| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Нямбаяр |
| Хэргийн индекс | 2436000000164 |
| Дугаар | 66 |
| Огноо | 2024-08-27 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Хосбаяр |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 66
2024 08 27 2024/ДШМ/66
З.Болорбатад холбогдох эрүүгийн хэргийн тухай
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Б.Хосбаяр, яллагдагчийн өмгөөлөгч Н.Очирбат, нарийн бичгийн дарга Р.Лхагвасүрэн нарыг оролцуулан,
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЗ/280 дугаар шүүгчийн захирамжийн эс зөвшөөрч бичсэн яллагдагч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн З.Болорбатад холбогдох эрүүгийн 2436000000164 дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч шүүгч М.Нямбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Монгол улсын иргэн, Жагдбай ургийн овогт Зундуйсүрэнгийн Болорбат, 1997 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймгийн Буянт суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл дөрөв, эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг, Ховд аймгийн Буянт сумын 01 дүгээр (Нарийн гол) багт оршин суух хаягтай, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
2. Шүүгдэгч З.Болорбат нь 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 07-40 тоотод байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Энхзаяагийн уруул хэсэгт цохиж дээд уруулын зүүн дотор салстад шарх бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан холбогджээ.
3.Ховд аймгийн прокурорын газраас З.Болорбатын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
4. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
4.1 Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Жагдбай ургийн овогт Зундуйсүрэнгийн Болорбатад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2436000000164 дугаартай хэргийг Ховд аймгийн прокурорын газарт буцааж,
4.2 Шүүгдэгч 3. Болорбатад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг прокурорт очих хүртэл үргэлжлүүлж,
4.3 Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж,
4.4 Энэхүү захирамжийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
5. Яллагдагч З.Болорбат түүний өмгөөлөгч Н.Очирбат нарын давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
5.1 Анхан шатны шүүхээс яллагдагч 3.Болорбатын үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ гэж дүгнэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь хохирогч Б.Энхзаяа мөрдөн байцаалтын шатанд удаа дараа зохисон гэж мэдүүлэхдээ мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж өгч чадаагүй.
5.2 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 3-д гэмт хэрэг үйлдсэн этгээд энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрөөгүй байхад гэмт хэрэг санаатай дахин үйлдвэл хөөн хэлэлцэх хугацааг сүүлчийн гэмт хэргийг үйлдсэн үеэс гэмт хэрэг тус бүрд шинээр тоолно. Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 2-д энэ хуулийн тусгай ангид баривчлах шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй гэж зааж өгчээ.
Эрүүгийн хуульд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байхад гэмт хэрэг санаатай дахин үйлдвэл хөөн хэлэлцэх хугацааг сүүлчийн гэмт хэрэг үйлдсэн үеэс тоолохоор зааж өгсөн бол, зөрчлийн тухай хуульд хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байхад дахин зөрчил үйлдвэл хэрхэн яах талаар зохицуулсан зохицуулалт алга байна.
Яллагдагч 3.Болорбат хохирогч Б.Энхзаяагийн мэдүүлэгт дурдагдсан он, сар, өдрүүдэд Б.Энхзаяад эрүүгийн гэмт хэрэг буюу гэмтэл учруулсан уу, эсхүл зөрчлийн тухай хуульд заасны дагуу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон уу гэдэг нь эргэлзээтэй зөрчил үү, эрүүгийн гэмт хэрэг үү гэдгийг тогтоох боломжгүй байна.
Монгол улсын дээд шүүхийн 2010 оны 07 дугаарс 02-ны өдрийн 20 дугаартай эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацааны тайлбар өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх бүрэн боломжтой байна. Хэргийг буцааснаар хэнээс, юуг тодруулах нь тодорхой бус, хавтаст хэрэгт хохирогч мэдүүлгээ бүрэн өгсөн, дахин шалгах ажиллагаа байхгүй байна. Иймд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.
