| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Ууганзаяа |
| Хэргийн индекс | 128/2026/0316/З |
| Дугаар | 128/ШШ2026/0577 |
| Огноо | 2026-06-05 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 128/ШШ2026/0577
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганзаяа би даргалж, шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Л.Болортунгалаг /РД:ЕА85081005/,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Галбадрах /РД:УХ89061391/,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: О.Чулуунбаатар /ӨҮД:3240/,
Хариуцагч: Хил хамгаалах ерөнхий газрын дарга,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Одонпүрэв,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Номундарь нарын хооронд үүссэн Төрийн албанаас халсантай холбоотой захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Чулуунбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одонпүрэв, гэрч Б.Лхагважаргал /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Равжаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/222 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Хилийн цэргийн 0108 дугаар ангийн 0316 дугаар салбарын ахлах шалгагчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Л.Болортунгалаг нь Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Б/767 дугаар тушаалаар Хилийн цэргийн 0277 дугаар ангийн салбарын ахлах шалгагчийн тушаалд томилогдсон байна.
2.2. Нэхэмжлэгчийн Хилийн цэргийн 0108 дугаар ангид ахлах шалгагч албан тушаалаар ажиллаж байх хугацаанд Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/222 дугаартай тушаалаар ...үндсэн ажлаасаа гадуур удирдлагын зөвшөөрөлгүйгээр ажил, үүрэг эрхэлсэн нь албаны шалгалтаар тогтоогдсон үндэслэлээр Л.Болортунгалагийг төрийн албанаас халсан байна.
2.3. Дээрх тушаалыг Л.Болортунгалагаас эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргахад тус зөвлөлөөс 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Хариу хүргүүлэх тухай 04/276 дугаар бичгээр ...хууль, журамд заасны дагуу таны гомдолд дурдсан маргаан бүхий захиргааны актын үндэслэлийг Төрийн албаны зөвлөл харьяалан хянан шалгаж, шийдвэрлэх эрх зүйн үндэслэлгүй тул шүүхэд хандаж шийдвэрлүүлэхийг зөвлөж байна гэх хариуг өгсөн байна.
2.4. Улмаар Л.Болортунгалагийн зүгээс Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/222 дугаарын тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, Эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдөр гаргасан байх бөгөөд 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 2234 дугаартай шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
2.5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Галбадрахаас нэхэмжлэлийн шаардлагаа Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/222 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Хилийн цэргийн 0108 дугаар ангийн 0316 дугаар салбарын ахлах шалгагчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх гэж тодруулсан.
Гурав. Нэхэмжлэлийн үндэслэл:
3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: ...Л.Болортунгалаг миний бие анх Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 767 дугаар тушаалаар ажилд орж, 2026 оны 02 дугаар сарыг хүртэл хоёргүй сэтгэлээр, үр бүтээлтэй, тууштай ажилласаар ирсэн. Үүнийг маань холбогдох газруудаас өндрөөр үнэлж, сайшаан шагнал, урамшуулал олгож байсан бөгөөд удахгүй миний цэргийн тэтгэвэрт гарах хугацаа болж байсан юм.
3.2. Гэтэл Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/222 дугаар тушаалаар төрийн албанаас халах сахилгын шийтгэлийг надад ногдуулсан тул урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу гомдол гаргасан. Төрийн албаны зөвлөл миний гомдлыг судалж, танилцаад 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 04/276 дугаартай албан бичгээр ... Төрийн албаны зөвлөл харьяалан хянан шалгаж, шийдвэрлэх эрх зүйн үндэслэлгүй тул шүүхэд хандаж шийдвэрлүүлэхийг зөвлөж байна гэсэн хариуг өгсөн. Иймээс миний бие уг Б/222 дугаар тушаалыг эс зөвшөөрч Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.9, Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам-ын 8.2-т тус тус заасны дагуу шүүхэд өөрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар нэхэмжлэл гаргасан билээ.
