Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 105

 

 

 

            Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Нямжав,

            Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяа,

            Шүүгдэгч: Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар               Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн С овогт Б.Д-д холбогдох 1835001750113 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

        Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1991 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр Увс аймгийн Малчин суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт Увс аймаг Малчин сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт оршин суух С овогт Б.Д. РД:ОЖ91010415.

         Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Д нь 2018 оны 4 дүгээр сарын 21-ний орой Увс аймгийн Малчин сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.Сын шулуун гэдсээр архины хундага хийсний улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

         1. Шүүгдэгч Б.Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:       

        Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, энэ хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

         2018 оны 4 дүгээр сарын 21-ээс 22-нд шилжих шөнө орой Увс аймгийн Малчин сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.С-ын шулуун гэдсээр архины хундага хийсэн байсныг 2018 оны 4 дүгээр сарын 24-нд Увс аймгийн нэгдсэн эмнэлэгийн мас заслийн тасгийн эмч гаргаж авсан байна.

        Хохирогч Б.С-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2018 оны 4 дүгээр сарын 21-ний өглөө Г-ын гэрийн хаяа булсан /манасан/ шороо авахаар найз нөхөд гээд үе тэнгийнхэн залуучууд цугласан юм. Өглөө бид нар тэдний гэрийн хаяаны шороо аваад өдөр 12 цаг гээд ажил дууссан. Г дэлгүүр явж нэг шил 0,75 литрийн “Соёрхол”, нэг 2 литрийн пиво авч ирээд бид нар хашаан дотроо юм ярилцаж хамт хувааж уусан тухайн үед З, У, Б, Д, Т бид нар байсан юм. Тухайн архи пивийг ууж дуусаад дахин дэлгүүр явж 2 ширхэг 0,75 литрийн “Соёрхол” аваад бид нар үргэлжлүүлэн уугаад орой 6 цагийн үед байх тараад би болон Д, Т бид гурав үлдсэн. Бид 3 манай гэрт ороод би нэг шил 0,5 литрийн “Цагаан” гэх архи задлаад хувааж ууж сууж байтал гаднаас Цэнгэл гэдэг хүн орж ирсэн. Д тухайн хүнээс архи авж өг гэж нэхэхэд Цэнгэл гэдэг хүн өврөөсөө 0,5 литрийн архи гаргаж ирэхэд би “Цагаан” гэдэг архи уудаг хүн биш гээд манай гал дээр цохиод хагалчихсан. Тэгээд нөгөө хүн явлаа гээд явчихсан. Бид 3 үргэлжлүүлэн ууж байгаад би согтоод унтчихсан байсан. Өглөө 08 цагийн үед сэрэхэд би гэртээ ганцаараа унтаж байсан, тэгж байтал Цэнгэл гэдэг хүн нэг шил архи барьчихсан орж ирээд уугаад сууж байтал У гэдэг залуу орж ирэхээр нь би: та нар яагаад намайг ингэж доромжилж байгаа юм бэ? Өмд үрүү архи, пиво асгачихсан өмд нойтон сэрж ирлээ гэхэд би яаж мэддэг юм, би эрт явчихсан. Тэгээд манай ээж ах нар хотоос ирж байгаа болхоор гэрээ цэвэрлэж байгаад гадна гарч бие засах гэхэд шээс гарахгүй байсан. Ээж, ах нарт миний шээс гарахгүй байна царцсанаас болж байгаа болуу гээд давсаг нуруундаа халуун даавуу тавьж хоносон. Тухайн орой ямар нэгэн зовиур байхгүй хоносон. Өглөө босоод бие засах гэхэд өтгөн гарахгүй бөгсөнд хөндүүр байгаад дүлж чадахгүй байсан. Тэгээд өтгөн шингэн гадагшлахгүй бөгсөнд зовиур ороод байхаар нь сумын эмчид очиж үзүүлэхэд шулуун гэдсэнд хатуу зүйл байна, яаралтай аймаг орж авхуул гээд тэр оройгоо аймгийн төв орж маргааш нь мэс заслын тасагт орж анусаар гаргаж аваад 3 хоног эмнэлэгт хэвтээд гарсан. Би эмчилгээний зардал мөн машин хөлсөлж Улаангом явсан зардал зэрэг надаас нийт 400.000 төгрөгний зардал гарсан. Тухайн буруутай этгээдээс гаргуулж авмаар байна” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р тал/,

гэрч О.У-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “С-ын гэрийн гадна архи уугаад, тэдний гэрт хоол хийж идэж байгаад би согтоод унтсан байсан. Хүмүүс шуугиад байхаар нь сэрэхэд Сын гэрт унтаж байсан. Тэгж байгаад Б Г нар хоорондоо маргалдаад гэрээс гараад явсан. Тэгэхээр нь бигэртээ очиж амарсан. Маргааш нь Д, Т нар тэнд үлдсэн гэж сонссон..” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р тал/,

       гэрч Б.Т-ын мөрдөн байцаалтад өгсөн: “Бид нар С-ын гэрийн гадна уугаад тэдний гэрт хоол хийж идэнгээ дахин архи ууж байсан. Орой хүртэл тэндээ архи уугаад би согтсон байсан. Хамт байсан хүмүүс яваад орой С Д бид 3 үлдсэн байсан. С гэртээ нэг шил архи задлаад бид гурав уугаад сууж байгаад хундагаар уухгүй гээд тухайн архийг С 2 аяганд хувааж хийгээд бид хоёр уусан. Би тухайн аягаар архи уугаад гадна гарч бөөлжөөд сууж байгаад гэртээ харихаар явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р тал/,

гэрч З.Ц-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “2018 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр С над руу анх миний шээс гарахгүй байна гэж утсаар ярьсан. Тэгэхээр нь эмнэлэгт хүрээд ир гээд дуудчихаад би эмнэлэг яваад ороход ирчихсэн байсан. Би биеийг нь үзээд ямар зовиур байгааг асуухад миний шээс гарахгүй байна. Би 2, 3 хоног архи уусан ийм болчлоо. Шээс гаргадаг тариа байвал хийж өгөөч гэхээр нь би биед нь үзлэг хийж давсаг хэсгийг дарж үзэхэд шээс ихтэй байсан тул шээс хөөх тариа хийж өгөөд маргааш ирж үзүүлээрэй гээд явуулсан. Маргааш нь эмнэлэг дээр ирээд миний шээс, өтгөн гарахгүй гэдэс маш хүчтэй базалж дүлүүлээд байна гэхээр нь эход үзэхэд давсаг шээсээр дүүрсэн байсан мөн бөгсөн дотор ямар нэгэн зүйл байна гэхээр нь орон дээр гаргаж шулуун гэдсээр нь үзлэг хийхэд шулуун  гэдсэнд хатуу биет тэмтрэгдэж байсныг багаж оруулж авах гэхэд тухайн хатуу биет хөдлөхгүй мөн тухайн хүнд хүчтэй зовиур өгч байсан болохоор аймгийн төв руу яаралтай нарийн мэргэжлийн эмчид үзүүл гээд явуулсан юм” /хх-ийн 28-р тал/, 

         шүүгдэгч Б.Д-ийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би 2018 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Г гэдэг залуутай тэдний гэрийн хаяаны шороо аваад тэнд залуучууд цуглаад ажил дууссаны дараа шил архи, нэг пиво авч ирээд Сын гэрийн гадна хэдүүлээ хоол хийх зуур хамт хувааж уусан тухайн үед 7 залуу байсан байх Сын гэрт Т, С бид 3 үлдээд архи ууж байсан би согтоод унтаад босоод ирэхэд С, Т нар суучихсан архи ууж байсан би гарч бие засаад орж ирээд тухайн архинаас ууж байгаад Т дотор муухайрч байна гээд гараад явсан дахин орж ирээгүй гэрлүүгээ явчихсан байсан С бид хоёр архи ууж байгаад С архи хундагалаж байсан надад хийж байгаад надруу хоосон хундагатай архи хийгээд уу гээд байхаар би наад хоосон хундагаар чинь яадаг юм бэ гэхэд С тэгвэл наадхаа бөгс рүүгээ чих гээд бид хоёр маргалдаж байсан тэгээд би уурандаа Сын цамцнаас 2 гараараа таттал цамц нь толгойг нь бүрхчихсэн би яасан их хүний бөгс рүү хундага чихдэг юм гээд өмдийг нь шувтлаад бөгсрүү нь тухайн хундагыг хийтэл орчихсон юм би буцаад гарчих байх гэж бодтол гарахгүй байсан тэгээд буцаагаад авах гэсэн боловч гарахгүй болохоор маргааш нь бие засахад гарчих биз гээд хэвтэж байгаад унтчихсан байсан” гэх мэдүүлгүүдээр шүүгдэгч Б.Д архины хундагыг хохирогч Б.Сын шулуун гэдсээр  хийсэн болох нь тогтоогдож байна.

          Шүүгдэгч Б.Д нь хохирогч Б.С-ын шулуун гэдсээр архины хундага хийсний улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 328 дугаартай дүгнэлт /хх-ийн 9-р тал/, шинжээчийн “Сын шулуун гэдсээр хундага хийсний улмаас түүний эрүүл мэнд тодорхой хугацаагаар сарниж, эмнэлэгийн байгууллагад хэвтэж эмчлүүлсэн учраас хөнгөн зэргийн гэмтэл учирсан гэж үзнэ” гэх мэдүүлгүүдээр тогтоогдсон байна.

         Иймд шүүгдэгч Б.Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Д нь “Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надад хөнгөн шийтгэл онодуулж өгнө үү” гэх мэдүүлж, гэм буруугийн тал дээр маргаагүй болно.

2. Шүүгдэгч Б.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

        Шүүгдэгч Б.Д нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

        Хохирогч Б.С нь шүүгдэгч Б.Д-ээс эмчилгээний зардалд 400.000 төгрөг нэхэмжжилсэн боловч нотлох баримтаа гаргаж ирүүлээгүй байх тул түүний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

        Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлл заасан ял хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал, улсын яллагчаас гаргасан саналыг тус тус харгалзан  600 нэгжээр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

        Шүүгдэгч Б.Д нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж  ирсэн цэнхэр архины шилэн хундагыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж,  шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1. Шүүгдэгч С овогт Б.Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

        2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дд 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

        3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

        4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хохирогч Б.С-ын шүүгдэгч Б.Д-ээс 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.

        5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2.4 дэх хэсгүүдэд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цэнхэр ангийн шилэн хундагыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

       6. Шүүгдэгч Б.Д нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

       7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Д-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.ГАНСҮХ