Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2022/00728

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Ц-” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2022/00732 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Ц-” ХХК-ийн хариуцагч Д.Н-т холбогдуулан гаргасан гэрээний үүрэгт нийт 8,775,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ц, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: “Ц-” ХХК нь О--ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын хилийн чанад дахь төрийн өмчийн хөрөнгийг удирдах улсын үйлдвэрийн газартай байгуулсан 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 02/18-01 тоот, 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 02/18-02 тоот, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 02/18-03 тоот гэрээний үндсэн дээр Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /13343/, Ж.Лхагвасүрэнгийн гудамж, 2 дугаар байр, 5 давхар угсармал орон сууцыг эзэмших, түрээслүүлэх үйлчилгээ явуулах эрхийг олж авсан юм. Манай компани 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр иргэн Д.Н-тэй орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ байгуулан, түрээслэгч Д.Н-тэй нь дээрх орон сууцны 8 тоотын 4 өрөө байрыг 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл нэг сарын 650,000 төгрөгийн төлбөртэйгээр хөлслөн суусан. Гэрээ дуусахад үргэлжлүүлэн одоог болтол байранд сууж байна. Орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээний 2.3-т “түрээслэгч тал нь сар бүрийн 05-ны дотор түрээсийн төлбөр болох 650,000 төгрөгийг “Ц-” ХХК-ийн Хаан банкны дансанд шилжүүлнэ” гэж заасан боловч түрээслэгч Д.Н- нь гэрээний хугацаанд огт төлбөр төлөөгүй одоог болтол тус байранд оршин суусаар байна. Мөн гэрээний 4.4-т хэрэв түрээслэгч тал түрээсийн төлбөрөө цаг тухайд нь төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлнө гэж заасан бөгөөд Д.Н- нь 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл түрээсийн төлбөрийн хугацаа хэтэрсэн хоногуудын алдангийг төлөөгүй байна. Д.Н-ийн төлөөгүй төлбөр 2018 оны 04 дүгээр сарын 01-ээс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 5,850,000, алданги 2,925,000 төгрөг, нийт 8,775,000 төгрөг болсон. Бидний зүгээс түрээсийн төлбөрөө гэрээнд заасны дагуу төлж барагдуулахыг удаа дараа мэдэгдэж, шаардсан боловч шаардлагыг хүлээж аваагүй болно. Иймд орон сууцны түрээсийн хөлс төлбөрт Д.Н-ээс 5,850,000 төгрөг, алданги 2,925,000 төгрөг, нийт 8,775,000 төгрөгийг гаргуулж биднийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Миний бие 2017 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн, нөхөр 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 2 дугаар байрны 8 тоотод амьдарч эхэлсэн ба тэр үед тус байрны эзэмшигч болох “Э-” ХХК-тай манай нөхөр Д.А 2 жилийн хугацаатай орон сууц хөлслөх гэрээ байгуулан, амьдарч байтал 2018 оны 03 дугаар сарын сүүлчээс эхлэн нэхэмжлэгч нь гэрээнд гарын үсэг зур гэж зуруулсан. Тухайн үед “Э-” ХХК-тай байгуулсан гэрээ дуусгавар болж байгаа талаар хэлээгүй. Намайг бие өвдөж өвдөлтдөө ухаан санаа орон гаран, биеэ бүрэн хянах чадваргүй байхыг далимдуулж хууран мэхэлж, айлган сүрдүүлж, тулган шаардаж хийсэн гэрээ нь талуудын итгэлцэл, харилцан тохиролцоо, 2 талын хүсэл зоригийг хангаагүй хууль бус хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байна. Мөн дээрх үйл явдал болсон цагаас хойш нэхэмжлэгч “Ц-” ХХК нь бидний оршин сууж байгаа байранд удаа дараа нийтээр нь ус хааж, тог тасалж цахилгааны шитний болон подволын цоожнуудыг сольж түлхүүрүүдийг авч боож хааж хавчиж гадна хашааны хаалгыг гинжээр гинжпэх зэрэг олон олон хууль бус үйлдэл гаргаж зарим айлуудтай гэрээ хийсэн байсан. Уг байрыг эзэмшиж байсан гэх хугацаандаа бидэнд болон манай гэрт ус алдах, пар халахгүй хүйтэн байх, цахилгааны гэмтэл гарах, цонхноосоо өвөл хэтэрхий их салхи сийгэх зэрэг тулгамдсан асуудлуудад нэг ч удаа яаж байна гэж ирж үйлчилгээ үзүүлсэн удаа байгаагүй бид энэ байрандаа өөрсдийн зардлаар цонхнуудыг сольж, засвар хийж ая тухтай амьдрах нөхцөлөө өөрсдөө бүрдүүлэн амьдарч байхад нэг ч үйлчилгээ үзүүлээгүй хирнээ хууль бус, хүчин төгөлдөр бус гэрээгээр мөнгө нэхэж байгаа нь эсэргүүцэх бас нэгэн шалтгаан болж байна. Энэ хугацаанд манай байрны оршин суугчдын эрх ашгийг хамгаалах холбоонд сар бүр 35,000 төгрөг санал нэгтэйгээр өгч байрны гадна болон орцны цэвэрлэгээ, харуулын үйлчилгээ, гадна дотор засвар, дээврийн засвар, сантехникийн үйлчилгээ зэргийг шийдвэрлүүлэн амьдарч байна. Нэхэмжлэлийн арын нүүрэнд дурдсанаар бидний зүгээс түрээсийн төлбөрөө гэрээнд заасны дагуу төлж барагдуулахыг удаа дараа мэдэгдэж, шаардсан боловч шаардлагыг хүлээж аваагүй учир шүүхийн журмаар нэхэмжилж байна гэж бичсэн байгаа нь илт худал бөгөөд манайд нэг ч удаа ирж түрээсээ төл танайх гэрээтэй гэж хэлж байгаагүй ба бид 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр очиж уулзсанаас хойш тэр хүмүүстэй нэг ч удаа холбогдож байгаагүй байтал худлаа хэлж гүтгэн хүчээр шийдвэрлүүлэх гэсэн үйлдэл гэж үзэж байна. Иймд манай гэр бүл тус компанийн гаргасан нэхэмжлэлийн дагуу шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба мөнгө төлөх боломжгүй байгааг үүгээр илэрхийлж байна гэжээ.

