Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 74

 

 

2024     09        10                                             2024/ДШМ/74

 

*******, ******* нарт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор З.Алтансолонго, шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Энхжаргал, Г.Батзаяа, нарийн бичгийн дарга Б.Батчимэг нарыг оролцуулан,

 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 25ы өдрийн 2024/ШЦТ/148 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч түүний өмгөөлөгч давж заалдах гомдлыг үндэслэн *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2436000000052 дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч шүүгч Ж.Отгонхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Монгол Улсын иргэн, ******* ******* ******* *******гийн Отгонбат, 2003 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл зургаа, эх, дүү нарын хамт Ховд аймгийн ******* ******* ******* оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй;

- Монгол Улсын иргэн, ******* ******* ******* *******гийн Оюунбат, 1998 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл дөрөв, эхнэр, хүүхдүүдийн хамт Ховд аймгийн ******* ******* ******* оршин суудаг, урьд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/113 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ан агнах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, тус хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр 01 жил, 02 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан.

 

2. Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Ховд аймгийн ******* ******* ******* багийн нутаг дэвсгэрт байх 48.037767, 93.236065 gps-ийн байрлал бүхий Хар-Ус нуурын улсын Тусгай хамгаалалттай газар нутгаас 32 тооны " " загасыг хууль бусаар агнасан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

3.Ховд аймгийн прокурорын газраас *******, ******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

4. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

4.1  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ******* ******* ******* *******гийн Оюунбат, ******* ******* ******* *******гийн Отгонбат нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

4.2 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч *******ыг 1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж,

4.3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Ховд аймгийн ******* ******* нутаг дэвсгэрээс гарахыг хориглохоор тогтоож,

4.4 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улсын дугаартай Toyota prius-20 загварын авто машины үнэлгээ болох 9'658'125 төгрөгийг тэнцүү хэмжээгээр буюу шүүгдэгч *******аас 4'829'062.5 (дөрвөн сая найман зуун хорин есөн мянга жаран хоёр арваны таван) төгрөгийг, шүүгдэгч *******аас 4'829'062.5 (дөрвөн сая найман зуун хорин есөн мянга жаран хоёр арваны таван) төгрөгийг тус тус албадан гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд шилжүүлж,

4.5 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан болон гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн 110 см урттай, 36 см төмөр хүрз нэг ширхэг, 130 см урттай төмөр лоом нэг ширхэг, цагаан өнгийн даавуун ууттай шороо мэт зүйл хоёр ширхэг, ногоон өнгийн тааран ууттай 32 (гучин хоёр) ширхэг загасыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж,

4.6 Шүүгдэгч нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг мэдэгдэж,

4.7 Шүүгдэгч *******, ******* нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлж,

4.8 Шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж,

4.9 Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн хар өнгийн түрийтэй, цагаан өнгийн ноосон дотортой, размер тодорхойгүй, хуучин нэг хос гутлыг шүүгдэгч *******ад, саарал өнгийн үстэй,саарал өнгийн оруулгатай, размер тодорхойгүй хуучин нэг хос гутлыг шүүгдэгч *******ад тус тус буцаан олгож, олон тооны цагаан өнгийн хөөсөнцөр жижиг зүйлтэй ногоон өнгийн дөрвөлжин нүхтэй, нарийн сатуркан загасны хоёр хэсэг болсон торыг холбогдох байгууллагад хүргүүлэхээр Ховд аймгийн Цагдаагийн газарт шилжүүлж,

4.10 Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор “эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

            5.Шүүгдэгч *******, ******* түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нар нь давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

5.1 Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох нь хэсэгт “.. шүүгдэгч *******, ******* нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Дөрөвдүгээр бүлэгт заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн  мөртлөө *******, ******* нарыг хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнийг улсын яллагчаас хөрөнгө орлогыг хураах албадан арга хэмжээ хэрэглэх санал гаргаагүй. Гэтэл анхан шатны шүүх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэгт үйлдэхдээ ашигласан улсын дугаартай Toyota prius-20 загварын авто машины үнэлгээ болох 9,658,125 төгрөгийг тэнцүү хэмжээгээр буюу шүүгдэгч *******аас 4,829,062.5 төгрөгийг, шүүгдэгч *******аас 4,829,062.5 төгрөгийг тус тус албадан гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд шилжүүлэх нь үндэслэлтэй гэж дүгнэсэнд гомдолтой байна.

