Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 207/МА2022/00053

 

Ж.............ын нэхэмжлэлтэй,

хариуцагч Г.............т холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 142/ШШ2022/00346 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ж.............ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.............т холбогдох,

“Зээлийн төлбөр, тэмдэгтийн хураамж, ажиллагааны  зардал нийт- 4.238.900 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагч Г.............ийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж............., хариуцагч Г............. цахимаар, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.............ын гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэл, агуулга:

 Г............. нь Ж............. надаас 2020 оны 3 сарын 28-нд 150.000 төгрөг, 90.000 төгрөг, 30-нд 1.000.000 төгрөг, 4 сарын 2-нд 50.000 төгрөг, 6-нд 250.000 төгрөг 7 -нд 30.000 төгрөг, 8-нд 499.000 төгрөг, мөн өдөр 2.450.000 төгрөг, 12-нд 200.000 төгрөг,14-нд нь 50.000 төгрөг бүгд 4.769.000 төгрөг дансаар буюу бэлэн бусаар зээлж авсан юм. Мөн 2020 оны 3 сарын 31-нд бэлнээр 250.000 төгрөгийг ээждээ таяг авч өгнө гэж зээлсэн .Нийтдээ 5.019.000 төгрөг зээлж аваад үүнээсээ 970.000 төгрөг дансаар буцааж төлсөн. Одоо зээлийн үлдэгдэл 4.049.000 төгрөг байгаа тул үүнийг гаргуулж өгнө үү. Мөн Г.............т миний бие Эрхэмбаяр гэдэг хүнээс 2.500.000 төгрөг зээлж авч өгөөд тэрээр үүнийг төлөөгүй тул түүний өмнөөс би Эрхэмбаяр гэдэг хүнд шүүхийн шийдвэрээр 2.500.000 төгрөг төлсөн. Мөн үүн дээр улсын тэмдэгтийн хураамж 54.950 төгрөг, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны зардал гэж 134.950 төгрөг нэмж төлж хохирсон. Энэ зардлыг буюу хохирлыг бас нэхэмжилж байна. Ингээд нийтдээ 4.238.900 төгрөгийг Г.............ээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.............ийн гаргасан тайлбар, татгалзал, түүний агуулга:

Би нэхэмжлэгч Ж.............аас 2020 оны 3-р сарын 28-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн хооронд нийт 10 удаа 4.769.000 төгрөг аваад 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2021 оны 12-р сар хүртэлх хугацаанд 7 удаа 1.470.000 төгрөг өгөөд 185.000 төгрөгийн үнэтэй нэг гутал нийт 1.655.000 төгрөгийн тооцоо хийж 3.114.000 төгрөг төлөгдөөгүй үлдсэн боловч энэ зээлээс өмнө би Ж.............аас хэд хэдэн удаа мөнгө аваад буцааж төлбөр хийхдээ 1.060.000 төгрөг илүү төлсөн учраас тэр мөнгөө хасаж тооцож байгаа юм. Ж............. Энхбаяр гэдэг хүнээс мөнгө авч надад өгөөд өөрийн нэр дээрээ шийдвэр гаргуулснаар Улсын тэмдэгтийн хураамж 54.950 төгрөг, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд 134.950 төгрөг гаргуулна гэсэн байх бөгөөд Г............. миний Капитрон банкин дахь 3054005460 дугаартай дансанд Г.Эрхэмбаярын ХААН банкин дахь 5011370202 данснаас 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 3 сая төгрөг орж ирсэн бөгөөд би буцаагаад 2020 оны 03 дугаар сарын 12-нд 2.30.000 төгрөгийг Г.Эрхэмбаярын Голомт банкин дахь дансанд, 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 500.000 төгрөг, мөн өдрөө дахиад 400.000 төгрөг, 100.000 төгрөг, 150.000 төгрөг нийт 3.450.000 төгрөг төлсөн. Энд 450.000 төгрөг илүү төлсөн. 2020 оны 03 дугаар сарын 06-нд Ж.............аас 1.700.000 төгрөг, дахиад 850.000 төгрөг, 09-нд 500.000 төгрөг нийт 3.050.000 төгрөг аваад 2020 оны 03 дугаар сарын 10-нд 3.000.000 төгрөг, мөн өдрөө 50.000 төгрөг, 3-р сарын 11-нд 10.000 төгрөг, дахиад 530.000 төгрөг мөн 20.000 төгрөг нийт 3.610.000 төгрөг төлсөн. Энд би 560.000 төгрөг илүү төлсөн. Би Ж.............аас 10.819.000 төгрөг /үүнээс 3.000.000 нь Энхбаяраас/ аваад буцаагаад 8.715.000 төлөөд үлдэх 2.104.000 төгрөг төлөх юм. Миний хариу тайлбар дээрээ бичиж байгаа тооцоо бүгд үнэн бөгөөд миний дансны хуулгууд болон хувийн тэмдэглэлүүдээр нотлогдох юм. Иймд Ж.............ын нэхэмжлэлийн шаардлагаас 2,134,900 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, надаас 2.104.000 төгрөгийг Г............. надаас гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Батбямба шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс хойш зээлийн харилцаа талуудын хооронд үүсэж, Г............. мөнгө зээлсэн талаараа тайлбарладаг. Г............. нэхэмжлэгч Б.............ын нэхэмжлэлийн шаардлагын 50 гаран хувийг төлсөн гэж тайлбарладаг. Нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн дээр маргаантай. Г............. Б.............аас 3 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 3 дугаар сарын 22-ны өдрийн 150.000 төгрөг, 98.000 төгрөг, 4 дүгээр сарын 2-ны өдрийн 50.000 төгрөг, 499.000 төгрөг, 30,000 төгрөг, 250.000 төгрөг, 2.450.000 төгрөгийг тус тус авснаа хүлээн зөвшөөрдөг. Нэхэмжлэлийн үнийн дүнг харгалзаж хасах дүн 2.289.000 төгрөгийг шийдвэр гаргахдаа анхаарч өгнө үү. Төлөх дүн 1.949.000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй гэв.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Мяранхай овогт Ганхуягийн ............ээс 3.619.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.............д олгож, нэхэмжлэлээс үлдэх 619.900 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Ж.............ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126.950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Г.............ээс улсын тэмдэгтийн хураамж 72.854 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.............д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Г............. шүүхэд гаргасан давж заалдсан  гомдолдоо:

...Хариуцагч Г............. миний зүгээс шүүхэд гаргасан тайлбартаа "Ж.............аас авсан зээлийн тооцоог гаргаж, энэ тооцоололд Эрхэмбаярын дансанд 2020-04-11 ний өдөр 500.000 төгрөг, 2021-12-17-ны өдөр ............ын данс руу 50.000 төгрөг шилжүүлсэн зэрэг баримтуудыг шүүх үнэлээгүй нь буруу юм. Энэ талаар давж заалдах шатны шүүхэд дэлгэрэнгүй тайлбарлах болно.Г............. намайг Ж.............д 3.619.000 төгрөг төлөхөөр шийдвэрлэсэн нь үндэсгүй байна. Миний тооцооллоор 2.104.000 төлнө.Энэ тооцооллыг давж заалдах шатны шүүхэд дэлгэрэнгүй тайлбарлах болно. Иймд бидний хоорондын тооцоог нягтлан үзэх, нэхэмжлэгч Ж............. төлөх төлбөрөөс 1.515.000 төгрөгийг хасаж тооцож, 00346 дугаартай шийдвэрийн нэг дүгээр заалтад өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ж............. давж заалдсан гомдлын хариу тайлбартаа:

...Миний бие Ж............. нь хариуцагч Г.............т маш их гомдолтой байна учир нь би энэ хүнд мөнгө өгөөд өгөхийг нь 2 жил хүлээсэн төдийгүй Эрхэмбаяраас дамжуулж авч өгсөн 2.500.000 төгрөгийг шүүхийн шийдвэрийн дагуу 2634950 төгрөг болгож 4 хүүхдийнхээ мөнгөөр түүний өмнөөс төлсөн. 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн өглөө өөрийн данснаас бэлнээр 800.000 төгрөг аваад үүнээс би 250.000 төгрөг бэлнээр Г.............т өгсөн ээждээ таяг авна гэж  авснаа ч хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд нэхэмжлэгч миний бие нотолж чадаагүй болохоор за за гээд орхиж байхад хариуцагч мөнгө өгөхгүй ингэж хугацаа хожиж гомдол гаргаж байгаад харамсаж байна. Хариуцагч давж заалдах гомдолдоо 2020 оны 04 сарын 11 өдөр 500.000 төгрөгийг Эрхэмбаярын дансанд, 2021 оны 12 сарын 7-нд Ж.............ын дансанд 50.000 төгрөг шилжүүлсэн зэрэг баримтыг шүүх үнэлээгүй гэжээ. Эрхэмбаярт шилжүүлсэн 500.000 төгрөг надад хамааралгүй юм. Харин надад шилжүүлсэн 50.000 төгрөгийн тухайд хасч тооцсон 970.000 төгрөгт оруулж тооцсон болно. Мөн давж заалдах гомдолд .... хариуцагч 1.515.000 төгрөг хасаж тооцуулах гэж байгаа нь ойлгомжгүй байна. Иймд хариуцагчийн гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