3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, татгалзлын агуулга: “Ц-” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Хэргийн материалд авагдсан гэрээ нь хуульд заасны дагуу байгуулагдсан. О- нь тус орон сууцны өмчлөгч бөгөөд хариуцагчийн тайлбартаа дурдсан “Э-” ХХК-тай байгуулагдсан гэрээ цуцлагдсан. Энэ талаар оршин суугчдад мэдэгдэл хүргүүлж, “Ц-” ХХК-тай гэрээ байгуулсан тухай мэдэгдсэн. “Ц-” ХХК-ийг давхар түрээслэх эрхтэй компани гэдгийг нь оршин суугчдад мэдэгдсэн. Хариуцагч нь 2 дугаар байрны

оршин суугчдын эрх ашгийг хамгаалах холбоотой гэрээ байгуулах ямар нэгэн эрх байхгүй, уг холбоо нь гэрээ байгуулах эрх зүйн үндэслэлгүй. Хууль зөрчиж ямар нэгэн холбоо гэрээ байгуулаад орон сууцны эзэмшигч биш байж, гэрээ байгуулах эрхийг холбоонд олгоогүй. Хариуцагчийн хувьд хэнд ашиглалтын зардал, түрээсийн төлбөрөө төлөөд байгаа нь ойлгомжгүй, ямар ч эрх зүйн үндэслэлгүй юм. Тэр үед манай төлөөлөгчийн газар хангагч, ашиглалтын байгууллагатай гэрээ байгуулсан байсан. Манай зүгээс оршин суугчдын холбооны талаар нийлүүлэгч байгууллагад мэдэгдээд, оршин суугчдын холбоо, манай төлөөлөгчийн газар, оршин суугч нарын дунд гурван талт гэрээ байгуулах талаар асууж байсан. Манай зүгээс тухайн асуудалд зөвшөөрөл өгөхгүй гэсэн хариуг өгсөн. Хариуцагч Д.Н- нь түрээсийн төлбөрөө төлөхгүй өнөөдрийг хүртэл оршин сууж байгаа үйлдэл хууль бус гэж үзэж байгаа. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байна гэжээ.