6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Миний хувьд өмгөөлөгчийн гаргасан гомдлыг дэмжиж байна. Мөрдөн шалгах ажиллагаагаар хохирогч Б.Энхзаяаг зодсон гэх үйл баримтыг 2 удаагийн мэдүүлгээр шалгасан. 2023 оны 06, 07 дугаар сард намайг зодож байсан гэх баримтыг хохирогч өөрөө мэдүүлж байгаа боловч бусад нотлох баримтуудаар нотлон тогтоох боломжгүй нөхцөл байдал үүссэн. Өөрөөр хэлбэл тухайн хэрэгт гэрч болон бусдын бичгийн нотлох баримт болон эмнэлгийн байгууллагад үзүүлж эмчилгээ хийлгэж байсан гэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй учраас прокуророос уг хэргийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдсэн байгаа нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
2. Прокуророос “шүүгдэгч З.Болорбатыг 2024 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 7-40 тоотод байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Энхзаяагийн уруул хэсэгт цохиж дээд уруулын зүүн дотор салстад шарх бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.
3. Шүүх хэргийг хянан хэлэлцээд “шүүгдэгч З.Болорбат нь 2023 оны 6 сар болон 7 дугаар сард хохирогчийг зодсон талаар хохирогч Б.Энхзаяа цагдаагийн газарт гаргасан гомдолдоо дурдсан байхад эдгээр үйл баримтыг мөрдөн шалгах ажиллагаагаар шалгаж тодруулаагүй байна, хэрэв шалгасан тохиолдолд хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх боломжтой” гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэснийг шүүгдэгчийн өмгөөлөгч эс зөвшөөрч, захирамжийг хүчингүй болгуулахаар гомдол гаргажээ.
4. Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгчийн дагуу хэргийг бүхэлд нь хянаж “хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
4.1 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж тус тус заасан байна.
Гэтэл хохирогч Б.Энхзаяа нь Цагдаагийн газарт гаргасан гомдолдоо “шүүгдэгч З.Болорбат нь хохирогчийг 2023 оны 6, 7 дугаар сард зодсон” гэх үйл баримтын талаар дэлгэрэнгүй бичсэн байхад уг үйл баримтын талаар мөрдөн шалгах ажиллагаагаар шалгаж тодруулаагүй орхисон нь мөрдөгч, прокурор “хэргийн бодит байдлыг тогтоох” хуульд заасан үүргээ биелүүлээгүй байна.
Тухайлбал хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ “2023 оны 6 дугаар сард нөхөр З.Болорбат нь түүнийг зодсон шалтгаан, үйл баримтын талаар дэлгэрэнгүй мэдүүлсэн байх бөгөөд харин гомдолдоо дурдсан 2023 оны 7 дугаар сард Увс аймгийн Хяргас нууранд зугаалгаар явж байх үед “түүний үснээс зулгааж, портер маркийн машинд хүчээр суулгаж, толгойноос нь зулгааж цонх мөргүүлж, машиныхаа баруун талын цонхыг миний толгойгоор халгалсан, мөн нүүр лүү цохиж, хамраас цус гаргасан, тэгээд намайг цусаа угаахыг шаардаж, хүчээр миний цусыг угаалгуулсан” гэх үйл баримтын талаар хохирогч ярилгүй орхисон ба мөрдөгч энэ талаар асууж тодруулаагүй байна.
4.2 Иймээс дурдсан үйл баримтыг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоосон тохиолдолд хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх боломжтой талаарх нь анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.
4.2 Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “хохирогч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж өгч чадаагүй, зөрчил хоорондох хөөн хэлэлцэх хугацаа дууссан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой” гэх гомдол үндэслэлгүй байх тул гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5 Дээр дурдсан үндэслэлүүдээр “хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож, ТОГТООХ нь:
1.Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЗ/280 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, яллагдагч З.Болорбат түүний өмгөөлөгч Н.Очирбатын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Яллагдагч З.Болорбатад урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой.” гэсэн үндэслэлээр оролцогч Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА
ШҮҮГЧ М.НЯМБАЯР