Шүүгдэгч *******, ******* нарын унаж явсан улсын дугаартай Toyota prius-20 загварын автомашинаас загас олдоогүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-д гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх үйлдэл нотлогдон тогтоогдоогүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэх хуулийн заалтыг зөрчсөнд гомдолтой байна.

5.2 Ховд аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн экологийн асуудал хариуцсан цагдаагийн ахмад Б.Сүхцэрэнгийн 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд “... Уг газрын гутлын мөр 4ш, автомашины дугуйны мөр 4ш гэрэл зургаар бэхжүүлэн авсан хойшлуулашгүйгээр 1 ууттай 32ш загас, төмөр ломбо 1ш, хүрз 1ш, хураан авч автомашины мөр 8ш гутлын мөр ...ш гэрэл зургаар бэхжүүлэн авав..." гэх үзлэгийн тэмдэглэл хавтаст хэрэгт авагдсан байна.

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Ховд аймаг дахь Бүсийн шинжилгээний төвийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн шинжээчийн дүгнэлтэд “... Шинжилгээнд ирүүлсэн гэрэл зургаар бэхжүүлсэн гутлын улны мөрүүд болон харьцуулан загвараар ирүүлсэн гутлууд нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. 2. шинжилгээнд тэнцэж буй "Зураг №6, 9, 24, 25, 26 гэж дугаарласан гутлын улны мөрүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн 1 хос /2 ширхэг/ хар өнгийн түрийтэй гутлын баруун, зүүн өмсгөлийн гутлын улны мөрүүдтэй ерөнхий шинж тэмдгээрээ тохирно. 3. Шинжилгээнд тэнцэж буй "Зураг №07, 8, 23" гэж дугаарласан гутлын улны мөрүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн 1 хос /2 ширхэг/ саарал өнгийн үстэй, түрийтэй гутлын баруун, зүүн өмсгөлийн гутлын улны мөрүүдтэй ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирч байна..." гэх дүгнэлт авагджээ.

5.3 Ховд аймгийн Цагдаагийн газарт очихдоо төрсөн дүүгийнхээ гутлыг өмсөж гарсан байдаг. Энэ нь Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хурлын тэмдэглэлээр тогтоогдоно. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Амарбаясгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа шүүгдэгч *******, ******* нарын нэгнийх нь гуталтай адилхан гутлыг өмссөн байсан гэж тайлбар гаргасан. Мөн 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд авагдсан №10-21 тус тус авто машины мөрнүүд өөр өөр дугуйнуудын хээтэй зураг байгаа дахин шинжээчийн дүгнэлт гаргах боломжтой байтал анхан шатны шүүх хэтэрхий нэг талыг барьж байгаад гомдолтой байна. Ховд аймгийн цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн экологийн асуудал хариуцсан цагдаагийн ахмад Б.Сүхцэрэнгийн 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд хөндлөнгийн гэрчээр Т.Доржлхам, Б.Ганзориг нар нь оролцсон байна.

Дээрх ажлын хэсэг ахалж явсан Б.Ганзориг Хар ус нуур орчмын УТХГ-ын дарга бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Амарбаясгалан нь Хар-Ус нуур орчмын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны хуулийн хэрэгжилт хяналт, шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн юм байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.7 дугаар зүйлийн 1. Прокурор, мөрдөгч нь хөндлөнгийн гэрч оролцуулахаар энэ хуульд заасан мөрдөн шалгах ажиллагааны явц, үр дүнг баталгаажуулахаар тухайн ажиллагаанд хоёроос доошгүй хөндлөнгийн гэрчийг оролцуулна. 2. Хөндлөнгийн гэрч тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүн байх хуулийг зөрчсөнд гомдолтой байна. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

6. Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Батзаяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт зорчих эрхийг хязгаарлах ял оноосон байгаа. Эрүүгийн хуульд зааснаар ял оноохдоо гэмт хэргийн нөхцөл байдал, хохирлын шинж чанарыг харгалзан ял онооно гэж заасан байдаг. Шүүгдэгч нар учруулсан хохирлоо бүрэн нөхөн төлсөн байтал шүүхээс шүүгдэгч *******ад 1 жилийн хугацаагаар, *******ад 1 жил, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн ба Ховд аймгийн ******* ******* нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарласан. Иймд ялын тухайд зорчих эрхийг хязгаарлах ялыг торгох ялаар сольж өөрчилж өгнө үү гэж хүсэж байна. Мөн анхан шатны шүүх хуралдаан дээр тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарч байгаа эсэх талаар тодруулах шаардлагатай гэж үзэн улсын тусгай хамгаалалттай газрыг тогтоосон Засгийн газрын тогтоолыг хавтаст хэрэгт авч бэхжүүлэх талаар хүсэлт гаргасан боловч шүүхээс хангахгүй орхиж шийдвэрлэсэн. Ийнхүү тухайн гэмт хэрэг үйлдсэн газар нь үнэхээр улсын тусгай хамгаалалттай газар мөн эсэх нь эргэлзээтэй. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэдэг тул шүүхээс энэ нөхцөл байдлыг мөн харгалзан үзнэ үү гэв.

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийг хэрэглэсэн хууль зүйн үндэслэлээ шийтгэх тогтоолд тодорхой дурдаж, нотлох шаардлагатай байсан гэж харж байна. Шүүхийн шийтгэх тогтоолын  шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт гэх хэсэгт шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль бусаар ан агнах гэмт хэрэг үйлдсэн гэж дурдсан боловч тийнхүү агнахдаа тээврийн хэрэгсэл хэрхэн ашигласан талаар үндэслэл бүхий тайлбарлаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” хэмээн заасан байгаа. Энэхүү зарчим мөн алдагдсан гэж үзэж байна. Анхан шатны шүүх хуралдаанд өөр прокурор оролцсон байгаа. Улсын яллагч миний бие хавтаст хэрэгтэй танилцаад анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий бус гарсан гэж дүгнэж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар зөвхөн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

2.  Шүүгдэгч *******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийн үйл баримтын талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.   

3. Ховд аймгийн Прокурорын газраас “шүүгдэгч *******, ******* нарыг бүлэглэн 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Ховд аймгийн ******* ******* ******* багийн нутаг дэвсгэрт байх 48.037767, 93.236065 GPS-ийн байрлал бүхий Хар-Ус нуурын тусгай хамгаалалттай газар нутгаас 32 тооны “ ” загасыг хууль бусаар агнасан нь нотлогдсон гэж дүгнэн,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тэдгээрийн үйлдлийг   Эрүүгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

4. Анхан шатны шүүх шүүгдэгч *******, ******* нарыг бүлэглэн Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр 32 тооны “ ” загас агнасан буюу хууль бусаар ан агнах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж, уг ялыг Ховд аймгийн ******* ******* нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж, Байгаль орчин уур амьсгалын санд шилжүүлж шийдвэрлэсэн байна.

5. Шүүгдэгч *******, ******* болон  түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нар нь “ гэмт хэрэг үйлдэхэд тээврийн хэрэгсэл ашигласан эсэх нь нотлогдоогүй байхад түүний үнийг гаргуулсан нь үндэслэлгүй, шүүгдэгч нар нутаг сэлгэн нүүдэлж мал аж ахуй эрхэлж амьдардаг тул тэнсэх, торгох ял оногдуулах боломжтой. Иймээс шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэх агуулгатай гомдол гаргажээ.

