Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2022/00727

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Б-” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2022/00786 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Б-” ХХК-ийн хариуцагч Д.Д-д холбогдуулан гаргасан гэрээнээс татгалзаж, хохиролд 133,800,000 төгрөг гаргуулах, хариуцагчийн хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Бэлгүүнзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан. Уг гэрээгээр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 333 дугаар байр, 1501 тоот 4 өрөө 148,75 м.кв талбайтай орон сууцыг барьж ашиглалтад оруулж хүлээлгэж өгөх, хариуцагч нь тус орон сууцны 1 м.кв тутмыг 2,600,000 төгрөг, нийт 386,750,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 150,000,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 236,750,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. Гэрээнд заасан хугацаанд хариуцагч орон сууцын төлбөрийг бүрэн төлөөгүй. Нийт төлбөрөөс 2018 оны 08 дугаар сарын 31, 12 дугаар сарын 31, 2019 оны 11 дүгээр сарын 31, 2020 оны 05 дугаар сарын 06, 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрүүдэд нийт 279,000,000 төгрөгийг төлсөн. 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төлбөр дуусах ёстой байсан боловч өдийг хүртэл дуусаагүй. Бид нэхэмжлэгчид олон удаа хандсан боловч үлдэгдэл төлбөрийг төлөөгүй тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, гэрээний 3.7-д зааснаар гэрээнээс татгалзаж байна. Хариуцагч гэрээний үүргийг биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн тул гэрээний 5.1-д зааснаар хохиролд 20 хувь буюу 279,000,000 төгрөгийн 20 хувьд нь 55,800,000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс хойш нэхэмжлэл гаргах хүртэл 39 сарын хугацааг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж байгаа тул орон сууцыг хөлслүүлэх үнийн дүнгээр буюу 1 сарын 2,000,000 төгрөгөөр тооцож 78,000,000 төгрөг нэхэмжилсэн. Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ гаргадаг Тэнхлэг зууч гэх компаниас тодорхойлолт авахад одоогоор 4 өрөө байрын түрээс нь сарын 3,000,000 төгрөгийн үнэлгээтэй байгаа юм байна. Орон сууцны өмчлөгч компани нь гэрээнээс татгалзсан тул хариуцагч тус орон сууцыг эзэмших эрхгүй тул чөлөөлүүлэх шаардлага гаргасан. Төлбөр төлөгдсөний дараа холбогдох баримт бичгийг нэхэмжлэгч бүрдүүлж, хариуцагчид шилжүүлэхээр тохирч гэрээ байгуулсан. Иймд гэрээнээс татгалзаж, хохиролд 133,800,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, орон сууцыг албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Орон сууцыг худалдан авах үед нэхэмжлэгч талаас орон сууц захиалгаар бариулах гэрээнд гарын үсэг зуруулсан. Тухайн орон сууц нь тэр үед буюу 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр ашиглалтад орсон айлууд оршин сууж байсан тул үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулах ёстой байтал нэхэмжлэгч тал өөрийн давуу байдлаа ашиглан орон сууц захиалгаар бариулах гэрээнд гарын үсэг зуруулсан. Энэ нь 2017 оны 12 дугаар сард багтаан дотор засал болон бусад ажлыг дуусгахаар гэрээнд заасан байгаагаас тодорхой харагдах бөгөөд гэрчилгээг өнөөдрийг хүртэл өгөөгүй байна. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3 дах хэсэгт зааснаар орон сууцны гэрчилгээг Д.Д-д гаргаж өгөх үүрэгтэй байсан. 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр гэрээ байгуулсан бөгөөд орон сууцны өмчлөлийн гэрчилгээг гаргаж өгөөгүйгээс болж үлдэгдэл төлбөрийг хугацаанд нь төлж чадаагүй болно. Энэ үүргээ нэхэмжлэгч тал биелүүлээгүй тул тухайн орон сууцыг ипотекийн зээлд хамруулж үлдэгдэл төлбөрөө төлөх боломжгүй болсон байна. Энэ нэхэмжлэлд дурдсан 39 сар ашигласан төлбөрт сар бүрийн 2,000,000 төгрөгөөр тооцож 78,000,000 төгрөг нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй байна. Нэхэмжлэлээс харвал Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх заалтыг баримтлан, гэрээнээс татгалзах тухай дурдсан байна. Гэтэл гүйцэтгэгч нь Иргэний хуулийн гэж заасан бөгөөд өнөөдрийг хүртэл гүйцэтгэгч нь тухайн орон сууцны гэрчилгээ болон улсын комиссын актыг өгөөгүй байгаа бөгөөд энэ нөхцөлд Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д “Захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх” гэж заасан үүргээ гүйцэтгэгч биелүүлээгүй тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.2 дах хэсэгт “Нэг тал нь гэрээнээс татгалзсан явдалд нөгөө тал нь буруугүй бол энэ хуулийн 227.1-д заасан үндэслэл хамаарахгүй” гэж заасан юм. Мөн нэхэмжлэлд гэрээний 5.1 заалт гэж дурдсан байх бөгөөд энэ заалт нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дах хэсэгт “Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэхдээ бусдад гэм хор учруулсан, зах зээлийн харилцааны чөлөөт байдлыг үндэслэлгүйгээр хязгаарласан, хууль ёсны давуу байдлаа хууль бусаар ашигласан үйл ажиллагаа явуулж болохгүй бөгөөд хэрэв зөрчвөл хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээнэ” гэсэн заалтыг зөрчсөн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарч байна.  Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.5, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Д-гээс 55,800,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Б-” ХХК-д олгож, хариуцагч Д.Д-г Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 13312 Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 333 дугаар байрны 1 дүгээр орцны 1501 тоотод орших, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204107073 дугаар, 148.75 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцнаас албадан чөлөөлж, нэхэмжлэлээс 78,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 897,150 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.Д-гээс 826,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Б-” ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

4.а.Шүүх хурлын зарыг зохих журмаар мэдэгдээгүй. Хурлыг 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн хурлын зар гараагүй бөгөөд 16-ны өдөр надад хурлын тов хэлэхэд Бор-Өндөрт шүүх хуралтай гэхэд нөгөө талтай ярьж хурлын тов эргэж мэдэгдэх болсон. Гэтэл 22-ны өдөр туслах нь хуралд ирж байна гэж хэлсэн бөгөөд би Бор-Өндөрт шүүх хуралд орж байгааг хэлсэн. Гэтэл шүүх хурал хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2-т “хэргийн болон шүүх хуралдааны оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдэх” гэсэн үүргээ шүүх биелүүлсэнгүй. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т “хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох” эрхийг эдлүүлээгүй бөгөөд талууд мэтгэлцэх боломжийг шүүх бүрдүүлсэнгүй.

4.б.Нэхэмжлэгч тал өнөөдрийг хүртэл орон сууцны гэрчилгээг Д.Д-ийн нэр дээр гаргаж өгөөгүй бөгөөд үл хөдлөхийн гэрчилгээ гарсан даруйд банкнаас зээл авч төлөх гэхээр нэхэмжлэгч тал үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй болно. Талуудын хооронд орон сууц захиалан бариулах гэрээ биш харин худалдах худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд үл хөдлөхийн гэрчилгээ гаргаж өгөхгүй байх улмаар гэрээнээс татгалзах хэлбэрээр үндэслэлгүй хөрөнгөжих үйл ажиллагаа явуулж байхад шүүгч үүнийг анхаарсангүй. Шүүх хэргийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийг баримтлан шийдвэрлэх ёстой бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг шилжүүлж өгөөгүй байхад нэхэмжлэгч талыг үүргээ биелүүлсэн гэж үзсэн нь буруу байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

 

5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хурал товлогдсон. Шүүх хуралдааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б-н зүгээс хэргийн материалтай танилцахаар шүүх хуралдааныг хойшлуулсан. Улмаар шүүх хуралдаан 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр товлогдож хурал хийхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ирээгүй. Иймээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэж үзсэн боловч шүүх хуралдааныг хойшлуулсан. 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ирээгүй. Иймд шүүх хуралдаан анх 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр товлогдож хийгдсэн хурал биш учраас хэргийн оролцогч өөрөө хурлын товыг шүүхээс лавлах үүрэгтэй. Мөн шүүхээс тухай бүрт хурлын товыг мэдэгдсэн. Хэргийн материалтай танилцуулаагүй гэж гомдсон нь үндэслэлгүй, өөрөө танилцах үүргээ биелүүлээгүй, шүүхээс танилцах боломжоор хангасан. Маргааны үйл баримтын хүрээнд талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.3-т орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авахад шаардлагатай баримтыг компаниас гаргаж өгөх талаар зохицуулсан. Мөн гэрээний 4.7-д өмнө нь орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлнэ гэх зохицуулалтыг талууд гэрээний чөлөөт байдлын хүрээнд хийсэн учраас өмчлөх эрхийн гэрчилгээ шилжүүлээгүй нь өөрөө хэргийг шийдвэрлэхэд үндэслэл бүхий татгалзах биш гэж үзэж байна. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

2.Нэхэмжлэгч “Б-” ХХК нь хариуцагч Д.Д-д холбогдуулан гэрээнээс татгалзаж, хохиролд 133,800,000 төгрөг гаргуулах, хариуцагчийн хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.Зохигчид 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч “Б-” ХХК нь Баянзүрх дүүрэг, 26-р хороо, 333-р байр, 1501 тоот, 148,45 м.кв талбай бүхий, 4 өрөө орон сууцыг хариуцагч Д.Д-гийн өмчлөлд шилжүүлэх, хариуцагч нь орон сууцны үнэ 386,750,000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 25-ны дотор төлөхөөр харилцан тохиролцож, мөн өдөр нэхэмжлэгч “Б-” ХХК нь орон сууцыг хариуцагч Д.Д-гийн эзэмшилд шилжүүлсэн болох нь талуудын тайлбар, Орон сууц захиалгаар бариулах гэрээ зэргээр тогтоогдсон байна. /хх-ийн 8-10-р тал/

 

3.а.Анхан шатны шүүх талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ гэж зөв дүгнэсэн боловч гэрээнээс татгалзах талаар зохицуулсан мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэснийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж үзлээ.

