Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 207/МА2022/00054

 

Б............. нэхэмжлэлтэй,  

хариуцагч С.............д холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч С.Уранчимэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 142/ШШ2022/00280 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б............. нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С.............д холбогдох,

“Лангуу худалдан авсны үнэ 6.000.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгч Б............. гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б............., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Эрдэнэзаяа, хариуцагч С............., хариуцагчийн өмгөөлөгч О.Мөнхсувд, нарийн бичгийн дарга Х.Бямбахишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б............. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Б............. нь бэлэн хувцасны лангуугаа салбарлах зорилготойгоор С.............тай холбогдсон. С............. лангуугаа худалдах гэж байгаа талаар мэдээд худалдаж авахаар тохиролцож 2019 оны 05 сарын 08-ны өдөр ............" их дэлгүүрийн 3 давхарт 315 /063/ тоот лангууг 6.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Лангууны төлбөр 6.000.000 төгрөгийг 2019 оны 04 сарын 27-нд 2.000.000 төгрөг, 2019 оны 04 сарын 29-нд 2.000.000 төгрөг, 2019 оны 05 сарын 08-нд 2.000.000 төгрөгийг С.............гийн Хаан банкны ............ тоот дансанд тус тус шилжүүлсэн. Тухайн үед ............ их дэлгүүрийн лангууг худалдаж авч болно гэж ойлгосон болохоор худалдаж авсан. Би хүнсний дэлгүүр, ............" их дэлгүүрт бэлэн хувцасны лангуу давхар ажиллуулж байсан болохоор ............" их дэлгүүрт лангуу ажиллуулахад хүн хүч дутагдаж уг лангууг Ү.............д 2019 оны 07 сарын 29-нд худалдсан. Ү............. нь жил гаран уг лангуун дээр сурагчийн дүрэмт хувцас худалдан борлуулсан бөгөөд ............" их дэлгүүрийн захиргаа /Ургамал Энх" ХХК/ лангууг хүнээс хүнд худалдан борлуулахыг хориглосоор байхад худалдаж авсан байна гээд гэрээг цуцалж байгаагаа мэдэгдэж Ү.............ын лангууг 2021 оны 01 дүгээр 13-нд чөлөөлүүлж, гаргасан болно. Ү............. худалдаж авсан лангуунаас гарсан учир мөнгөө нэхэж шүүхэд өгч лангууны мөнгөө надаас авсан. Би лангууг худалдах нь хориотой гэдгийг Ү............. шүүхэд өгсний дараа мэдсэн тэрнээс өмнө мэдээгүй юм. С............. уг лангууг хууль бусаар худалдан борлуулснаас болж надад 6.000.000 төгрөгийн хохирол учирсан тул хохирлоо гаргуулан авах хүсэлтэй байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Эрдэнэзаяа шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Б............. бэлэн хувцасны лангуу салбарлах зорилгоор С.............г лангуугаа худалдах гэж байгааг сонсоод 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр ............ их дэлгүүрийн 3 давхарт 315 /063/ тоот лангууг 6 сая төгрөгөөр худалдаж авсан. Лангууны төлбөр 6 сая төгрөгийг 2019 оны 04 дүгээр сарын 27-нд 2 сая төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 29-нд 2 сая төгрөг, 2019 оны 05 дүгээр сарын 08-нд 2 сая төгрөгийг С.............гийн Хаан банкны ............ тоот дансанд тус тус шилжүүлсэн. Тухайн үед ............ их дэлгүүрийн лангууг худалдаж авч болно гэж ойлгосон болохоор худалдаж авсан. Би хүнсний дэлгүүр, ............" их дэлгүүрт бэлэн хувцасны лангуу давхар ажиллуулж байсан болохоор ............ их дэлгүүрт лангуу ажиллуулахад хүн хүч дутагдаж уг лангууг Ү.............д 2019 оны 07 дугаар сарын 29-нд худалдсан. Ү............. нь жил гаран уг лангуун дээр сурагчийн дүрэмт хувцас худалдан борлуулсан бөгөөд ............" их дэлгүүрийн захиргаа Ургамал Энх ХХК лангууг хүнээс хүнд худалдан борлуулахыг хориглосон байхад худалдаж авсан байна гээд гэрээг цуцалж байгаагаа мэдэгдэж Ү.............ын лангууг 2021 оны 01 дүгээр сарын 13-нд чөлөөлүүлж, гаргасан болно. Ү............. худалдаж авсан лангуунаас гарсан учир мөнгөө нэхэж шүүхэд өгч лангууны мөнгөө надаас авсан. Би лангууг худалдах нь хориотой гэдгийг Ү............. шүүхэд өгсний дараа мэдсэн тэрнээс өмнө мэдээгүй юм. С............. уг лангууг хууль бусаар худалдан борлуулснаас болж надад 6 сая төгрөгийн хохирол учирсан тул хохирлоо гаргуулан авах хүсэлтэй байна. Иймд лангууны төлбөр 2019 оны 04 дүгээр сарын 27-нд 2 сая төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 29-нд 2 сая төгрөг, 2019 оны 05 дүгээр сарын 08-нд 2 сая төгрөгийг С.............гийн Хаан банкны ............ тоот дансанд тус тус шилжүүлсэн нийт 6 сая төгрөгийг гаргуулан намайг хохиролгүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна гэв.

