Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2022/00754

 

2022 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2022/00754

 

 Б-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

 

 Б-ы нэхэмжлэлтэй

“А” ТӨААТҮГ-т холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч  Б-, түүний өмгөөлөгч Д.Цэрэнханд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбат шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:  Б- миний бие 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс “А” ТӨААТҮГ-т тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтэст ажилд орсон. Өнгөрсөн хугацаанд уг байгууллагад тасралтгүй ажиллаж байгаад 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр шинэчилсэн хөдөлмөрийн гэрээ байгуулсны үндсэн дээр 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр тус байгууллагын тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтэст бүртгэл хяналтын тасагт ажиллаж байгаад шалтгаангүйгээр ажлаас чөлөөлөгдсөн.

Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн дарга Н намайг удаа дараа шалтгаангүйгээр дарамталдаг байсан, намайг ажиллах ямар ч боломжгүй болгосон. Үндсэн ажил хийлгэхгүй, Ч-г өрөөнд нь суулгахгүй, ажлыг нь хийлгэхгүй миний хажууд зогсоогоод хэн хэний ажлыг хийх боломжийг олгохгүй, гарцаагүй байдалд оруулдаг. Би өөрийн биеэр Нийн өрөөнд очиж уулзаад ямар үндэслэлээр ажлын байрыг өөрчилж байгаа талаар асуухад өмчлөгчийн бүртгэлийн тасгийн ажлыг хий, хийхгүй бол өргөдлөө өгөөд зайл гэж хэлсэн. Хэвийн ажиллах ямар ч боломжгүй болгосон тул би 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр өргөдөл бичиж өгсөн.

Уг өргөдөл дээр шударга бус, дарамт шахалттай байна, үүнийг шийдвэрлэж өгнө үү гэж тодорхой бичтэл 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/40 тоот “А” ТӨААТҮГ-ын захирлын тушаалаар ажлаас шууд чөлөөлсөнд гомдолтой байна.

Тушаалд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4 дэх хэсэгт үйлдвэрийн газрын захиргааны бүтцийг тогтоож, албан тушаалтныг томилох чөлөөлөх эрх бүхий байгууллагаас тогтоосон цалингийн бүдүүвч, сангийн хэмжээнд цалинг тогтоох, 20.1.10 дахь хэсэгт эрх хэмжээний асуудлаар хууль тогтоомж Засгийн газрын шийдвэрийг биелүүлэхийн тулд тэдгээрт нийцүүлэн тухайн үйлдвэрийн газрын хэмжээнд дагаж мөрдөх тушаал заавар гаргах гэсэн захирлын эрх, үүргийн талаар заасан заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийг тус тус баримталсан байдаг.

Ажилтны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах өргөдөл нь ажил олгогчийн шахалт шаардлага, зүй бус нөлөө, хөндлөнгийн оролцоогүйгээр, өөрийн хүсэл зоригийн дагуу сайн дурын үндсэн дээр гаргасан бичгийн хүсэлтийг ойлгоно. Гэтэл  Б-ы өргөдөлд “намайг ажил хийх явцад ямар нэгэн алдаа дутагдал гараагүй байхад шалтгаангүйгээр, үндэслэлгүйгээр тушаал шийдвэргүйгээр ажлын байрыг өөрчлөн дарамтлах замаар шударга бус байдал гаргаж байна. Тиймээс шударга бус байдалтай эвлэрч тус байгууллагад ажиллах боломжгүй болсон тул хүсэлтийг хүлээн авч яаралтай шийдвэрлэж өгнө үү гэж бичсэн байдаг. Эвлэрч чадахгүй, ажиллах боломжгүй болсон гэдгээ шийдвэрлүүлэх гээд байгаа санаа үүнд харагдаж байна. Хууль бус шаардлага, дарамт шахалт байна гэдэг санаа агуулагдаж байна. Ажилтан өөрөө хүсэл зоригийн дагуу өөрөөр хэлбэл ажлаас гарах хүсэл зориг байхгүй байсан. Харин дарамт шахалт байгаа асуудлыг шалгаж өгнө үү гэж бичсэн

Иймд 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/40 дугаартай тушаалыг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал, тайлбарын агуулга:

“А” ТӨААТҮГ-ын захирлын 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/40 дугаартай ажлаас чөлөөлөх тушаал хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.  Б- нь шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй. Уг өргөдлийг бичихдээ эхлээд надтай утсаар яриад дараа нь бичиж өгсөн байдаг. Би дарамт шахалтын асуудал байвал мэдэгдээд бичиж өгөх эсвэл дарамталж байгаа асуудлаа нотол, тэгвэл хариуцлага тооцох бүрэн боломжтой гэж хэлсэн. Гэтэл нь 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт ажлаас чөлөөлж өгөх тухай гэдэг өргөдөл оруулж ирж өгсөн. Тухайн хүсэлтийн хүрээнд Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн дарга Ноос тайлбар авахад тухайн мэргэжилтэнд тавьсан шаардлага хууль ёсны байсан.

Бүртгэл хяналтын мэргэжилтний Ажлын байрны тодорхойлолтын 2.3 дахь хэсэгт “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-д зааснаар гаалийн түр горимоор орж ирсэн тээврийн хэрэгслийг бүртгэх, гаалийн мэдүүлгийн дугааргүйгээр бүртгэх тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, хяналт тавих, 2.4 дэх хэсэгт "Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-ийн дагуу шаардлагатай тохиолдолд техникийн хяналтын өөрчлөлтийг хийх, хяналт тавихаар тус тус заасан байх тул иргэн  Б-ы хүсэлтийг үйлдвэрийн газар хүлээн авч 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр “Хөдөлмөрийн тухай” хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх заалт, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх заалтыг тус тус үндэслэн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлсөн.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан “А” ТӨААТҮГ-т холбогдох урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай  Б-ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч  Б-ы нэхэмжлэлийн шаардлага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөгийг дурдаж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй.

Хөдөлмөрийн гэрээг цуцлах агуулга бүхий ажилтны хүсэлт нь хуульд заасан шаардлагыг хангасан хэдий ч уг өргөдлийг гаргах болсон учир шалтгааныг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай шүүх харьцуулан дүгнэх ёстой. Өөрөөр хэлбэл ажил олгогчийн зүгээс ямар нэгэн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл байхгүй бөгөөд ажилтаны өөрийнх нь хүсэл зоригийн дагуу гаргасан бичгийн хүсэлт байна гэсэн үг юм.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч  Б- нь Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн дарга Нийн дарамтаас болж өргөдөл бичсэн ба түүнийг үндэслэлгүйгээр, тушаал шийдвэргүйгээр ажлын байрыг нь өөрчилж, ажлын байрны тодорхойлолтод заагдсанаас өөр ажлын байр буюу Өмчлөгчийн бүртгэлийн тасагт ажиллахыг шаардсан. Нэхэмжлэгч  Б- нь уг өргөдлийг аргагүй байдалд орсны улмаас бичсэн. Гэтэл шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэж чадаагүй байна.

Шүүх хуралдаанд оролцсон гэрч Н, Ч- нар нь Өмчлөл бүртгэлийн тасаг, Бүртгэл хяналтын тасаг нь өөр, улмаар гүйцэтгэх ажил үүргийн чиг үүрэг нь ч ялгаатай гэж хэлж байхад шүүх 2 мэргэжилтний цонхыг сольсон, байгууллагын зохион байгуулалт, ажлын байрны тодорхойлолтод заагдаагүй өөр ажил үүрэг гүйцэтгүүлэхээр шаардсан болох нь тогтоогдохгүй байна гэсэн гэж өнгөц дүгнэсэн төдийгүй ажлын байрны тодорхойлолт нь ажилтан бүрт байдаг нь гэрч Ч-гийн мэдүүлгээр тогтоогддог. Мөн хэрэгт авагдсан Нийн тайлбар болон гэрчээр өгсөн мэдүүлэг зөрүүтэй байдаг. Гэрч нар өөрсдөө тухайн байгууллагад ажилладаг тул өөрсдийн эрх ашгийг хамгаалж, асуултанд хариулахаас зайлсхийж байсан. Шүүх хуралдаан завсарлаад шүүх танхимаас гарахад  Б-д гэрч Ч- нь “ингэхээс өөр арга байсангүй уучлаарай” гэж хэлсэн.