 

3.б.Талуудын байгуулсан “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-ний 2.3-т захиалагч  орон сууцны төлбөр 386,750,000 төгрөгийг 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 150,000,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 236,750,000 төгрөг гэсэн хуваарийн дагуу гүйцэтгэгчид төлөхөөр тохиролцжээ. /хх-ийн 8-р тал/. 

 

3.в.Хариуцагч Д.Д- нь гэрээний хугацаанд орон сууцны үнэд нийт 279,000,000 төгрөгийг нэхэмжлэгч “Б-” ХХК-д төлсөн болох нь талуудын тайлбараар тогтоогдсон. Нэхэмжлэгч “Б-” ХХК нь хариуцагч Д.Д-г орон сууцны үлдэгдэл төлбөр 107,750,000 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй гэх үндэслэлээр гэрээнээс татгалзаж, орон сууцыг 39 сар ашигласны төлбөрт 78,000,000 төгрөг, гэрээний 5.1-т зааснаар 20 хувийн торгууль буюу 55,800,000 төгрөг, нийт 133,800,000 төгрөгийг хариуцагч Д.Д-гээс нэхэмжилсэн.

 

            4.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж заажээ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч “Б-” ХХК нь хариуцагч Д.Д-г үүрэг зөрчсөнтэй холбоотойгоор нэмэлт хугацаа тогтоосон гэх нөхцөл байдлыг шүүхэд баримтаар нотлоогүй.

            4.а.Мөн хариуцагч Д.Д- нь гэрээний үүрэгт нийт 279,000,000 төгрөг төлж үүргийн дийлэнх хэсгийг гүйцэтгэсэн байх тул түүнийг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-т зааснаар үүргийг ялимгүй зөрчсөн гэж үзэхээр байна. Иймд нэхэмжлэгч “Б-” ХХК-д гэрээнээс татгалзах эрх үүсээгүй гэж үзнэ. Нэгэнт нэхэмжлэгч “Б-” ХХК-д гэрээнээс татгалзах эрх үүсээгүй байх тул гэрээнээс татгалзсантай холбогдон хохирол шаардах эрхгүй. 

 

            4.б.Түүнчлэн, талуудын байгуулсан “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-ний 5.1-т “Захиалагч нь гэрээгээр  хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс эсхүл цаашид биелүүлэх боломжгүй болсон, эсхүл захиалагчийн хүсэлтээр гэрээ цуцлагдсан тохиолдолд орон сууцны төлөгдсөн төлбөрийн 20 хувьтай тэнцэх торгуулийг гүйцэтгэгчид төлнө” гэх заалт нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.10-т зааснаар хүчин төгөлдөр бус байна.

            Тодруулбал, аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэггүй иргэнтэй гэрээ байгуулахаар санал гаргаж байгаа тал нь өөрт учирсан бодит хохирлоос хэт давсан хэмжээний нөхөн төлбөр гаргуулах агуулгатай заалтыг гэрээнд тусгаж, хариуцагчийн төлсөн төлбөрийн 20 хувь буюу 55,800,000 төгрөг нэхэмжилснийг дээрх хуульд зааснаар өөрт учирсан бодит хохирлоос хэт давсан хэмжээний төлбөр шаардсан гэж үзэх үндэслэлтэй.

 

            5.Иймд хариуцагч Д.Д-д холбогдуулан гаргасан гэрээнээс татгалзаж, хохиролд 133,800,000 төгрөг гаргуулах, хариуцагчийн хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч "Б-” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

            6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “шүүх хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхийг хангаагүй, анхан шатны шүүх хуралдаан болоход өөр шүүхэд хурал давхацсан байсан” гэх гомдол үндэслэлгүй байна.  

 

6.а.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дах хэсэгт зааснаар шүүхийн мэдэгдэх хуудсыг утсаар мэдэгдэж болох бөгөөд анхан шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгаланд шүүх хуралдааны товыг 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр утсаар мэдэгдэж, баримт үйлдсэн, мөн түүнийг хэргийн материалтай танилцах, мэтгэлцэх эрхээр хангаж шүүх хуралдааныг хойшлуулж байсан үйл баримт тогтоогдсон. /хх-ийн 43-46-р тал/. 

 

6.б.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг холбогдох нотлох баримтын хамт шүүхэд ирүүлээгүй байх тул анхан шатны шүүх түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дах хэсэгт нийцсэн байх тул энэ талаарх гомдол үндэслэлгүй. 

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Д.Д-д холбогдуулан гаргасан гэрээнээс татгалзаж, хохиролд 133,800,000 төгрөг гаргуулах, хариуцагчийн хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч "Б-” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2022/00786 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.3, 232 дугаар зүйлийн 232.5 дах хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Д.Д-д холбогдуулан гаргасан гэрээнээс татгалзаж, хохиролд 133,800,000 төгрөг гаргуулах, хариуцагчийн хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч “Б-” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

           

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагч Д.Д-гээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 507,150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.     

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                      ШҮҮГЧИД                          Э.ЗОЛЗАЯА                                                                                                                                        Г.ДАВААДОРЖ