| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мишигдоржийн Батзориг |
| Хэргийн индекс | 128/2026/0020/З |
| Дугаар | 128/ШШ2026/0515 |
| Огноо | 2026-05-20 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 128/ШШ2026/0515
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г.Б
Хариуцагч: Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газар
Маргааны төрөл: Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газрын жирэмсний болон амаржсаны тэтгэмжээс амралт /хагас, бүтэн сайн/-ын өдрийг хасаж тооцож олгосон нь хууль бус захиргааны акт болохыг тогтоолгож, Жирэмсний болон амаржсаны тэтгэмжид хасаж тооцсон 36 хоногийн тэтгэмжийг нөхөн олгохыг даалгах-ыг хүссэн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Анхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Б шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: Миний бие Г.Б нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд ажилладаг ба 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр жирэмсний амралтаа авсан. Улмаар жирэмсний тэтгэмж авах хүсэлтээ нийгмийн даатгалын газарт гаргасан ба миний оршин суух харьяаллын дагуу Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газраас 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр жирэмсний тэтгэмжийг олгосон. Уг тэтгэмжийг олгохдоо хуульд заасан 120 хоногийн эхний 60 хоногоос 18 хоногийг хасаж, 42 хоногоор олгосон байсан.
Энэ талаар Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газрын хариуцсан байцаагч болох н.Б, хуулийн ажилтан Н.Г******* нараас утсаар тодруулахад ...Нийгмийн даатгалын Ерөнхий хуульд зааснаар тэтгэмжийн хоногоос хагас, бүтэн сайн өдрүүдийг хасаж олгодог гэх хариу амаар өгсөн.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т "Даатгуулагч эхэд жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг жирэмсний амралт авсан сарын өмнөх шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 100 хувиар тооцож 120 хоногийн, ихэр хүүхэд төрүүлсэн бол 140 хоногийн хугацаанд тус тус олгоно" гэж, 7.2-т Жирэмсний болон амаржсаны тэтгэмж бодох хугацаанд нийтээр тэмдэглэх баярын өдөр тохиосон бол уг өдрийг ажлын өдөртэй адилтган тооцно гэж тус тус зааснаар жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг цалин хөлснөөс 100 хувиар, нийт 120 хоногоор баярын өдөр тохиосон ч ажлын өдөртэй адилтгаж олгохоор маш тодорхой заасан байхад үндэслэлгүйгээр уг хууль болон Нийгмийн даатгалын Ерөнхий хуулийн зорилт, зарчим, заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, тэтгэмжээс хасаж олгосон.
Ингээд миний бие дээд шатны байгууллага болох Нийгмийн даатгалын Ерөнхий газарт Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газар нь үндэслэлгүйгээр тэтгэмжээс хасаж тооцож олгосон талаар 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гомдол гаргахад Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 04/*******25 дугаартай албан бичгээр гомдлыг хүлээн авахгүй боломжгүй гэх хариуг надад и-мэйл хаягаар 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр өгсөн.
Миний бие 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр амаржсан ба дараагийн олгох тэтгэмжийг мөн 60 хоногоос 18 хоногийг хасч, 42 хоногоор тооцож 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр олгосон. Нийгмийн даатгалын байгууллага нь хуульд заасан нийт олгох 120 хоногийн тэтгэмжээс 36 /18+18/ хоногийг үндэслэлгүйгээр хасаж тооцож, жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг олгосон.
Нийгмийн даатгалын Ерөнхий газрын 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 04/*******25 дугаартай албан бичигт ...Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.1. дэх хэсэгт даатгуулагч эхэд жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг жирэмсний амралт авсан сарын өмнөх шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 100 хувиар тооцож 120 хоногийн, олгоно гэж хууль зүйн үндэслэлдээ дурджээ.
Гэтэл Нийгмийн даатгалын Ерөнхий хуулийн 7.1 дэх хэсэгт ...Нийгмийн Даатгал нь албан журмаар болон сайн дураар даатгуулах гэсэн хэлбэртэй байна..." гэж заасан байна.
Мөн дээрх албан бичигт дурдсан дараагийн тайлбартаа "...2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийг дуустал хуанлийн 60 хоногийн хугацаанд буюу ажлын 42 өдрөөр тооцож... олгосон нь үндэслэлтэй байна гэжээ.
