Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 00098

 

    Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,

Нарийн бичгийн дарга Ө.Оюумаа,

Улсын яллагч П.Шижиртуяа,

Шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Б холбогдох эрүүгийн 1815000990092 дугаартай, 163/2018/0096/Э индэкстэй хэргийг 2018 оны 06 дугаар сарын 19-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1996 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Булган аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто машины засварчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, аав, дүүгийн хамт Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багт оршин суух, Т овогт Э.Б  

Холбогдогсон хэргийн талаар: Шүүгдэгч Э.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хохирогч Г.Ж гээсэн түрүүвчийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж түүний түрүүвчинд байсан виза картнаас гүйлгээ хийж 3500000 төгрөгийг завших гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/                 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Э.Б гийн өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн, нэмж ярих зүйлгүй, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.          

1815000990092 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Хохирогч Г.Ж өгсөн: “2018 оны 01-р сарын 10-ны өдөр миний түрүүвч байхгүй байж байгаад хайгаад олоогүй. Тэгээд хаясан юм байна гэж бодоод орхисон. Удалгүй малын гоц халдварт шүлхий өвчин гараад Рашаант сум руу ажлаар явж байгаад 2018 оны 03 сарын эхээр Булган аймагт буцаж ирсэн. Ирээд хаан банкнаас очиж данснаасаа мөнгө авах гэтэл миний данснаас 3.500.000 төгрөг байхгүй намайг хөдөө ажиллаж байхад гүйлгээ хийгдэж мөнгө гарсан байсан. Мөнгө уншдаг машинаас 3300000 төгрөг авч, дэлгүүрээс 200000 төгрөгийн бараа худалдан авалт хийсэн байсан, энэ мөнгөн дүн нь дансны хуулгаар харагдаr байсан.  Надад одоо ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй, би хохирол мөнгөө барагдуулж авсан” гэх мэдүүлэг /хх-12-19 тал/,

Гэрч П.Соёлмаагийн өгсөн: “Манай банкны харилцагч Г.Ж  нь 5090670085 дугаарын дансыг эзэмшдэг. Г.Ж данснаас 2018.01.10-ны өдрийн 09:33 минутанд 045 дугаарын АТМ-ээс 200.000 төгрөг, 2018.01.10-ны өдрийн 09:35 минутанд 045 дугаарын АТМ-ээс 300.000 төгрөг, 2018.01.10-ны өдрийн 09:36 минутанд 045 дугаарын АТМ-ээс 500.000 төгрөг, 2018.01.10-ны өдрийн 09:37 минутанд 045 дугаарын АТМ-ээс 500.000 төгрөг, 2018.01.10-ны өдрийн 09:38 минутанд 045 дугаарын АТМ-ээс 800.000 төгрөг, 2018.01.11-ний өдрийн 20:20 минутанд 178 дугаарын АТМ-ээс 800.000 төгрөг, 2018.01.11-ний өдрийн 20:34 минутанд 045 дугаарын АТМ-ээс 200.000 төгрөг нийт 3.300.000 төгрөг гарсан байсан. Дээрх гүйлгээнүүд нь бүгд бэлэн мөнгөний машинаас гарсан мөнгө байна” гэх мэдүүлэг /хх-20-21 тал/,

Гэрч Г.Л өгсөн: “Г.Ж  нь 2018 оны 01 дүгээр сарын эхээр шиг санаж байна, яг хэдний өдөр гэдгийг сайн санахгүй байна, түрүүвчээ алга хийсэн байсан. Тэгээд түрүүвчээ хайгаад олохгүй болохоороо хамт явсан Э.Б бид хоёрыг авсан уу гээд хувцасны гаднаас бид хоёрыг тэмтэрч үзэж байсан. Ингэж үзэхэд бид хоёроос түрүүвч нь гарч ирээгүй. Г.Ж  нь түрүүвчээ өөрөө хаясан байсан. Э.Б  бид хоёр түрүүвчийг нь авч байгаагүй. Тухайн үедээ түрүүвчээ хайгаад олоогүй бодвол хаясан байсан байх” гэх мэдүүлэг /хх-41 тал/,

