Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2026/0592

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Нямдэлгэр даргалж, бүрэлдэхүүнд шүүгч Б.Ууганзаяа, шүүгч Д.Одонтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хүслэн, нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Х*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А*******, А.Э, гуравдагч этгээд А.Б, иргэдийн төлөөлөгч Б.А /цахим/ нарыг оролцуулан Г.Б*******, С.Д нарын нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 4 дугаар танхимд нээлттэй хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б******* бичгээр гаргасан хүсэлтдээ: “...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээд Т.О******* нь хариуцагчтай харилцан тохирч, маргаан бүхий байршилд байгаа өөрийн эзэмшлийн , нэгж талбарын дугаартай 700 м.кв талбай бүхий газраа өөр байршилд шилжүүлэн эзэмшихээр тохиролцсон байна. Мөн уг байршлуудад хариуцагч нэхэмжлэгчид газар эзэмшүүлэхээр 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулахаар талууд харилцан тохиролцсон болно. Иймээс нэхэмжлэгч бид Т.О*******т холбогдох доорх нэхэмжлэлийн шаардлагуудаас татгалзаж байгаа болно. Харин А.О*******, А.Б нар нь хариуцагчтай харилцан тохирч байршлаа шилжүүлэх талаар ярилцаж байгаа бөгөөд тэд газрын байршлаа судалж байгаа талаар хариуцагч тайлбар гаргасан тул А.О*******, А.Б нар нь байршлаа сонгох хүртэл хугацаанд шүүх хурлыг хойшлуулж өгнө үү. Одоогийн байдлаар А.О*******, А.Б нарт холбогдох шаардлагаас татгалзаагүй байгаа болно.

Тус хэргийг хэлэлцэх шүүх хуралдааны явцад А.Б, эхнэр А.О******* нар нь хариуцагчтай харилцан тохиролцож нийт 1400 м.кв тус тус 700м.кв газраа өөр байршилд шилжүүлэх, кадастр хийлгэсэн газраа шилжүүлэн эзэмшихээр тохиролцсон. Харин нэхэмжлэгч миний бие А.Б, А.О******* нарын газар шилжүүлэхтэй холбоотой гарсан газрын кадастрын төлбөр болох 680,000 төгрөгийг гуравдагч этгээд А.Бий Хаан банкны 80000500 дансанд шилжүүлэв. Мөн А.Б, А.О******* нарын одоо эзэмшиж байгаа газрын байршил дээр 2026 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгахаар хариуцагч зөвшөөрсөн тул үлдэх шаардлага болох А.Б, А.О******* нарт  холбогдох шаардлагаасаа татгалзаж байна. Иймд хэргийг шийдвэрлэсэн захирамж гаргаж өгнө үү” гэжээ.  

