| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамбалын Отгонхишиг |
| Хэргийн индекс | 2436001590116 |
| Дугаар | 68 |
| Огноо | 0000-00-00 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Б.Хосбаяр |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
-0001 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 68
2024 08 27 2024/ДШМ/68
*******т холбогдох эрүүгийн хэргийн тухай
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Б.Хосбаяр, шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Д.Алимаа, Ж.Энхжаргал, нарийн бичгийн дарга Р.Лхагвасүрэн нарыг оролцуулан,
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/3 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн *******т холбогдох эрүүгийн 2436001590116 дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч шүүгч Ж.Отгонхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн ******* ******* ******* *******гийн Түмэнбаяр, 1986 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, Ховд аймгийн ******* сумын 02 дугаар (******* ******* ******* од оршин суух хаягтай, урьд Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2002 оны 05 дугаар 27-ны 1 өдрийн 121 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ялаар, тус шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар 01 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар, тус шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 05 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2018/ШЦТ/176 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, тус шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2019/ШЦТ/04 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 0 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн тус шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2021/ШЦТ/137 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 2019/ШЦТ/131 дугаартай шийтгэх тогтоолоор 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550'000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан.
2. Шүүгдэгч ******* нь 2021 оны 04 дүгээр сард согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн ******* сумын Хайрхан ******* нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг дэлгүүрийн худалдагч , туслах ажилтан нарыг цагдаад хэлж тэнэгтвэл дэлгүүртэй чинь хамт бензин асгаж байгаад шатаачихна шүү хэмээн айлган сүрдүүлж, хүч хэрэглэхээр заналхийлж, 0,75 литр хэмжээтэй Соёрхол архи 1 ширхэг, Багро нэртэй алаг салат 1 ширхэг зэргийг хууль бусаар авч 35,600 төгрөгийн хохирол учруулсан,
2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн ******* сумын Хайрхан ******* нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг дэлгүүрийн худалдагч г айлган сүрдүүлж, 1 литрийн Elvet нэртэй архи 1 ширхэг, 0.75 литрийн Evok нэртэй архи 2 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, илээр, хууль бусаар авч хохирогчид 118,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
3.Ховд аймгийн прокурорын газраас *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
4. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
4.1 Шүүгдэгч ******* ******* ******* *******гийн Түмэнбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
мөн тус зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
4.2 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар;
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 01 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,
4.3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 01 (нэг) жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 06 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 01 (нэг) жил 06 (зургаа) сарын хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр тогтоож,
4.4 Шүүгдэгч *******ыг энэ хэрэгт холбогдуулан баривчлаагүй, цагдан хориогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах болон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,
4.5 Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,
4.6 хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг сиди дискийг хэргийн хамт хадгалж,
4.7 Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор “эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
5.Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Д.Алимаа нарын давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
5.1 Шүүгдэгч ******* нь нотлох баримтаар хураагдсан камерын бичлэгт бичигдсэн хүн би биш надад тийм дээл байхгүй гэж маргаж байгаа ба би шууд дэлгүүрээс нь бараа дээрэмдэж аваагүй нөхөрт нь хэлж зөвшөөрсний үндсэн дээр учир байдлыг нь хэлж авсан надад худалдагч Өлзий өөрийнхөө гараар өгсөн. 2021 онд айлган сүрдүүлж дарамталж авсан гэх 35600 төгрөгийн архи болон бусад нэр бүхий барааг би аваагүй эхнэр нөхөр туслах ажилтан нар нь ажил төрөл гэр бүлийн харилцан хамааралтай хүмүүс миний архи уудаг байдлыг далимдуулж үгсэн тохиролцож гүтгэж байна гэх тул хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд өөр гэрчгүй эргэлзээтэй байна.
5.2 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг тус бүрд нь шинээр тоолж, 2021 онд айлган сүрдүүлж дарамталж авсан гэх 35600 төгрөгийн архи болон бусад нэр бүхий барааг авсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, хүндрүүлж зүйлчилснийг хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд зүйлчлэлийг зөвтгөж шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү гэв.
6. Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нарын давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
6.1 Шүүгдэгч ******* нь 2021 оны 04 дүгээр сард согтуурсан үедээ Ховд аймгийн ******* сумын Хайрхан ******* нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг дэлгүүрийн худалдагч , туслах ажилтан нарыг цагдаад хэлж тэнэгтвэл дэлгүүртэй чинь хамт бензин асгаж байгаад шатаачихна шүү гэх мэтээр айлган сүрдүүлж, хүч хэрэглэхээр заналхийлж 0.75 литрийн Соёрхол гэх архи 1 шил, Багро нэртэй алаг салат 1 ширхэг, Парламент гэх тамхи 1 хайрцаг, 2 литрийн Коко кола ундаа 1 ширхэг зэргийг хууль бусаар авч хохирогчид 35.600 төгрөгийн хохирол учруулсан нь болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдоогүй.
Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийн хувьд бусдын амь нас, эрүүл мэндэд халдаж хүч хэрэглэсэн аливаа үйлдэл нь хохирогчийн эд зүйлсийг авахаас өмнө, эсхүл бусдын эд зүйлийг хууль бусаар авсны дараа тухайн эд зүйлийг хохирогчид буцааж өгөхгүй, өөрсдийн эзэмшилд үлдээхийн тулд хохирогчийн зүгээс ирэх эсэргүүцлийг дарахаар гаргаж буй хүч хэрэглэсэн үйлдлийг хамааруулан ойлгоно. Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авсан үйлдэл нь гэмт этгээд хохирогчийн бие махбодод халдаж, түүний эсэргүүцлийг няцаан эд хөрөнгийг авсан байхыг ойлгох бөгөөд хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас хохирол бодитойгоор учраагүй боловч хүч хэрэглэсэн арга нь хохирогчийн амь биед аюултай нөхцөл бий болгохоор байсан бол энэхүү ойлголтод хамааруулж ойлгодог.
Дээрэмдэх гэмт хэргийн хүндрүүлэх шинж нь бусдын эд хөрөнгийг авч чадсан эсэхээс үл хамаарч хүч хэрэглэж довтолгоон хийснээр төгс үйлдэгдсэнд тооцогдоно.
Гэтэл анхан шатны шүүх нь шүүх, прокурор, мөрдөгч нь нотлох баримтыг шалгаж үнэлэхдээ хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож хэргийн үйл баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний эцэст хууль зүйн дүгнэлт гаргах хуулийн шаардлагыг хангаагүй, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулсан нотлох баримтуудтай бодитой харьцуулалгүйгээр, хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэнд гомдолтой байна.
6.2 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон бол" гэж дээрэмдэх гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг тодорхойлон хуульчилжээ.
Монгол Улсын Дээд Шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн тогтоолын дугаар 13-т "... "Дээрэмдэх" гэдэгт бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахад саад болж байгаа аливаа этгээд /өмчлөгч буюу эзэмшигч, итгэмжлэгдэн хариуцсан болон хамгаалах үүрэг бүхий этгээд гэх мэт/ рүү амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон аливаа идэвхтэй үйлдлийг ойлгоно.
"Довтолсон" гэж бусдын эд хөрөнгийг өөрийн өмчлөлд авах зорилгоор илээр эсхүл гэнэдүүлэн араас нь цохих, хоолой боох гэх мэт өөр этгээд рүү хүч хэрэглэн халдсаныг хэлнэ. Энэхүү халдлагад бие махбодын хүчирхийллээс гадна хохирогчийн сэтгэцийн үйл ажиллагааг алдагдуулах, хордуулах буюу мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл зэргийг илээр болон нууцаар хэрэглэснийг хамааруулж үзнэ.
