Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 106

 

 

            Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Нямжав,

            Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул,

            Шүүгдэгч: П.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар               Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Зайд овогт П.М-д холбогдох 1835000000122 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1954 оны 9 дүгээр сарын 15-нд Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн, 63 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт гарсан, ам бүл 3, эхнэр, 1 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн 30-р байрны 13 тоотод оршин суух Зайд овогт П.М. РД:ОЭ54091578.

        Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч П.М нь 2018 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Ч.Ог зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

          1. Шүүгдэгч П.М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, энэ хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

        Шүүгдэгч П.М нь 2018 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Ч.Ог зодож, зүүн гуяны гадна дунд хэсэгт 18х11 см хэмжээтэй цус харвалт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулжээ.

         Хохирогч Ч.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Хүргэн ах П.М 2018 оны 5 дугаар сарын 27-ны өдөр байшингийнхаа үүдэнд нэг танихгүй хүнтэй хонь төхөөрч байгаад надад хандаж “Хонины дотор /гэдэс/ цэвэрлээд өгөөч” гэхээр нь  би “Чадахгүй” гэж хэлээд хашаанаас гараад явах гэж байтал М ах байшингийнхаа тамбар /тан амбаар/-аас хүрз аваад ирэхээр нь урдаас нь хогон дээр байсан тохой хэрийн урт турбо аваад урдаас нь очиход миний барьж байсан турбог цохиж унагаад миний зүүн хөлийн бүдүүн гуя хэсэг рүү хүрзийн ишээр 3-4 удаа цохьчихоод буцаад явчихсан” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р тал/,

        гэрч К.Д-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2018 оны 5 дугаар сарын 27-ны өдөр М ахад хонь төхөөрч өгөхөөр хашаанд нь очоод хонио төхөөрч байтал М ахын хадам дүү гэх залуу охиноо дагуулаад орж ирчихээд буцаад гарч байхад нь М ах тэр залууд “Хонины гүзээтэй баас цэвэрлээд өг” гэж хэлэхэд “чадахгүй” гэж хэлчихээд хашаанаас гараад явах гэхээр нь М  ах уурлаад танбараас хүрз аваад очиход нөгөө залуу урдаас нь турбо аваад урдаас нь ирэхээр нь би салгах гээд очиход М ах хүрзний ишээр нөгөө залуугийн хөл рүү 2-3 удаа цохьчихоод буцаад явчихсан” гэх мэдүүлэг /хх-ийн 16-р тал/,

        насанд хүрээгүй гэрч О.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн: “М ах аавыг дуудаад “Гүзээтэй баас асгаад өг” гэхэд аав “чадахгүй” гэснээс болж М ах уурлаад аавын зүүн талын хөлний гуя руу хүрзний ишээр 2 удаа цохьсон” гэх мэдүүлэг /хх-ийн 17-р тал/,

шүүгдэгч  П.М-ын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Ч.О нь миний хадам дүү бөгөөд өдий хүртэл нь би өөрийн дүү шиг үзэж тэжээн тэтгэж байдаг юм. 2018 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хашаандаа хонь төхөөрч байдал Отгонхүү охиноо дагуулаад орж ирэхээр нь “Хонь төхөөрөхөд туслаад өгөөрэй” гэу хэлэхэд дуугарахгүй гэртээ орчихсон. Удалгүй охиноо дагуулаад гараад ирэхээр нь “Гүзээтэй баас асгаад өгөөч” гэхэд “чадахгүй”  гэж хэлээд гараад явах гэхээр нь би айлгах санаатай хүрз аваад очиход миний урдаас турбо аваад ирэхээд нь намайг цохих байх гэж бодоод турбог нь цохиж унагачихаад гуя руу нь хүрзний ишээр 2 удаа цохьсон” гэх мэдүүлгүүдээр шүүгдэгч П.М нь хохирогч Ч.Ог 2018 оны 5 дугаар сарын 27-нд зодсон болох нь тогтоогдож байна.

          Шүүгдэгч П.М нь хохирогч Ч.О-г зодосны улмаас түүний зүүн гуяны гадна дунд хэсэгт 18х11 см хэмжээтэй цус харвалт, зөөлөн эдийн няцрал гэмтэл үүссэн бөгөөд уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 370 дугаартай дүгнэлт /хх-ийн 6-р тал/-ээр тогтоогдсон байна.

            Иймд шүүгдэгч П.М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч П.М нь “Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надад хөнгөн ял шийтгэл онодуулж өгнө үү” гэж мэдүүлэн  гэм буруугийн талаар маргаагүй болно.

         2. Шүүгдэгч П.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

         Шүүгдэгч П.М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

         Хохирогч  Ч.О нь “М ах надаас уучлалт гуйж эвлэрсэн. Надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж үзнэ

         Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд  заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал,  мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг тус тус харгалзан улсын яллагчийн санал болгосон ялын хүрээнд 550 нэгжээр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.  

         Шүүгдэгч П.М нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Зайд овогт П.М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.М 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

         3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

       4. Шүүгдэгч П.М нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай

        5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч П.М-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ГАНСҮХ