Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2026/0471

 

 

 

 

 

2026 05 13 128/ШШ2026/0471

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Одонтуяа даргалж, шүүгч С.Ганбат, шүүгч Х.Нямдэлгэр нарын бүрэлдэхүүнтэй, иргэдийн төлөөлөгч Н.А******* оролцуулан тус шүүхийн 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Э******* ХХК /РД:*******/

Хариуцагч: Хот байгуулалт, хотын стандартын газар

Маргааны төрөл: Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийн гэрчилгээ олгох хүсэлтийг шийдвэрлэсэн эсэх талаархи маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Иргэдийн төлөөлөгч Н.А*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А, Д.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Да, Н.А*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч Э******* ХХК-аас анх Хот байгуулалт, хотын стандартын газраас энгийн зөвшөөрөл олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгож, гэрчилгээгээр баталгаажуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь Э******* ХХК-ийн 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, шаардагдах захиргааны акт гаргахыг буюу хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгуулах-аар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан тул тус нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэв.

 

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Э******* ХХК-ийн захирал С.Н*******д Нийслэлийн засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/145 дугаартай захирамжаар С дүүрэг, 1 дүгээр хороо, Э өргөн чөлөө-1, хаягт байрлах, нэгж талбарын дугаар бүхий 4020 м.кв газрыг Үйлчилгээний орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрхийг олгож, эрхийн улсын бүртгэлийн Э- дугаарт бүртгэгдэж дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг олгожээ.

 

2.2. Тус газар дээр 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр барилгын загвар зургийг тус тус батлуулсан байна.

2.3. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 109 дугаартай Техникийн тусгай нөхцөл батлах тухай тушаалаар Нийслэлийн С дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт төлөвлөж байгаа барилгын техникийн тусгай нөхцөлийг хавсралтаар баталсан, Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн 2024 оны 10 дугаар 24-ний дугаар техникийн нөхцөл, цахилгаан хангамжийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн дугаар техникийн нөхцөл, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн ******* дугаар техникийн нөхцөл, Ус сувгийн удирдах газрын 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн дугаар техникийн нөхцөл зэргийг баталжээ.

 

2.4. Онцгой байдлын ерөнхий газраас 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 0******* дугаартай Галын аюулгүй байдлын магадлал хийсэн тухай дүгнэлт, 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр ******* дугаартай Эрүүл мэндийн яамны Улсын байцаагчийн Зураг төсөлд эрүүл ахуйн хяналт хийсэн тухай дүгнэлт, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Барилгын хөгжлийн төвийн 2025 оны 07 дугаар сарын 23-ний өдрийн ******* дугаартай Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэл тус тус батлагдсан байна.

 

2.5. Нэхэмжлэгчээс Хот байгуулалт, хотын стандартын газарт хандан 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 01/2025-183 дугаартай албан бичгээр барилгын ажил эхлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл авах хүсэлт гаргаж, түүндээ Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т заасан баримт бичгүүдийг хавсаргаж өгсөн байх ба энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй.

 

2.6. Хариуцагчаас дээрх хүсэлтийг хүлээн авч хариуцсан мэргэжилтнээс зөвшөөрлийг нөхөн олгох боломжгүй, нэгэнт барилгаа бариад эхэлсэн байна гэх хариуг утсаар өгсөн бөгөөд нэхэмжлэгчээс уг амаар өгсөн хариуг эс зөвшөөрч 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 02/2025-139 дугаар албан бичгээр Нийслэлийн Засаг даргад гомдол гаргасан боловч Нийслэлийн Засаг даргаас мөн хариу өгөөгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Нэхэмжлэгч Э Констракшн ХХК-ийн захирал С.Н******* нь Нийслэлийн засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/145 дугаартай захирамжаар С дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө-1, хаягт байрлах нэгж талбарын дугаар бүхий 4020 м.кв газрыг Үйлчилгээний орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшиж, эрхийн улсын бүртгэлийн Э- дугаарт бүртгэгдэж дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан. Тус газар дээр Холимог ашиглалттай цогцолбор барилгын зориулалтаар 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавартай ба барилгын загвар зургийг Нийслэлийн ерөнхий архитектур болон Хот байгуулалт, Хотын стандартын газраас 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хянан баталсан байдаг. Түүнчлэн Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 109 дугаартай Техникийн тусгай нөхцөл батлах тухай тушаалаар Нийслэлийн С дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт төлөвлөж байгаа барилгын техникийн тусгай нөхцөлийг хавсралтаар баталсан. Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.4-т барилгын ажлын зөвшөөрөл авахад шаардлагатай баримт бичиг болох барилга байгууламжийн магадлал хийгдсэн иж бүрэн зураг төсөл, магадлалын дүгнэлт нь Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Барилгын хөгжлийн төвийн 2025 оны 07 дугаар сарын 23-ний өдрийн ******* дугаартай Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэл-ээр тус тус батлагдсан.