6.3 Гэтэл шүүгдэгч ******* нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтлоогүй, довтолсон идэвхтэй үйлдэл хийгээгүй, хохирогчийн биед халдаагүй, гэмтэл учруулаагүй, айлгаж сүрдүүлээгүй, хүч хэрэглэсэн идэвхтэй үйлдэл хийгээгүй байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийг анхан шатны шүүх нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэнд гомдолтой байна. Эрх бүхий алтан тушаалтны 2024 оны 02 сарын 23-ны өдрийн "Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай" тэмдэглэлд Ховд аймгийн ******* сумын Хайрхан багт оршин суух ПМ90010901 регистрийн дугаартай гээс 2024 оны 02 сарын 23-нд Ховд аймгийн ******* сумын Хайрхан ******* нутаг дэвсгэрт байрлах хүнсний дэлгүүрээс иргэн ******* нь тооцоо хийлгүй 2 шил архи авч гэх"... зөрчлийн талаар амаар гомдол мэдээлэл гаргасан байдаг. Шүүгдэгч *******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг, хохирогч гийн мэдүүлэг, гэрч ын мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3-д мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй. Өөрөөр хэлбэл дээрх хавтаст хэрэгт авагдсан гэрч , , Б.Баттулга нар нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй, худал мэдүүлэг өгсөн байх магадлалтай, мэдүүлгийн эх сурвалжаар нотлогдон тогтоогдоогүй. Хохирогч нь 2021 онд цагдаагийн байгууллагад хандаагүй, "” хүнсний дэлгүүрийн камерийн бичлэг хавтаст хэрэгт авагдаагүй.
Гэтэл анхан шатны шүүхээс шүүгдэгч *******ыг яллагдагчаар болон нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд шүүхийн хэлэлцүүлэгт дахин мэдүүлэг өгөхдөө хэргийн үйл баримтын талаар харилцан зөрүүтэй, өөрт ашигтайгаар буюу дээр тогтоогдсон нөхцөл байдлаас зөрөөтэй мэдүүлсэн, шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугийн талаар мэтгэлцээгүй гэх хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэнд гомдолтой байна.
6.4 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан "дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ” гэж, мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй", 1.2 дахь заалтад “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн" бол давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох, эсхүл өөрчилнө” гэж тус тус заажээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-д давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж өгнө үү гэв.
7. Прокурор эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
7.1 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон" үйлдэл нь халдлага үйлдэгчийн довтолгооны үр дагаварт хохирогчийн амь бие, эрүүл мэндэд хохирол, хор уршиг учруулахуйц, эсвэл учруулсан аюултай үйлдэл хийсэн байхыг шаарддаг болно. Дээрх хэргийн хувьд гэмт халдлагад өртсөн гэх хохирогчийн эрүүл мэндэд ямар нэгэн хохирол, хор уршиг учраагүй, учирч болзошгүй нөхцөл байдал үүсээгүй болох нь хохирогч болон гэрчийн өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдсон. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн 2021 оны 04 дүгээр сарын гэмт үйлдэл нь 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй байхад шүүхээс түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлд хамаарч байгаагаас гадна шүүгдэгчийн эрх зүйн байдлыг илтэд дордуулсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцээгүй шийдвэр болсон байна.
Нөгөөтээгүүр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэлд эс үйлдэхүйгээр хангасан байхад үргэлжилсэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно" гэж заасан. Энэ нь шүүгдэгчийн хэд хэдэн удаагийн үйлдэл эс үйлдэхүйн нэг гэмт хэргийн шинжийг хангаж байвал түүнийг үргэлжилсэн үйлдлээр нэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх тухай хууль зүйн ойлголт юм. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг зүйлийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж байгаа тохиолдолд шүүх тухайн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж тус бүрээр гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа аль хүнд хэсгээр нь ял оногдуулдаг бөгөөд энэ нь хууль хэрэглээний тогтсон практик юм.
7.2 Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж ялыг нэмж нэгтгэн нийт элдэх ялыг 01 жил, 6 сарыг хугацаагаар тогтоож шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байна.
Түүнчлэн анхан шатны шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх байтал, 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хууль нь нийтлэг үндэслэл, зарчмуудыг тусгасан ерөнхий анги, тодорхой гэмт хэргийн бүрэлдэхүүн, ялын төрөл, хэмжээг тогтоосон тусгай анги гэсэн хоёр хэсгээс бүрддэг нэгдмэл, төрөлжсөн хууль юм.