Хэрэв шүүх нэхэмжлэгч талаас гаргасан хүсэлтийг хангаж шүүгчийн захирамж гаргасан бол тухайн байгууллага дээр нь очиж  Б-ы хувийн хэрэг болон бусад холбогдох бичиг баримтад үзлэг хийсэн бол магадгүй гэрч нарын мэдүүлэг болоод хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар нь үгүйсгэгдэх боломжтой байсан.

Хэргийн оролцогч шүүхэд үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй гэж хуульд заасан байхад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбат нь худал тайлбар гаргаж байгаа нь гэрч нарын мэдүүлгээс тодорхой байхад шүүх тэдний тайлбарыг үндэслэж байгаа нь эргэлзээтэй, нэг талыг баримталсан гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй ач холбогдолтой нотлох баримтыг зохигч өөрөө олж авах боломжгүй тохиолдолд шүүхэд хүсэлт гаргах ба шүүх түүний хүсэлтийг үндэслэн уг нотлох баримтыг бүрдүүлж болно. Шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр гэрчийн мэдүүлэг авах, үзлэг, шинжилгээ хийлгүүлэх зэрэг ажиллагааг хийлгэх боломжтой гэж хуульд заасан байгаа юм. Гэтэл хуульд заасан эрх, үүргийг эдлүүлээгүй, шүүх хуралдааны тэмдэглэл дээр оролцогч нарын гаргасан тайлбарыг дутуу, зөрүүтэй буруу бичсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2,  дахь хэсэгт заасныг зөрчсөн, шүүх хуралдааны тэмдэглэл нь 1 сарын дараа баталгаажсан нь оролцогчийн хуульд заасан эрхийг эдлүүлээгүй, хууль зөрчсөн ба мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг үнэлж чадсангүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гаргасан гэж үзэж байна.  Б- нь ажлаас чөлөөлж өгнө үү гэх хүсэлтийг бичиж өгсөн. Ажлаас чөлөөлж өгнө үү гэж бичсэн хэдий ч дотор нь эргэлзээ бүхий асуудал байгаа учраас ажил олгогчийн зүгээс тухайн эргэлзээ бүхий асуудлыг арилгахын тулд хариуцсан нэгжийн даргаас тайлбар авсан.

 Б- нь тухайн үед доод давхарт сууж байсан нөхцөл байдлаас шалтгаалж ажил таслалт, ажлаас хоцролт их байсан учир ажлын байрыг нь сольж суулгасан. Энэ сольж суулга гэх асуудлаас болж намайг дарамталж байна гэх асуудал яригдсан.  Б- өмнө нь Ад надад дарамт шахалт ирж байна гэж нэг ч удаа хүсэлт, гомдол гаргаж байгаагүй.

Ажлын байрны тодорхойлолтыг хүнд зориулж гаргадаггүй, тухайн ажлын байрны албан тушаалд зориулж гаргадаг. Өөрөөр хэлбэл 3 бүртгэлийн мэргэжилтэн байвал дунд нь нэг ажлын байрны тодорхойлолт байна. Үүнийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Н бол тухайн нэгжийн дарга болохоос биш ажил олгодог, ажлаас халах эрхгүй этгээд юм.  Б-ы хувьд өргөдлөө ажлаас чөлөөлж өгнө үү гэж бичсэн учир А Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасан хугацааг хүлээхгүйгээр түүний хүсэлтээр тушаалыг нь гаргаж өгсөн. Иймд ажил олгогчийн тушаал хууль зүйн хувьд үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянан хэлэлцээд гомдлыг хангах үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

2. Нэхэмжлэгч  Б- нь хариуцагч “А” ТӨААТҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нэхэмжлэгч  Б- нь “А” ТӨҮГ-т 2015 онд ажилд орж, тус газрын захирлын 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/192 дугаар ажилд томилох тухай тушаалаар тус газрын Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн Бүртгэл, хяналтын тасгийн мэргэжилтнээр томилогдож, 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

 

4. “А” ТӨААТҮГ-ын захирлын 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/40 дугаар тушаалаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, 20.1.10 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх заалт, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх заалт, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2016 оны 55 дугаар тогтоолоор баталсан “А” төрийн өмчит үйлдвэрийн газрын дүрмийн 6.10.7, 6.12 дахь заалт,  Б-ы өргөдлийг тус тус үндэслэн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг өөрийнх нь гаргасан хүсэлтийг үндэслэн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөр дуусгавар болгож ажлаас чөлөөлжээ. /хх47/

 

5. Зохигчид хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачилгаар цуцалсан эсэх, ажилтан ажлаас чөлөөлөгдөх хүсэл зоригоо өөрөө илэрхийлсэн эсэхэд маргажээ.

