Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 78

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дамбийням,

Улсын яллагч Д.Ганцэцэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Алдар,

Шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Өвөрхангай аймгийн Прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Б.Д-д холбогдох 1826001190074 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, ******* овогт Б.Д.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Д нь 2018 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* суманд оршин суух иргэн П.Н эзэмшлийн монгол гэрт нэвтэрч 5 товруутай, 4 савхтай, 93 шахуургатай, төмөр зуузай, амгайтай, 20 дугаар зууны дунд үеийн монгол дархны хийцтэй мөнгөн хазаар 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Д  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэгт мэдүүлэхдээ: Би цагаан сарын шинийн 2-ны өдөр айл хэсэж яваад П.Н орсон. Гэрийн цоожийг нь хажуу тийш нь болгосон чинь онгойсон. Тэгээд архи уух санаатай баруун талын авдрыг нь онгойлгосон чинь мөнгөн хазаар байсан тэрийг нь аваад явсан. Тэгээд  буцаагаад өгөх гэсэн боловч санаа зовоод өгч чадаагүй. Манай гэр бүл шинэ хүнтэй, хүүхэдтэй болсон. Ахиж ийм хэрэг үйлдэхгүй. Хохиролд 200000 төгрөг төлсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Хохирогч П.Н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манайх Өвөрхангай аймгийн ******* суманд  2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр буюу цагаан сарын шинийн нэгний 16 цагийн орчимд сумын төв орж хадам ээж дээрээ ирж золгоод 2018 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 16-17 цагийн орчимд гэртээ ирсэн чинь гэрийн цоож эвдчихсэн байсан. Гэртээ орсон чинь гэрт байрлах 2 ширхэг модон авдарны цоожийг эвдчихсэн байсан. Тэгээд гэрийн баруун хойд талын модон авдар дотор мөнгөн хазаар, мөнган тоногтой эмээл байдгаа санаад үзтэл мөнгөн тоногтой эмээлэн доогуур байсан мөнгөн хазаар байхгүй болчихсон байсан. Тэгээд би сумын цагдаад 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хандсан. ...5 товруутай, 5 савхтай 97 шахуургатай савхин бүрээстэй, 2 мөнгөн аралтай, төмөр амгай, зуузайтай, цулбуургүй, 1960-аад оны хийцний хазаар байгаа юм. ...Мөнгөн хазаараас өөр эд зүйл алдагдаагүй. ...Би хулгайд алдагдсан мөнгөн хазаараа өнөөгийн зах зээлийн ханшаар 4000000 төгрөгөөр үнэлж байна. ...Гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-7 хуудас/

Гэрч П.Б мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2016 оны 02 дугаар сарын 17-ны өглөө 11 цагийн орчимд гэрээсээ гараад 15 км орчим явж хүргэн ах Б-нд очиж золгочихоод 1 цаг гарантай болчихоод тэндээсээ гараад Г гэх айлаар орсон чинь энэ Д гэх хүн байсан. Тэнд 30-40 орчим минут болоод мордсон. Д үлдсэн, би тэндээсээ Д, З гэх айлаар орчихоод гэр рүүгээ явж байтал “*******” гэх газар Н, Ш гэх 2 айл байдаг ба тэр хоёр айлын урдуур гарч явтал Н гадна мотоцикль байхаар нь гэр рүү нь эргэтэл уг мотоцикльтой хүн өмнөөс мотоциклио асаагаад хүрээд ирсэн. Тэгээд тэр мотоцикльтой хүнтэй уулзахад тэднийд хүн алга гэж хэлсэн. Тэгээд хамт Т гэх айлд ирсэн. Т-д орчихоод Д гэр рүүгээ явсан, би гэртээ ирсэн. ...Д ганцаараа цэнхэр өнгийн дээлтэй, ноосон хөх өнгийн малгайтай явж байсан. ...Гадаа мотоциклийнхоо дэргэд зогсчихсон байж байгаад өмнөөс мордоод ирсэн. ...Шинийн нэгний шөнө манайхаар хүн яваагүй. ...Д доторхой хэмжэгээр архи согтууруулах ундаа хэрэглэчихсэн байсан. Гэхдээ их согтуу байгаагүй. ..Би тухайн үед Н орчимд Д-тай 14-15 цагийн хооронд таарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12 хуудас/,