Нэхэмжлэгч мпанийн зүгээс Барилгын тухай хууль болон Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэмд тус тус заасны дагуу барилгын ажлын зөвшөөрөл авахаар шаардлагатай бүхий л баримт бичгүүдийг хуулийн дагуу бүрдүүлэн Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг болох Хот байгуулалт, хотын стандартын газарт хандан 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 01/2025-183 дугаартай албан бичгээр хүсэлт гаргасан. Гэвч Хот байгуулалт, хотын стандартын газраас өнөөдрийг хүртэл барилгын ажлын зөвшөөрөл хүссэн өргөдөл, хүсэлтийг хянан шийдвэрлэхгүй, зөвшөөрөл олгохгүй байгаа нь Захиргааны ерөнхий хууль, Зөвшөөрлийн тухай хууль, Барилгын тухай хууль болон Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрмийг тус тус зөрчсөн хууль бус эс үйлдэхүй гэж үзэхээр байна. Тодруулбал, Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 Барилгын ажлын зөвшөөрөл авах хүсэлтэд дараахь баримт бичгийг хавсаргана гээд 28 дугаар зүйлийн 28.2.1-28.2.5-д заасан холбогдох үндсэн 5 баримт бичгийг дурдсан, мөн хуулийн 28.3-т Энэ хуулийн 28.2-т заасан баримт бичгээс гадна зураг төсөл боловсруулсан болон барилгын ажил гүйцэтгэх хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг, 28.4-т Барилгын ажлын зөвшөөрөл авах хүсэлтэд барилгын ажлын үе шатанд тавих хяналтыг хэрхэн хэрэгжүүлэх төлөвлөгөөг тус тус хавсаргана гэж заасан. Мөн Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.6-д Энэ хуулийн 27.1-д заасан байгууллага энэ хуулийн 28.2, 28.3, 28.4-т зааснаас бусад баримт бичиг шаардахыг хориглоно гэснээс үзвэл барилгын ажлын зөвшөөрөл олгох эрх бүхий төрийн байгууллага нь хуульд нэрлэн заасан баримтуудыг үндэслэн барилгын ажлын зөвшөөрөл олгохоор байна. Зөвшөөрлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд зөвшөөрөл хүссэн өргөдөл шийдвэрлэх талаар зохицуулсан бөгөөд тус зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-т энгийн зөвшөөрлийг ажлын таван өдрийн дотор эрх бүхий этгээдээс зөвшөөрөл хүсэгч хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангаж байгаа эсэхийг магадлан шалгаад, эрх бүхий этгээд магадлан шалгах ажиллагааг дууссанаас хойш ажлын таван өдөрт багтаан зөвшөөрөл олгох эсэх шийдвэр гаргах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл барилгын ажлын зөвшөөрөл олгох эрх бүхий төрийн байгууллага нь Барилгын тухай хуульд нэрлэн заасан баримтуудыг үндэслэн Зөвшөөрлийн тухай хуульд заасан хугацаанд барилгын ажлын зөвшөөрөл олгох үүрэгтэй ч Хот байгуулалт, хотын стандартын газраас тодорхой үндэслэлгүйгээр хуулийн хугацаанд зөвшөөрөл олгохгүй байгаа эс үйлдэхүй нь нэхэмжлэгч мпанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.

Нэхэмжлэгч мпанийн зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 93 дугаар зүйлийн 93.1, Зөвшөөрлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т тус тус заасны дагуу Нийслэлийн Засаг даргад хандан гомдол гаргасан боловч мөн хуулийн хугацаанд гомдлыг хянан шийдвэрлээгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно. Мөн Зөвшөөрлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 5.3.5-д Эрх бүхий этгээд хуульд заасан хугацаанд энгийн зөвшөөрөл хүссэн өргөдлийн хариуг өгөөгүй бол зөвшөөрөл олгосонд тооцно гэж заасан ба гомдол гаргагч мпанийн хүссэн барилгын ажлын зөвшөөрөл нь Зөвшөөрлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 8.2.3.3-т заасны дагуу энгийн зөвшөөрөл-д хамаарахаар байх тул хуулийн дээрх зохицуулалтаар зөвшөөрөл олгосонд тооцохоор байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасны дагуу Хот байгуулалт, хотын стандартын газраас энгийн зөвшөөрөл олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг олгож, гэрчилгээгээр баталгаажуулахыг даалгаж өгнө үү.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 02/2026-27 дугаар албан бичгээр тодруулахдаа: ...Э Констракшн ХХК-ийн нэхэмжлэлтэй Хот байгуулалт, хотын стандартын газар"-т холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ дараах байдлаар тодруулж байна. Нэхэмжлэгчээс тус шүүхэд анх Хот байгуулалт, хотын стандартын газраас энгийн зөвшөөрөл олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг олгож, гэрчилгээгээр баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үүнийг нэхэмжлэгчээс хариуцагчид гаргасан 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, нэхэмжлэгчийн 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр гаргасан хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах тухай гэж өөрчлөн тодруулж байна. Учир нь, нэхэмжлэгч мпанийн зүгээс Барилгын тухай хуульд заасны дагуу барилгын ажлын зөвшөөрөл авахаар шаардлагатай бүхий л баримт бичгүүдийг хуулийн дагуу бүрдүүлэн Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг болох Хот байгуулалт, хотын стандартын газарт хандан 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 01/2025-183 дугаартай албан бичгээр хүсэлт гаргасан. Гэвч хариуцагч Хот байгуулалт, хотын стандартын газраас өнөөдрийг хүртэл барилгын ажлын зөвшөөрөл хүссэн өргөдөл, хүсэлтийг хянан шийдвэрлэхгүй, зөвшөөрөл олгохгүй байгаа нь Захиргааны ерөнхий хууль, Зөвшөөрлийн тухай хууль, Барилгын тухай хуулийг тус тус зөрчсөн хууль бус эс үйлдэхүй гэж үзэхээр байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох гэж заасан тул Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар Нэхэмжлэгчийн 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, шаардагдах захиргааны акт гаргахыг буюу хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгуулах гэж өөрчлөн тодруулж байна... гэжээ.