4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Д.Н-ээс орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 8,775,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Ц-” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 155,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Н-ээс улсын тэмдэгтийн хураамж 155,350 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Ц-” ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

5.Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

5.а.Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороололд орших 2 дугаар байр нь бүхэлдээ О--ын өмч. Гэтэл “Ц-” ХХК нь хууль ёсны итгэмжлэлгүйгээр орон сууцыг иргэн надад хөлслүүлэх гэрээ байгуулах, хөлсийг нэхэн авах эрхгүй. Хавтаст хэрэгт О--аас “Ц-” ХХК-д олгосон хууль ёсны итгэмжлэл байхгүй.

5.б.Алс дорнодын бүс нутгийн төлөөлөгч Белозеров Василий Владимирович “Ц-” ХХК-ийн хооронд байгуулсан байршуулах талаар үйлчилгээ үзүүлэх гэрээнүүдийг үндэслэн “Ц-” ХХК нь иргэн Д.Н- надтай байгуулсан орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээний дагуу нэхэмжлэл гаргасан. Дээрх гэрээнүүд нь байршуулах үйлчилгээ үзүүлэх гэрээ гэсэн нэртэй боловч гэрээний зорилго, агуулга, гэрээ бодитоор хэрэгжсэн нөхцөлөөс үзэхэд Иргэний хуульд заасан түрээсийн гэрээний шинжийг бүрэн агуулж байна. Учир нь 2 дугаар байрыг бүхэлд нь “Ц-” ХХК орон сууцны зориулалтаар хөлсөлж амьдраагүй, харин ашиг олох зорилгоор үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн үйлчилгээ эрхлэх үйл ажиллагааны чиглэлийн хүрээнд бүхэлд нь түрээсэлж, түрээсийн төлбөрийг урьдчилан О--д төлсөн гэдэг. Нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэл гэж байгаа дээрх гэрээнүүд нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний шинжийг агуулж байгаа учир Иргэний хуулийн 318.3 дах хэсэгт заасны дагуу улсын бүртгэлд бүртгэгдсэн байж хүчин төгөлдөр болно. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан байршуулах үйлчилгээ үзүүлэх гэрээ уг гэрээнүүдийг улсын бүртгэлд бүртгүүлсэн тухай баримт байхгүй. Иймээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар байршуулах үйлчилгээ үзүүлэх гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл болох ба энэхүү хүчин төгөлдөр бус хэлцлийг үндэслэн байгуулсан орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д зааснаар мөн л хүчин

төгөлдөр бус хэлцэл болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

6.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Оросын холбооны улсын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын итгэмжлэлээр Монгол улсын төлөөлөгчийн газрын төлөөлөгчид гэрээ байгуулах эрхийг олгосон. Хэргийн 131 дүгээр талд итгэмжлэл авагдсан. Уг итгэмжлэлийн дагуу байршуулах үйлчилгээ үзүүлэх гэрээг “Ц-” ХХК-тай байгуулсан тус гэрээг Оросын Холбооны Улсын Москвад Оросын холбооны улсын хуулиар байгуулагдсан гэрээ байдаг. Энэ гэрээний агуулга нь Монгол Улсад байгаа хөрөнгө буюу 2 дугаар байрыг орон сууц хөлслөгчтэй гэрээ байгуулж мөнгийг татан төвлөрүүлдэг. Тэгээд ашиглалт буюу орчны тохижилт, нийтийн эзэмшлийн талбайтай холбоотой хэсгүүдийг нь хариуцан ажиллахаар гэрээ байгуулсан. Уг гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ юм. Гэрээний үндсэн дээр орон сууц хөлслөгчтэй гэрээ байгуулах эрх олж авсан. Энэ хоёр талын харилцаа бол хариуцагч Д.Н-т хамааралгүй, гуравдагч этгээд буюу Д.Н-ийн эрх ашгийг зөрчөөгүй. Мөн тус байр нь орон сууцны зориулалтаар үйл ажиллагаа явуулдаг, нийт 128 айл орон сууц хөлслөх амьдрах зориулалтаар бүх байр байдаг, нэг ширхэг ч аж ахуйн үйл ажиллагаа буюу худалдааны төв байранд байдаггүй. Энэ нь орон сууц өсөх гэрээг олж авч байгаа хэлцэл болохоос биш түрээсийн гэрээний харилцаа огт байхгүй. Иймээс хариуцагчийн гаргасан гомдол үндэслэлгүй гэж үзэж байна. Д.Н-тэй гэрээ байгуулж 2018 оныг дуустал орон сууц хөлслөх гэрээ байгуулах эрх олгосрны үндсэн дээр “Ц-” ХХК тухайн онд харгалзах 9 сарын төлбөрийг нэхэмжилсэн. 2017 оноос хойш өнөөдрийг хүртэл Д.Н- нь тус байранд ямар ч мөнгө, төгрөг төлөхгүйгээр оршин сууж байгаа. Тэрээр төлөөлөгчийг эсэргүүцдэг, мөн Оросын холбооны улсад очоод хөлс хаана төлөх талаар огт хандаж байгаагүй. Өмчлөгч болон эзэмшигчийн эрхийг санаатайгаар зөрчсөн. Орон сууц хөлслөх гэрээ заавал бичгээр байгуулах шаардлагатай гэрээ бол биш боловч гэрээ нь бичгээр байгуулагдсан. Д.Н- тухайн орон сууцанд бодитой амьдарч байгаа тодорхой үгүйсгэхгүй. Тийм учраас давж заалдах гомдол үндэслэлгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан хэлэлцээд түүний гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

2.Нэхэмжлэгч “Ц-” ХХК нь хариуцагч Д.Н-т холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний үүрэгт нийт 8,775,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2.а.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “манай компани нь О--ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын хилийн чанад дахь өмчийг удирдах үйлдвэрийн газартай байгуулсан гэрээний дагуу О--ын өмчлөлийн орон сууцыг эзэмших, бусдад түрээслүүлэх эрхтэй болсон, хариуцагч Д.Н- нь манай компанийн өмнө гэрээгээр хүлээсэн орон сууцны хөлс төлөх үүргээ биелүүлээгүй” гэсэн агуулгаар тодорхойлсныг хариуцагч эс зөвшөөрч “нэхэмжлэгч “Ц-” ХХК нь хууран мэхэлж, орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээнд гарын үсэг зуруулсан, тус гэрээг үндэслэн нэхэмжлэл гаргасныг зөвшөөрөхгүй” гэх үндэслэл заан нэхэмжлэлээс татгалзсан байна.

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.   

4.Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /13343/, Лхагвасүрэнгийн гудамж, 2 дугаар байр, 5 давхар, 6,292.18 мкв талбайтай, орон сууцны зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204008821 дугаарын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Оросын Холбооны Улс бүртгэлтэй байна. /хх-ийн 27-р тал/

4.а.Нэхэмжлэгч “Ц-” ХХК нь О--ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын хилийн чанад дахь өмчийг удирдах үйлдвэрийн газартай 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр “Байршуулах талаар үйлчилгээ үзүүлэх” нэртэй гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч “Ц-” ХХК нь дээрх орон сууцыг эзэмшиж төлбөрийг өмчлөгчид төлөхөөр харилцан тохиролцсон болох нь нэхэмжлэгч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, “Байршуулах талаар үйлчилгээ үзүүлэх” гэрээ зэрэг хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдсон байна.