Уг хуулийн тусгай ангийн хэм хэмжээг хэрэглэхэд удирдлага болговол зохих ерөнхий ангийн нийтлэг хэм хэмжээг зохицуулах шинжээр нь эрх олгосон, үүрэг болгосон гэж ангилан үздэг билээ. Түүнчлэн эдгээр хэм хэмжээг зохицуулж буй үүргийн зэргээр нь үүрэг болгосон буюу хориглосон (императив) болон эрх олгосон буюу зөвшөөрсөн (диспозитив) гэж ангилан үздэг ба уг зэрэглэлээс хамаарч Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үүрэг болгосон хэм хэмжээг шүүх аливаа нэгэн урьдач нөхцөлгүйгээр, ямар ч тохиолдолд заавал хэрэглэх үүрэгтэй болно. Иймд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын -ний өдрийн 2024/ШЦТ/3 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч *******т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг өмгөөлөгч нарын гомдол, прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдол, прокурорын эсэргүүцлийг хангаж шийдвэрлэв.
2. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болно.
3. Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ыг 2021 оны 04 дүгээр сард согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн ******* сумын Хайрхан ******* нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг дэлгүүрийн худалдагч , туслах ажилтан нарыг ...цагдаад хэлж тэнэгтвэл дэлгүүртэй чинь хамт бензин асгаж байгаад шатаачихна шүү... гэж айлган, сүрдүүлж, хүч хэрэглэхээр заналхийлж, архи, алаг салат, тамхи, ундаа зэргийг хууль бусаар авч хохирогчид 35,600 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн,
шүүгдэгчийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ мөн дэлгүүрийн худалдагч г айлган сүрдүүлж, Elvet болон Evoк нэртэй архийг хүч хэрэглэхгүйгээр, илээр, хууль бусаар авч хохирогчид 118,000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.
4. Анхан шатны шүүх шүүгдэгч *******ын 2021 оны 04 дүгээр сарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
мөн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн үйлдлийг тус зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 01 жил, 06 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн байна.
5. Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нь “ Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг зүйлийн хүндрүүлэх бүрэлдэхүүний хэд хэдэн шинж байгаа тохиолдолд шүүх тухайн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж тус бүрээр гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа аль хүнд хэсгээр ял оногдуулдаг. Гэтэл шүүх тус тусад нь ял оногдуулж нэмж нэгтгэсэн нь буруу, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Мөн шүүгдэгчийн 2021 оны 4 дүгээр сарын үйлдэлдээ хохирогчийг айлган сүрдүүлээгүй, хүч хэрэглэхээр заналхийлж довтлоогүй, хохирогчийн биед халдаагүй, хүч хэрэглэсэн идэвхитэй үйлдэл хийгээгүй...” гэж,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Алимаа “...шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлж зүйлчилснийг хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна ...” гэсэн агуулга бүхий гомдол гаргажээ.
6. Харин прокурор эсэргүүцэлдээ “...шүүгдэгчийн 2021 оны 4 сарын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй байхад шүүхээс түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Мөн анхан шатны шүүх тус тусад нь гэм буруутайд тооцож, хариуцлага хүлээлгэхдээ үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тус тусад нь ял оногдуулж, оногдуулсан ялыг нэмж нэгтгэн тогтоож, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байна...” гэжээ.
7. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын болон прокурорын эсэргүүцэлийн дагуу хэргийг бүхэлд нь хяналаа.
7.1 Шүүгдэгч ******* нь 2021 оны 04 дүгээр сард согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ дэлгүүрт орж, худалдагч , туслах ажилтан нарт намайг хар Түмэнбаяр гэдэг таних уу, мэдэхгүй бол мэдэж аваарай, архи өгөөдөх гээд үүрч явсан цүнхрүүгээ 1 шил архи өөрөө авч хийсэн, алаг салат, тамхи, ундаа зэргийг гөөр цүнхэндээ хийлгээд авч явсан, цагдаад хэлж тэнэгтвэл дэлгүүртэй чинь хамт бензин асгаж байгаад шатаачихна шүү гэж хэлсэн,
- 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ мөн дэлгүүрийн худалдагч г айлган сүрдүүлж, 2 шил архийг хүч хэрэглэхгүйгээр, илээр, хууль бусаар авсан болох нь хохирогч , гэрч , Б.Баттулга, Б.Мөнхзул нарын мэдүүлэг, дэлгүүрийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.