Гэтэл Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 7.1 дэх хэсэгт ...Даатгуулагч эхэд жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг жирэмсний амралт авсан сарын өмнөх шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 100 хувиар тооцож 120 хоногийн, ихэр хүүхэд төрүүлсэн бол 140 хоногийн хугацаанд тус тус олгоно..." гэж, мөн хуулийн 7.2 дахь хэсэгт ...Жирэмсний болон амаржсаны тэтгэмж бодох хугацаанд нийтээр тэмдэглэх баярын өдөр тохиосон бол уг өдрийг ажлын өдөртэй адилтган тооцно... гэж заасан байхад ямар ч үндэслэлгүйгээр нийт 36 хоногийг ажлын бус өдөр байсан гэх агуулгаар тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм.
Өөрөөр хэлбэл хуульд нийт 120 хоногоор тооцож олгохоор заасан байхад ямар үндэслэлээр уг хоногоос хорогдуулан тооцсон хууль зүйн үндэслэл нь тодорхойгүй байна. Хууль тогтоогчийн 120 хоног гэж тогтоосон нийт хугацааг нийтээр тэмдэглэх болон амралтын өдрийг хасах тухай ямар ч агуулга байхгүй байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт ...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн... гэжээ. Тухайн зарчмын агуулга нь аливаа төрийн албан хаагчид хуулиар зөвшөөрсөн үйлдлийг л гүйцэтгэх чиг үүрэгтэй болохоос хуулиар тогтоогоогүй, хориглоогүй гэх агуулгаар өөрсдөө дур мэдэн аливаа хэм хэмжээ тогтоох, дур зоргоороо тайлбарлахыг хориглосон агуулгатай юм.
Иймд Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газрын жирэмсний болон амаржсаны тэтгэмжээс амралтын өдрийг хасаж тооцож олгосон нь хууль бус захиргааны акт болохыг тогтоож, Жирэмсний болон амаржсаны тэтгэмжид хасаж тооцсон 36 хоногийн тэтгэмжийг нөхөн олгохыг даалгаж өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр жирэмсний амралтаа авсан. Жирэмсний тэтгэмжийн хүсэлтээ Нийгмийн даатгалын газарт гаргасан бөгөөд оршин суух хаягаараа Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газарт 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүсэлтээ гаргаж тус өдөр тэтгэмжийг олгосон. Эхний тэтгэмжийг 60 хоногоор олгохдоо Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газар нь 18 хоногийг хасаж 42 хоногоор олгосон байсан. Үүний дараа 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгч маань амаржсан бөгөөд үүнээс хойших 60 хоногийн хоёр дахь тэтгэмжээс мөн адил 18 хоногийг хасаж 42 хоногоор тооцон 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр тэтгэмжийг олгосон. Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс хуульд заасан 120 хоногийн тэтгэмжээс 36 хоногийг буюу 2 удаагийн тэтгэмж олгох амралтын өдрүүдийг үндэслэлгүйгээр хасаж тооцсон байна гэж үзэж байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д даатгуулагч эхэд жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг жирэмсний амралт авсан, сарын өмнөх шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 100 хувиар тооцох 120 хоног гэж хуульчилсан бөгөөд тус хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т жирэмсний болон амаржсаны тэтгэмж бодох хугацаанд нийтээр тэмдэглэх баярын өдөр тохиосон бол уг өдрийг ажлын өдөрт адилхан тооцно гэж заасан. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуульд ажлын болон амралтын өдрийг хасаж тооцно гэсэн зохицуулалт байхгүй ба хасах тухай тодотгон зохицуулаагүй байхад Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын тушаалыг баримталж цахим системд өөрчлөлт хийгддэг гэсэн байдлаар амралтын хоногуудыг хасаж тооцсон байна. Нийт 36 хоногийг хасаж тооцсон бөгөөд нэхэмжлэгчид 84 хоногоор тооцон жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг олгосон байна. Хуульд бол тухайн 120 хоногийг ажлын эсвэл хуанлийн гэж тодорхой заагаагүй. Нийгмийн даатгалын Ерөнхий газар тендер энэ асуудлаар гомдол гаргасан ба Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаар тушаалыг үндэслэсэн гэж тайлбарласан. Уг тушаалын хуулийн үйлчлэлийн хугацааг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас тодруулах хүсэлтээ шүүхэд өгсөн ба шүүхээс уг хүсэлтийг хангасан ба тухайн баримт нотлох баримтаар авагдсан байгаа. Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаар тушаалын хавсралтаар тэтгэмж бодох зааврыг баталсан ба Захиргааны хэм хэмжээний актыг улсын нэгдсэн сангийн бүртгэлд 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр дугаарт бүртгэгдэж, 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн дугаарт нийтлэгдсэн. Тиймээс 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр бүртгэгдсэн тул тухайн хугацаанаас хүчин төгөлдөр болно гэж ойлгож байгаа. Гэтэл нэхэмжлэгчид эхний тэтгэмжийг 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр, хоёр дахь тэтгэмжийг 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр олгохдоо хүчин төгөлдөр болоогүй, Захиргааны хэм хэмжээний актыг улсын нэгдсэн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй журмыг үндэслэн тэтгэмжийг дутуу олгож байгаа нь хууль зөрчсөн байна. Хариуцагчийн зүгээс Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 аргачлал батлах зохицуулалтыг төрийн захиргааны төв байгууллага батална гэж заасан тул Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаас аргачлалаа баталсан байна. Гэхдээ хуулиас давсан журам үйлчлэх үү гэдэг эргэлзээ төрж байгаа. Тиймээс 84 хоногоор тооцсон хууль бус актыг хүчингүй болгож, дутуу олгосон 36 хоногийн тэтгэмжийг олгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г******* шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн тоот албан бичгээр Г.Б******* нэхэмжлэл, хариуцагчийн төлөөлөгч томилж тус нэхэмжлэлийг гардуулах, хариу тайлбар, баримт хүргүүлэх тухай албан бичгийг хүлээн авч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч энэхүү тайлбарыг гаргаж байна.
Иргэн Г.Б нэхэмжлэлийн шаардлагадаа: Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгал газар болон Нийгмийн даатгалын ерөнхий газар жирэмсний болон амаржсаны тэтгэмжээс амралт/хагас, бүтэн сайн/-ын өдрийг хасаж тооцож олгосон нь хууль бус захиргааны акт болохыг тогтоолгож, Жирэмсний болон амаржсаны тэтгэмжид хасаж тооцсон 36 хоногийн тэтгэмжийг нөхөн олгохыг даалгах гэжээ.
1. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн зорилт нь нийгмийн даатгалын төрөл, хэлбэр, хамрах хүрээг тогтоох, Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн нийгмийн даатгалд даатгуулах, даатгуулагчийн санхүүгийн эрсдэлийг хуваалцах зорилгоор нийгмийн даатгалын сан бүрдүүлэх, хуваарилах, зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах, хяналт тавих, нийгмийн даатгалын үйл ажиллагаа, нийгмийн Даатгалын байгууллагын эрх, үүргийг тодорхойлох харилцааг зохицуулсан энэ хуулийн 2 дугаар зүйлд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомж бусад актаас бүрдэнэ. Хуулийн үйлчлэх хүрээг 3 дугаар зүйлд заасан байна.
2. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн зорилтод тэтгэмжийн болон ажилгүйдлийн даатгалд шимтгэл төлсөн даатгуулагчид тэтгэмж олгох, ажлын байрыг тогтвортой хадгалсан ажил олгогчид шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино. Тэтгэмжийн даатгалын сангаас хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны, нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд ... тэтгэмж олгохоор хуульд заажээ. Энэ хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т Даатгуулагч тэтгэмж авахад бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт, тэтгэмж олгохтой холбогдсон харилцааг зохицуулсан журмыг Засгийн газар батална, 15.3-т Энэ хуулийн 15.1-д заасан өргөдлийн маягтын загвар, тэтгэмж авахад бүрдүүлэх баримт бичгийн бүрдэлд хяналт тавих, нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмжийг авах эрх бүхий иргэн, албан тушаалтныг тодорхойлох журам, тэтгэмж бодох аргачлал, зааврыг нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална.
3. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.8-д Даатгуулагч, хүн, ажил олгогч, нийгмийн даатгалын байгууллагын хооронд гарсан саналын зөрөө, маргааныг холбогдох хууль тогтоомжийн дагуу хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөл /цаашид "төв зөвлөл" гэх/-ийг нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын Дэргэд, Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөл /цаашид "салбар зөвлөл" гэх/-ийг аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн даатгалын газрын дэргэд тус тус ажиллуулна
4. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаар тогтоолоор Даатгуулагч тэтгэмж авахад бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт, тэтгэмж олгох журмыг баталсан. Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2025 оны заавар батлах тухай ******* тушаалаар Тэтгэмж бодох заавар батлагдсан бөгөөд нийгмийн даатгалын байгууллага даатгуулагчийн тэтгэмжийн хүсэлтийг хүлээн авах, тэтгэмжийг бодож олгохдоо дээрх хууль, журмыг мөрдөн ажиллаж байна. Нэхэмжлэгч Г.Б******* тухайд Хан-Уул дүүргийн нийгмийн Даатгалын газарт ирүүлсэн жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн хүсэлтийг хүлээн авч хянаад 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр, 2025 оны 10 дугаар сарын *******-ны өдөр нэхэмжлэгчид тэтгэмжийн даатгалын сангаас хоёр удаагийн гүйлгээгээр нийт *******,*******,******* төгрөгийг шилжүүлсэн. Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2025 оны ******* дугаар тушаалын хавсралт Тэтгэмж бодох зааврын 5.3.3-т Тэтгэмж бодох ажлын өдрийг даатгуулагч эхийн жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудсанд жирэмсний болон амаржсаны амралт эхэлсэн өдрөөс дууссан өдрийн хооронд бичигдсэн 120, ихэр хүүхэд төрүүлсэн бол 140 хоногийн хугацаанд ногдох ажлын өдрөөр тооцно", 5.3.4-т Олговол зохих нийт тэтгэмжийн хэмжээг энэ зааврын 5.3.3-т заасан өдөрт ногдох тэтгэмжийн хэмжээг олгох ажлын өдрөөр үржүүлж тооцно". гэж заасны дагуу нэхэмжлэгч Г.Б******* Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс бичигдсэн эмнэлгийн хуудсанд бичигдсэн 60 хоногоос бямба, ням гарагийг хасаж ажлын 42 хоногоор тооцсон тэтгэмжийг олгосон нь журамд нийцсэн байна.
5. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуульд заасан тэтгэмж авах эрх нь үүссэн даатгуулагчдад тэтгэмж олгохдоо ажлын өдрөөр тооцдог бөгөөд тэтгэмж бодож буй Нийгмийн даатгалын байгууллагад ашиглагдаж буй программ мөн автоматаар тооцоолдог болно. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т Жирэмсний болон амаржсаны тэтгэмж бодох хугацаанд нийтээр тэмдэглэх баярын өдөр тохиосон бол уг өдрийг ажлын өдөртэй адилтган тооцно. гэж заасан нь нийтээр тэмдэглэх баярын өдрийг тусгайлан зохицуулсан бөгөөд энэ хуулийн 15.2, 15.3-т заасны дагуу тэтгэмж бодож, олгох зааврыг эрх байгууллагаас баталж тус журмын дагуу нэхэмжлэгчид тэтгэмж бодож олгосон нь хууль зөрчсөн гэх үндэслэлгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Б нь Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газрын жирэмсний болон амаржсаны тэтгэмжээс амралт /хагас, бүтэн сайн/-ын өдрийг хасаж тооцож олгосон нь хууль бус захиргааны акт болохыг тогтоолгож, Жирэмсний болон амаржсаны тэтгэмжид хасаж тооцсон 36 хоногийн тэтгэмжийг нөхөн олгохыг даалгах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.
1. Шүүх хууль тайлбарлах телеологийн буюу хуулийн зорилго, үзэл санааны дагуу тайлбарлах, системчлэн тайлбарлах аргуудыг ашиглан дараахь үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч нь Г.Б миний амаржсаны өмнөх 60 хоногийн тэтгэмжээс 18 хоногийг хасаж, мөн амаржсаны дараах 60 хоногийн тэтгэмжээс 18 хоногийг хасаж нийт 84 хоногоор тооцож жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг олгосон нь хуульд нийцэхгүй Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар 120 хоногоор тооцож олгоно гэж тодорхой заасан байтал хариуцагч нь хуулийг буруу тайлбарлан, үндэслэлгүйгээр амралтын өдрийг хасаж тооцсон гэсэн агуулгаар тайлбарлан маргаж байна.
3. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т "даатгуулагч" гэж нийгмийн даатгалын хууль тогтоомжид заасан тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөр авах зорилгоор нийгмийн даатгалын санд урьдчилан шимтгэл төлж даатгуулсан Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг, 18 дугаар зүйлийн 18.3-т Энэ хуулийн 7.7-д заасан даатгуулагч дараах хувь хэмжээгээр гэрээгээр тохиролцсон хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлнө, гэж мөн зүйлийн 18.3 дахь хэсгийн хүснэгтийн 2-т тэтгэмжийн даатгал 1.0 хувиар тооцохоор заасан байна.
4. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь тэтгэмжийн болон ажилгүйдлийн даатгалд шимтгэл төлсөн даатгуулагчид тэтгэмж олгох, ажлын байрыг тогтвортой хадгалсан ажил олгогчид шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж заасан байна.
5. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай /1994 он/ хуулийн 192 дүгээр зүйлийн 192.4-т 4.Жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг ажлын өдрөөр тооцно гэж заажээ.
6. Дээрх эрх зүйн зохицуулалтуудаас үзэхэд, ажилласан хоног буюу ажлын өдрөөс шалтгаалж цалин, хөлс авахаар, авсан цалин хөлснөөс шалтгаалж нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөр, төлсөн шимтгэлийн хэмжээнээс шалтгаалж тэтгэмж авахаар байна.
7. Тодруулбал, ажлын өдөр, цалин хөлс, шимтгэл, тэтгэмж гэсэн ойлголтууд нь хоорондоо салшгүй уялдаа холбоотой ойлголтууд бөгөөд цалин хөлс, шимтгэл, тэтгэмж гэсэн ойлголтууд нь ажлын өдөр гэсэн ойлголтой шууд холбоотой байна.
8. Иймд хариуцагч захиргааны байгууллага нь нэхэмжлэгч Г.Б******* жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг олгохдоо ажлын өдрөөр тооцож олгосон нь үндэслэл бүхий байна гэж шүүх үзлээ.
9. Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.3, 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан зохицуулалтууд нь жирэмсний болон амаржсаны тэтгэмжтэй хамааралгүй хэдий ч уг зохицуулалтуудад ажлын өдөр гэсэн нэр томьёог хуульчилсан байх ба үүнээс үзэхэд, тэтгэмжийн хэмжээ нь ажлын өдөртэй шууд холбоотой болох нь харагдаж байна.
10. Дээрх эрх зүйн зохицуулалтуудаас үзэхэд, хариуцагч нь нэхэмжлэгч Г.Б******* жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг олгохдоо 120 хоногоос амралтын өдрийг хасаж, ажлын өдрөөр тооцож олгосон нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
11. Мөн нийгмийн даатгалын харилцаа нь нийгмийн халамжийн харилцаанаас ялгаатай, онцлог бүхий харилцаа бөгөөд нийгмийн даатгалын харилцаа нь хэдий хэмжээний шимтгэл төлнө үүнтэй шууд уялдаатай тэтгэмж авах үр дагаврыг үүсгэдэг харилцаа тул нэхэмжлэгчийн тэтгэмжийг ажлын өдрөөр тооцож олгосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.
12. Шүүх дээр тайлбарласан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн жирэмсний болон амаржсаны тэтгэмжээс амралт /хагас, бүтэн сайн/-ын өдрийг хасаж тооцож олгосон нь хууль бус захиргааны акт болохыг тогтоолгож, Жирэмсний болон амаржсаны тэтгэмжид хасаж тооцсон 36 хоногийн тэтгэмжийг нөхөн олгохыг даалгах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай /1994 он/ хуулийн 192 дүгээр зүйлийн 192.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Б******* Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газрын жирэмсний болон амаржсаны тэтгэмжээс амралт /хагас, бүтэн сайн/-ын өдрийг хасаж тооцож олгосон нь хууль бус захиргааны акт болохыг тогтоолгож, Жирэмсний болон амаржсаны тэтгэмжид хасаж тооцсон 36 хоногийн тэтгэмжийг нөхөн олгохыг даалгах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