       1.Хариуцагч Г.............ийн  гаргасан  “...би мөнгө зээлж авч байсан, миний тооцооллоор 2.104.000 төгрөг төлөхөөр байхад шүүх зээл-3.619.000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй...” гэх давж заалдах гомдол хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

       2. Нэхэмжлэгч Ж............. хариуцагч Г.............т холбогдуулан зээлийн төлбөр, тэмдэгтийн хураамж, ажиллагааны  зардал нийт- 4.238.900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх зээл -3.619.000 төгрөгний шаардлагыг хангаж, үлдэх 619.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэжээ.

       3. Нэхэмжлэгч Ж............. нь 2020 оны 03 дугаар 28-наас эхлэн 4 дүгээр сарын 12-ны өдрийг дуустал хугацаанд бэлэн бусаар нийт 4.769.000 төгрөг зээлдүүлснийг хариуцагч Г............. хүлээн зөвшөөрч маргаагүй боловч тэрээр   “...нийт 10.819.000 төгрөг зээлж авснаас 8.715.000 төгрөг төлж байсан,  илүү төлсөн 1.060.000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцно” гэх тайлбар гаргаж, мэтгэлцсэн байна.

        4. Хэрэгт авагдсан  нэхэмжлэгч, хариуцагч нарын дансны гүйлгээний баримт болон нэхэмжлэгч Ж.............ын “...үргэлж  мөнгө хэрэгтэй байна мөнгө зээлээч гэхээр нь  өөрөөсөө  болон хүнээс мөнгө авч  зээлсэн,  буцааж өгөхдөө  хэдэн төгрөг нэмж өгч байсан” гэх тайлбараас  үзэхэд хариуцагч нь удаа дараа мөнгө зээлж авч байсан болох нь тогтоогдсон ба шүүх талуудын хооронд  зээлийн харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь хуульд нийцсэн байна.

         5. Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3.-т “Төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохиролцсон бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй” гэж зохицуулсан. Хариуцагч Г.............ийн  нэхэмжлэгчээс авсан зээлийн төлбөрт тооцож илүү төлсөн 1.060.000 төгрөгийг    нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасч тооцох боломжгүй юм.

           6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  38 дугаар зүйлийн  38.1.-д заасны дагуу зохигчид өөрийн  шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа   баримтыг гаргаж өгөх,  цуглуулах үүрэгтэй. Шүүх хэргийн оролцогчийн гаргаж өгсөн баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.  

 

          7. Шүүх нэхэмжлэгч Ж.............ыг “...таяг авахад 250.000 төгрөг зээлдүүлсэн, тэмдэгтийн хураамж 54.950 төгрөг, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал-134.950 төгрөг гаргасан тул хариуцагчаас авна”  гэж нэхэмжилсэн боловч тэрээр нэхэмжлэлийн шаардлагуудыг нотлох баримтаар нотолж чадаагүй гэсэн дүгнэлт хийж, уг шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

           8. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Г............. нь 2020 оны 04 дүгээр 11-ний өдөр Эрхэмбаярын дансанд шилжүүлсэн 500.000 төгрөг нь  энэхүү  нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой болох нь тогтоогдохгүй өөрөөр хэлбэл  нэхэмжлэгч Ж.............ын  зээлдүүлсэн  4.769.000 төгрөгөөс  хасч тооцож шилжүүлж өгсөн болохоо хариуцагч Г............. нотолж чадаагүй байна.   

 

          9. Нэхэмжлэгч Ж.............ын  шүүхэд гаргаж буй “...хариуцагч нийт 970.000 төгрөг буцааж төлсөн” гэх тайлбараар хариуцагч Г.............ийн 2021 оны 12 дугаар 17-ны өдөр нэхэмжлэгчийн дансанд шилжүүлсэн 50.000 төгрөгийг уг тооцоонд оруулж улмаар  зээлдүүлсэн мөнгөнөөс хасч тооцогдсон  гэж үзэхээр байна.

          

          10. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон хэргийн оролцогчийн хуулиар  олгогдсон эрхийг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх  хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 142/ШШ2022/00346 дугаар шийдвэрийг  хэвээр үлдээж, хариуцагч Г.............ийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар  хариуцагч Г.............ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39.190 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар  давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                     С.УРАНЧИМЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                     Б.БАТТӨР

ШҮҮГЧ                                                                                 Б.ОЮУНЦЭЦЭГ