Хариуцагч С............. шүүхэд гаргасан хариу тайлбар болн шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

 ............ их дэлгүүрийн заал нь тусгаарласан ханагүй тул тэнд талбай түрээсэлдэг хүмүүс өөрсдийн зардлаараа бараа бүтээгдэхүүнээ өрж, байрлуулах ханын тавилга хийж өөрийн түрээсэлж байгаа талбайгаа тусгаарладаг байсан. Миний түрээсэлж байсан 26.5 м.кв талбайн баруун тал ханагүй байсан ба зэргэлдээ баруун талын түрээслэгчийн бараагаа өрөхөөр хийлгэсэн тавилгын ар тал нь манайх руу харсан нь өнгө үзэмжгүйгээс бараа өрөх ямар ч боломжгүй байсан. Бараагаа өрж, байрлуулахын тулд би Сөрт-Эрхэт ХХК-д захиалга өгч баруун ханандаа доогуураа хаалгатай, дээгүүрээ тавиуртай, ханын тавилга, дээрээ шилэн лангуутай хоёр захдаа хаалгатай 150смх60см хэмжээтэй шүүгээ, мөн хямдарсан бараагаа байрлуулдаг 120см х120см хэмжээтэй хайрцаг хоёр ширхгийг тус тус хийлгэсэн. Мөн талбайн голд байрлуулдаг хувцас өлгөх зориулалттай дээрээсээ нэмэх тэмдэг хэлбэртэй харагддаг никель өлгүүр нэг ширхэг, цагаан өнгөтэй хоёр талдаа хувцас өлгөдөг төмөр өлгүүр нэг ширхэг, хоёр талдаа хувцас өлгөдөг никель өлгүүр нэг ширхэг, ФД ханандаа байрлуулдаг хувцас өлгөх зориулалттай төмөр өлгүүр нэг ширхэг зэргийг тус тус худалдан авч өөрийн түрээсэлдэг талбайгаа тохижуулсан. Б............. нь миний хөрөнгө, зардлаар бий болгосон дээр дурдсан эд хөрөнгүүдийг надтай тохирсны үндсэн дээр худалдан авсан. Би түрээслүүлэгч байгууллагын эд хөрөнгө ч юм уу эсхүл хоосон талбайг түүнд худалдаагүй ............ их дэлгүүрийн заал нь тусгаарласан ханагүй тул тэнд талбай түрээсэлдэг хүмүүс өөрсдийн зардлаараа бараа бүтээгдэхүүнээ өрж, байрлуулах ханын тавилга хийж өөрийн түрээсэлж байгаа талбайгаа тусгаарладаг байсан. Миний түрээсэлж байсан 26.5 м2 талбайн баруун тал ханагүй байсан ба зэргэлдээ баруун талын түрээслэгчийн бараагаа өрөхөөр хийлгэсэн тавилгын ар тал нь манайх руу харсан нь өнгө үзэмжгүйгээс бараа өрөх ямар ч боломжгүй байсан. Бараагаа өрж, байрлуулахын тулд би Сөрт-Эрхэт ХХК-д захиалга өгч баруун ханандаа доогуураа хаалгатай дээгүүрээ тавиуртай ханын тавилга, дээрээ шилэн лангуутай хоёр захдаа хаалгатай 150смх60см хэмжээтэй шүүгээ, мөн хямдарсан бараагаа байрлуулдаг 120см х 120см хэмжээтэй хайрцаг хоёр ширхгийг тус тус хийлгэсэн. Мөн талбайн голд байрлуулдаг хувцас өлгөх зориулалттай дээрээсээ нэмэх тэмдэг хэлбэртэй харагддаг никель өлгүүр нэг ширхэг, цагаан өнгөтэй хоёр талдаа хувцас өлгөдөг төмөр өлгүүр нэг ширхэг, хоёр талдаа хувцас өлгөдөг никель өлгүүр нэг ширхэг, ФД ханандаа байрлуулдаг хувцас өлгөх зориулалттай төмөр өлгүүр нэг ширхэг зэргийг тус тус худалдан авч өөрийн түрээсэлдэг талбайгаа тохижуулсан. Б............. нь миний хөрөнгө, зардлаар бий болгосон дээр дурдсан эд хөрөнгүүдийг гуйсаар байгаад надаас худалдан авсан. Би түрээслүүлэгч байгууллагын эд хөрөнгө ба талбайг зараагүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Тогтохбаяр шүүх хуралдаанд өгсөн хариу тайлбартаа:

Хэрэгт хоёр гэрээ байгаа. 2019 оны 6 дугаар сарын 6-нд Б............. Ургамал-Энхтэй байгуулсан гэрээ, С.............гийн 2018 онд байгуулсан энэ хоёр гэрээний дугаар адилхан байгаа. Энүүгээр бол тухайн талбай нэг талбай байсан гэдэг харагдаж байгаа. Тухайн талбайн анхнаасаа хоосон байсан ба түрээслэгч нар нь өөрсдийн хөрөнгөөрөө талбайгаа засаж тохижуулна гэсэн заалт байдаг. Тухайн талбай анхнаасаа хоосон байсан ба өөрийн хөрөнгөөр засаж тохижуулсан гэдгийг гэрч Наранчимэгийн мэдүүлгээс нотлогдож байна. Фото зураг авагдсан байгаа, Сөрт-Эрхэт ХХК-тай ............гийн нөхөр Даваабаяр очиж уулзаад лангуу хийлгэсэн гэсэн баримтыг авсан байдаг. Гэрлэсний бүртгэлийн лавлагаагаар ............ Даваабаяр хоёрыг гэр бүл болохыг баталсан байгаа. Гэрээний 2.1-т заалтаар Ургамал-Энх компани ямар нэг эд хөрөнгө шилжүүлээгүй хоосон талбайг өгсөн байдаг. ............ гэдэг хүнд лангууг зарсан гэж байна. Хоосон талбай биш ямар нэг зүйлийг хүлээгээд авсан талаар харагдаж байна. Гэрээний 2.5 дахь заалтаар анхнаасаа Ургамал Энх ХХК хоосон талбай өгсөн, түрээслэгч нар нь өөрсдийн мөнгөөр тохижуулдаг гэдэг нь харагдаж байна. Ургамал-Энх компанитай гэрээ байгуулах ёстой. Хуульд нийцэхгүй заалт байна. Гэрээний 7.3-т түрээслэгч нь талбайг худалдах боломжгүй гэж байгаа. Өөрсдийн хөрөнгөөр тохижуулсан талбайгаа бусдаас асууж зарж байгаа хуульд нийцэхгүй байна гэж үзэж байна. Шүүх хуралдаанд гэрчийг асуусан байгаа. ............г хоосон байсан талбайг өөрийнхөө хөрөнгөөр гэдгийг энэ талбайд тохижилт хийсэн талаар ярьж байна. Талбай худалдах бол заавал Ургамал-Энх компанитай байгуулах ёстой байдаг. ............ нь эд хөрөнгөө худалдсан болохоос биш талбайг худалдсан зүйл байхгүй. Иргэний хуулийн 189-р зүйлд зааснаар талууд гэрээгээ хийчихсэн. Сөрт-Эрхэт ХХК-ний албан тоот байгаа 4.800.000 төгрөгөөр лангуугаа захиалж хийлгэсэн нь үнэн гэсэн баримтаа өгсөн. Ханын тавилганаас гадна өлгүүр зарсан байдаг. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэв.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 142/ШШ2022/00280 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б............. хариуцагч С.............гаас 6.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б............. улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б............. шүүхэд гаргасан давж заалдсан  гомдолдоо:

Хэрэгт цугларсан нотлох баримтууд болох лангууны гэрэл зураг, гэрч Э.Наранчимэгийн мэдүүлэг, Сөрт-Эрхэт ХХК-ийн тодорхойлолтоор хариуцагч С............. нь “............" их дэлгүүрийн 3 давхарт 315 /063/ тоот лангууг түрээслэхээр гэрээ байгуулан хүлээж аваад уг лангуунд бараа бүтээгдэхүүнээ өрж байрлуулах ханын тавилга болон лангуу хийлгэж, бараа өргөх өлгүүр зэргийг байрлуулан тохижуулсан болох нь тогтоогдож байна... гэжээ. “Иргэн Н.Даваабаяр нь ............ их дэлгүүрийн 3 давхарт манай Сөртмебель тавилгын үйлдвэрээр 4.800.000 төгрөгийн үнэ бүхий лангууг захиалга өгч хийлгүүлсэн нь үнэн болно” гэсэн албан тоотод он сар өдөр байхгүй, энэ хэрэгт ямар ч хамааралгүй иргэний мэдээллийг агуулсан баримтыг шүүх нотлох баримтаар үнэлж хэргийг хэт нэг талыг барьж хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Хариуцагч, нэхэмжлэгч нар “Ургамал-Энх” ХХК-тай түрээсийн гэрээг байгуулсан. 2 гэрээг хоёуланг нь нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр өгсөн. 2018 оны 10 сарын 08-ны өдөр С............. түрээсийн №03/063 дугаартай гэрээг байгуулсан. Гэрээний 2.12-т түрээслэгч нь өөрийн эзэмшиж буй лангуугаа давхар түрээслүүлэх, худалдахыг хатуу хориглоно. 7.3-т түрээслэгч нь бусдад лангуу, талбайг худалдах, давхар түрээслүүлэх, тохижилтоо үнэлэх хэлбэрээр эзэмшиж буй талбайгаа худалдах, бусад арга хэлбэрээр худалдах түрээслүүлэх... гэрээг цуцлахаар заасан. Маргааны гол зүйл болох гэрээ, өөрийн дансны хуулгыг нотлох баримтаар өгсөн байхад ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нотлох баримтаар нотлогдохгүй байх тул дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Б............. хариуцагч С.............гаас 6.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа нь үндэслэл муутай байна. Миний өгсөн дансны хуулга болон түрээсийн гэрээг яагаад үнэмлэхгүй орхигдуулж байгааг ойлгохгүй байна. ............ тухайн хэсэг лангуу буюу талбайг өөрийн өмч мэтээр итгүүлэн 6.000.000 төгрөгөөр зарсан. Би тэр хэсгийг миний өмч болчихлоо гэж ойлгон худалдаж авсан болно. Гэтэл уг талбайг худалдах нь гэрээний үүргийг зөрчсөн үйл учир тухайн хэсэг лангуу буюу талбайг ............ их дэлгүүр хурааж Гэрч Э.Наранчимэг “...ямар ч байсан дэлгүүрийн захиргаанаас зөвшөөрөл авдаг, хүлээлцэх ажиллагаа хийгдсэн эсэхийг мэдэхгүй байна  талбайгаа худалдаж авчхаад...., ....С............. талбайгаа эгчдээ 5.000.000 төгрөгөөр зарах гэж байхад нь Б............. гэдэг хүн урд байхдаа эгчийн дүү талбайгаа байлгаж байгаач 5.500.000 төгрөгөөр авъя гээд ярьсан гэж С............. надад хэлж байсан... гэсэн мэдүүлгээс аль хэсгийг нь шийдвэрийн үндэслэл болгож байгаа нь ойлгомжгүй байна. Тухайн талбай 5.000.000 төгрөг, дээд тавилга нь 1.000.000 төгрөг нийт 6.000.000 төгрөг болно гэхээр нь нийлүүлээд авсан юм. С............. нь “............” их дэлгүүр шинээр лангуу авсан. Тэр хэсэгтээ шинээр лангуунууд хийлгэчих эдгээр хуучин лангуу надад хэрэггүй базаад сая төгрөгт бодоод авчих гэхээр нь авсан. Хүний хэрэглэж байсан хэрэггүй шахуу лангууг юу гэж 6.000.000 төгрөгт авах юм. Лангуу гэдэг нь тухайн хэсэг талбайг ойлгож авсан болохоос тавилгыг аваагүй. Тавилгыг аваагүй талбай хэсгийг авсан. Талбайг авах зорилготой байсан юм. Уг лангуу буюу дээд талын тавилга нь Ү.............д байгаа учир тэр тавилгыг буцааж өгмөөр байна.Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

Нэхэмжлэгч Б............. нь хариуцагч С.............д холбогдуулан лангуу худалдан авсны үнэ  6.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б............. хариуцагч С.............гаас 6.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хариуцагч С............. нь Ургамал-Энх ХХК-тай тус компанийн өмчлөлийн ............ их дэлгүүрийн 3 давхрын 315 тоот 26.5 м2 талбайг түрээслэхээр 3/063 дугаар түрээсийн гэрээ байгуулжээ.