4.б.Улмаар талууд гэрээний хугацааг хоёр удаа буюу 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгасан байх бөгөөд уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. /хх-ийн 4-26-р тал/. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч “Ц-” ХХК нь О--ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын хилийн чанад дахь өмчийг удирдах үйлдвэрийн газартай байгуулсан гэрээний дагуу орон сууцны эзэмших эрхийг шилжүүлэн авч, хариуцагч Д.Н-тэй орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ байгуулсан байх тул орон сууцны хөлсийг нэхэмжлэх эрхгүй гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

4.в.Нэхэмжлэгч “Ц-” ХХК нь дээрх гэрээг үндэслэн, хариуцагч Д.Н-тэй 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр “Орон сууц түрээслэх, түрээслүүлэх” нэртэй гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч “Ц-” ХХК нь Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 2 дугаар байрны 8 тоот, 4 өрөө орон сууцыг 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал түрээслүүлэх, хариуцагч Д.Н- нь түрээсийн төлбөр 650,000 төгрөгийг сар бүрийн 05-ны дотор нэхэмжлэгч “Ц-” ХХК-д төлөхөөр тохиролцож, хариуцагч нь өнөөдрийг хүртэл тус орон сууцыг эзэмшиж байгаа болох нь талуудын тайлбар, орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ зэргээр тогтоогдсон байна. /хх-ийн 34-р тал/

4.г.Анхан шатны шүүх зохигчдын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан орон сууц хөлслөх гэрээ гэж зөв дүгнэжээ.

Талуудын хоорондын дээрх гэрээний 4.4-т “хэрвээ түрээслэгч тал түрээсийн төлбөрөө цаг тухайд нь төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлнө” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч “Ц-” ХХК нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар алданги нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцсэн байна.

4.д.Иймд анхан шатны шүүх 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх 9 сарын хөлс нийт 5,850,000 төгрөг, алданги 2,925,000 төгрөг, нийт 8,775,00 төгрөгийг хариуцагч Д.Н-ээс гаргуулж нэхэмжлэгч “Ц-” ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасанд тус тус нийцсэн.

5.Хариуцагч давж заалдах гомдолдоо ““Байршуулах талаар үйлчилгээ үзүүлэх” гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний шинжийг агуулсан, талууд тус гэрээг мөн хуулийн 318.3 дах хэсэгт заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул хүчин төгөлдөр бус, иймд орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар мөн хүчин төгөлдөр бус” гэжээ.   

5.а.Нэхэмжлэгч “Ц-” ХХК, О--ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын хилийн чанад дахь өмчийг удирдах үйлдвэрийн газрын хооронд байгуулагдсан гэрээ нь “Байршуулах талаар үйлчилгээ үзүүлэх” нэртэй байх боловч гэрээг хэрхэн нэрлэсэн нь гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй. Гэрээний агуулгаас үзвэл нэг тал нь орон сууцны эзэмшлийг шилжүүлэх, нөгөө тал нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн буюу гэрээний агуулгыг талуудын тайлбар болон хэрэгт авагдсан бусад баримттай харьцуулан үзвэл тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт зааснаар орон сууц хөлслөх гэрээг мөн хуулийн 305 дугаар зүйлд заасан дамжуулан түрээслэх эрхтэйгээр байгуулсан гэж үзэхээр байна. Иймд зохигчийн байгуулсан орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн  үндсэн дээр хийсэн хэлцэл гэж үзэхгүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2022/00732 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 155,350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.     

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                   ШҮҮГЧИД                                Э.ЗОЛЗАЯА                                                                                                                          Г.ДАВААДОРЖ