Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 77

 

                                                   

2024     09        10                                             2024/ДШМ/77

*******д  холбогдох эрүүгийн хэргийн тухай

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор З.Алтансолонго, хохирогч түүний өмгөөлөгч Н.Очирбат, шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг/цахимаар/, нарийн бичгийн дарга А.Золзаяа нарыг оролцуулан, 
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/196 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн *******д холбогдох эрүүгийн 2436000000189 дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч шүүгч М.Нямбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн ******* ******* ******* *******ын Сексенбай, 1990 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл гурав, эхнэр, хүүхдийн хамт Ховд аймгийн ******* ******* ******* ******* багт оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
2. Шүүгдэгч ******* нь Ховд аймгийн ******* ******* *******-******* багийн нутаг дэвсгэр " " гэх газарт 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр “мал нийлүүлсэн” гэх шалтгааны улмаас хохирогч ын нүүр тус газарт гараараа цохиж биед нь зүүн бугалгын гадна хэсэг, баруун бугалгын дунд дотор хэсэгт, хэлний хөвчинд цус хуралт, буйлны зөөлөн эдийн няцрал, баруун буюу 41, 42-р шүднүүд ІІ зэргийн хөдлөл, зүүн буюу 31 дүгээр шүд III зэргийн хөдлөл гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
3.Ховд аймгийн прокурорын газраас *******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
4. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: 
4.1  Шүүгдэгч ******* ******* ******* *******ын Сексенбайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
4.2 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 300 (гурван зуун) цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,
4.3 Шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг мэдэгдэж,
4.4 Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлж,
4.5  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гаас 6,186,400 /зургаан сая нэг зуун наян зургаан мянга дөрвөн зуун/ төгрөгийг гаргуулж хохирогч ад олгож,


4.6  Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж
4.7 Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
5. Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарын давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024оны 07 дугаар сарын 29-ны өдрийн 196 дугаартай Шийтгэх Тогтоол нь хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж үзэж байна.
Шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж гэм буруутайд тооцож 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэжээ. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэжээ. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь сонгох санкцтай бөгөөд шүүгдэгч ******* нь гэм буруутай маргаагүй, 1000 гаруй толгой малтай мал маллаж амьдардаг учир торгуулийн ялыг төлөх боломжтой байсан.
Урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь хэргийн 88 дугаар хуудсанд авагдсан ял шалгах хуудсаар нотлогддог, торгуулийн ял төлөх боломжтой эсэх нь мал тооллогын баримт, Ховд аймгийн ******* ******* ******* эрэг багийн Засаг даргын тодорхойлолтоор нотлогддог. Иймд Анхан шатны хуулийн тогтоолд өөрчлөлт оруулж шүүгдэгч *******д торгуулийн ял оногдуулж өгнө үү гэв.
6. Хохирогч болон түүний өмгөөлөгч Н.Очирбат нар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч *******гаас анхан шатны шүүх 6,186,400 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснээс нэг ч төгрөг төлөөгүй тул  анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: ******* нь Ховд аймгийн ******* ******* *******-******* багийн нутаг дэвсгэр " " гэх газарт 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр “мал нийлүүлсэн” гэх шалтгааны улмаас хохирогч ын нүүр тус газарт гараараа цохиж биед нь зүүн бугалгын гадна хэсэг, баруун бугалгын дунд дотор хэсэгт, хэлний хөвчинд цус хуралт, буйлны зөөлөн эдийн няцрал, баруун буюу 41, 42-р шүднүүд ІІ зэргийн хөдлөл, зүүн буюу 31 дүгээр шүд III зэргийн хөдлөл гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэрэгт буруутгагдсан. Анхан шатны шүүхээс 6,186,400 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогч ад учирсан хор уршгийг нөхөн төлөөгүй нөхцөл байдал байна. 
Иймд *******г гэм буруугаа ойлгон гэмшээгүй, хохирогчид учирсан хор уршгийг нөхөн төлөх талаар санаачлага гаргаагүй гэж үзэхээр байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг шүүгдэгч түүний өмгөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг  бүхэлд нь хянаж, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Хэргийн мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон байна.
3. Ховд аймгийн Прокурорын газраас “шүүгдэгч *******г Ховд аймгийн ******* ******* *******-******* багийн нутаг дэвсгэр гэх газарт 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдөр мал нийлүүлсэн гэх шалтгааны улмаас хохирогч ын нүүрэн тус газарт гараараа цохиж, зүүн бугалгын гадна хэсэг, баруун бугалгын дотор хэсэгт хэлний хөвчинд цус хуралт, буйлны зөөлөн эдийн няцрал, баруун буюу 41, 42-р шүднүүд II дугаар зэргийн хөдлөл, зүүн буюу 31 дүгээр шүд III дугаар зэргийн хөдлөл гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь тогтоогдсон”гэж дүгнэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
4. Шүүгдэгч ******* нь 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдөр “мал нийлүүлсэн” гэх шалтгааны улмаас хохирогч ын нүүр тус газарт гараараа цохиж, зүүн бугалгын гадна хэсэг, баруун бугалгын дотор хэсэгт хэлний хөвчинд цус хуралт, буйлны зөөлөн эдийн няцрал, баруун буюу 41, 42-р шүднүүд II дугаар зэргийн хөдлөл, зүүн буюу 31 дүгээр шүд III дугаар зэргийн хөдлөл гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь гэмт хэрэг үйлдсэн болох нь “хохирогч , гэрч Х.Дүйсенбек, К.Нагашбай нарын мэдүүлэг, гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан “хөнгөн хохирол”-ыг тогтоосон шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Я.Мөнхнасангийн 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 558 дугаартай шинжээчийн дүгнэлт” зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна. 
5. Анхан шатны шүүх шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын  найман цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг мэдэгдэж, шүүгдэгч *******гаас 6,186,400 төгрөгийг гаргуулан хохирогч ад олгож шийдвэрлэсэн байна.
6. Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нар нь “шүүгдэгч *******  нь 1000 гаруй толгой малтай болох нь мал тооллогын баримтаар тогтоогдож байгаа бөгөөд тэрээр торгох ялыг төлөх боломжтой тул тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэх агуулгатай гомдол гаргажээ.
 6.1 Анхан шатны шүүхээс шүүгдэгч *******д оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлагын зорилго” болон 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчим”-д  тус тус нийцсэн байна.
    6.2 Мөн Монгол Улсын Үндэсний статистикийн хорооны төсөв, төрийн сангийн мэргэжилтний тодорхойлолтоор шүүгдэгч ******* нь 2023 оны эцэст 1038 толгой мал тоолуулсан боловч тэрээр хохирогчид учирсан  6,186,400 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулаагүй байх тул түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөнгөрүүлэн торгох ял оногдуулах боломжгүй байна.
7. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч түүний өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож, ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/196 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой.” гэсэн үндэслэлээр оролцогч Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

                                 ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                Ж.ОТГОНХИШИГ

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Н.ТУЯА

                    ШҮҮГЧ                                       М.НЯМБАЯР