3.3. Маргаан бүхий Б/222 дугаар тушаал, хариуцагчийн хариу тайлбар зэргээс үзэхэд намайг Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.17 дахь заалтыг зөрчиж, үндсэн ажлаасаа гадуур удирдлагын зөвшөөрөлгүйгээр ажил, үүрэг эрхэлсэн нь албаны шалгалтаар тогтоогдсон, ... гаалийн бүрдүүлэлт хийж, бүрдүүлэлт тутмаас мөнгө авч байсан, ... урьд өмнө нь шат дараалсан захиргааны шийтгэл хүлээж байсан гэсэн үндэслэлээр хамгийн хүнд сахилын шийтгэлийг ногдуулсан байдаг.
3.4. Гэвч нэхэмжлэгч миний бие гаалийн бүрдүүлэлтийн ажлыг гардаж хийж гүйцэтгээгүй бөгөөд төрөл садангийнхаа хүний хамаарал бүхий компанид туслах зорилгоор бүрдүүлэлтийн ажлыг хийж гүйцэтгэсэн хүмүүст зөвхөн холбогдох ажлын хөлсийг нь дамжуулан өгч байсан. Ингэхдээ Эрүүгийн хуулийг зөрчиж, бусдад давуу байдал бий болгоогүй, ямар нэгэн хөрөнгө, мөнгөн шагнал, шан харамж аваагүй. Авсан бол намайг холбогдох хууль хяналтын байгууллагаас шалгаж, эрүүгийн болон бусад хариуцлагыг хүлээлгэх ёстой. Ийм зүйл огт болоогүй ба дээрх ажлыг хийж болохгүй гэдгээ миний бие мэдээд тус ажлыг хийхээ шууд зогсоосон.
3.5. Мөн энэ талаар 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуралд тайлбарлан буруугаа хүлээн зөвшөөрч ...өрх толгойлсон эмэгтэй, өвчтэй ээжийгээ асардаг, удахгүй тэтгэвэрт гарна, охин маань Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эрээн хотод сурдаг, удахгүй сургуулиа төгсөөд тэндээ их сургуульд орох юм, хэрвээ ажилгүй болох юм бол санхүүгийн хүнд байдалд орно. Иймд ажлаас халахаас бусад сахилгын шийтгэл ногдуулж өгнө үү гэж санал, хүсэлт гаргасан.
3.6. Мөн миний бие урьд нь ёс зүйн зөрчил огт гаргаж байгаагүй. Харин хамгийн сүүлд Хилийн цэргийн 0108 дугаар ангийн захирагчийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/34 дүгээр тушаалаар нээлттэй сануулах сахилгын шийтгэл авч байсан ба үүнээс хойш 1 жилийн хугацаа дууссан тул сахилгын шийтгэлгүйд тооцогдсон.
3.7. Төрийн албаны тухай хууль болон Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам-ын 2.1, 2.2, 2.3, 2.4, 2.5, 2.6, 2.7-д тус тус зааснаар сахилгын зөрчлийн шинжтэй үйлдлийг хянан шалгах албан тушаалтан хяналт, шалгалт хийж, надаас бичгээр тайлбар авч, шаардлагатай мэдээ, мэдээллийг цуглуулж, зөрчлийн шинж байдал, учруулсан хохирлын хэмжээг тогтоох, цуглуулсан мэдээ, баримтад дүн шинжилгээ хийж, дүгнэлт гарган байгууллагын даргад танилцуулж, дараа нь шалгалтын материалыг надад танилцуулсны үндсэн дээр тус дүгнэлтийг нь үндэслэн эрх бүхий албан тушаалтан зохих тушаалаа гаргах ёстой. Гэвч эдгээр хууль, журамд заасан ажиллагаа огт хийгдээгүй ба миний бие 2025 оны эхний хагас болон жилийн эцсийн Ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээгээр 85 хувь буюу "сайн" гэж үнэлэгдсэн.
3.8. Иймд Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/222 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Л.Болортунгалагийг урьд эрхэлж байсан Хилийн цэргийн 0108 дугаар ангийн 0316 дугаар салбарын ахлах шалгагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.