 

6.а. Нэхэмжлэгч  Б- нь хариуцагч “А” ТӨҮГ-ын захиргаанд гэж хаяглан 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн “Ажлаас чөлөөлж өгөх тухай” гэж тодорхойлсон өргөдлийн үндэслэлдээ “Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн дарга Н нь ямар нэг шалтгаангүйгээр олон удаа утсаар болон биеэр би чамтай өөрөөр ярина, өргөдлөө өгөөд зайл гэх мэтчилэнгээр удаа дараа дарамталж, заналхийлж ирлээ.  Б- намайг ажил хийх явцад ямар нэгэн алдаа дутагдал гаргаагүй байхад ямар нэг шалтгаангүйгээр, үндэслэлгүйгээр, тушаал шийдвэргүйгээр ажлын байрыг өөрчлөн сольж, дарамтлах замаар шударга бус үйлдэл гаргаж байна. Иймд миний бие 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн цаашид дээрх шударга бус байдалтай эвлэрч тус байгууллагад ажиллах боломжгүй болсон тул хүсэлтийг хүлээн авч яаралтай шийдвэрлэж өгнө үү” гэжээ. /хх48/

 

6.б. Дээрх өргөдлийн агуулга нь Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн дарга Нийн үйлдэлтэй холбоотой гэж тодорхойлсон боловч түүний үйлдлийг шалгуулахаар зохих байгууллагад гомдол гаргаагүй. Ажил олгогчоос өргөдлийн агуулгыг тодруулахаар ажилтан Ноос тайлбар авсан байдаг. /хх 49/

 

6.в. Иймд  Б- нь Иргэний хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт зааснаар эрх зүйн бүрэн чадамжтай, мөн хуулийн 40 дугаар зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригоо илэрхийлсэн байх тул түүний гаргасан өргөдлийг ажилтан өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээний харилцааг дуусгавар болгосон гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгах боломжгүй.

 

Гэрч Ч- нь нэхэмжлэгч  Б-тай адил албан тушаал болох “Автотээврийн үндэснийн төв” ТӨААТҮГазрын Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтэст бүртгэл хяналтын мэргэжилтнээр ажилладаг тул түүнийг  Б-тай өрөөг нь буюу цонхыг нь сольж суулгасныг тус газрын Тээврийн хэрэгслийн өмчлөл бүртгэлийн хэлтэст нэхэмжлэгчийг шилжүүлэн ажиллуулсан, ажлын байрны тодорхойлолтод заагдаагүй ажил, албан үүрэг гүйцэтгүүлсэн гэж дүгнэхээргүй байна. Иймд уг үндэслэлээр гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болжээ. 

 

7. Түүнчлэн нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд хүний нөөцийн бичиг баримтад  Б-аар танилцуулж, гарын үсэг зуруулсан ажлын байрны тодорхойлолт бий эсэхийг тодруулахаар үзлэг хийлгэх хүсэлт гаргасныг анхан шатны шүүх тухайн хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй гэж дүгнэснийг буруутгах боломжгүй. Учир нь Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтэст бүртгэл хяналтын мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт баримтаар авагдсан, энэ тодорхойлолт зөрүүтэй гэх байдлаар нэхэмжлэгч тайлбар гаргаагүй.

 

Шүүх хуралдааны тэмдэглэлд тайлбарыг дутуу, зөрүүтэй, буруу бичсэн гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Учир шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцах боломжгүй гэх байдал тогтоогдохгүйгээс гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааны тэмдэглэлд алдаатай бичигдсэн бол засвар оруулах санал гаргах эрх нь  нээлттэй байжээ.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2022/00290 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД                                                Д.БЯМБАСҮРЭН

 

Э.ЗОЛЗАЯА