Гэрч П.Н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр буюу шинийн нэгэнд нөхөр П.Н-н хамт ******* сумын 2 дугаар байг “*******” гэх газар байрлах гэрээсээ сумын төвд байдаг өндөр настай ээж дээрээ ирж золгохоор 16 цагийн орчимд сум руу яваад маргааш нь буюу 2018 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 17 цагийн орчимд гэртээ ирсэн чинь гэрийн хаалганы бариул хөшигдөөд хажуу тийшээ болчихсон, гэрийн цоожны цүү мушгичихсан байдалтай байсан. Тэгээд гэрт орсон чинь хоёр авдарны цоож эвдээд таг нь онгойчихсон байсан. Гэрийн баруун талын модон авдар дотор байсан мөнгөн тоногтой эмээл, мөнгөн хазаар хийснээ санаад үзтэл мөнгөн хазаар байхгүй байсан. Зүүн талын авдарнаас алга болсон зүйл байгаагүй. ...Нэг ширхэг таван товруутай, 5 савхтай, төмөр амгай, зуузайтай мөнгөн хазаар алдагдсан. Өөр зүйл алдагдаагүй. ...Манай ааваас өвлөгдөж ирсэн мөнгөн хазаар байгаа юм. 1960 оны орчимд хийлгэсэн эд байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14 хуудас/,

Гэрч Ц.Т-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Б.Д манайд шинийн хоёронд буюу 2018 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 16-17 цагийн орчимд мотоцикльтой ирсэн. Хамт Н ах П.Б ойролцоо ирсэн. Айл хэсэж яваа байдалтай байсан. Манайд ирэхдээ ертөнцийн зүгээр зүүн талаас ирсэн. Д, Б хоёр манайд бууз жигнүүлчихээд 20-30 минут болоод ганц, хоёр хундага архи уучихаад Б хамт гараад Б гэр рүүгээ урагшаа явсан. Д ертөнцийн зүгээр хойшоо явсан. ...Хятад улсад үйлдвэрлэсэн мотоцикльтой ирсэн. Би марк, өнгийг нь анзаарч хараагүй, сундалгаагүй ганцаараа ирсэн. ...Д юм яриагүй, миний бодлоор айл хэсэж яваа юм шиг байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 57-58 хуудас/,

Гэрч А.Б мөрдөн байцаалтанд өгсөн: “...Б.Д нь 1983 оны 02 дугаар сарын 06-нд Өвөрхангай аймгийн ******* сумд төрсөн, 37 настай, эрэгтэй. Эхээс дөрвүүлээ, айлын хамгийн том хүүхэд байгаа юм. Дороо хоёр эмэгтэй, нэг эрэгтэй дүүтэй. Өмнө нь хэрэг төвөгт орооцолдож холбогдож байгаагүй, төлөв томоотой, буйр суурьтай хүн байгаа юм. Гэр бүлтэй эхнэр хоёр хүүхэдтэй, сая бага хүүхэд нь 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн. Одоо эхнэр 2 хүүхдийн хамтаар Өврөхангай аймгийн ******* сумын 2 дугаар баг “Эхэн түрүү” гэх газар амьдарч байгаа. Мал маллаж амьдарч байгаа. Миний найз Б.Д нь ямар нэгэн сургуульд сурч байгаагүй, боловсрол эзэмшээгүй юм. Багаасаа мал дээр гарчихсан хүн байгаа юм. 2006-2007 оны хооронд Өмнөговь аймгийн 0131 дүгээр ангид цэргийн алба хаасан. Зан араншингийн хувьд их дөлгөөхөн, төлөв даруу хүн байгаа юм. Уурласан ч уур нь дороо гарчихдаг юм. Найз нөхөд болон бусад хүмүүстэй эв дүйг нь олоод харьцчихдаг, тусархуу хүн байгаа юм. ...Урьд өмнө нь ямар нэгэн ял шийтгэл эдэлж байгаагүй. Элдэв асуудалд орооцолдож байгаагүй хүн. ...Архи согтууруулах ундааны зүйлийг бол хааяа нэг найз нөхөд болон баяр ёслолын үеэр амсах төдийд л хэрэглэдэг. ...Өмч хөрөнгө гээд байх зүйл бол байхгүй байх. Одоогоор тусдаа гарч амжаагүй байгаа юм. Яг өөр дээр нь тоолуулсан мал гээд байх зүйл бол байдаггүй. Харин нэг улбар шар өнгийн Мустанг-5 маркийн мотоцикль 6aйraa байх...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 61-62 хуудас/,

