| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Туяа |
| Хэргийн индекс | 2436002090157 |
| Дугаар | 71 |
| Огноо | 2024-08-27 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Б.Хосбаяр |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 71
2024 08 27 2024/М/71
М.Нямтогтоход холбогдох эрүүгийн хэргийн тухай
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч Ж.Отгонхишиг, Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Б.Хосбаяр, шүүгдэгч М.Нямтогтох түүний өмгөөлөгч Л.Ганболд, нарийн бичгийн дарга Р.Лхагвасүрэн нарыг оролцуулан,
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/154 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн М.Нямтогтоход холбогдох эрүүгийн 2436002090157 дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн, 2000 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Ховд аймгийн Манхан суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Ховд-Эко цементний үйлдвэрт нярав ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн Н2 байрны 2-27 тоотод оршин суух, Хэрээдэй ургийн овгийн Мандалын Нямтогтох,
2. Шүүгдэгч М.Нямтогтох нь Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн Н2 байрны 2-27 тоотод байх гэртээ 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хардалтын улмаас гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ц.Зулцэцэгийн биед халдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
3.Ховд аймгийн прокурорын газраас М.Нямтогтохын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
4. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
4.1 Шүүгдэгч Хэрээдэй ургийн овогт Мандалын Нямтогтохыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож,
4.2 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Хэрээдэй ургийн овогт Мандалын Нямтогтохыг 400 (дөрвөн зуун) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,
4.3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.Нямтогтоход тайлбарлаж,
4.4 Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч М.Нямтогтоход оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид даалгаж,
4.5 Хохирогч Ц.Зулцэцэг нь хохирлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж,
4.6 Шүүгдэгч М.Нямтогтох нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоолоор гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн 1 ширхэг CD-г хэрэг хадгалагдах хугацаагаap эрүүгийн хэрэгт хадгалах, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлж,
4.7 Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
5. Шүүгдэгч М.Нямтогтох түүний өмгөөлөгч Л.Ганболд нарын давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
5.1 М.Нямтогтох миний бие нь "Ховд Эко" цементийн үйлдвэрт сэлбэг шатах тослох материал ХАБЭА няравын албан тушаалд сарын 1,500,000 төгрөгийн цалинтайгаар 3 жил ажиллаж байна. Эхнэр хүүгээ тэжээн тэтгэж амьдралаа авч явдаг. Миний бие нь 2024 оны 03 сарын 07-ны өдөр өөрийн эхнэр Ц.Зулцэцэгийг өөр хүнтэй хардаж маргалдсаны улмаас биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн.
Би өөрийн гаргасан гэм буруугаа хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын бүх үе шатанд хүлээн зөвшөөрсөн, энэ хэрэгт бодит ямар нэгэн хохирол байхгүй. Би цементийн үйлдвэрт өглөө 8-аас орой 5 цаг хүртэл тогтмол ажиллаж сард 1,500,000 төгрөгийн цалин авч эхнэр хүүгээ тэжээн тэтгэж явж байгаа амьдралыг минь харж үзнэ үү. Миний бие хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байна. Мөн миний ажил хөдөлмөр хийж эхнэр хүүхдээ тэжээн тэтгэж байгааг минь харгалзан үзэж анхан шатны шүүхээс оноосон 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгуулийн ялаар сольж өгөхийг та бүхнээс чин сэтгэлээсээ хүсэж байна гэв.
6.Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлын тухайд анхан шатны шийтгэх тогтоолоор оногдуулсан шийтгэл нь түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдалд тохирсон гэж үзэж байна. Анхан шатны шүүх хуралдаан дээр улсын яллагчаас нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах талаар дүгнэлт оруулж байсан учир уг дүгнэлтээ дэмжиж байна. Иймд шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч М.Нямтогтоход холбогдох эрүүгийн 2436002090157 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг шүүгдэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.
2. Хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул “хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй” байна.
3. Энэ хэргийн үйл баримтыг тогтоох үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх талаар мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.
4. Шүүгдэгч М.Нямтогтох нь 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хардалтын улмаас гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ц.Зулцэцэгийн биед халдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
5. Анхан шатны шүүх шүүгдэгч М.Нямтогтохыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, 400 (дөрвөн зуун) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулсан байна.
6. Шүүгдэгч М.Нямтогтох шийтгэх тогтоолын эс зөвшөөрч “...Би цементийн үйлдвэрт өглөө 8-аас орой 5 цаг хүртэл тогтмол ажиллаж сард 1,500,000 төгрөгийн цалин авч эхнэр хүүгээ тэжээн тэтгэж амьдардаг, хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгааг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оноосон 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгуулийн ялаар сольж өгөхийг хүсэж байна.” гэх гомдлыг давж заалдах журмаар гаргажээ.
6.1.Шүүгдэгч М.Нямтогтох нь Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн Н2 байрны 2-27 тоотод байх гэртээ 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хардалтын улмаас гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ц.Зулцэцэгийн биед халдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Ц.Зулцэцэгийн мэдүүлэг, Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 16 дугаартай дүгнэлтэд “...Ц.Зулцэцэгийн биед их тархины зүүн тал бөмбөлгийн духны хэсгийн тархины эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт, өвчний түүхийн хуулбар, Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, шинжээч эмч Д.Тогтох, гэрч Ц.Батцэцэг, З.Энхбаяр нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
6.2. Анхан шатны шүүх хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас судалж шүүгдэгч М.Нямтогтохыг тухайн зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
6.3. Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч М.Нямтогтох нь” гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эхнэрээсээ уучлалт гуйсан, Ховд аймгийн Ховд-Эко цементийн үйлдвэрт няраваар ажилладаг, эхнэр болон бага насны хүүхдийн хамт амьдардаг” гэх хувийн байдал тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч М.Нямтогтохын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг давж заалдах шатны шүүхээс хөнгөрүүлэн өөрчилж тухайн зүйл хэсэгт заасан төрөл хэмжээний дотор торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
7. Дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч М.Нямтогтохын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж, шийтгэх тогтоолд дээрх үндэслэлээр өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгож, ТОГТООХ нь:
1.Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/154 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн
2 дахь заалтыг “...Мандалын Нямтогтохыг 400 (дөрвөн зуун) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.” гэснийг “ Мандалын Нямтогтохыг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 (нэг сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.” гэж өөрчлөн,
Тогтоох хэсэгт: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ялтан М.Нямтогтоход оногдуулсан нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 (нэг сая) төгрөгөөр торгох ялыг таван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан М.Нямтогтоход тайлбарласугай гэсэн заалт нэмж,
Тогтоох хэсгийн 4 дэх заалтыг хүчингүй болгож, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Нямтогтохын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн авсугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой.” гэсэн үндэслэлээр оролцогч Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.НЯМБАЯР
ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА