Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 73

 

 

 

2024     *******        10                                             2024/ДШМ/73

 

*******д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч Ж.Отгонхишиг, Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор З.Алтансолонго, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч , түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Н.Очирбат, нарийн бичгийн дарга Г.Анхбаяр нарыг оролцуулан,

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 08 дугаар сарын 12ы өдрийн 2024/ШЦТ/215 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн хохирогчийн хууль ёёны төлөөлөгч түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, шүүгдэгч  ******* түүний өмгөөлөгч Н.Очиртбат нарын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн 2436002880210 дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 29ий өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн ******* ******* ******* *******ын Дагийсодном, 1995 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл дөрөв, эхнэр, хүүхдүүдийн хамт Ховд аймгийн ******* ******* ******* ******* од оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

2. Шүүгдэгч ******* нь Ховд аймгийн ******* ******* Рашаант нутаг дэвсгэрт 2024 оны 05 дугаар сарын 05-ны өдөр улсын дугаартай Toyota prius загварын автомашин жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам хөндлөн гарч байсан насанд хүрээгүй хохирогч ыг мөргөж, баруун талын гайморын /нармайн/ хөндийн ар ханын цөмөрсөн хугарал, тархи доргилт, баруун нүдний дотор буланд цус хуралт, баруун хацар, баруун өвдөгт тус бүр зулгаралт зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учруулан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

3.Ховд аймгийн прокурорын газраас *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

4. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

4.1 Шүүгдэгч ******* ******* ******* *******ын Дагийсодномыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

4.2 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,

4.3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Ховд аймгийн ******* ******* ******* ******* нутаг дэвсгэрээс гарахыг хориглохоор тогтоож,

4.4 Шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг мэдэгдэж,

4.5  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс буюу зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлж эхэлсэн үеэс эхлэн тоолж,

4.6 Энэ хэрэгт шүүгдэгч ******* нь баривчлагдаагүй, цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлж,

4.7 Шийтгэх тогтоолоор шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй болохыг дурдаж, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж,

4.8 Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй болохыг дурдаж, шүүгдэгчийн Toyota prius-20 загварын, улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн прокурорын тогтоол (хавтаст хэргийн 58-59 ******* хуудас)-ыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,

4.9 Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

            5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нарын давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

5.1 Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/215 дугаартай шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-т шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийг зөрчсөн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1.шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, 1.2. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, 1.3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 ******* зүйлийн 1-д эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авах аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ. Баримтат мэдээлэл нь гэрч хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг, эд мөрийн баримт, баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, мөрдөгчийн магадлагаа, энэ хуульд заасны дагуу бэхжүүлсэн кино, ба гэрэл зураг, зураглал, дуу дүрсний бичлэг, ул мөрөөс авсан хэв, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл, хүн хуулийн этгээд, албан тушаалтнаас ирүүлсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл болон энэ хуульд заасан бусад баримтаар нотлогдон тогтоогдоно. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч , нарын мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч ы мэдүүлэг, шүүгдэгч *******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

5.2 Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/215 дугаартай шийтгэх тогтоолын

Тодорхойлох хэсэгт “... Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журмын 2.1-т заасныг зөрчсөн баримтыг үнэлж сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг тогтоох үндэслэлгүй"... гэснийг хүлээн зөвшөөрөхгүй.  Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 05 сарын 14-ний өдрийн "Хүний биед хийсэн шүүх анагаах ухааны шинжилгээ”-ний 496 дугаартай  Х.Нурбуланы биед учирсан дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна”.. гэх шинжээчийн дүгнэлт гарсан.

Хууль зүй, Дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгтийн сэтгэцэд учирсан гэм хорын гуравдугаар зэрэглэлд хамаарч байна. Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03- ны өдрийн 25 дугаар тогтоолын Хавсралтаар батлагдсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалаар нөхөн төлбөрийг гаргуулахаар анхан шатны шүүхэд хүсэлт гаргасан. Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын Хавсралтаар батлагдсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31- ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 ******* хавсралтаар батлагдсан Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам нь нийтэд илэрхий legalinfo.mn сайтад байршсан.

