Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 157/ШШ2025/00357

 

 

  Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                    

   хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                               

      хэрэгсэхгүй болгох тухай

 

 

           ******* аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би,

Нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн ******* салбар ******* тооцооны төвийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ******* аймгийн ******* сумын .. дугаар багт оршин суух, Д.Б, Ч.Э нарт холбогдох “32,494,769,45 (гучин хоёр сая дөрвөн зуун ерэн дөрвөн мянга долоон зуун жаран есөн төгрөг дөчин таван мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж хянаад    

 

      ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн ******* салбар ******* тооцооны төв шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д.Б, хамтран зээлдэгч Ч.Э нар нь ******* банкны ******* тооцооны төвөөс 2023 оны 12 сарын 20-ны өдрийн MN340034250401851326 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулан 30,000,000 төгрөгийг сарын 1.8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай авсан. Зудын хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас үүдэн 2024 оны 05 сарын 16-ны өдрийн дугаар MN340034250401851326 тоот гэрээ байгуулан гэрээний бүтцэд өөрчлөлт оруулан зээл болон зээлийн хүүний төлбөрийг 12 сараар хугацааг сунгасан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний 2.2, 3.2, 3.3 дахь заалтыг зөрчиж зээлийн гэрээний 1-р хавсралт болох зээл төлөх хуваарийн дагуу зээлээ төлөхгүй, гэрээний үүргээ биелүүлэхгүй, холбоо барьж хугацаа өгсөн ч харилцан тохиролцсон хугацаанд зээлээ төлөлгүй хүндрэл учруулсаар байна. 2025 оны 10 сарын 03-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 30,000,000 төгрөг, зээлийн хүү 2,494,769.46 төгрөг, нийт 32,494,769.45 төгрөг (гучин хоёр сая дөрвөн зуун ерэн дөрвөн мянга долоон зуун жаран есөн төгрөг дөчин таван мөнгө) байна.

Иймд зээлдэгч Д.Б, хамтран зээлдэгч Ч.Э нараас нийт зээл хүүний төлбөр 32,494,769.45 төгрөгийг гаргуулж ******* банкыг хохиролгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

 

2.Хариуцагч Д.Б, Ч.Э нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...бид хоёр зээлээ хугацаандаа төлөөгүй учир одоо төлөхийг бодож байна. ******* банкнаас нэхэмжилсэн 32,494,769,45 төгрөгийн зээл авсан нь үнэн болно. Тэгээд одоо хуваарийн дагуу төлөхийг бодож байна. Одоо мал зуданд нэрвэгдээд төлж чадахгүй болоод байна. ******* банкнаас нэхэмжилсэн 32,494,769,45 төгрөгийг боломжит хугацаагаар төлөхийг бодож байна.” гэжээ.

 

                                                          ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн ******* салбар ******* тооцооны төв нь хариуцагч Д.Б, Ч.Э нарт холбогдуулан “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 32,494,769,45 (гучин хоёр сая дөрвөн зуун ерэн дөрвөн мянга долоон зуун жаран есөн төгрөг дөчин таван мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

   

2.Нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн ******* салбар ******* тооцооны төв, хариуцагч Д.Б, Ч.Э нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна.

 

3.Зохигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас “Зээлийн гэрээний үүрэгт нийт 32,494,769,45 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.  

 

4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Б, Ч.Э нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 32,494,769,45 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

 

            5.Хариуцагч Д.Б, Ч.Э нар нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 32,494,769,45 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

 

6.Нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн ******* салбар ******* тооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 320,424 төгрөгийн тал хувь болох 160,212 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 160,212 төгрөгийг, хариуцагч Д.Б, Ч.Э нараас  улсын тэмдэгтийн хураамж 160,212 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн ******* салбар ******* тооцооны төвд олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1.Нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн ******* салбар ******* тооцооны төвийн нэхэмжилсэн “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, “32,494,769,45 (гучин хоёр сая дөрвөн зуун ерэн дөрвөн мянга долоон зуун жаран есөн төгрөг дөчин таван мөнгө) төгрөгийг хариуцагч Д.Б, Ч.Э нар  нь төлөхийг зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн ******* салбар ******* тооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 320,424 төгрөгийн тал хувь болох 160,212 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 160,212 төгрөгийг, хариуцагч Д.Б, Ч.Э нараас улсын тэмдэгтийн хураамж 160,212 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* банк” ХК-ийн ******* салбар ******* тооцооны төвд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Д.Б, Ч.Э нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  М.ЭНХМАНДАХ