3.9. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...нэхэмжлэгч нь хариуцагчийн тайлбарлаж байгаа шиг гаалийн бүрдүүлэлтийг бие даан, өөрөө хийж гүйцэтгэн, дундаас нь мөнгө авч байгаагүй. Тодруулбал, нэхэмжлэгч Л.Болортунгалаг нь гаалийн бүрдүүлэлтийн ажлыг өөрөө гардаж хийж гүйцэтгээгүй. Харин төрөл садангийн хүний хамаарал бүхий компанид туслах зорилгоор бүрдүүлэлтийн ажлыг хийж гүйцэтгэсэн хүмүүст нь зөвхөн ажлын хөлс, улсын тэмдэгтийн хураамж, бүрдүүлэлт, шимтгэлүүдийн холбогдох мөнгөн зардлуудыг дамжуулан шилжүүлж байсан. Тус үйлдлийг хийхдээ тухайн компаниудаас заавал итгэмжлэл авах шаардлагатай учир итгэмжлэлээр тус ажлыг хийж гүйцэтгэсэн байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс итгэмжлэл авсантай маргахгүй байгаа. Тухайн ажлыг хийж гүйцэтгэсэнтэй холбоотойгоор хариуцагч байгууллага нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг бүрэн гүйцэт хийж, тухайн зөрчлийн шинж байдал, хор уршиг зэргийг тодорхойлсны үндсэн дээр актыг гаргах ёстой. Нэхэмжлэгчийн хувьд тухайн ажлыг итгэмжлэл авснаар нэхэмжлэгч нь Эрүүгийн хуулийг зөрчиж, бусдад давуу байдал бий болгоогүй. Ямар нэгэн мөнгөн шагнал, шан харамжийг итгэмжлэл олгосон компаниудаас аваагүй. Үүнийг хууль хяналт шалгалтын байгууллагууд буюу Эрүүгийн цагдаагийн алба болон Авлигатай тэмцэх газраас шалгаж холбогдох хариуцлага ногдуулсан, гэм буруутайг тогтоосон үйл баримт байхгүй, хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байгаа. Нэхэмжлэгч нь тухайн үйл баримтыг мэдээд, итгэмжлэл авч болохгүй гэдгийг мэдсэн даруйдаа тухайн ажлаа зогсоосон. Энэ талаар холбогдох зөвлөлийн хурлууд дээр тайлбарлаж хэлсэн. Нэхэмжлэгч нь өрх толгойлсон эмэгтэй байдаг бөгөөд өвчтэй ээжийгээ асардаг. Төрийн албанд тасралтгүй олон жил ажилласан, удахгүй тэтгэвэрт гарах хүн байсан. Мөн нэхэмжлэгчийн охин нь Бүгд найрамдах Хятад ард улсын Эрээн хотод сурдаг бөгөөд эдгээр асуудалтай холбогдуулан өрх толгойлсон эмэгтэйд санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн. Тийм учир нэхэмжлэгч нь тухайн холбогдох асуудалд өөрийн бурууг хүлээн зөвшөөрч удахгүй тэтгэвэрт гарах гэж байгаа гэдгийг харгалзан үзэж сахилгын шийтгэлийг хөнгөрүүлж өгөхийг хүссэн байдаг. Ажлаас халахаас өөрөөр шийтгэл ногдуулахад татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байгаа. Төрийн албаны тухай хууль олон төрлийн сахилгын шийтгэлийн төрлүүдийг хуульчилж өгсөн байдаг. Энэ бүгдийг ногдуулах боломжтой байхад хамгийн хүнд сахилгын шийтгэл ногдуулсан гэдэгт нэхэмжлэгч гомдолтой байгаа. Нэхэмжлэгч нь урьд өмнө огт ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй, ёс зүйн хариуцлага хүлээж байгаагүй. Хэрэгт авагдсан баримтаас харахад хамгийн сүүлд Хилийн цэргийн 0108 дугаар ангийн захирагчийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/34 дүгээр тушаалд нээлттэй сануулах сахилгын шийтгэл авагдсан. Энэ нь 1 жилийн хугацаанд сахилгын шийтгэлд тооцох хугацаа нь дууссан байгаа. Гэтэл маргаан бүхий тушаал дээр урьд өмнө сахилгын шийтгэл авагдаж байсан гэж давтан зөрчил гаргасан гэх байдлаар тушаалын үндэслэл дээр дурдсан байгаа. Үүнийг үгүйсгэх байдлаар тайлбарлаж байна. Төрийн албаны тухай хууль болон "Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам"-ын 2.1, 2.2, 2.3, 2.4, 2.5, 2.6, 2.7 дахь хэсгүүдэд тус тус зааснаар сахилгын зөрчлийн шинжтэй үйлдэл, хянан шалгах албан тушаалтан хяналт шалгалт хийж нэхэмжлэгч Л.