Гэтэл анхан шатны шүүх нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт /хавтаст хэргийн 102-103 дугаар хуудас/-ийг хэн гаргасан нь тодорхойгүй гэж хэргийн бодит байдал нийцээгүй дүгнэлт хийсэнд гомдолтой байна. хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, мөрдөгч "Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар"-ыг танилцуулан баталгаажуулж, хэрэгт хавсаргасан. Дээрх ажиллагааг хийсэн тул хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нэхэмжлэлийг хэлэлцэх боломжтой байтал анхан шатны шүүхээс хэргийг хэтэрхий нэг талыг барьж хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг тогтоогоогүйд гомдолтой байна. Мөрдөн шалгах ажиллагаагаар хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосон байхад анхан шатны шүүхээс иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

5.3 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан "дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ” гэж, мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад "шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй", 1.2 дахь заалтад "Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн" бол давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох, эсхүл өөрчилнө" гэж тус тус заажээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 ******* зүйлийн 1. Давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж өгнө үү. Иймд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/215 дугаартай шийтгэх тогтоолыг өөрчлөлт оруулж, хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг гаргуулж өгнө  гэв.

6. Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Н.Очирбат нарын давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа өөрийн сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа. Харин 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарласан, 9 ******* /Рашаант/ нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарласан хэсгийг эс зөвшөөрч байгаа. Би одоо хөшөөтийн уурхайд том машин барьж байгаа.

Хохирогчийн хохирол, төлбөрийг төлөхийн тулд мөн амьдарлаа залгуулахын тулд ажиллах шаардлагатай байна. Уурхайд том машин барихад Ховд аймгийн Булган сумаар хил гардаг. 2-6 насны 2 хүүхэдтэй. Иймд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024.08.12-ны өдрийн 2024/ШЦТ/215 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, ******* намайг 2,700,000 төгрөгөөр торгож өгнө үү гэв.

7.Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журмын 2.1-т зааснаар хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг "Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт"-ээр шүүх шинжилгээний байгууллага тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ гэж заасан. Дээрх зэрэглэл тогтоосон хүснэгтийг шинжилгээний байгууллагаас тогтоож гаргасан бөгөөд шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн зүйлчлэл нь тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгтэд хамаарах зүйлчлэл тул мөрдөгч батлагдсан загварын дагуу маягтыг үйлдэж, оролцогч нарт танилцуулан хавтаст хэргийн 102-103 дугаар хуудаст тусгасан байна. Шүүхээс "шүүх шинжилгээний байгууллага "Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгтээр насанд хүрээгүй хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоогоогүй тул нэхэмжлэлийг хэлэлцэх боломжгүй байна. Мөн энэхүү ажиллагааг хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулахгүйгээр хийж, иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн талаарх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгаа нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээлээ" гэж дүгнэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тул шийтгэх тогтоолын хохирол, хор уршигт дүгнэлт хийж шийдвэрлэсэн хэсэгт өөрчлөлт оруулж, хамаарах зэрэглэлийн хүрээнд хор уршгийг тооцож, хохирогчид олгохоор шийдвэрлэх нь зүйтэй гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн 2436002880210 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 ******* зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг  шүүгдэгч түүний өмгөөлөгч Н.Очирбат, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нарын давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

2.Прокуророос шүүгдэгч *******ыг Ховд аймгийн ******* ******* Рашаант нутаг дэвсгэрт 2024 оны 05 дугаар сарын 05-ны өдөр улсын дугаартай Тоуоtа рrus загварын автомашин жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо зам хөндлөн гарч байсан насанд хүрээгүй хохирогч ы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн  гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

3.Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд” тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 1(нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл оногдуулсан байна.

4.Хохирогчийн хуль ёсны төлөөлөгч түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нар шийдвэрийг эс зөвшөөрч “...хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, мөрдөгч “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар”-ыг танилцуулан баталгаажуулж, хэрэгт хавсаргасах ажиллагааг хийсэн, хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нэхэмжлэлийг хэлэлцэх боломжтой байтал анхан шатны шүүхээс хэргийг хэтэрхий нэг талыг барьж хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг тогтоогоогүй, иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй” гэх агуулгаар давж заалдах гомдол гаргажээ.