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүх өмнө нь эвлэрэн хэлэлцэх асуудалтай холбоотойгоор шүүх хуралдааныг хойшлуулсан. Үүний дагуу талууд уулзаж ярилцсан. Гуравдагч этгээд Т.О******* 1400 м.кв газрын байршлаа солихоор зөвшөөрсөн. Энэ талаарх хүсэлтээ өнөөдөр шүүхэд гаргаж өгсөн байна. Тийм учраас манайх Т.О*******т холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Мөн сая шүүх хуралдаан эхлэхээс өмнө гуравдагч этгээд А.Бтэй ярилцсан. Тухайлбал, хариуцагч тал гуравдагч этгээд А.Б, А.О******* нарт 6 байршлын сонголт өгсөн байна. Гуравдагч этгээд А.Бээс байршил солих хохирол болох 680,000 төгрөгийг нэхэмжлэгч тал гаргавал татгалзах зүйлгүй гэж хэлсэн. Үүний дагуу талууд хоорондоо тохиролцож хүсэлтээ бичгээр өгч байна. Манай зүгээс эвлэрэн хэлэлцэхтэй холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүрэн татгалзаж байна. Гэхдээ үүнтэй холбоотой талуудын тайлбарыг шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулах хүсэлтэй байна. Мөн гуравдагч этгээд А.Б, А.О******* нарын хохирол болох 680,000 төгрөгийг шүүх хуралдаан дуусаад шууд данс руу нь шилжүүлнэ” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гуравдагч этгээд Т.О*******ийн нэр дээр 2 нэгж талбар газар байгаа. Манайх тус газарт нь очиж үзэхэд нэхэмжлэгч нар Т.О*******ийн газарт зөвшөөрөлгүйгээр хашаа, байшин барьсан байсан. Т.О******* Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-д заасны дагуу гэрээний үүргээ биелүүлэх ёстой. Байсан учраас газрын төлөв байдлын хянан баталгааг тус газартаа хийлгэсэн. Үүний дагуу Т.О******* тус газар эвдрэл, гэмтэлд орсон байгаа учраас газрын байршил өөрчилж өгөх хүсэлт манай байгууллагад гаргасан. Манайх Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.10-т заасны дагуу Т.О*******ийн газрын байршлыг шилжүүлэхээр тохиролцсон. Мөн өчигдөр гуравдагч этгээд А.Б, А.О******* нар манай байгууллага дээр ирж уулзсан. Гэхдээ өөрсдийн газрын байршлаа мэдэхгүй байсан учраас газын үзлэг хамт хийж газрын бодит нөхцөл байдлыг харуулж тайлбарласан. Үүний дагуу гуравдагч этгээд А.Б, А.О******* нар байршлаа шилжүүлэх хүсэлт гаргасан. Манайх гуравдагч этгээд А.Б, А.О******* нарт нийт 3 газрын байршил санал болгосон. Үүний дагуу боломжит байршил дээр газар шилжүүлэхээр тохиролцсон. Нэхэмжлэгч талын маргаан бүхий газар 2027 оны төлөвлөгөөнд орохоор байгаа. 2027 оны төлөвлөгөөний саналыг 2026 оны 12 дугаар сарын 15-ны өдөр авдаг. Тухайн өдөр нэхэмжлэгч талын газрыг танилцуулна. Мөн он гараад 2027 онд Засгийн газарт тус төлөвлөгөөг танилцуулна. Үүний дараа нэхэмжлэгч тал тухайн байршилдаа цахимаар хүсэлтээ өгөх боломжтой. Манайх энэ үйл явцыг нэхэмжлэгч талд тодорхой тайлбарлаж өгсөн.” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гуравдагч этгээдүүдээс байршил солих хүсэлтээ илэрхийлсэн. Манай зүгээс талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг харгалзаж үзэн тус хүсэлтүүдийг хүлээн авсан байгаа” гэв.

Гуравдагч этгээд Т.О******* шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “Т.О******* миний бие Г.Б*******, С.Д  нарын нэхэмжлэлтэй хэрэгт гуравдагчаар оролцож байгаа. Т.О******* би хариуцагч талтай 2 нэгж талбар бүхий 1400 м.кв талбай бүхий газрыг байршил солиулахаар тохиролцон газраа сонгосон тул тус хуралд би оролцох шаардлагагүй болсон. Иймд надгүйгээр хурал хуралдаж, шийдвэрээ гаргахад татгалзах зүйлгүй” гэжээ.

Гуравдагч этгээд А.Б, О******* нар шүүхэд гаргасан хүсэлтдээ: “А.О*******, А.Б нар нь Г.Б*******, С.Д нарын нэхэмжлэлтэй хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байгаа. А.Б миний бие эхнэр болох А.О*******ийн хамт хариуцагч талтай 2 нэгж бүхий 1400 м.кв талбай бүхий газрыг байршил солиулахаар тохиролцож газраа сонгосон тул тус хуралд оролцох шаардлагагүй болсон. Иймд надгүйгээр шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Г.Б*******, С.Д нараас Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулан ирүүлсэн нэхэмжлэлийг шүүх хүлээн авч тус шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 128/ШЗ2024/7359 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШЗ2025/0214 дугаар шүүгчийн захирамжаар гуравдагч этгээдээр А.О*******, А.Б, Т.О******* нарыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулсан.

3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2025/0474 дугаар шийдвэрээр Г.Б*******, С.Д нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 221/МА2025/0565 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн.