Болортунгалагаас бичгээр тайлбар авч, шаардлагатай мэдээ мэдээллийг цуглуулж, үүний үндсэн дээр зөрчлийн шинж байдал, учруулсан хохирлын хэмжээг тогтоох ёстой байсан. Мөн цуглуулсан мэдээ баримтад дүгнэлт хийж байгууллагын даргад танилцуулж тухайн материалыг үндэслэж тухайн эрх бүхий албан тушаалтан тушаал шийдвэрээ гаргана. Энэ асуудалд зөрчлийн шинж байдал болон учруулсан хохирлын хэмжээ байхгүй гэдгийг шүүх анхаарч үзнэ үү гэж хүсэж байна. Мөн хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч нь 2025 оны эхний хагас жилийн ажлын гүйцэтгэлээр 85 хувь буюу сайн гэж үнэлэгдсэн. Ажлаа хангалттай гүйцэтгэдэг байсан нь үүгээр тогтоогдож байна. Гэрчээс асуухад гэрч нь 5-аас 6 компанид бүрдүүлэлт хийдэг байсан байна. 2025 онд бүтэн бүрдүүлэлтийн ажлыг гардаж хийдэг байсан байна. Тийм учир тухайн ажлыг гардаж хийсэн хүн нь гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна гэж үзэж байна. Гаалийн бүрдүүлэлтийн хяналт шалгалтын ажил буюу гаалийн ажлыг Хил хамгаалах газрын ажилтан хийж гүйцэтгэдэггүй. Үүнийг гаалийн улсын байцаагч нар шалгадаг. Улсын хилээр хориотой бараа бүтээгдэхүүн орж байгаа эсэх, холбогдох татвараа төлж байгаа эсэхийг татвар болон гаалийн байгууллагууд тусдаа шалгадаг чиг үүрэгтэй. Үүнтэй холбоотойгоор итгэмжлэл авсан 8 компаниудаас хориотой эд зүйлс, бараа бүтээгдэхүүн оруулж ирсэн зүйл огт байхгүй. Энэ компаниуд нь холбогдох татваруудаа бүрэн төлсөн байгаа. Тухайн аж ахуй нэгжүүдээс итгэмжлэл авснаас болж нэхэмжлэгч нь улсад болон бусдад ямар нэгэн хэмжээний хохирол учруулж, бусдад давуу байдал бий болгосон зүйл байхгүй. Үүнийг хяналт шалгалтаар тогтоосон зүйл байхгүй, ямар нэг газраас гомдол гаргаагүй. Маргаан бүхий актын үндэслэл болон хариу тайлбар, даргын зөвлөлийн хурлын тэмдэглэлтэй уншиж танилцахад 2025 оноос урьд өмнөх оны асуудлыг огт яриагүй бөгөөд зөвхөн 2025 онтой холбоотой асуудлыг ярьж байгаа гэдгийг тодотгож хэлмээр байна. 2025 онтой холбоотой бүрдүүлэлтийн ажлыг гэрч Б.Лхагважаргал бүтэн хийж гүйцэтгэсэн байна. Нэхэмжлэгч нь өөрөө гэм буруугаа мэдээд даргын зөвлөлийн хурал дээр хүлээн зөвшөөрч байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ар гэрийн байдал зэрэг бүхэл асуудлаа нэхэмжлэгч нь тайлбарлаж сахилгын шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэж хүсэж байгаа. Үүнтэй холбоотойгоор даргын зөвлөлийн хурал дээр гэм буруугаа хүлээн зөвшөөрвөл өөр сахилгын шийтгэл оногдуулах боломжтой гэж хэлсэн байсан. Тийм учир нэхэмжлэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, холбогдох бүх тайлбаруудаа бичгээр өгсөн байгаа. Хариуцагч талаас удаа дараагийн зөрчил гаргасан гэж тайлбарласан. Маргаан бүхий актын үндэслэл дээр үндсэн ажлаасаа гадуур удирдлагын зөвшөөрөлгүй ажил үүрэг гүйцэтгэсэн нь албан шалгалтаар тогтоогдсон тул гэсэн байгаа. Түүнээс биш удаа дараа зөрчил гаргасан гэсэн утга агуулга байхгүй. Өмнө нь сахилгын шийтгэл оногдуулсан хугацаанаас хойш сахилгын шийтгэлд тооцох хугацаа дууссан байгаа. Зөрчлийн шинж байдал давтан үйлдсэн байдлыг харгалзан үзвэл нэхэмжлэгчид оногдуулсан сахилгын шийтгэл хүндэдсэн байна гэж үзэж байна. Тийм учир бусад сахилгын шийтгэлийг оногдуулах боломжтой байсан тул маргаан бүхий захиргааны актыг шүүх хүчингүй болгож өгнө үү. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаж буйгаар социологийн судалгаагаар хувийн байдал нь тогтоогдсон гэж тайлбарлаж байгаа. Энэ нь маргаан бүхий актын зөвлөлд огт дурдагдаагүй зүйл. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Дөрөв. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:
4.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар, татгалзалдаа: ...Замын-Үүд дэх Гаалийн газраас 2025 оны байдлаар Хилийн цэргийн 0108 дугаар ангийн нэр бүхий албан хаагч гаалийн бүрдүүлэлт хийсэн байж болзошгүй талаар тус ангийн захирагч, хурандаа В.Хундгаад 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 01/083 дугаартай албан бичгээр мэдэгдсэн байна.
4.2. Үүний дагуу ангийн захирагчийн 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/15 дугаар тушаалаар захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, дэд хурандаа Ц.Ганбатаар ахлуулсан ажлын хэсэг томилж тус гаалийн газраас ирүүлсэн мэдэгдлийг нягтлан шалгуулахад тус ангийн албан хаагч, ахмад Л.Болортунгалаг, ахлах дэслэгч Б.Мөнгөнтуул нар мөн болох нь баримтаар тогтоогдсон болно.
4.3. Нэхэмжлэгч Л.Болортунгалаг нэр бүхий 8 аж ахуйн нэгжид 54 удаагийн гаалийн бүрдүүлэлт хийж, бүрдүүлэлт тутмаас мөнгө авч байсан болон урьд өмнө шат дараалсан захиргааны шийтгэл хүлээж байсан болох нь албаны шалгалтаар тогтоогдсон болно.
4.4. Иймд Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2026 оны 02 дугаар сарын 06- ны өдрийн Б/222 дугаар дугаар тушаал нь Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааны болон захиргааны актад тавигдах шаардлагыг бүрэн хангасан хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гарсан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4.5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одонпүрэв шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Сахилга хариуцлагын шийтгэл авц байсан талаар бүх төрлийн судалгааг хавсралтаар ирүүлсэн. Мөн хамт олны дунд судалгаа явуулж нэхэмжлэгчийн хамт олны дундах харилцааны судалгааг авч холбогдох материалуудыг хэрэгт ирүүлсэн. Ажлын үнэлгээ 85 хувиар гарсан гэдэг бол жилийн урамшуулал гэдэг утгаар албан хаагчдыг ерөнхийд нь үнэлж жилийн урамшуулал олгодог нийтлэг жишигтэй. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс зөвхөн таньдаг хүмүүсийнхээ бүрдүүлэлтэд тусалдаг байсан гэж тайлбарлаж байна. Гэтэл нэхэмжлэгч нь Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх гаалийн газраас 2024, 2025 онд нэр бүхий 8 аж ахуй нэгжид 64 удаагийн гаалийн бүрдүүлэлтийг хийсэн байдаг. Энэ бүх компаниудаас итгэмжлэл олгогдсон байдаг нь бүрдүүлэлт тус бүр дээрээ байдаг. Тус итгэмжлэл дээр ачааны бүрдүүлэлт болон төлбөр тооцоог хийнэ, хяналт шалгалт хийлгэх, татвар хураамжийн