 

3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ...Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.3, 41 дүгээр зүйлийн 41.16 гэсэн асуудал яригдаж байна. Дурдагдаж байгаа Барилгын тухай хуулийн холбогдох зохицуулалт нь барилгын ажлын зураг төсөлд тавигдах шаардлага байгаа. Хариуцагч захиргааны байгууллага зураг төслийг хууль тогтоомжид нийцсэн эсэхийг хянах эрхтэй субъект биш гэж бодож байна. Иймд дурдагдаж байгаа зохицуулалт нь маргааны тохиолдолд хамаарахгүй гэж үзэж байна. Хоёрдугаарт зөвшөөрөлгүй эхлүүлсэн гэх асуудал яригдаж байна. Нэхэмжлэгчийн зүгээс зөвшөөрөл авах хүсэлт гаргасан боловч шийдвэрлээгүй бөгөөд үүний улмаас ийм асуудал үүссэн байгаа. Хоёрдугаарт барилгын ажил эхэлсэн байсан талаар хүн болгон мэднэ гэсэн асуудал ярьж байна. Дурдагдаж байгаа асуудлаас сэргийлж хууль тогтоогчоос тодорхой тохиолдолд гэж заасан байгаа. Хариуцагч талаас манай байгууллагад шалгах эрх хэмжээ байхгүй гэж тайлбарлаж байна. Зөвшөөрлийн тухай хууль болон Барилгын тухай хуульд шаардлагатай бол тодруулга, мэдээлэл авч болно гэж заасан байдаг. Одоо амаар тайлбарч өгч байхын оронд тухайн үедээ баримтжуулаад явсан бол өнөөдрийн энэ асуудал үүсэхгүй байх боломжтой байсан. Шүүх нөхөж хийх гэхээс илүү тухайн үедээ хийгдэх ёстой ажил байсан гэж үзэж байна. Гуравдугаарт манай улсын өндөр барилга гэдэг утгаараа хяналтаа хэрэгжүүлээд ёстой. Энэ барилга нь Монгол Улсын анхны өндөр барилга болох гээд байна гэдэг агуулгаар ярьж байна. Манай зүгээс энэ асуудлыг ойлгож байгаа. Монгол Улсад анх удаа баригдах гэж байгаа өндөр хэмжээний барилга учир сая дурдсан тусгай нөхцөл гэдэг зүйлийг батлуулж байгаа. Мэргэжлийн экспертийн шинжээч нар барилгын ажилт сайн гэсэн бүх хүмээсээр ажлын зураг төслөө шалгуулаад бичиг цаасны ажлаа 2-3 жилийн хугацаанд хөөцөлдөөд эцсийн байдлаар дуусгаад захиргааны байгууллагад хүлээлгэж өгч байгаа. Хяналт шалгалтын газрын чиг үүрэг нь шинэчлээд батлагдсан техникийн нөхцөл, тусгай нөхцөл, ажлын зураг гэх бүх баримт бичиг хүсэлтийг нь хараад баримт бичгийн шаардлага хангасан байвал барилгын ажлаа бүртгээд системд оруулаад барилгажилтын мэдээлэлд оруулаад явдаг чиг үүрэгтэй гэж харагдаж байгаа. Өндөр барилга учир сэрэмжилж байсан гэдэг дээр манай зүгээс ийм тайлбартай байна. Шаардлагатай бүх зүйлсээ бусад байгууллагуудаар хангуулаад зөвшөөрүүлсэн байгаа. Амаар мэдэгдсэн гэх асуудалд төрийн байгууллага ачаалал ихтэй тул орхигдсон байх гэдэг асуудал яригдаж байна. Нэгдүгээрт хариуцагч талын дурдаж байгаа Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд хэрэв амаар мэдэгдсэн тохиолдолд бүртгэл тэмдэглэнэ гэсэн зохицуулалт байгаа. Хоёрдугаарт Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль гэхээс илүүтэй тусгайлсан Зөвшөөрлийн тухай хуулиар хариу өгөх ёстой. Зөвшөөрлийн тухай хуульд амаар болон цахимаар хариу өгөх бөгөөд үүнийгээ баталгаажуулж авна гэдэг байдлаар захиргааны байгууллагын чиг үүргийг хуульчилсан байгаа учир ачаалалтай ихтэй байсан учир хариу өгөөгүй гэх тайлбар нь төрийн байгууллагын хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Хүсэлтийг хууль, журмын дагуу гаргасан. Баримт бичгийн бүрдлийн шаардлага дээр хариуцагч талаас маргаан байхгүй. Харин хариу өгөөгүй гэдэг дээр маргаантай байгаа бөгөөд үүнийгээ хүлээн зөвшөөрсөн байгаа. Амаар тайлбар өгсөн гэдэг боловч Зөвшөөрлийн тухай хууль, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль болон Барилгын тухай хуулиар үгүйсгэгдэж байгаа бөгөөд заавал бичгээр тайлбар өгөх нөхцөл байдал байгаа учир нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжтой гэж үзэж байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