Шүүгдэгч *******ын 2021 оны 04 дүгээр сард согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ дэлгүүрийн худалдагч , туслах ажилтан нарыг ...цагдаад хэлж тэнэгтвэл дэлгүүртэй чинь хамт бензин асгаж байгаад шатаачихна шүү... гэж айлгаж, сүрдүүлж, архи, алаг салат, тамхи, ундаа зэргийг хууль бусаар авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг илтэд дордуулжээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч *******ын 2021 оны 04 дүгээр сард үйлдсэн дээрх үйлдэлд бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон идэвхитэй үйлдэл байгаагүй байна. Хүч хэрэглэж, эсхүл хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон гэдэг нь бусдын эд хөрөнгийг өөрийн өмчлөлд авах зорилгоор илээр эсхүл гэнэдүүлэн халдсан, уг халдлага үйлдэгчийн довтолгооны үр дагаварт хохирогчийн амь бие, эрүүл мэндэд хохирол, хор уршиг учруулахуйц, эсвэл учруулсан аюултай үйлдэл хийсэн байхыг шаарддаг болно.
Гэтэл хохирогчийн эрүүл мэндэд ямар нэгэн хохирол, хор уршиг учраагүй, учирч болзошгүй нөхцөл байдал үүсээгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд энэ талаар “хүндрүүлж зүйлчилсэн нь буруу” гэсэн шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гомдол, дээд шатны прокурорын эсэргүүцэл, хууль зүйн үндэслэл бүхий байна. Иймд анхан шатны шүүхийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн алдааг зөвтгөж, шүүгдэгч *******ын 2021 оны 04 дүгээр сард үйлдсэн үйлдлийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өөрчлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
7.2 Анхан шатны шүүх шүүгдэгч *******ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг зүйл, түүний нэг хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийг 2 удаа үйлдсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 болон 2-т зааснаар үйлдэл тус бүрд ял оногдуулж, ялыг нэмж нэгтгэн шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж, Эрүүгийн хуулийг мөн буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.
Гэмт этгээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг зүйл, түүний нэг хэсэгт заасан гэмт хэргийг 2 буюу түүнээс дээш удаа үйлдсэн бөгөөд тэдгээрийн алинд нь ч ял шийтгүүлээгүй бол шүүх түүнийг тухайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан ял шийтгэлийг нэг л удаа оногдуулдаг хууль хэрэглээний тогтсон практиктай.
Гэтэл дээрх тохиолдлыг гэмт хэрэг давтан үйлдсэн гэж үзэж үйлдсэн гэмт хэрэг тус бүрд нь ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг төрөл хэмжээг тогтоож шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах, эсхүл шүүгдэгчийг үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан гэм буруутайд тооцож, ял оногдуулж Эрүүгийн хууль буруу тайлбарлан хэрэглэж байгааг цаашид анхаарах нь зүйтэй байна.
Тухайлбал шүүгдэгч ******* нь 2021 оны 4 дүгээр сард 1 удаа, 2024 оны 2 дугаар сард нэг удаа нийт 2 удаа хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн байх тул шүүх түүнийг “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож мөн зүйл хэсэгт зааснаар нэг л удаа ял оногдуулах юм.
Мөн шүүгдэгч *******ын 2021 болон 2024 онд үйлдсэн дээрэмдэх гэмт хэрэг нь тус бүр бүрдээ бие даасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байхад түүний эдгээр 2 үйлдлийг “”үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэн” гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан гэм буруутайд тооцож ял оногдуулах ёстой гэх прокурорын тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна.
8. Иймд дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар болон прокурорын хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлүүлэхийг хүссэн гомдол, эсэргүүцлийг хангаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/3 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүгдэгч ******* ******* ******* *******гийн Түмэнбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,
2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 06 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж,
3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 06 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай” гэж тус тус бүхэлд нь өөрчилж, тогтоолыг бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гомдол, дээд шатны прокурорын эсэргүүцлийг хангасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш хоногийн дотор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой.” гэсэн үндэслэлээр оролцогч Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА
ШҮҮГЧ М.НЯМБАЯР
ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