсоход Гантөмөр ахын утас руу ******** дугаарын утаснаас нэг эмэгтэй хүн яриад “энэ хамгийн сүүлд ярьсан дугаарын эзэн машинтайгаа замын хажууруу уначихсан хоёр хүүхэд нь машинаасаа газар шидэгдсэн байна” гэхээр нь бид буцаад очиход зам дээр ногоон өнгийн 45 хүний суудалтай автобус зогсож байсан. Бид нар очоод Улаанбаатар хотын лавлахаас Булган аймгийн Цагдаагийн газрын утсыг авч холбоо барьсан гэх мэдүүлэг /хх-19-20 тал/,

Гэрч Ж.Д өгсөн: Би 2017 оны 9 дүгээр сарын 15-ны үүрээр Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн Хархорин сум орохоор 04 цаг 40 минутын үед өөрийн нөхөр Гантөмөр, Эрдэнэсувд, Чинзориг нарын хамт өөрийн нөхрийн эзэмшлийн Ланд-200 маркийн **-**УБС улсын дугаартай автомашинаар гарахад Т  шөнийн 04 цаг болж байхад утсаар ярьсан юм тэгээд “би түрүүлээд явж байя” гээд мессеж бичсэн байсан. Тэгээд Т  хоёр хүүхдийнхээ хамт бид нараас түрүүлээд замд гарсан. Бид араас нь Төв аймгийн Лүн сумын нутагт гүйцэж ирээд “Булган аймгийн Рашаант сумын урд зам дээр хүлээж байя” гээд бид түрүүлээд явсан. Тэгээд бид нарыг дөнгөж Рашаант суманд ирээд зогсоход ******** дугаарын утаснаас нэг эмэгтэй хүн яриад “энэ хамгийн сүүлд ярьсан дугаарын эзэн машинтайгаа замын хажууруу уначихсан, хоёр хүүхэд нь машинаасаа газар шидэгдсэн байна” гэхээр нь бид буцаад очиход зам дээр ногоон өнгийн 45 хүний суудалтай автобус зогсож байсан. Бид нар очоод Улаанбаатар хотын лавлахаас Булган аймгийн Цагдаагийн газрын утсыг авч холбоо барьсан гэх мэдүүлэг /хх-21-22 тал/,

Гэрч Д.Э өгсөн: Би 2017 оны 09 дүгээр сарын 15-ны үүрээр Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн Хархорин сум орохоор 04 цаг 40 минутын үед Гантөмөр, Даарийжав, Чинзориг нарын хамт Гантөмөрийн эзэмшлийн Ланд-200 маркийн **-**УБС улсын дугаартай автомашинаар гарсан. Тэр үед Т  шөнийн 04 цаг болж байхад Улаанбаатар хотоос гараад явсан гэж байсан. Бид араас нь Төв аймгийн Лүн сумын нутагт гүйцэж ирээд “Булган аймгийн Рашаант сумын урд зам дээр хүлээж байя” гээд бид түрүүлээд явсан. Тэгээд бид нарыг дөнгөж ирээд зогсоход ******** дугаарын утаснаас нэг эмэгтэй хүн яриад “энэ хамгийн сүүлд ярьсан дугаарын эзэн машинтайгаа замын хажууруу унчихсан, хоёр хүүхэд нь машинаасаа газар шидэгдсэн байна” гэхээр нь бид буцаад очиход зам дээр ногоон өнгийн 45 хүний суудалтай автобус зогсож байсан. Бид нар очоод Улаанбаатар хотын лавлахаас Булган аймгийн Цагдаагийн газрын утсыг авч холбоо барьсан гэх мэдүүлэг /хх-23-24 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 11771 тоот:

1. Х.Т ын биед хүзүүний 2-р нугаламын шүдлэг сэртэнгийн угаар буюу 2 талын педикл, 2 талын латераль масс руу үргэлжилсэн болон баруун талын хөндлөн сэртэнгийн нүх дайрсан хугарал, баруун нүдний дээд, доод зовхи, гадна буланд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хэвлий, баруун бугалга, шуу, баруун, зүүн гуяанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.  Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

З. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 11770 тоот:

1. Г.Анарын биед гавлын дагз ясны суурийн баруун талаас дээш дагз чамархайн заадас, урагш дээш зулай яс руу үргэлжилсэн шугаман хугарал, баруун тал бөмбөлөгийн хатуу бүрхүүлийн дээрх цусан хураа, баруун эгэм яс, атгаал ясны далд хугарал, толгойн хуйх, дух, баруун хацар, эрүү, баруун бугалганд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэлт тогтоогдлоо.

2.  Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

З. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Гавал тархины гэмтэл нь цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 11769 тоот:

1. Г.Т д нэг шүдний хугарал, уруулд зулгаралт тогтоогдлоо. 

2.  Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

З. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонги нөлөөлөхгүй гэх дүгнэлт,

Булган аймгийн цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 55 тоот:

1. Т.Премио маркийн **-**УНК улсын дугаартай автомашины жолооч Х.Т  нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Т.Премио маркийн **-**УНК улсын дугаартай автомашины тоормосны мөр байхгүй тул хурдыг тодорхойлох боломжгүй гэх дүгнэлт /хх-55 тал/, хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай тогтоол /хх-1 тал/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тогтоол /хх-2 тал/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-8 тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-9-11 тал/, шүүгдэгчийн хувийн байдлын талаархи нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

         Шүүгдэгч Х.Т  нь 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өглөө 07 цагийн үед Булган аймгийн Рашаант сумын 4 дүгээр багийн нутаг “Мөргөцөг” гэх газарт **-**УНК улсын дугаартай “Toyota preimo” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”...гэсэн заалтыг зөрчсөний улмаас онхолдож, зорчигч найман настай Г.Т ийн эрүүл мэндэд хөнгөн, зургаан настай Г.Анарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна.  

Энэ үйл баримт нь хэрэг бүртгэлтийн шатанд гэрч Б.Гантөмөр, О.Чинзориг, Ж.Даарийжав нарын өгсөн мэдүүлэг, хохирогч нарын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 9 дугаар сарын 16-ны өдрийн 11769, 09 дүгээр сарын 18-ны өдрийн 11770 тоот дүгнэлтүүд болон зам тээврийн ослын шалтгааныг тогтоосон Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 55 тоот дүгнэлт, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 Иймд шүүгдэгч Х.Т ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүгдэгч Х.Т ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч нарын биед хөнгөн, хүнд хохирол учирсан байх ба шүүгдэгч эмчилгээний зардлыг бүрэн төлсөнөөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Нарангэрэл нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэжээ.  

 Шүүгдэгч Х.Т  нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч бусдад учруулсан эрүүл мэндийн болон эд хөрөнгийн хохирлыг төлж барагдуулсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүгдэгчтэй эвлэрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ бичгээр гаргасан, шүүгдэгчид  оногдуулах ял шийтгэлийн төрөл, хэмжээний хувьд маргаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу  шүүгдэгч Х.Т ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.

       Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Х.Т  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдаж, хэрэгт хавсаргагдаж ирсэн №664410 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шүүгдэгч Х.Т д буцаан олгох нь зүйтэй байна.

Яллах дүгнэлтэнд хавтаст хэргийн дугаарыг “1803000010048” гэж өөрөөр бичсэн байх ба шүүх мөрдөгчийн “хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай” тогтоолын дугаарыг үндэслэн 171500134 гэж залруулж бичсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

         ТОГТООХ нь:    

1. Шүүгдэгч Б овогт Х. Т ыг Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн, хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч Х.Т ыг мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Шүүгдэгч Х.Т  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хавсаргагдаж ирсэн №664410 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шүүгдэгч Х.Т д буцаан олгохыг шүүгчийн туслах Б.Цогзолмаад даалгасугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Т д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Х.Т д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.ЦЭРЭНХАНД