Хариуцагч талаас хариу тайлбарын хувьд логикийн хувьд зөрөөтэй тайлбар өгч байгааг анхаарч үзнэ үү. Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 37 дугаар зүйлийг зөрчсөн гэж тайлбарлаж байгаа боловч бичиг баримтыг бүрдэлтэй маргахгүй. Бичиг баримт нь бүрэн байсан гэх тайлбар өгч байгааг шүүх харгалзан үзнэ үү. Хоёр дахь асуудал нь 40 дүгээр зүйлийн 40.1.16-д заасантай холбоотой тайлбар хэлье. Барилгын тухай хуульд заасны дагуу Зөвшөөрлийн тухай хуулийг хэрэглэсэн байдаг. Зөвшөөрлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.5-т эрх бүхий этгээд хуульд заасан хугацаанд энгийн зөвшөөрөл хүссэн өргөдлийн хариуг өгөөгүй бол зөвшөөрөл олгосонд тооцно гэж заасан байдаг. 07 дугаар сарын 30-ны өдөр зохих журмын дагуу өргөдөл өгсөн. Өргөдөлд хавсаргасан материал хуульд заасан шаардлагыг хангасан эсэхэд хэн ч маргахгүй байгаа. Хамгийн гол асуудал нь шийдээгүй асуудал байгаа. Шийдвэрлэж гэрчилгээжүүлэх ажиллагаа хийгээгүй. Хуульд 10 хоногийн дотор хариу өгөөгүй бол зөвшөөрөл олгосонд тооцно гэж заасан байдаг. Иймд хуульд заасны дагуу барилгын ажлын зөвшөөрөл өгсөн гэж үзээд барилгын ажлаа эхлүүлсэн нь буруу биш гэж үзэж байна. Төрийн байгууллага түргэн шуурхай шийдвэрлэх чиг үүрэгтэй бөгөөд энэ чиг үүргээ хэрэгжүүлээгүй байна. Энэ байгууллага зүгээр ашиг, орлого олж байгаа биш бөгөөд Монгол Улсын аялал жуулчлалын салбарт маш том хөрөнгө оруулж байгаа. Мөн гадаад улсын маш олон байгууллагатай хамтын ажиллагааны гэрээтэй. Энэ бол 2022 оноос зураг төсөл хийх зөвшөөрөл авах ажиллагаа хийгдсэн. Энэ асуудалд хэдэн тэрбум, долларын асуудал яригдаж байгаа. Маш их хэмжээний зардал гаргаж байгаа нь тодорхой байгаа. Бид энэ зөрчлийг гаргахгүйн тулд бүх боломжит хувилбаруудыг хэрэгжүүлж эхэлсэн. Бид нар гэрчилгээжүүлэх асуудал хүсэж байгаа учир зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэдэг байдлаар захиргааны шүүхэд хандсан байгаа. Шийдвэрлэх эсэх асуудал нь хуульд заасны дагуу төрийн байгууллага эрхийн асуудал. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

Барилгын зөвшөөрөл олгох гэхээс илүү шийдвэрлэх үүргээ хэрэгжүүлсэн эсэх талаар маргаан байгаа. Өөрөөр хэлбэл зөвшөөрөл олгох эсэх бус шийдвэр гаргасан эсэх. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйл, 59 дүгээр зүйл, 26 дугаар зүйлийн 26.1 болон Зөвшөөрлийн тухай хуулийн дагуу зөвшөөрөл хүссэн өргөдлийг хуульд заасан хугацаанд шийдвэрлэх үүрэгтэй гэж заасан байдаг. Энэ асуудалд хэд хэдэн зүйл анзаарагддаг. Төрийн байгууллагын эрх бүхий этгээдүүд хүнд сурталгүй байх ёстой. Ямар нэг байдлаар чөлөөлье гэдэг асуудал яригддаг. Гэтэл бодит байдал дээр аж ахуй нэгж дээр хүнд суртлын асуудал байдаг. Бид нар ном журмын дагуу явж байгаа бөгөөд хариуцагч талаас хүлээн зөвшөөрч байгаа. Өндөр барилгыг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын хүлээн зөвшөөрсөн байдаг. Бүх бичиг баримтууд ном, журмын дагуу бүрдсэн. Энэ дээр ямар нэгэн маргаан байхгүй. Давах дээр 2 бичиг дутуу өгсөн алдаа гарсан. Бодит байдал дээр нэхэмжлэгч байгууллагын зүгээс хариуцагч байгууллагад бүх бичиг баримтуудыг өгсөн байдаг. Зөвшөөрлийн тухай хууль зөрчсөн хугацаанд шийдвэрлээгүй. Хэрэв хүсэлт гарсан, шийдвэр гараагүй, акт байхгүй нь захиргааны хууль бус эс үйлдэхүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл хариуцагчийн хариу тайлбар дээр барилгын ажил эхэлсний дараа зөвшөөрөл хүссэн гэх тайлбар байдаг. Бодит байдал дээр барилгын ажил эхэлсэн эсэх нь шийдвэр гаргах үүргийг үгүйсгэх хууль зүйн үндэслэл биш. Олгох боломжгүй гэх тайлбар нь захиргааны акт биш бөгөөд шүүхэд гаргасан байр суурь гэж үзэж байна. Иймд тайлбарыг зөвшөөрвөл захиргааны байгууллага ямар ч үед шийдвэр гаргаагүй байж дараа нь тайлбар өгөх боломж бүрдэнэ гэх асуудал тавьж байгаа. Шийдвэр гаргах үүргээ хэрэгжүүлээгүй, захиргааны акт гаргаагүй, хуулийн шаардлага биелүүлээгүй хариуцагчийн эх үйлдэхүй нь хууль бус юм. Дэлхийд 6 дугаар байранд орох барилгын мпани Монгол Улсад орж ирсэн байгаа. Сард 30 давхар баригддаг лего маягийн стандарт хангасан өндөр хөрөнгө оруулалтай зүйл орж ирсэн байгаа. Энэ асуудалд төрийн байгууллагын зүгээс хүнд суртал гаргахгүйгээр шийдэх ёстой байсан гэж үзэж байна. Хариуцагчийн шийдвэр гаргаагүй байдал нь хууль бус байсан болохыг тогтоох, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хариуцагч байгууллагад хүсэлтийг хуульд нийцүүлэн шийдвэрлэхийг даалгах шийдвэр гаргаж өгнө үү... гэв.