Э.Э.Б гийн яллагдагчаар өгсөн: “Би 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Г.Ж гэрт нь очиж уулзсан. Тэгээд манай жолооны курсын хүмүүс Анарт ороё гээд Анарт орсон. Бид хоёр пиво уучихаад тэндээс гараад гэр гэрлүүгээ харихаар явсан. Тухайн үед Г.Ж  түрүүвч байхгүй байна гээд үзээд байсан. Тэгж байгаад Г.Ж ын гэрт очиж хоносон. Маргааш өглөө нь Г.Ж  миний түрүүвч байхгүй байна гээд хайж эхэлсэн ба намайг авсан байж магадгүй гээд нэгжиж шалгаж үзэхэд гарч ирээгүй. Тэндээс буцаж өчигдрийн явсан газраар хайсан боловч олдохгүй байсан. Тэндээс би таксинд суугаад гэрлүүгээ харьсан. Гэртээ очоод буцаж гараад ахын хүүхдийг цэцэрлэгээс нь авахаар явсан. Тэгээд 2 настай дүүгээ цэцэрлэгээс нь аваад буцаад гэрлүүгээ замаар явж байгаад хар өнгийн түрүүвч байхаар нь олсон. Тэгээд дотор талыг нь үзсэн чинь Г.Ж ын иргэний үнэмлэх, виза карт зэрэг байсан дотор нь мөнгө байгаагүй. Тэгээд би түрүүвчийг нь олж аваад гэртээ харьсан. Би Г.Ж ын виза картны кодыг урьд өмнө картаа уншуулж байхад нь хамт явж байхдаа цээжилж мэдсэн байсан. Тэгээд картнаас мөнгийг нь авах гээд дээд, доод ХААН банкны АТМ-ээс очиж увуулж цувуулж авсаар байгаад 3.300.000  төгрөг авсан. Тэр мөнгөө хувьдаа зарцуулаад үрж дуусгасан. Тэгээд би сүүлд нь цагдаа шалгаж байгааг мэдсэн ба Г.Ж ын данснаас завшиж авсан  3300000 төгрөгөө  бүгдийг  нь  бэлнээр төлж барагдуулсан” /хх-24-25 тал /,

 Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /хх-01-02 тал/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-9 тал/, камерт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-10-11 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэний лавлагаа /хх-35 тал/,  иргэний мэдээлэл /хх-29-31 тал/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга  /хх-33 тал/, хэргийн материал танилцуулсан баримт /хх-36-37, 42-43 тал/ зэргийг шинжлэн судлав. 

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэлэв.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хохирогч Г.Ж гээсэн түрүүвчийг бусдын өмчлөл, эзэмшлийнх болохыг мэдсээр байж түүний түрүүвчинд байсан виза картнаас гүйлгээ хийж 3500000 төгрөгийг завших гэмт хэргийг үйлдсэн хууль зүйн факт, үйл баримт болжээ.    

Энэ үйл баримтыг тогтоох мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдсан, түүний гэм буруугийн талаар мэдүүлсэн мэдүүлэг  нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч Г.Ж мэдүүлэг, тухайн үйл баримтын талаар мэдүүлсэн гэрч П.Соёлмаа, Г.Лхагвадорж нарын мэдүүлэг болон шүүгдэгчийн хэргээ хүлээж өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.     

Иймд хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн талаар нотолвол зохих зүйл нотлогдсон байх тул шүүгдэгч Э.Б нь бусдын гээгдсэн эд хөрөнгийг завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Э.Э.Б гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Ж д 3500000 төгрөгийн хохиролыг учирсанг шүүгдэгч Э.Б нь  төлж барагдуулсан байна.

Шүүгдэгч Э.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй.

 Шүүгдэгч Э. Э.Б  нь гэм буруугийн талаар маргаагүй, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, гэм хэргийн улмаас учруулсан хохиролыг төлсөн, гэмт хэргийн нийгмийн аюулын хор аюул эд хөрөнгийн байдлыг харгалзан торгуулийн ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүйг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

    ТОГТООХ нь:    

1. Шүүгдэгч Т овогт Э.Б г бусдын гээгдэл эд хөрөнгө завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э.Б г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Э.Б нь торгуулын ялыг хэсэгчлэн төлөх талаар санал гаргаагүй болохыг дурдсугай.

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор  Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.ЦЭРЭНДУЛАМ