Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 157/ШШ2025/00352

 

    

  Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                    

   хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                               

      хэрэгсэхгүй болгох тухай

 

 

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би,

Нэхэмжлэгч Улаанбаатар хот ... дүүрэг ..-р хороо .. тоот хаягтай “******* ******* ББСБ” ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Х аймаг .. сум ... дүгээр баг ... байр ... тоотод оршин суух, Б.Б холбогдох “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 9.078,898,71 (есөн сая далан найман мянга найман зуун ерэн найман төгрөг далан нэгэн мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, хянаад    

  

      ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “******* ******* ББСБ ХК нь банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд болно. Хариуцагч нь манай компаниас зээл авах хүсэлт гаргаж 2024 оны 06 сарын 17-ны өдрийн 11061555 тоот цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж 2024 оны 06 сарын 18-ны өдөр 630,000 төгрөгийг богино хугацаат зээлийн нөхцөлөөр сарын 4.5% хүүтэй, 30 хоногийн хугацаатай, мөн тус өдөр 2,080,000 төгрөгийг урт хугацаат зээлийн нөхцөлөөр сарын 4% хүүтэй, 33 сарын хугацаатай, 2024 оны 07 сарын 25-ны өдөр 2,898,000 төгрөгийг хуваан төлөх зээлийн нөхцөлөөр төлөлт хийх хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5% хүүтэй, 2 сарын хугацаатай тус тус төлж барагдуулах нөхцөлтэйгөөр зээлсэн байдаг.

Гэвч хариуцагч нь дээрх зээлийн гэрээ болон эргэн төлөлтийн хуваарь, зээл төлөх үүргээ зөрчсөн мөн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх заалт болон "Цахим зээлийн эрх нээх гэрээ"-ний 4 дүгээр зүйлийн 4.3, 6 дугаар зүйлийн 6.2.7-т заасан заалтуудыг тус тус зөрчиж гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

Иймд хариуцагч Б.Б 2024 оны 06 сарын 17-ны өдрийн 11061555 тоот "Цахим зээлийн эрх нээх гэрээ"-ний үндсэн зээлийн үлдэгдэл 5,608,000 төгрөг, үндсэн хүүд 1,450,012.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2,009,385.84 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 11,500 төгрөг нийт 9,078,898.71 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

2.Хариуцагч Б.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Миний бие Б.Б нь ******* ******* ББСБ-аас 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр авсан цахим зээл 9,078,898,71 төгрөгийг 8 хувааж 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2026 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн хооронд 1 сарын 1,100,000 төгрөгөөр төлж барагдуулна.” гэжээ.

 

                                                          ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХК нь хариуцагч Б.Б холбогдуулан “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 9,078,898,71 (есөн сая далан найман мянга найман зуун ерэн найман төгрөг далан нэгэн мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

    

2.Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХК нь хариуцагч Б.Б нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна.

 

3.Зохигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас “Зээлийн гэрээний үүрэгт нийт 9.078,898,71 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.  

 

4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох 9.078,898,71 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

 

            5.Хариуцагч Б.Б нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 9.078,898,71 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

 

6.Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 160,212 төгрөгийн тал хувь болох 80,106 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 80,106 төгрөгийг, хариуцагч Б.Б улсын тэмдэгтийн хураамж 80,106 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1.Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХК-ийн нэхэмжилсэн “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 9.078,898,71 (есөн сая далан найман мянга найман зуун ерэн найман төгрөг далан нэгэн мөнгө) төгрөгийг хариуцагч Б.Б нь төлөхийг зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 160,212 төгрөгийн тал хувь болох 80,106 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 80,106 төгрөгийг, хариуцагч Б.Б улсын тэмдэгтийн хураамж 80,106 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Б.Б нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         М.ЭНХМАНДАХ