3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А*******, Н.Да нар шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ...Э******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хот байгуулалт, хотын стандартын газарт холбогдох захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Э******* ХХК нь холбогдох эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр барилгын угсралтын ажил гүйцэтгэж Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх эрх бүхий байгууллагаас олгосон газрын зөвшөөрөл, зургийн даалгавар, норм, нормативын баримт бичиг, стандарт, технологийн даалгавар, тоног төхөөрөмжийн паспорт, техникийн нөхцөл, инженер хайгуулын судалгаанд үндэслэн боловсруулагдсан байх, 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх барилга байгууламжийн баримт бичгийг холбогдох хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийн шаардлагын дагуу бүрдүүлэх, 37.1.3 дахь барилга байгууламжийн техникийн нөхцөл, зураг төсөл боловсруулах, барилгын ажлын зөвшөөрлийг энэ хуулийн 22, 23, 26 дугаар зүйлд заасны дагуу авч, түүнд заасан нөхцөлийг биелүүлэх, 40 дүгээр зүйлийн 40.1.16 дахь барилгын ажлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэхгүй байх заалтууд, Засгийн газрын 2021 оны 213 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм-ийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт зааснаас бусад тохиолдолд Барилгын ажлын зөвшөөрөл олгогдоогүй барилга байгууламжид зөвшөөрлийг нөхөж олгохыг хориглоно. хэсгийг тус тус зөрчин холбогдох зөвшөөрөлгүйгээр барилга угсралтын үйл ажиллагаа явуулсан болно. Барилгын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1. " Энэ хуулийн 10.1.2, 10.1.3, 10.1.4, 10.1.5 дах заалтад заасан ангилалд хамаарах барилга байгууламжид дараах төрлөөр барих, 27 дугаар зүйл Барилгын ажлын зөвшөөрөл үйл ажиллагаа 27.2 Барилгын ажлын зөвшөөрлийг энэ хуулийн 28.2 дахь хэсэгт заасан баримт бичгийг үндэслэн Зөвшөөрлийн хуульд заасан хугацаагаар олгоно, 28 дугаар зүйл Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгох бөгөөд энэ хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасны дагуу барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээгээр баталгаажуулна. гэж тус тус заажээ. Хуулийн дээрх заалтаас үзвэл, барилга байгууламжийг шинээр барихаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг авахаар бол барилга барих гэж байгаа хуулийн этгээд нь барилгаа барьж эхлэхээс өмнө Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт заасан баримт бичгийг бүрдүүлэн хүсэлтээ гаргахаар байх бөгөөд зөвшөөрлийг олгох эрх бүхий албан тушаалтан зөвшөөрлийг олгох боломжтой гэж үзвэл Зөвшөөрлийн тухай хуульд заасан хугацаагаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгохоор байна.

Дээрх нөхцөл байдлыг дүгнэн Барилгын тухай хууль болон Зөвшөөрлийн тухай хуульд барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг барилга, байгууламж баригдсаны дараа нөхөн олгох зохицуулалт байхгүй талаар Э******* ХХК-ийн төлөөлөлд Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэг Өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн, эсхүл энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан арга хэмжээ авсан тохиолдолд энэ тухай хариуг биечлэн амаар буюу харилцах утсаар, эсхүл бичгийн зэрэг тохиромжтой хэлбэрээр мэдэгдэнэ-т зааснаар биечлэн мэдэгдсэн ба албан бичгээр хариу авах шаардлагагүй гэсэн байх тул албан бичиг төлөвлөж өгөөгүй байна. Иймд маргаан бүхий асуудлаар нэхэмжлэгчид барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг нөхөн олгох зохицуулалт байхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

 