2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэгч Б............. нь ............ их дэлгүүрийн захиргаанд “... 315 тоот лангууны гэрээний нэрийг шилжүүлж өгнө үү...”, хариуцагч С............. нь  ............ их дэлгүүрийн захиргаанд “...цаашид лангууг ажиллуулахаа больсон тул гэрээний нэрийг шилжүүлж өгнө үү” гэх хүсэлтүүдийг тус тус гаргаж нэхэмжлэгч Б............. нь хариуцагч С.............гийн түрээсэлж байсан Ургамал-Энх ХХК-ийн өмчлөлийн ............ их дэлгүүрийн 3 давхрын 315 тоот 26.5 м2  талбайг түрээслэхээр Ургамал-Энх ХХК-тай 2019 оны 06 дугаар сарын 06-наас 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаатай 3/063 дугаар түрээсийн гэрээг байгуулсан  байна.

 Хариуцагч С............. нь ............ их дэлгүүрийн 3 давхарт 315 тоот лангууг түрээслэхээр гэрээ байгуулан хүлээж аваад ханын тавилга болон лангуу хийлгэж, бараа өлгөх өлгүүрийг  байрлуулан тохижуулжээ. 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

Нэхэмжлэгч Б............. нь хариуцагч С.............гаас бараа бүтээгдэхүүнээ өрж байрлуулах ханын тавилга болон лангуу, бараа өлгөх өлгүүр зэргийг  6.000.000 төгрөгөөр худалдан авахаар амаар тохиролцож, түүнд 6.000.000 төгрөг шилжүүлж, дээрх эд зүйлийг худалдан  авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Хариуцагч С.............г эрхийн доголдолтой эд хөрөнгө буюу Ургамал-Энх ХХК-ийн өмчлөлийн лангууг надад худалдан борлуулсан гэх боловч тэрээр уг лангууг иргэн Ү.............д 2019 оны 07 дугаар сарын 29-нд худалдан борлуулжээ.

Анхан шатны шүүх “...Ү.............аас лангуу, ширээ буюу 2.620.000 төгрөг  гаргуулан Б.............д олгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх “...Ү.............аас 2.500.000 төгрөгийн үнэ бүхий, 120.000 төгрөгийн үнэ бүхий ширээг тус тус гаргуулан Б.............д олгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ. Б............. хяналтын журмаар гаргасан гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан байна.

Нэхэмжлэгч Б............. нь хариуцагч С.............гаас лангууны  6.000.000 төгрөг гаргуулан гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж байгаа  боловч дээрх шүүхийн шийдвэрүүдээр тухайн лангуу нь өөрт байгаа болох нь тогтоогдож байгаа болно.

Хариуцагч С.............гийн шүүхэд гаргасан “...хоосон талбайг тохижуулж хийсэн лангуу, өлгүүр  зэргийг Б............. өөрөө 6.000.000 төгрөгөөр худалдаж авах санал гаргасан тул би түүнд зарсан...” гэх тайлбар, татгалзлыг нэхэмжлэгч Б............. үгүйсгэж, няцааж чадаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Нэхэмжлэгч Б............. нь хариуцагч С.............гаас лангууны  6.000.000 төгрөг гаргуулна гэж шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан  атлаа нэхэмжлэгч Б............. нь “...тухайн талбай 5.000.000 төгрөг, дээд тавилга нь 1.000.000 төгрөг нийт 6.000.000 төгрөг болно гэхээр нь нийлүүлээд авсан юм...” гэх тайлбар гаргаж байгаа нь боловч тэрээр иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан “...шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх.., мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан “ өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ  биелүүлээгүй болно.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж нэхэмжлэгч Б............. хариуцагч С.............гаас лангууны 6.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

Нэхэмжлэгч Б............. шүүхэд гаргасан давж заалдсан  гомдол хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хүлээн авах боломжгүй юм.

Шүүх хэргийн хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч Б............. давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт төлсөн 110.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх  хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 142/ШШ2022/00280 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б............. шүүхэд гаргасан давж заалдсан  гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар    зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгч Б............. давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт төлсөн 110.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар  давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                     Б.ОЮУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                                            С.УРАНЧИМЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Б.БАТТӨР