 5.Анхан шатны шүүх шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй болохыг дурдаж, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг иргэний журмаар нэхэмжпэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.

6. Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилж, үүнтэй холбоотой бусад хуулиудад зохих нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд  2023 оны 7 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлэсэн байна.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 ******* зүйлд “гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ хийх үндэслэл” журмыг хуульчилсан бол дүгнэлт гаргах журмыг хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батлахаар, нөхөн төлбөрийн хэмжээг   Улсын дээд шүүхээс 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан  “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баримтлан шийдвэрлэхээр зохицуулжээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268/ А/275 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2.1-т "... энэхүү тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр шүүх шинжилгээний байгууллага дараах гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд  шинжээчийн  дүгнэлттэй  адилтган үзнэ.” гэж заасан бөгөөд уг журмын 2.1.5.-д  Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоохоор тусгажээ.

Мөн Улсын дээд шүүх  “...Сэтгэцэд учирсан хор уршиг” гэдэгт гэмт хэргийн хохирогч гэмтлийн улмаас мэдэрч буй өвдөлт,зовуурь шанлал, түүнчлэн гэмт хэргийн улмаас амьдралын баяр баясалгүй болох, нийгмийн байр сууриа алдах, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох, хувийн зан байдал нь сөргөөр өөрчлөгдөх зэргээр амьдарлын чанар муудсны улмаас сэтгэчийн эмгэгтэй болохыг ойлгоно, сэтгэцийн эмгэг учирсан нь хор уршгийг арилгах үндэслэл болно.” гэж тайлбарлажээ.

Иймээс хүний сэтгэцэд хор уршиг учирсан эсэхийг тусгай мэдлэг бүхий нарийн мэргэшсэн этгээд тогтоох шаарлагатай нь тодорхой асуудал юм.

7.Хэргийн 102-103 дугаар талд Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан дээрх тушаалаар баталсан  “гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”  авагдсан байх бөгөөд уг хүснэгтийг ямар албан тушаал эрхэлдэг хэн хэзээ хэрхэн үйлдсэн нь тодорхойгүй,ойлгомжгүй  байна. 

Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт  нь Улсын дээд шүүхээс  баталсан жишиг аргачлалын 3 дахь хэсгийн 3.6 дахь заалт болон “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2.1-т заасан шаардлагад нийцээгүй байна.

 Түүнчлэн хууль хэрэглээний нэгдмэл байдалтай холбогдуулан гаргасан дээрх журамд нийцүүлэн шинжилгээний байгууллага гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоогоогүй нь “гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээд нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, эсхүл түүний учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ” гэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн  2 дахь заалтад нийцээгүй байна.  

Дээрх журам,жишиг аргачлалаас үзэхэд тусгай мэдлэг шаардлагатай сэтгэцийн шинжилгээний дүгнэлт, түүнтэй адилтгах хүснэгтээр зэрэглэл тогтоох ажиллагааг шинжилгээний байгууллагаар хийлгэхээр журамласан байх бөгөөд шүүгдэгч *******ын  үйлдсэн Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэг нь тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгтийн аль зэрэглэлд хамаарч байгааг дээрх журмын дагуу шинжилгээний байгууллага тогтоох шаардлагатай гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

8. Иймд давж заалдах шатны  шүүх  дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож,хохирогч түүний өмгөөлөгч нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Харин шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон тул шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан “...Уурхайд том машин барихад Ховд аймгийн Булган сумаар хил гардаг. 2-6 насны 2 хүүхэдтэй тул хувийн байдлыг харгалзан шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж,   намайг 2,700,000 төгрөгөөр торгож өгнө үү.” гэсэн  гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 ******* зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1.Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/215 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хохирогч түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 ******* зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой.” гэсэн үндэслэлээр оролцогч Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                                   М.НЯМБАЯР

 

                                                 ШҮҮГЧ                                                   Ж.ОТГОНХИШИГ

 

                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                   Н.ТУЯА