3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А******* нэхэмжлэгчийн тодруулсан шаардлагад гаргасан тайлбартаа: ...Э******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хот байгуулалт, хотын стандартын газарт холбогдох захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэхэмжлэлийн тодруулсан шаардлагад дараах тайлбарыг гаргаж байна. Э******* ХХК нь холбогдох эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр барилгын угсралтын ажил гүйцэтгэж Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх эрх бүхий байгууллагаас олгосон газрын зөвшөөрөл, зургийн даалгавар, норм, нормативын баримт бичиг, стандарт, технологийн даалгавар, тоног төхөөрөмжийн паспорт, техникийн нөхцөл, инженер хайгуулын судалгаанд үндэслэн боловсруулагдсан байх, 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх барилга байгууламжийн баримт бичгийг холбогдох хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийн шаардлагын дагуу бүрдүүлэх, 37.1.3 дахь барилга байгууламжийн техникийн нөхцөл, зураг төсөл боловсруулах, барилгын ажлын зөвшөөрлийг энэ хуулийн 22, 23, 26 дугаар зүйлд заасны дагуу авч, түүнд заасан нөхцөлийг биелүүлэх, 40 дүгээр зүйлийн 40.1.16 дахь барилгын ажлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэхгүй байх заалтууд, Засгийн газрын 2021 оны 213 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм-ийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт зааснаас бусад тохиолдолд Барилгын ажлын зөвшөөрөл олгогдоогүй барилга байгууламжид зөвшөөрлийг нөхөж олгохыг хориглоно. хэсгийг тус тус зөрчин холбогдох зөвшөөрөлгүйгээр барилга угсралтын үйл ажиллагаа явуулсан тул Барилгын ажлын зөвшөөрлийг нөхөн олгох боломжгүй тухай хариу тайлбарыг өмнөх шүүх хуралдаанд гаргасан. Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ авах хүсэлтийг нэхэмжлэгч 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 01/2025-183 дугаар албан бичгээр тус байгууллагад гаргасан байна. Хүсэлтийн бүрдүүлбэрт нийт 91 хуудас баримтыг ирүүлсэн байна. Ирүүлсэн баримтыг судлан үзээд барилга байгууламжийг шинээр барихаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг авахаар бол барилга барих гэж байгаа хуулийн этгээд нь барилгаа барьж эхлэхээс өмнө Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт заасан баримт бичгийг бүрдүүлэн хүсэлтээ гаргахаар байх бөгөөд зөвшөөрлийг олгох эрх бүхий албан тушаалтан зөвшөөрлийг олгох боломжтой гэж үзвэл Зөвшөөрлийн тухай хуульд заасан хугацаагаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгохоор хуульд тусгасан ба барилгын ажил эхлүүлснээс хойш хүсэлт гаргасан гэж үзэж татгалзсан.

Дээрх нөхцөл байдлыг дүгнэн Барилгын тухай хууль болон Зөвшөөрлийн тухай хуульд барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг барилга, байгууламж баригдсаны дараа нөхөн олгох зохицуулалт байхгүй талаар Э******* ХХК-ийн төлөөлөлд Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэг Өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн, эсхүл энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан арга хэмжээ авсан тохиолдолд энэ тухай хариуг биечлэн амаар буюу харилцах утсаар, эсхүл бичгийн зэрэг тохиромжтой хэлбэрээр мэдэгдэнэ-т зааснаар биечлэн мэдэгдсэн ба хариуцсан албан тушаалтан татгалзсан хариу өгсөн тухай тэмдэглэл үйлдээгүй байна. Иймд маргаан бүхий асуудлаар нэхэмжлэгчид барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг нөхөн олгох зохицуулалт байхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

 

3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А*******, Н.Да нар шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ...2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр болон 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдрүүдэд бичгээр гаргасан тайлбараа дэмжиж оролцож байна. Хөрөнгө оруулалтыг Хот байгуулалт, хотын стандартын газар, нийслэл бол бүтээн байгуулалтыг ажлыг нэгдүгээрт тавьж дэмжиж ирсэн. Уг үнэтэй барилгыг дэмжиж байгаа. Барилгын суурийн ажил хэдэн жил хийгддэг эсэхийг барилга барьж байгаа хүмүүсээсээ тодруулж асууна уу... гэв.

 

3.5. Шүүх иргэдийн төлөөлөгч Н.А******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ ...хариуцагч тал амаар хариу өгөхдөө бичиг баримт үйлдэж баталгаажуулж, баримтжуулж байх ёстой юм байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулсан нотлох баримт, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл болон нэхэмжлэгч, хариуцагч талын бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэгт дүгнэлт өгч дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

1.1. Нэхэмжлэгч Э******* ХХК-аас анх хариуцагч Хот байгуулалт, хотын стандартын газарт холбогдуулан Энгийн зөвшөөрөл олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгож, гэрчилгээгээр баталгаажуулахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, шаардагдах захиргааны акт гаргахыг буюу хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгуулах гэж эцсийн байдлаар тодорхойлсон.

 

1.2. Нэхэмжлэгчээс дээрх шаардлагын үндэслэлээ ...манай мпанийн зүгээс хуульд заасны дагуу барилгын ажлын зөвшөөрөл авахаар шаардлагатай бүхий л баримт бичгүүдийг бүрдүүлэн хүсэлтээ гаргасан, гэвч өнөөдрийг хүртэл хүсэлтийг хянан шийдвэрлэхгүй, зөвшөөрөл олгохгүй эс үйлдэхгүй гаргасан, энэ нь холбогдох хуулийг зөрчсөн хууль бус үйлдэл гэж, харин хариуцагчаас татгалзаж буй үндэслэлээ ...барилга барих гэж байгаа хуулийн этгээд нь барилгаа барьж эхлэхээс өмнө Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт заасан баримт бичгийг бүрдүүлэн хүсэлтээ гаргахаар байх бөгөөд зөвшөөрлийг олгох эрх бүхий албан тушаалтан зөвшөөрлийг олгох боломжтой гэж үзвэл Зөвшөөрлийн тухай хуульд заасан хугацаагааp барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгодог, нэхэмжлэгч нь барилгын ажлаа эхлүүлсний дараа хүсэлт гаргасан тул барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг барилга, байгууламж баригдсаны дараа нөхөн олгох зохицуулалт байхгүй талаар биечлэн мэдэгдсэн гэж тус тус тайлбарлан маргасан.