төлөх, гаалиас хүлээн авах зэрэг ажлуудыг даалгасан байгаа. Гэтэл нэхэмжлэгч нь Хил хамгаалах байгууллагын дэглэм журам сахиулах, хяналт шалгалт үүрэг бүхий хүн нь өөрөө бүрдүүлэлтийн ажил хийхэд оролцож, төлбөр тооцоог хийж, хяналт шалгалт хийлгэж байгаа нь төрийн албаны тусгай албан хаагчийн ёс зүйд огт нийцэхгүй гэж үзээд дээрх шийтгэлийг оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байгаа. Мөн энэ шийтгэл нь төрийн албанд эргэж орох нөхцөлтэйгөөр халагдсан байгаа. Гэтэл үйл баримтаас үзэхэд эргэж орох эрхгүйгээр халагдах үндэслэлүүд байсан. Харин нэхэмжлэгчийг эргэж төрийн албанд ажиллах нөхцөлтэйгөөр халсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хэлж буйгаар зөвхөн мөнгө шилжүүлж өгдөг харилцаа биш, гаалийн бүрдүүлэлт хийхэд дэглэм журам сахиулдаг этгээд заавар зөвлөгөө өгч давуу тухайн компаниудад давуу нөхцөл байдлыг бий болгож байсан гэдэг нь гэрчийн мэдүүлгээс нотлогдсон. Захиргааны шийтгэл оногдуулахдаа ажлаас халах үндэслэл нь ангийн захирагчийн зөвлөлийн хуралдааны шийдвэр, албан шалгалтыг үндэслэж тушаалыг гаргасан. Зөвхөн нэг хуулийн заалт харж байж тушаалыг гаргаагүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх, нэхэмжлэл, түүний үндэслэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, нэхэмжлэлийг хариуцагч эс зөвшөөрч гаргасан хариу тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Л.Болортунгалаг нь Хил хамгаалах ерөнхий газрын даргад холбогдуулан Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/222 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Хилийн цэргийн 0108 дугаар ангийн 0316 дугаар салбарын ахлах шалгагчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөслийг нөхөн гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.
2.1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Гаалийн ерөнхий газрын Замын-Үүд дэх гаалийн газрын 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 01/83 дугаар ... Л.Болортунгалаг хуулийн этгээдийг төлөөлөн гаалийн бүрдүүлэлтийн явцад итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон талаарх нөхцөл байдал тогтоогдсон. Уг мэдээллийг холбогдох журмын дагуу хүргүүлж байгаа бөгөөд асуудлын хүрээнд шаардлагатай тодруулга, тайлбар ирүүлэх, мөн холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг хүсэж байна гэх албан бичгийг ирүүлсний дагуу Хилийн цэргийн 0108 дугаар ангийн захирагчийн 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/15 дугаар тушаалаар дээрх албан бичгийг нягтлан шалгах ажлын хэсгийг томилж, нэрсийг хавсралтаар баталсан байна.
2.2. Уг ажлын хэсэг 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаж нэхэмжлэгч Л.Болортунгалагийг захирагчийн зөвлөлийн хуралд оруулж, гаргасан асуудлыг хэлэлцэхээр шийдвэрлэсний дагуу Хилийн цэргийн 0108 дугаар ангийн захирагчийн зөвлөлийн хурлаар 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдөр оруулж, ангийн захирагчийн зөвлөлийн гишүүдийн 100 хувийн саналаар Хилийн цэргийн 0316 дугаар салбарын ахлах шалгагч, ахмад Лхагвасүрэнгийн Болортунгалагийг цэргийн албанаас халах санал, холбогдох материалыг Хил хамгаалах ерөнхий газарт уламжилж шийдвэрлэжээ.
2.3. Улмаар нэхэмжлэгчийг Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/222 дугаар тушаалаар ... Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7 дахь заалтыг зөрчиж, үндсэн ажлаасаа гадуур удирдлагын зөвшөөрөлгүйгээр ажил, үүрэг эрхэлсэн нь албан шалгалтаар тогтоогдсон тул хилийн цэргийн 0108 дугаар ангийн 0316 дугаар салбарын ахлах шалгагч, ахмад Лхагвасүрэнгийн Болортунгалагийг 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөр тасалбар болгон Төрийн албаны тухай хуулийн 48.1.4-т заасны дагуу төрийн албанаас халж шийдвэрлэсэн тул тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
2.4. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Миний бие гаалийн бүрдүүлэлтийн ажлыг гардаж хийж гүйцэтгээгүй. Бусдад давуу байдал бий болгоогүй, ямар нэгэн хөрөнгө, мөнгөн шагнал, шан харамж аваагүй. Миний бие урьд ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй. Сүүлд Хилийн цэргийн 0108 дугаар ангийн захирагчийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/34 дүгээр тушаалаар нээлттэй сануулах сахилгын шийтгэл авч байсан ба үүнээс хойш 1 жил өнгөрсөн тул сахилгын шийтгэлгүйд тооцогдсон. Сахилгын зөрчлийн шинжтэй үйлдлийг хянан шалгах албан тушаалтан хяналт, шалгалт хийж, надаас бичгээр тайлбар авч, шаардлагатай мэдээ, мэдээллийг цуглуулж зөрчлийн шинж байдал, учруулсан хохирлын хэмжээг тогтоох, цуглуулсан мэдээ, баримтад дүн шинжилгээ хийж дүгнэлт гарган байгууллагын даргад танилцуулж, дараа нь надад танилцуулсны үндсэн дээр эрх бүхий албан тушаалтан зохих тушаалаа гаргах ёстой эдгээр ажиллагаа хийгдээгүй гэж,
хариуцагчаас ... нэхэмжлэгч нь 8 аж ахуй нэгжид 54 удаагийн бүрдүүлэлт хийж, бүрдүүлэлт тутмаас мөнгө авч байсан болон урьд өмнө шат дараалсан захиргааны шийтгэл хүлээж байсан болох нь албан шалгалтаар тогтоогдсон. Хяналт шалгалт тавих үүрэгтэй этгээд нь бүрдүүлэлт хийж болохгүй гэж тус тус тайлбарлан маргасан.
2.5. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Төрийн албан хаагч дараах нийтлэг үүрэг хүлээнэ гээд мөн зүйлийн 37.1.7-д Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх гэж, 37.1.17-д үндсэн ажлаасаа гадуур хуулиар зөвшөөрснөөс бусад ажил, үүрэг эрхлэхгүй байх, 48 дугаар зүйлийн 48.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна, 48.1.4-д төрийн албанаас халах, 48.3-д Энэ хуулийн 48.1-д заасан сахилгын шийтгэлийг заавал дэс дараалан хэрэглэхийг шаардахгүй гэж тус тус заасан.
2.6. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд төрийн албан хаагч нь төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх, үндсэн ажлаас гадуур хуулиар зөвшөөрснөөс бусад ажил үүрэг эрхлэхгүй байх үүрэгтэй байх төдийгүй уг зөрчлүүдийг гаргасан тохиолдолд зөрчлийн шинж, хувийн байдлыг харгалзан сахилгын шийтгэл ногдуулахаар байна.
2.7. Түүнчлэн, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д Албан тушаалтан энэ хуулиар зөвшөөрснөөс өөр ажил, албан тушаал давхар эрхлэхийг хориглоно, 18.4-д Зэвсэгт хүчний албан тушаалтан өөрийн удирдах албан тушаалтны бичгээр, эсхүл тоон гарын үсгээр баталгаажуулсан цахим хэлбэрээр өгсөн зөвшөөрлийн үндсэн дээр хөдөлмөрийн болон ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэж, эрх эдэлж болно, 19.1-д Албан тушаалтан нийтийн албанд орох үед хуулиар зөвшөөрөөгүй өөр ажил, үүрэг, гэрээ гүйцэтгэж, эрх эдэлж байгаа бол энэ тухай дээд шатны албан тушаалтанд бичгээр танилцуулах үүрэгтэй, 19.2-д Энэ хуулийн 19.1-д заасан танилцуулга хүлээн авсан албан тушаалтан ажлын байрны шаардлагыг харгалзан 30 хоногийн дотор давхар эрхэлж болохгүй алба, ажил, үүргээс чөлөөлөгдөх, гэрээ болон эрхийг цуцлах эсэх тухай шийдвэр гаргаж холбогдох албан тушаалтанд бичгээр мэдэгдэнэ, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д офицер, ахлагч, цэргийн гэрээт алба хаагч нь анги, байгууллагынхаа захирагч, даргын зөвшөөрснөөр уран бүтээл туурвих болон эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх гэж тус тус заажээ.
