| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2025/00391/И |
| Дугаар | 157/ШШ2025/00354 |
| Огноо | 2025-10-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 157/ШШ2025/00354
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн *******-******* сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би,
Нэхэмжлэгч ....... хаягтай, “...” ХК-ийн ....... тооцооны төвийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Х аймгийн ... сумын ... дугаар баг ... тоотод оршин суух С.Г холбогдох “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 20,164,000,75 (хорин сая нэг зуун жаран дөрвөн мянга далан таван мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “*******” ХК-ийн *******-******* тооцооны төв шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Иргэн С.Г нь *******ны *******-******* тооцооны төвөөс 2024 оны 11 сарын 15-ны өдөр 1430090789 дугаартай өрхийн хэрэглээний зориулалттай онлайн цалингийн Зээлийн гэрээ байгуулан 25,00,000 (хорин таван сая) төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Банк нь 2024 оны 11 сарын 15-ны өдөр зээлдэгч С.Г ******* дахь 5005640716 тоот дансанд 25,000,000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон.
Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн төлбөрт 6,010,225.02 төгрөг, зээлийн хүү 2344.093.61 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 5,832.42 төгрөг төлсөн байна. Гэтэл зээлдэгч нь Банктай байгуулсан 1430090789 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2025 оны 07 сарын 12-ны өдрөөс эхлэн төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 86 хоног хугацаа хэтрүүлээд байна. ******* нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг Зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Нэхэмжлэлийн шаардлага:
1.Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453,1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1430090789 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн төлбөр 18,989,774.98 төгрөг, 2025 оны 10 сарын 06-ны өдрийн байдлаарх хүү 1,149,959.83 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 24,265.94 төгрөг, нийт 20,164,000.75 төгрөгийг зээлдэгч С.Г гаргуулах,
2.Зээлдэгч нар нь сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хөрөнгө, орлогоос шийдвэр гүйцэтгэх бүхий л ажиллагаг явуулж Шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрт тухайлан зааж, зөвшөөрөл олгож өгнө үү. Жич: Хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд тооцогдох хүү, нэмэгдүүлсэн хүүг тухайн үед нь Зээлийн гэрээнд зааснаар тооцон шаардагдах тэмдэгтийн хураамжийг төлж нэмэгдүүлэн нэхэмжлэх болно.” гэжээ.
2.Хариуцагч С.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... “*******”-наас 2024 оны 11 сард нийт 25,000,000 төгрөгийн зээл авсан. Тус зээлээ төлж байгаад ажлын нөхцөл өөрчлөгдөж цалин буурсны улмаас сүүлийн 4 сар төлж чадаагүй явсан нь үнэн болно. Тиймээс миний бие төлөөгүй байгаа сарынхаа 4,400,000 төгрөгийг 11 сарын 10-ны өдрөөс эхлэн төлөх төлөлт дээрээ эхлэн нэмж төлбөр барагдуулах хүсэлтэй байгаа тул хүсэлтийг минь харгалзан үзнэ үү.” гэжээ.
3.Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Хариуцагч С.Г нь “Хас банк”-наас нэхэмжилсэн 20,164,000,75 төгрөгийн хуримтлагдсан төлөлтийг барагдуулан 2025 оны 11-р сарын 10-ны өдрөөс төлж эхэлнэ. “Хас банк”-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У харилцан тохиролцсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч “*******” ХК-ийн *******-******* тооцооны төв нь хариуцагч С.Г холбогдуулан “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 20,164,000,75 (хорин сая нэг зуун жаран дөрвөн мянга далан таван мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
2.Нэхэмжлэгч “*******” ХК-ийн *******-******* тооцооны төв, хариуцагч С.Г нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна.
3.Зохигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас “Зээлийн гэрээний үүрэгт нийт 20,164,000,75 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.
4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Г нь нэхэмжлэлийн шаардлага болох 20,164,000,75 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
5.Хариуцагч С.Г нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 20,164,000,75 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
6.Нэхэмжлэгч “*******” ХК-ийн *******-******* тооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 258,770 төгрөгийн тал хувь болох 129,385 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 129,385 төгрөгийг, хариуцагч С.Г улсын тэмдэгтийн хураамж 129,385 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*******” ХК-ийн *******-******* тооцооны төвд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “*******” ХК-ийн *******-******* тооцооны төвийн нэхэмжилсэн 20,164,000,75 (хорин сая нэг зуун жаран дөрвөн мянга далан таван мөнгө) төгрөгийг хариуцагч С.Г нь төлөхийг зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “*******” ХК-ийн *******-******* тооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 258,770 төгрөгийн тал хувь болох 129,385 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 129,385 төгрөгийг, хариуцагч С.Г улсын тэмдэгтийн хураамж 129,385 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*******” ХК-ийн *******-******* тооцооны төвд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч С.Г нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