 

1.3. Нэхэмжлэгч Э******* ХХК-аас 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 01/2025-183 дугаартай албан бичгээр ...барилгын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг олгож өгнө үү гэх агуулга бүхий хүсэлтийг хариуцагч захиргааны байгууллагад гаргасан байх бөгөөд Хот байгуулалт, хотын стандартын газар хүсэлтийг 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, Ирсэн бичгийн бүртгэлийн дэвтэр-ийн 82 дугаарт бүртгэж, 08 дугаар сарын 04-ний өдөр харьяа нэгжид шилжүүлсэн болох нь шүүхийн үзлэгээр тогтоогдсон.

 

1.4. Хэргийн оролцогч хэн аль нь уг хүсэлтэд хавсаргасан баримтууд нь хуульд заасан баримт бичгийн бүрдлийг бүрэн хангасан эсэх талаар маргаагүй тул шүүх хариуцагч захиргааны байгууллага, нэхэмжлэгчийн гаргасан барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгох хүсэлтэд хариу өгөөгүй эс үйлдэхүй гаргасан эсэхэд дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэв.

 

2. Шүүхээс маргааны үйл баримтад хийсэн дүгнэлтийн тухайд:

 

2.1. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд, нийслэлийн Засаг даргаас 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Эрх шилжүүлэх тухай А/961 дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн хүсэлтэд дурдсан энгийн зөвшөөрөл олгох эрхийг Хот байгуулалт, хотын стандартын газарт бүхэлд нь шилжүүлсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

 

2.2. Барилгын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Энэ хуулийн 10.1.2, 10.1.3, 10.1.4, 10.1.5-д заасан ангилалд хамаарах барилга байгууламжид дараахь төрлөөр барилгын ажлын зөвшөөрөл олгоно, 26.1.1-д барилга байгууламжийг шинээр барих, 28 дугаар зүйлийн 28.1-д Барилгын ажлын зөвшөөрлийг хуулийн этгээдэд олгох бөгөөд энэ хуулийн 27.1-д заасны дагуу барилгын ажлын зөвшөөрлийг гэрчилгээгээр баталгаажуулна, 28.5-д Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах хүсэлт гаргасан этгээдийн хүсэлтэд хавсаргасан энэ хуулийн 28.2-т заасан баримт бичгийг хянан шийдвэрлэж, Зөвшөөрлийн тухай хуульд заасан хугацаагаар зөвшөөрөл олгоно гэж, Зөвшөөрлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 5-д Зөвшөөрөл хүсэгч хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангаж байгаа эсэхийг эрх бүхий этгээд дараах хугацаанд магадлан шалгана, 5.2-т энгийн зөвшөөрлийг ажлын таван өдрийн дотор, 7-д Магадлан шалгах ажиллагаанд төрийн болон мэргэжлийн байгууллагаас дүгнэлт, тодорхойлолт гаргуулах шаардлагатай бол энэ зүйлийн 5-д заасан хугацааг нэг удаа ажлын таван өдрөөр сунгаж болно, мөн зүйлийн 8-д Эрх бүхий этгээд магадлан шалгах ажиллагааг дууссанаас хойш ажлын таван өдөрт багтаан зөвшөөрөл олгох эсэх шийдвэр гаргана, 8.2 дугаар зүйлийн 3-т Барилга, хот байгуулалтын чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг энгийн зөвшөөрөлтэйгөөр эрхлэх бөгөөд дараах этгээд олгоно, 3.3-т Энгийн зөвшөөрөл-барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх, Энгийн зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд-Тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга гэж тус тус хуульчилжээ.

 

2.3. Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзвэл, захиргааны байгууллага нэхэмжлэгч хуулийн этгээдийн хүсэлтэд хавсаргасан бичиг баримтууд нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг ажлын 5 өдрийн дотор магадлан шалгах ба шаардлагатай тохиолдолд нэг удаа ажлын таван өдрөөр сунгаж, ийнхүү магадлан шалгах ажиллагааг дууссанаас хойш ажлын таван өдөрт багтаан зөвшөөрөл олгох эсэх талаар зохих шийдвэрийг гаргахыг тодорхой зохицуулсан байна.

 

2.4. Маргаан бүхий үйл баримтын талаар хариуцагчаас Барилгын тухай хуульд барилгын ажил гүйцэтгэгч нь барилгын ажлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэхгүй байх чиг үүргийг хэрэгжүүлнэ, мөн Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрмийн 7 дугаар зүйлийн 7.1-д барилгын ажлын зөвшөөрөл зохих ёсоор олгогдоогүй барилга байгууламжийн барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэхийг хориглоно, 7.2-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт зааснаас бусад тохиолдолд Барилгын ажлын зөвшөөрөл олгогдоогүй барилга байгууламжид зөвшөөрлийг нөхөж олгохыг хориглоно гэж тус тус зааснаар нэхэмжлэгч Э******* ХХК-д барилгын ажлын зөвшөөрөл олгохоос татгалзсан хэмээн тайлбарлах боловч үүнийгээ бичгээр гаргаж, баталгаажуулсан аливаа шийдвэр байхгүйгээс гадна энэ талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсонгүй.

 

2.5. Зөвшөөрлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 9-д Эрх бүхий этгээд зөвшөөрөл олгохоос татгалзсан бол мэдэгдэлд татгалзсан үндэслэлийг тодорхой заана, 10-т Энэ зүйлийн 9-д заасан мэдэгдлийг мэдэгдэл гарснаас хойш ажлын хоёр өдрийн дотор зөвшөөрөл хүсэгчид бичгээр, эсхүл Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 18.2-т заасан систем, албаны цахим шуудангаар дамжуулан цахим хэлбэрээр хүргүүлнэ гэж, Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрмийн 5 дугаар зүйлийн 5.2-т Барилгын ажлын зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэрийг бичгээр гаргаж, хүсэлт гаргагчид хүргүүлнэ гэж тус тус зааснаар захиргааны байгууллага зөвшөөрөл олгохоос татгалзсан тохиолдолд үндэслэлийг тодорхой заасан шийдвэр, мэдэгдлийг бичгээр гаргаж нэхэмжлэгчид хүргүүлэх байжээ.

 

2.6. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч нарын тайлбар зэргээс үзэхэд, захиргааны байгууллагаас нэхэмжлэгч мпанид барилгын ажлын зөвшөөрөл олгохоос татгалзсан албан ёсны шийдвэр гараагүй болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын ...Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хариуг холбогдох этгээдэд биечлэн мэдэгдсэн ба албан бичгээр хариу авах шаардлагагүй гэсэн тул албан бичиг төлөвлөж өгөөгүй гэх тайлбараар тогтоогдож байна.

 

2.7. Үүнээс үзвэл, нэхэмжлэгч Э******* ХХК-ийн 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр гаргасан хүсэлтийг хариуцагч тогтоосон хугацаанд шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй гаргасан гэж үзэхээр байх бөгөөд энэ нь дээрх хуулиуд, Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм болоод Захиргааны ерөнхий хуульд заасан хуульд үндэслэх зарчмыг зөрчжээ.

 

2.8. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно гэж хуульчилсан.

 

2.9. Хуулийн дээрх зохицуулалт нь аливаа иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллагаас тодорхой шийдвэр гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд захиргааны байгууллагын хууль бус эс үйлдэхүй, эсвэл татгалзсан шийдвэр байхын зэрэгцээ түүний улмаас нэхэмжлэгчийн (шаардах эрхийн урьдчилсан нөхцөл хангагдсан байх) эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь бодит нөхцөл байдалд тогтоогдсон, мөн нэхэмжлэлээр шаардаж буй захиргааны актыг гаргах үндэслэл бүрдсэн байгаа (захиргааны байгууллагын бүрэн эрхэд хамаарах) асуудлыг шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах, шүүх эдгээр үндэслэл тогтоогдсон тохиолдолд энэ нэхэмжлэлийг хангаж, хариуцагчид тодорхой үйл ажиллагаа хийхийг үүрэг болгосон шийдвэр гаргахад хэрэглэгдэнэ.

 

2.10. Энэ тохиолдолд, захиргааны байгууллага нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн аваад хүсэлтэд хавсаргасан бичиг баримтууд хуулийн шаардлагад нийцэж байгаа эсэхийг ажлын 5 өдрийн дотор, шаардлагатай гэж үзвэл нэг удаа ажлын таван өдрөөр сунгах байдлаар нийтдээ 10 өдрийн дотор магадлан шалгах бөгөөд уг ажиллагааг дууссанаас хойш ажлын таван өдөрт багтаан зөвшөөрөл олгох эсэх талаар ямар нэгэн шийдвэрийг гаргах байтал хүсэлтийг эцэслэн шийдвэрлээгүй, хариу өгөөгүй байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан Хот байгуулалт, хотын стандартын газрын хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, холбогдох хууль, тогтоомж, журамд нийцүүлэн шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

2.11. Шүүх иргэдийн төлөөлөгч Н.А*******ы ...хариуцагч тал амаар хариу өгөхдөө бичиг баримт үйлдэж баталгаажуулж, баримтжуулж байх ёстой юм байна гэх дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзсэн болно.

 

2.12. Энэхүү шийдвэр нь хариуцагчаас Э******* ХХК-ийн дээрх хүсэлт, түүнд хавсаргасан баримтуудыг нягтлан шалгаж, холбогдох хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгохоос татгалзах эрхийг хязгаарлахгүй болохыг тэмдэглэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12 дахь заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5, Зөвшөөрлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй хариуцагч Хот байгуулалт, хотын стандартын газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Э******* ХХК-ийн 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 01/2025-183 дугаар албан бичгээр гаргасан хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгасугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОДОНТУЯА

 

ШҮҮГЧ С.ГАНБАТ

 

ШҮҮГЧ Х.НЯМДЭЛГЭР