2.8. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Хилийн цэргийн 0108 дугаар ангийн 0316 дугаар салбарын ахлах шалгагч, ахмад Лхагвасүрэнгийн Болортунгалаг нь үндсэн ажлаас гадуур хуулиар зөвшөөрснөөс бусад ажил үүрэг эрхэлсэн болох нь Гаалийн ерөнхий газрын Замын-Үүд дэх гаалийн газрын 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 01/083 дугаар албан бичиг, түүний хавсралт, Хилийн цэргийн 0108 дугаар ангийн захирагчийн 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/15 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хурлын ... миний бие гаалийн бүрдүүлэлт хийсэн нь үнэн. Албан бичигт дурдсан 8 аж ахуй нэгж нь тахианы цээж мах хилээр оруулдаг гэх тэмдэглэл, нэхэмжлэгчийн 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдөр гаргасан ... Л.Болортунгалаг би 8 аж ахуй нэгж дээр компаний итгэмжлэгдсэн төлөөлөгч болж улсын хилээр орж ирсэн тахианы махны бүрдүүлэлт хийж байсан нь үнэн гэх тодорхойлолт, нэхэмжлэгч Л.Болортунгалагт олгосон итгэмжлэлүүд, Хилийн цэргийн 0108 дугаар ангийн захирагчийн зөвлөлийн хурлын 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 02 дугаар тэмдэглэл, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогдож байна.
2.9. Дээрх үйл баримтуудаас үзэхэд, нэгэнт нэхэмжлэгчийн зөрчил гаргасан болох нь хангалттай тогтоогдож байгаа энэ тохиолдолд хариуцагчаас Засгийн газрын эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-д Агентлагийн дарга энэ хууль болон холбогдох бусад хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарах асуудлаар тушаал гаргана, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-д Төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон эрх бүхий албан тушаалтан, хамтын удирдлага бүхий байгууллага томилсон бол тухайн байгууллагын даргын шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулна гэж зааснаар өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд маргаан бүхий Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/222 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг төрийн албанаас халж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.
2.10. Хэдийгээр нэхэмжлэгчээс ... Миний бие гаалийн бүрдүүлэлтийн ажлыг гардаж хийж гүйцэтгээгүй. Бусдад давуу байдал бий болгоогүй, ямар нэгэн хөрөнгө, мөнгөн шагнал, шан харамж аваагүй. Төрөл садангийн хүндээ тусалсан гэх боловч хэрэгт авагдсан баримтууд, гэрчийн мэдүүлэг, хэргийн оролцогч нарын тайлбар зэргээс үзэхэд дээрх үйл баримт тогтоогдохгүй байх төдийгүй энэ нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохооргүй, нэхэмжлэгч нь үндсэн ажлаас гадуур нэр бүхий компаниудаас итгэмжлэл авч гаалийн бүрдүүлэлт хийсэн болох нь тогтоогдсон энэ тохиолдолд уг үндэслэлээр маргаан бүхий Хил хамгаалах ерөнхий газрын даргын тушаалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй.
2.11. Түүнчлэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан ... нэхэмжлэгч нь 8 аж ахуй нэгжид 54 удаагийн бүрдүүлэлт хийж, бүрдүүлэлт тутмаас мөнгө авч байсан болон урьд өмнө шат дараалсан захиргааны шийтгэл хүлээж байсан болох нь албан шалгалтаар тогтоогдсон. Хяналт тавих үүрэгтэй этгээд нь гаалийн бүрдүүлэлт хийсэн нь Төрийн албаны тухай хуулийн зарчмуудад нийцэхгүй гэх тайлбарыг үгүйсгэхээргүй байна.
2.12. Нэгэнт маргаанд хамаарах тушаалыг хүчингүй болгуулах шаардлагыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул урьд эрхэлж байсан Хилийн цэргийн 0108 дугаар ангийн 0316 дугаар салбарын ахлах шалгагчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөслийг нөхөн гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн Хил хамгаалах ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/222 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Хилийн цэргийн 0108 дугаар ангийн 0316 дугаар салбарын ахлах шалгагчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөслийг нөхөн гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж заасан тул нэхэмжлэгчээс мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.17, 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.4, 48.3, 48.4-д заасныг тус тус баримтлан Л.Болортунгалагийн гаргасан ... Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/222 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Хилийн цэргийн 0108 дугаар ангийн 0316 дугаар салбарын ахлах шалгагчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөслийг нөхөн гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНЗАЯА