Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 00094

 

    Булган аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,

нарийн бичгийн дарга Ө.Оюумаа,

улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

шүүгдэгч М.Б , М.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар  

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сартуул овогт Мондоохойгийн М.Б , Дархан овогт Мөнхбатын М.Б нарт холбогдох эрүүгийн 1815001070085 дугаартай, 163/2018/0090/Э индекстэй хэргийг 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Булган аймгийн Бугат сумын 1 дүгээр багт оршин суух, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдөр сум дундын шүүхийн 2 жил 8 сарын хугацаагаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнссэн, С овогт М.Б  

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, , 25 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, аавын хамт Булган аймгийн Бугат сумын 1 дүгээр багт оршин суух, ял шийтгэлгүй, Довогт М.Б  

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Б  нь 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Булган аймгийн Орхон сумын 2 дугаар баг “Дөшийн нуга” гэх газарт иргэн Ц.Чулууны 6 тооны алдуул адууг мэдсээр байж завшсан,

Шүүгдэгч М.Б 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Булган аймгийн Орхон сумын 2 дугаар баг “Дөшийн нуга” гэх нэртэй газарт иргэн Ц.Чулууны 1 тооны алдуул адууг мэдсээр байж завшсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

     ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б ы өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг,   

1815001070085 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлтийн шатанд:

Хохирогч Ц.Чөгсөн: 2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр манай хүү Ц.Батбаяр надруу утсаар адуугаа олохгүй байна гэж байсан. Тэгэад манай хүү Ц.Батбаяр 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр алдсан адуугаа олсон заримыг нь модонд уясан байна гэж хэлсэн...манай хүү Батбаярыг ирэхэд Булган аймгийн Орхон сумын нутагт нутагладаг тус газар ойрхон нутагладаг залуу модонд уясан морийг авах гэж ирсэн гэсэн би тэр хүнийг сэжиглэж байна гэх мэдүүлэг /хх-20-21, 25-26 тал/,   

Гэрч Ц.Батбаяр өгсөн: “...алдсан адуугаа хайж байгаад 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Орхон сумын Халиун багийн Дөшийн нуга гэх газар ирсэн. Тэгтэл голын эргийн бургасан дунд өвөл 2018 оны 02 дугаар сард алдсан хул морь наад талдаа буюу ертөнцийн зүгээр урд талдаа хойд талд нь 2 хоногийн өмнө алдсан адуун дунд байсан ногоон морь уяатай байсан. Тэгээд уг адууг авахгүй уяатай байсан газар нь орхиод өөр газар очиж нуугдаад хүн ирэхийг хүлээсэн../.Батчулуун/ М. М.Б   гэх залуу ойролцоогоор 30-35 настай залуу намайг харж байхад Шарга зүсмийн морьтой модонд уясан 2 морийг ирж үзчихээд явсан...Батчулуун/ М. М.Б  нь надтай ирж уулзаад би танай адууг авсан юмаа хохирлыг чинь барагдуулах болно миний буруу гэсэн...ах нь морьдыг чинь бариад уячихсан юмаа ахыгаа уучлаарай гэсэн. Тэгээд би байхгүй байгаа 4 морио асуухад хорьж барьж авах гэж хавцал руу шахаад гол гараад явсан . Хул морины талаар асуухад манай адуунд гүйж ирсэн” гэх мэдүүлэг /хх-22-24, 47-49 тал/,

Гэрч Б.М өгсөн: 2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс Ц.Батбаярын 10 тооны адуу алга болсон. Тэгээд би Ц.Батбаярын хамтаар 2 өдөр хайсан. Тэгээд 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр алдсан адуугаа хайж яваад Орхон сумын Халиун багийн нутагт Орхон суманд ойрхон Дөшийн нуга гэх газар иртэл тал адуу нь байсан. Тэгтэл бургасан дунд хул, ногоон хар 2 морийг уяж орхисон байсан. Тухайн үед намайг утсаар ярих гээд айл руу очтол /Батчулуун/ М. М.Б   миний араас ирээд танай адууг би авсан юм. Уучлаарай гээд байсан. Тэгэхээр нь би адууны эзэн бишээ гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-28-29 тал/,

Гэрч Ж.М өгсөн: “...Ц.Чулууны хул морийг Архангай аймгийн өндөр Улаан сумын харьяат Монхор гэж дууддаг хүн унаж ирсэн. Тухайн үедээ сарлаг хайж явсан. Тэгээд манайд үлдээгээд хавар ирж авна гээд 2018 оны цагаан сарын дараа үлдээгээд явсан” гэх мэдүүлэг /хх30-31 тал/

Гэрч Ч.Нөгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 07-нд ирэхдээ 2 морьтой ирсэн. Орой 21 цагийн орчимд байх тэгээд 2 өдөр морио амрааж байна гээд тэгээд М.Б  эхнэртэйгээ Буриад эхнэр, Монхор бид 5 Эрдэнэт явсан. Тэгэхдээ Монхор үлдсэн ирээгүй. Тэгээд 2-3 хоногийн дараа ирээд хүрэн морио аваад явсан. Хул морио үлдээсэн” гэх мэдүүлэг /хх-32-33 тал/

Гэрч Б.Б өгсөн: 2018 оны 03 дугаар сарын 10-нд / Монхор / М. М.Б  гэх залуу 1 хул морь унаж ирээд морь эцсэн гээд манай адуунд тавьсан. Тэгээд өөрийнхөө хүрэнг бас үлдээсэн. Тэгээд удаагүй 2 хоногийн дараа бор азаргатай ирээд хүрэн морио аваад явсан” гэх мэдүүлэг /хх-37-38 тал/

2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн №1 дугаартай дүгнэлтээр нас гүйцсэн 6 морийг 3600000 төгрөгөөр үнэлэсэн үнэлгээ /хх-56 тал/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх-1-4 тал/, гэмт хэргийн талаарх өргөдөл, гомдол хүлээн авсан тэмдэглэл /хх-8 тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-09-10 тал/, эд мөрийн баримтийг хураан авсан тухай тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-11-15 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон хувийн байдлын талаарх баримтууд /хх-72-78 тал/, хавтаст хэргийн материал танилцуулсан баримт /хх-80-82 тал/ зэрэг нотлох  баримтуудыг  шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч М.Б  нь 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Булган аймгийн Орхон сумын 2 дугаар баг “Дөшийн нуга” гэх газарт иргэн Ц.Чулууны 6 тооны алдуул адууг мэдсээр байж завшсан, М.Б нь 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Булган аймгийн Орхон сумын 2 дугаар баг “Дөшийн нуга” гэх нэртэй газарт иргэн Ц.Чулууны 1 тооны алдуул адууг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн  болох нь гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, гэмт хэргийн сэдэлт, шалтгаан, өөр хоорондоо зөрүүгүй өгсөн мэдүүлгүүд, шүүгдэгч М.Б , М.Б нарын холбогдсон хэргийн талаар гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, дээрхи хэрэгт авагдсан нотлох баримтуудаар  хангалттай нотлогдож тогтоогдож байна.  

Гэрч, хохирогчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

Иймд шүүгдэгч М.Б , М.Б нарыг алдуул мал завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.Б , М.Б нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Чулуунд нас гүйцсэн 6 морь буюу 3600000 төгрөгийн хохирол учирсан ба хохирлыг биет байдлаар буцаан өгсөн хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул хохирол төлөгдсөн гэж үзлээ.

  Шүүгдэгч М.Б , М.Б  нар анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлж хорыг уршгийг арилгасан ба гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хувийн байдплыг харгалзан ялыг оногдуулах нь зүйтэй байна.     

Шүүгдэгч М.Б , М.Б нард ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн,  учируулсан хохиролыг төлсөн байдлыг  ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч М.Б , М.Б нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

     ТОГТООХ нь:    

        1. С овогт М.Б , Д овогт М.Б нарыг алдуул мал завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б , М.Б нарыг тус бүр 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б , М.Б нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч М.Б , М.Б нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б , М.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

         7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.ЦЭРЭНДУЛАМ