Гэрч Б.Б мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би анх 2006-2007 онд Б.Д хамт Өмнөговь аймгийн 0131 дүгээр цэргийн ангид хамт алба хаасан тэр үеэс л Б.Даваанямыг мэдэх болж найзалж нөхөрлөж ирсэн. Миний найз Б.Д нь Өвөрхангай аймгийн ******* суманд төрсөн, одоогоор ам бүл-3, эхнэр 2 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн ******* суманд мал маллаж амьдарч байгаа. Миний хувьд найз Б.Д их найдвартай хамт ажил хөдөлмөр эрхлэхэд сайн чанартай хийдэг, хүний итгэлийг алддаггүй. Би энэ найздаа тусалж дэмжих биш энэ хүнээр туслуулж л явдаг хүн байгаа юм. Б.Д нь ямар нэг сургуульд сурч байгаагүй боловсрол эзэмшээгүй юм. Зан араншингийн хувьд их даруухан, элдэв савсганасан зан байдаггүй, дажгүй сайхан залуу байгаа юм. ...Архи согтууруулах ундааг өөртөө тааруулаад хэрэглэчихдэг хүн байгаа юм. ...Нэг улбар шар өнгийн мотоцикль бол байгаа. Тэрнээс өөр машин тэрэг өөрийн гэсэн мал энэ тэр гээд байх зүйл бол байхгүй байх...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 63 хуудас/,

Шүүгдэгч Б.Д-н мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 17-ны өдөр буюу цагаан сарын шинийн хоёрны өдөр байсан санагдаж байна. Саахалт айл Г гэх айлаар орчихоод цаашаагаа 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Цагаан-тээг” гэх газар байх Ш гэх айлд очиж золгох гээд очтол гэрт нь хүн байгаагүй ба хаалгаар нь шагайсан эзэнгүй байхаар нь хаалгыг нь хаачихсан. Ш хажуу талд нь Н байдаг ба нэг хотонд байдаг юм. Тэгээд Н-н гэрийн гадаа очиход бол гэрийн цоож нь хаалганыхаа түгжсэн хэсгээс цоожны даруулга нь хажуу тал руугаа мултарчихсан байхаар нь татаад үзтэл онгойсон. Тэгэхээр нь гэрт нь opсон ба хүн байгаагүй. Баруун талын цоохор авдар нь цоожгүй онгорхой байхаар нь тагийг нь авч онгойлгоод хартал мөнгөн хазаар эмээл байхаар нь мөнгөн хазаарыг нь аваад өвөртөө хийгээд гэрээс гарсан. Тэгтэл Наранхүүгийн ах Батсайхан ах хүрээд ирэхээр нь Н-нх эзгүй байна гэж хэлээд цаашаагаа Б ахтай хамт Т гэж айл руу явсан. Уг айлд очоод бид хоёр хоёр тийшээгээ салсан. Би гэртээ ирээд Н-н гэрээс авсан мөнгөн хазаараа гялгар уутанд хийгээд амбаартаа нуучихсан юм. Тэгээд үүнээс хойш 2018 оны 02 дугаар сарын 28-ны орчим байх сумын хэсгийн төлөөлөгч Даваадэмбэрэлд баригдсан байгаа. ...Би эхэндээ бол Н-д очиж цагаан cap болж байсан учраас золгох санаатай байсан. Тэгээд яваад очтол гэр нь цоожтой харагдсан боловч цоожны даруулга нь гүйцэд дараагүй байсан. Намайг татаад үзтэл онгойсон, тэгээд гэрт орсон чинь хүн байхгүй байхаар нь авдарнаас нь архи байвал аваад уучихъя гэж бодоод онгойлгосон байгаа. Тэгсэн мөнгөн хазаар нь эмээлтэйгээ байж байхаар нь хазаарыг нь авчихсан юм. Надад ямар нэгэн санаа бодол бол байгаагүй. Гэнэт авмаар санагдаад авчихсан юм. ... Энэ гэмт хэргийг би ганцаараа үйлдсэн, өөр ямар нэгэн хүн хамтарч үйлдээгүй. ...Би өөрийнхөө эзэмшлийн улаан өнгийн улсын дугааргүй “Даюун” маркийн мотоцикльтой Н-н гэрт очсон. Тэндээсээ хазаараа аваад өөрийнхөө мотоциклийг унаад замдаа нэг айлаар орчихоод гэртээ харьсан. ...Надад өөр ямар нэгэн үйлдсэн гэмт хэрэг бол байхгүй. ...Би хохирлыг нь барагдуулчихсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-43 хуудас/,

Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ий 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн №05/11 дугаартай: “...П.Н-н хулгайд алдсан мөнгөн хазаарын өнөөгийн зах зээлийн үнийг 1200000 төгрөгөөр тогтоосон.” гэх үнэлгээний тайлан /хх-18-19/,

Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ий 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн №05/11 дугаартай: “...Б.Даваанямын эзэшмлийн улсын дугааргүй, улбар шар өнгийн “Мустанг-5” маркийн мотоциклийн өнөөгийн зах зээлийн үнийг 250000 төгрөгөөр тогтоосон.” үнэлгээний тайлан /хх-65-66/,

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2/,

Мөнгөн хазаарыг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, хураан авсан тэмдэглэл /хх-51-52/,

Улсын дугааргүй, улбар шар өнгийн “Мустанг-5” маркийн мотоциклийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, хураан авсан тэмдэглэл /хх-55-56/,

Шүүгдэгч Б.Д-н хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн ******* сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-46/, иргэний цахим үнэмлэхийн хуулбар /хх-47/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-48/ зэрэг болно.

Шүүгдэгч Б.Д нь 2018 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын оршин суух иргэн П.Н-н гэрт хууль бусаар нэвтэрч 5 товруутай, 4 савхтай, 93 шахуургатай, төмөр зуузай, амгайтай, 20 дугаар зууны дунд үеийн монгол дархны хийцтэй мөнгөн хазаар 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч П.Н /хх-6-7/, гэрч П.Б /хх-11-12/, гэрч П.Н /хх-13-14/, гэрч Ц.Т /хх-57-58/ нарын мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ий 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн №05/11 дугаартай үнэлгээний тайлан /хх-18-19/, гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2/, мөнгөн хазаарыг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, хураан авсан тэмдэглэл /хх-51-52/,  улсын дугааргүй, улбар шар өнгийн “Мустанг-5” маркийн мотоциклийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, хураан авсан тэмдэглэл /хх-55-56/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д-н үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтанд хэргийн талаар нотолвол зохих байдлыг шалгаж тогтоосон, хэргийн бүрдэл хангагдсан байна гэж үзлээ.

Шүүгдэгч ******* овогт Б.Д-г хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар, нууцаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан бөгөөд прокуророос уг хүсэлтийг хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүгдэгч Б.Д нь хохирогчид 200000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч Б.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар хорих ялыг хөнгөрүүлж 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Б.Д-н Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болон шүүгдэгч Б.Д-н гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж ял шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч Б.Д-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Шүүгдэгч Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 200000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 5 товруутай, 4 савхтай, 93 шахуургатай, төмөр зуузай, амгайтай, 20 дугаар зууны дунд үеийн монгол дархны хийцтэй мөнгөн хазаар 1 ширхгийг хохирогч П.Н-д,  шүүгдэгч Б.Д-н эзэмшлийн улсын дугааргүй, улбар шар өнгийн “Мустанг-5” маркийн мотоциклийг шүүгдэгч Б.Д-д тус тус буцаан олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж,

Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж, давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Д-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4, 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт Б.Д хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан  Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч ******* овогт Б. Д-г 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-д оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 200000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

5. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 5 товруутай, 4 савхтай, 93 шахуургатай, төмөр зуузай, амгайтай, 20 дугаар зууны дунд үеийн монгол дархны хийцтэй мөнгөн хазаар 1 ширхгийг хохирогч П.Н-д, улсын дугааргүй, улбар шар өнгийн “Мустанг-5” маркийн мотоциклийг шүүгдэгч Б.Д-д тус тус буцаан олгосугай.

6. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

7. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

8. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Д-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.