Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ |
Хэргийн индекс | 112/2019/0015/з |
Дугаар | 386 |
Огноо | 2019-11-25 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 386
Н.М-ын гомдолтой,
Дорнод аймгийн Баянтүмэн сумын
Байгаль орчны хяналтын улсын байцаагчид
холбогдох зөрчлийн хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь
Шүүгчид: Г.Банзрагч,
Д.Мөнхтуяа,
Ч.Тунгалаг,
Илтгэгч шүүгч: П.Соёл-Эрдэнэ,
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,
Гомдлын шаардлага: Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 0165844 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах,
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 29 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 524 дүгээр магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч: Хариуцагч У.Э, хариуцагчийн өмгөөлөгч В.Д нарыг оролцуулж,
Хариуцагч Дорнод аймгийн Баянтүмэн сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шүүхийн шийдвэр:
1. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 29 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2, Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 3, мөн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсгийн 9.1-д заасныг тус тус баримтлан, гомдол гаргагч Н.М-ын “Баянтүмэн сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 0165844 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 524 дүгээр магадлалаар: Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 29 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, гомдол гаргагч Н.М-ын гомдлыг бүхэлд нь хангаж, Дорнод аймгийн Баянтүмэн сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 0165844 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын гомдлын үндэслэл:
3. Хариуцагч Дорнод аймгийн Баянтүмэн сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч У.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Н.М нь газар чөлөөлөх үүргээ тогтоосон хугацаанд биелүүлээгүй, газрыг үр ашигтай, зохистой ашиглах хамгаалах шаардлагыг биелүүлээгүй тул Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 8.1 дүгээр зүйлийн 9.1 заалтыг үндэслэн шийтгэл ногдуулсан. Улсын байцаагч нь байгаль орчны тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар гаргасан шийдвэр, эрх бүхий албан тушаалтны удаа дараалан өгсөн шаардлагыг биелүүлэхгүй маргаан үүсгэсэн, мөн зөрчлийг арилгахгүй байгааг үл анзаарч захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хурлаар ёс төдий, түргэн хугацаанд хэлэлцээд буруу шийдвэр гаргасан гэж үзэж байна.
4. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6 дахь заалтад “Бэлчээр” гэх хуулийн нэр томьёог заасан ба мөн хуулийн 52 дугаар зүйлд бэлчээр, түүнийг зохистой ашиглах, хамгаалах талаар тодорхой заасан. Энэхүү хуулийн заалтыг зөрчиж зөвхөн малчдын өвөлжөө, хаваржааны доорх суурин бүхий 1 га газрыг давж заалдах гомдол үндэслэлтэй байна гэсэн. Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 ...” Монгол улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн гэж заасныг зөрчиж бэлчээрийн газраас малчдад 1 га эзэмших өвөлжөө, хаваржааны доорх суурин газрыг иргэдэд өмчлүүлсэн мэт тогтоож байгаа нь хуульд нийцэхгүй, үндэслэлгүй.
5. Дорнод аймгийн Баянтүмэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хурлаар “Баянтүмэн сумын нутагт газар эзэмшүүлэх, ашиглуулахтай холбогдуулан дагаж мөрдөх журам”-ыг хэлэлцээд 18 дугаар тогтоол гаргасан. Журамд заасны дагуу газрын тухай хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн биелэлтийг хангах, газрын харилцааг зохицуулах, газар эзэмшигч, ашиглагчийн хооронд үүсэн маргааныг шийдвэрлэхэд энэхүү журмыг баримтлан ажиллаж байна.
6. Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.4 дэх заалтыг үндэслэн журмын 2.3.3 хэсэгт өвөлжөө, хаваржааны доорх суурин газрынхаа эргэн тойронд 2 км-ээс доошгүй газрыг бэлчээрийн болон мал маллагааны бүс болгон тогтоосон. Зөрчил гаргагч Н.М нь дур мэдэн зөвшөөрөлгүйгээр гомдол гаргасан малчин иргэдийн бэлчээр ашиглах болон мал маллагааны бүсэд болон малчин өрхийн өвөлжөө, хаваржааны бэлчээрийг 5 сар ашигласан. Энэ нь бэлчээрийг хамгаалах, нөхөн сэргээх шаардлагыг харгалзан малчин нь өөрийн эзэмшил болох хаваржааны доорх суурин болон түүний бүс нутгийг тухайн жилийн 5 дугаар сарын 25-ны өдрөөс дараа жилийн 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд малын хөлөөс чөлөөлөх ёстой. Тодруулбал, Зөрчил гаргагч Н.М нь өөрийн зуслангийн газарт нүүлгүй бусад малчдын эзэмшил болох өвөлжөө, хаваржааны газар болон бүс нутгийн бэлчээрийг ашигласан.