4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Г.Б*******, С.Д нараас Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа: “1. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/433 тоот захирамжийн Ж.Ад нэгж талбар бүхий 700 м.кв газрын эрхийг хүчингүй болгуулах,

2. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/942 тоот захирамжийн Ж.Ааас Т.О*******т эрх шилжүүлсэн захирамжийн Т.О*******т холбогдох тоот нэгж талбар бүхий 700 м.кв газрыг хүчингүй болгуулах,

3. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/433 тоот захирамжийн П.Ц*******ад холбогдох тоот нэгж талбар бүхий 700 м.кв газрын эрхийг хүчингүй болгох,

4. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/433 дугаар захирамжаар П.Ц*******аас Т.О*******т эрх шилжүүлсэн захирамжийн Т.О*******т холбогдох тоот нэгж талбар бүхий Баянзүрх дүүргийн 35 хорооны Их цуурай аманд байрлах 700 м.кв газрын эрхийг хүчингүй болгуулах,

5. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/433 тоот захирамжийн А.О*******т холбогдох ******* тоот нэгж талбар бүхий 700 м.кв газрын эрхийг хүчингүй болгуулах,

6. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/433 тоот захирамжийн А.Бд холбогдох  ******* тоот нэгж талбар бүхий 700 м.кв газрын эрхийг хүчингүй болгуулах,

7. Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 07/191 тоот албан бичгээр нэхэмжлэгчид маргаан бүхий газрыг эзэмшүүлэхээс татгалдсаныг хууль бус болохыг тогтоож, одоо байгаа хаваржаа намаржааны хашааны хэмжээгээр газар эзэмших хүсэлтийг Газрын тухай хуульд заасны дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах” гэж сүүлийн байдлаар тодруулсан.

4. Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б******* нь 2026 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж буйгаа бичгээр илэрхийлж, шүүх хуралдаанд энэ талаарх тайлбараа гаргасан.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт “нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх”, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” 66.2 дахь хэсэгт “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана” гэж тус тус заасан.

6. Гуравдагч этгээд нараас тус бүр өөрсдийн эзэмшлийн газрыг өөр байршилд шилжүүлэх хүсэлт гаргасныг хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга хүлээн авч, нэхэмжлэгч нарын орц гарцтай давхцаж буй маргаан бүхий *******, ******* нэгж талбар бүхий газруудын байршлыг 2027 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгах нөхцөлтэйгөөр талууд тохиролцсоны үндсэн дээр нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтийг шүүхэд бичгээр гаргаж, шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байгаагаа илэрхийлж, уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах талаарх үр дагавартай танилцаж, холбогдох баримтад гарын үсэг зурсан нь хуулийн дээрх заалтуудад нийцсэн байх тул нэхэмжлэгч Г.Б*******, С.Д нарыг нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Г.Б*******, С.Д нарын нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох “1. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/433 тоот захирамжийн Ж.Ад нэгж талбар бүхий 700 м.кв газрын эрхийг хүчингүй болгуулах, 2. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/942 тоот захирамжийн Ж.Ааас Т.О*******т эрх шилжүүлсэн захирамжийн Т.О*******т холбогдох тоот нэгж талбар бүхий 700 м.кв газрыг хүчингүй болгуулах, 3. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/433 тоот захирамжийн П.Ц*******ад холбогдох тоот нэгж талбар бүхий 700 м.кв газрын эрхийг хүчингүй болгох, 4. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/433 дугаар захирамжаар П.Ц*******аас Т.О*******т эрх шилжүүлсэн захирамжийн Т.О*******т холбогдох тоот нэгж талбар бүхий Баянзүрх дүүргийн 35 хорооны Их цуурай аманд байрлах 700 м.кв газрын эрхийг хүчингүй болгуулах, 5. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/433 тоот захирамжийн А.О*******т холбогдох ******* тоот нэгж талбар бүхий 700 м.кв газрын эрхийг хүчингүй болгуулах, 6. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/433 тоот захирамжийн А.Бд холбогдох ******* тоот нэгж талбар бүхий 700 м.кв газрын эрхийг хүчингүй болгуулах, 7. Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 07/191 тоот албан бичгээр нэхэмжлэгчид маргаан бүхий газрыг эзэмшүүлэхээс татгалдсаныг хууль бус болохыг тогтоож, одоо байгаа хаваржаа намаржааны хашааны хэмжээгээр газар эзэмших хүсэлтийг Газрын тухай хуульд заасны дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Энэхүү захирамжийн хувийг хэргийн оролцогчдод хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Баасанцэцэгт даалгасугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн энэхүү захирамж шүүхийн шийдвэрийн нэгэн адил болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Х.НЯМДЭЛГЭР

                    ШҮҮГЧ                                 Б.УУГАНЗАЯА

                    ШҮҮГЧ                                 Д.ОДОНТУЯА