5.1  Шүүгдэгч *******, ******* нарыг бүлэглэн 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Ховд аймгийн ******* ******* ******* багийн нутаг дэвсгэрт байх 48.037767, 93.236065 GPS-ийн байрлал бүхий Хар-Ус нуурын тусгай хамгаалалттай газар нутгаас 32 тооны “ ” загасыг хууль бусаар агнаж тээвэрлэж, байгаль орчинд 480,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Амарбаясгалангийн мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтвортой, зөрүүгүйгээр, эх сурвалжаа заан мэдүүлсэн удаа дараагийн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд, үзлэг хийсэн тэмдэглэлүүд зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. 

5.2  Хууль бусаар ан агнах гэмт хэрэг нь амьтны аймгийг эрүүгийн эрх зүйн арга хэрэгслээр хамгаалах зорилгоор хууль тогтоогчийн тодорхойлсон хэм хэмжээ бөгөөд зөвшөөрөлгүйгээр тодорхой газар нутагт, эсхүл тодорхой төрлийн ан амьтныг агнаж, амьтны аймагт хор хохирол учруулсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл юм. Анхан шатны шүүх тогтоосон хэргийн үйл баримтын хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн оролцоо, түүний үйлдлийн шинж, учруулсан хохирлын хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн эсэхийг харгалзан зорчих эрх хязгаарлах ялыг сонгож, шүүгдэгч нарт ялгамжтай оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлагын зорилго” болон 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчим”-д  тус тус нийцсэн байна.

 

5.3 Зорчих эрхийг хязгаарлах ялын зорилго гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгож,  үйлдсэн гэмт хэргийнх нь шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан чөлөөтэй зорчих хүрээ хязгаарыг нь хумьж, чиглэлийг тогтоох зэргээр чөлөөтэй зорчих эрхэд нь тодорхой хугацаанд хязгаарлалт тогтоож буй ял шийтгэлийн төрөл бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч нарыг Ховд аймгийн ******* ******* нутаг дэвсгэрээс гарахыг хориглож уг ялыг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн үндэслэлтэй байна.  Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг  хөнгөрүүлэн өөрчлөх боломжгүй байна.

5.4  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд “...  гэмт хэрэг үйлдэхэд ашигласан... техник, хэрэгслийг хураахаар хуульчилсан бөгөөд дээрх албадлагын арга хэмжээг хэрэглэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлд заасан  “... Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан... тээвэрлэсэн үйлдэлд гэм буруутайд тооцсон байхыг шаардахгүй. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нар нь Ховд аймгийн ******* ******* ******* багийн нутаг дэвсгэрт байх Хар-Ус нуурын тусгай хамгаалалттай газар нутгаас “ ” загасыг хууль бусаар агнах гэмт хэрэг үйлдэх үйлдлээ хөнгөвчлөх, түргэтгэх зорилгоор тээврийн хэрэгсэл ашигласан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон учраас анхан шатны шүүх заавал хэрэглэхээр үүрэг болгосон албадлагын арга хэмжээг хэрэглэж уг тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч нарын “... шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлд зааснаар Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтныг  тээвэрлэсэн гэх гэмт хэрэгт гэм буруутайд тооцоогүй байхад тэдний тээврийн хэрэгслийн улсын орлого болгож шийдвэрлэсэн нь буруу гэх тайлбар үндэслэлгүй байна.

6. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч түүний өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож, ТОГТООХ нь:

1.Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/148 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******, ******* болон түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Н.ТУЯА

 

                                                       ШҮҮГЧ                                        М.НЯМБАЯР

 

                    ШҮҮГЧ                                       Ж.ОТГОНХИШИГ