7. Н.М нь Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1, 52.2 дахь заалтууд, Баянтүмэн сумын нутагт газар эзэмшүүлэх, ашиглуулахтай холбогдуулан дагаж мөрдөх журам”-ын 2.3.4, 2.3.5, 2.3.6, 2.3.7, 2.3.9, 2.3.11 дэх заалтуудыг иргэн Н.М нь зөрчсөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хэлэлцээд Газар зохион байгуулалтын 2019 оны төлөвлөгөөг баталсан. Тус сумын 4 дүгээр багийн иргэн Н.М нь багийн иргэдийн хуралд оролцож байгаагүй бөгөөд төлөвлөгөөнд ямар нэгэн санал гаргаагүй, бэлчээрийн сайныг харгалзан дур мэдэн нүүж иргэдийн хооронд маргаан үүсгэж байдаг. Энэхүү зөрчлийг 2018 онд гаргаж байсан. Энэхүү зөрчлийн улмаас цаашид малчид, иргэд нь бэлчээрийн байнга хоорондоо маргалдаж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах нөхцөл бүрэлдэхгүй болоод байна.
8. Гомдол гаргасан иргэн Х.Д, түүний хүү Ш.Э нь сумын Засаг даргын 2006 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн А\31 дугаар захирамжаар өвөлжөө, хаваржааны доорхи суурин газрыг авч газар эзэмших 0059859 тоот гэрчилгээг авсан. С.Б сумын Засаг даргын 2007 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А\01 дүгээр захирамжаар өвөлжөө, хаваржааны доорхи суурин газрыг авч газар эзэмших 0059955, 0059956 тоот гэрчилгээг авсан, Г.Г нь 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А\28 дүгээр захирамжаар өвөлжөө, хаваржааны доорх суурин газрыг тус тус авсан. Шаазан нуур гэх газрын өвөлжөө хаваржааны доорх суурин газар эзэмшсэн 5 айлын 7 өрхийн малын бэлчээрийг Н.М нь дур мэдэн ашиглаж доройтуулсан. Н.М нь иргэн М.Г-ын хаваржааны доорх 1 га газрыг эзэмших тухай иргэдийн хоорондын аман яриа байгаа боловч хууль ёсны байгуулсан гэрээ, эрх бүхий байгууллага, албан тушаалтан нараас зөвшөөрөл аваагүй. Эзэмшсэн газрыг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлсэн, барьцаалах бол сумын Засаг даргад албан ёсоор мэдэгдэх ёстой.
9. Иргэн Н.М нь өөрийн эзэмшил болох өвөлжөө, хаваржааны газраас нүүж бусдын эзэмшил болох өвөлжөө, хаваржааны газар, мал маллагааны бүс нутагт 800-аас доошгүй мал бэлчээрлүүлсэн нь малчин иргэдийн гомдол гаргасан нь хууль ёсны зөрчил гэж үзэх үндэслэлтэй. Баянтүмэн сумын Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А\65 дугаар захирамжаар “Сумын нутагт газар эзэмшсэн, ашигласан, өмчилсөн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газрын маргааныг шийдвэрлэх, ажлын хэсэг” байгуулан тухайн зөрчил гаргасан газарт 2 удаа очиж Н.М-тай биечлэн уулзаж шаардлага тавьж, хууль эрх зүйн тайлбар, санамж өгсөн боловч Н.М биелүүлэхгүй 2 сар болсон.
10. Газар эзэмшигч, ашиглагч нь бэлчээрийн газрыг чөлөөлөх үүргээ тогтоосон хугацаанд нь биелүүлээгүй, байгаль орчны хяналтын улсын байцаагчийн албан шаардлагыг биелүүлэхгүй байгааг үндэслэн Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 8.1 дүгээр зүйлийн 9.1-д заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд заасныг удирдлага болгож хялбаршуулсан журмаар торгох шийтгэл оногдуулсан нь зөв шийдвэр бөгөөд 0165844 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлгүй.
11. Гомдлыг хүлээн авч, магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
12. Анхан шатны шүүхээс хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, гомдлыг хангаж шийдвэрлэсэн байх тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
13. Гомдол гаргагч Н.М-аас Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 0165844 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага гаргасан бөгөөд уг шийтгэлийн хуудсаар “газар чөлөөлөх тухай албан шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй, газрыг үр ашигтай, зохистой ашиглах хамгаалах үүргийг хэрэгжүүлээгүй” гэх үндэслэлээр 1000000 төгрөгөөр торгосон байна.
14. Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 3-т “Газар эзэмшигч, ашиглагч газар чөлөөлөх үүргээ тогтоосон хугацаанд биелүүлээгүй” бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 8.1 дүгээр зүйлийн 6-д “бэлчээрийг зохистой ашиглах эсхүл хамгаалах журам зөрчсөн” бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор тус тус зохицуулжээ.
15. 2019 оны 05 дугаар сарын 26-нд Н.М нь “Шилийн худаг” гэх газраас одоогийн маргаан бүхий “Шаазан нуур” гэх газарт нүүж ирсэн байх бөгөөд улсын байцаагчийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 12-04-317-02 дугаар албан шаардлагаар “өвөлжөө, хаваржааны бэлчээрийн газарт мал оруулж, бэлчээр талхалж, өвөлжих бэлчээрийн газаргүй, өвсгүй болгож, муугаар нөлөөлнө” гэх үндэслэлээр Н.М-д малын бэлчээрийн газрыг 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс өмнө чөлөөлөхийг үүрэг болгосон боловч уг шаардлагыг биелүүлээгүй, зөрчлийг арилгаагүй тул маргаан бүхий шийтгэлийн хуудсыг үйлдэж, торгох шийтгэл хүлээлгэсэн нь дараах байдлаар хуульд нийцсэн байна.
16. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх хэсэгт зааснаар газрыг үндсэн зориулалтаар нь үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах хүрээнд захиргааны байгууллагаас зохицуулалт хийх бүрэн эрхтэй, хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т “Тухайн жилийн бэлчээрийн гарц, иргэдийн саналыг харгалзан өвөлжөө, хаваржааны бэлчээрийг малаас чөлөөлөх, мал оруулах хугацааг сум, дүүргийн Засаг дарга тогтоож, баг, хорооны Засаг дарга, иргэд мөрдөж хэрэгжүүлнэ”, 52.6-д “...газрыг ашиглуулахтай холбогдсон журмыг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно” гэж, Баянтүмэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 03 дугаар хуралдааны тогтоолоор баталсан “Баянтүмэн сумын нутагт газар эзэмшүүлэх, ашиглахтай холбогдуулан дагаж мөрдөх журам”-ын 2.3.5-д “бэлчээрийг хамгаалах, нөхөн сэргээх шаардлагыг харгалзан малчин нь өөрийн эзэмшил болох хаваржааны газар, түүний бүс нутгийг тухайн жил бүрийн 5 дугаар сарын 25-наас дараа жилийн 3 дугаар сарын 1-н хүртэлх хугацаанд малын хөлөөс чөлөөлнө” гэж тус тус заасан, ийнхүү захиргааны байгууллагаас хугацааг тогтоох замаар бэлчээрийг үр ашигтай ашиглах боломжийг бүрдүүлэх зорилгоор зохицуулалт хийсэн, эдгээрийг маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэхэд гомдол гаргагч Н.М нь тогтоосон цаг хугацаанд өвөлжөө, хаваржааны бэлчээрийн газарт мал бэлчээхгүй байх үүргээ биелүүлээгүй, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр дур мэдэн өвөлжөө, хаваржааны бэлчээрийн газарт буусан зөрчил гаргасан болох нь тогтоогджээ.
17. Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт “зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй” бол зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж болохоор заасан, тухайн тохиолдолд гомдол гаргагчийн бэлчээр ашиглахыг хориглосон цаг хугацаанд өвөлжөө, хаваржааны бэлчээрийн газарт мал бэлчээсэн үйл баримт тодорхой тул заавал зөрчлийн хэрэг нээх шаардлагагүй, малын бэлчээрийн газрыг ямар хэмжээнд талхалсан болох нь зөрчилд хариуцлага тооцох үндэслэлд хамаарахгүй учир энэ талаар нотлох баримт цуглуулах шаардлагагүй, нэхэмжлэгчийн “зөвхөн иргэдийн гомдлыг үндэслэсэн, өөрөө зөрчлийг шалгаж тогтоогоогүй, хялбаршуулсан журмаар шийдвэрлэхгүй” тухай тайлбар үндэслэлгүй юм.
18. Гомдол гаргагчийн “маргаан бүхий газарт нутагладаг Галууттай тохиролцон, тэдний газарт малаа бэлчээж байсан” гэх тайлбар Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6-д “газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр тухайн газраа бүгдийг буюу зарим хэсгийг бусдад ашиглуулж болно” гэж заасантай нийцэхгүй.
19. Ийнхүү маргаан бүхий газар нь бусдын өвөлжөө, хаваржааны бэлчээрийн газар болох нь тогтоогдсон, уг газарт хориглосон хугацаанд гомдол гаргагч нь зусаж, малаа бэлчээсэн үйл баримт илэрхий, Зөрчлийн тухай хуульд заасан зөрчлийн шинжийг агуулсан байхад давж заалдах шатны шүүхээс “...бэлчээрийн газарт нүүн очиж, мал оруулж талхалсан, бусдын эрхийг зөрчсөн үйл баримт тогтоогдоогүй” гэсэн дүгнэлт хийж, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон нь буруу болжээ.
20. Иймээс магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 524 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 29 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