| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мишигдоржийн Батзориг |
| Хэргийн индекс | 128/2025/0980/З |
| Дугаар | 128/ШШ2026/0575 |
| Огноо | 2026-06-05 |
| Маргааны төрөл | Татвар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 128/ШШ2026/0575
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б м ХХК
Хариуцагч: Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн улсын байцаагч Н.М, Б.Б
Маргааны төрөл: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.6-д заасныг үндэслэн Том татвар төлөгчийн газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дугаартай татварын Нөхөн ногдуулалтын акт-аар тогтоосон нийт 3,963,723,874.11 төгрөгийн төлбөрөөс 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс хойш тооцсон татварын хугацааны алданги болох 318,509,654.02 төгрөг, 2023 оны татварын нөхөн төлбөрт ногдуулсан торгууль, алданги болох 242,945,218.05 төгрөг, нийт 561,454,872.07 төгрөгийн төлбөрийг багасгуулах-ыг хүссэн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц-О, хариуцагч Н.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б м ХХК шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: Том татвар төлөгчийн газраас 2024 оны 09 дүгээр сард манай компанид татварын шалгалт хийсэн бөгөөд 2020 оны 1 сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалтыг Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Н.М, Б.Б нар хийж гүйцэтгэсэн.
Уг шалгалтаар манай компанид 515,502,463.9 төгрөгийн нөхөн татвар, 1,264,856,605.15 төгрөгийн торгууль, 2,183,364,805.06 төгрөгийн алданги, нийт 3,963,723,874.11 төгрөгийн төлбөр төлүүлэхээр 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дугаартай татварын нөхөн ногдуулалтын акт тогтоосон.
Манай компанийн хувьд энэхүү татварын нөхөн ногдуулалтын актад заасан төлбөрийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул Татварын ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасны дагуу дараах үндэслэлээр Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан. Үүнд:
1-рт. Манай компани нь Төв аймгийн Заамар сумын Их тохойрол гэх газарт ашигт малтмал олборлолтын үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд ковид цар тахлаас хойш уурхайн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, банкны зээлийн өр төлбөр, харилцагч компаниудын өмнө хүлээсэн төлбөрийн үүрэг, уурхайн техник, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, сэлбэг хэрэгсэл, мөн шатахуун, шатах тослох материалын зардал зэрэг зардлуудын улмаас сүүлийн жилүүдэд компани санхүүгийн тайлангаар алдагдалтай гарсан.
Мөн татварын байгууллагаас манай компанийн харилцдаг арилжааны банкны бүх данснуудыг битүүмжилсний улмаас бид олон мянган ажилчдынхаа цалин хөлсийг олгож чадалгүй байсаар ажилчдаа алдаж, уурхайн техник хэрэгсэл, шатахуун, бараа материал худалдан авч чадахгүй болсон зэргээр компанийн хэвийн үйл ажиллагаа алдагдсан.
Улмаар 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас манай компанийн үйл ажиллагааг зогсоож, тус яамны геологи уул уурхайн хяналтын ахлах байцаагч Д.П, хяналтын улсын байцаагч Т.М, Г.Б нарын гарын үсэг бүхий 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн дугаартай Үйл ажиллагааг түр зогсоох тухай акт үйлдэн уурхайн тоног төхөөрөмжүүдийг лацдаж, компанийн үйл ажиллагааг зогсоосон. Үүний улмаас манай компанийн үйлдвэрлэл, үйлчилгээний хэвийн үйл ажиллагаа зогсож, орлого олох эх үүсвэр хаагдсан.
Иймээс 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс манай компани нь үйл ажиллагаа явуулаагүй зогссон байсан нь төрийн байгууллагын шийдвэрээр буюу хөндлөнгийн хүчин зүйлийн улмаас үүдэлтэй у энэ хугацаанаас хойш тооцсон татварын хугацааны алданги болох 318,509,654.02 төгрөгийг татварын нөхөн ногдуулалтын актаас хасуулж, нөхөн ногдуулалтын актад өөрчлөлт оруулах хүсэлтийг гаргасан.
2-рт. Мөн татварын хяналт шалгалтаар манай компанид шинээр нөхөн татвар гэж 515,502,463.9 төгрөг ногдуулсан бөгөөд үүнээс 2023 оны нөхөн татварын тайланг Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д зааснаар 2024 ондоо залруулах боломжтой байсан гэж бид үзсэн. Өөрөөр хэлбэл татварын хяналт шалгалтын үед шинээр үүсгэсэн 2023 оны нөхөн татварын асуудлыг татварын албаны зүгээс манай компанид үүссэн санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдал, үйл ажиллагаа зогссон зэрэг бодит байдлыг судлан үзэж, нөхөн татвартай холбоотой тайланг 2024 ондоо багтаан залруулахыг зөвлөж, нөхцөл боломжоор хангах байтал аж ахуйн нэгжийг их хэмжээний торгууль, алдангийн өр төлбөрт давхар оруулсныг бид эс хүлээн зөвшөөрч, 2023 оны татварын нөхөн төлбөрт ногдуулсан торгууль, алданги болох 242,945,218.05 төгрөгийг татварын нөхөн ногдуулалтын актаас хасуулж, нөхөн ногдуулалтын актад өөрчлөлт оруулах хүсэлтийг гаргасан.
Гэтэл Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл манай гаргасан гомдлыг хэлэлцээд татварын улсын байцаагчийн 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дугаар татварын нөхөн ногдуулалтын актыг хэвээр баталсныг хүлээн зөвшөөрөхгүй тул дараах байдлаар Захиргааны шүүхэд хандаж байна.
Үүнд: 1-рт. Манай компани нь 2015 оноос эхлэн уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд улсад нийт 53 тэрбум төгрөгийн татвар, хураамж төлж, шилдэг татвар төлөгч байгууллагаар удаа дараа шалгарч байсан. Гагцхүү төрийн байгууллагын шийдвэрээр буюу 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас манай компанийн үйл ажиллагааг зогсоож, дугаартай Үйл ажиллагааг түр зогсоох тухай акт үйлдэн уурхайн тоног төхөөрөмжүүдийг лацдаж, компанийн үйл ажиллагааг бүрэн зогсоосны улмаас манай компани орлого олох боломжгүй болж, хэвийн үйл ажиллагаа алдагдсан.
Манай компанийн хувьд төрийн байгууллагын шийдвэрээр буюу хөндлөнгийн хүчин зүйлийн улмаас үйл ажиллагаа бүрэн зогсож, 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл ямар ч орлогогүй байсан тул компанид үүссэн санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг татварын байгууллагаас бодитоор судлан үзэж, дүгнэлт гаргах, хүндэтгэн үзэх шалтгаан нөхцөлийг тодруулсны үндсэн дээр энэ хугацаанд тооцсон алданги болон торгуулийг чөлөөлөх, багасгах боломжтой байсан гэж бид үзэж байна.
Төрөөс баримталж буй татварын бодлого нь аж ахуй нэгж, байгууллагын бизнесийн үйл ажиллагааг дэмжих, татвар төлөгчийг татвар төлөх нөхцөл боломжоор хангах, татварын ногдуулалт бодитой, үнэн зөв байх зэрэг зарчмыг баримталдаг бөгөөд харин татвар төлөгчийг их хэмжээний алданги, торгуулиар дарамталж, дааж давшгүй өрөнд оруулах, хэвийн үйл ажиллагааг нь тасалдуулах, дампууруулах бодлого баримталдаггүй билээ.
Гэтэл 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс хойш уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас манай компанийн үйл ажиллагааг зогсоож, дугаартай Үйл ажиллагааг түр зогсоох тухай акт үйлдэн уурхайн тоног төхөөрөмжүүдийг лацдаж, компанийн үйл ажиллагааг бүрэн зогсоосон гэдэг нь баримтаар нотлогдсоор байтал Том татвар төлөгчийн газрын зүгээс манай компанийн үйл ажиллагаа зогссон хугацаанд бид холбогдуулан алданги, торгууль тооцож, их хэмжээний өрөнд оруулж байгаа нь төрийн баримталж буй татварын бодлого, зарчмыг илтэд зөрчсөн гэж бид үзэж байна.
Тодруулбал Том татвар төлөгчийн газрын татварын хяналт шалгалтын хэлтэс нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх гэсэн зарчмыг зөрчсөн.
2-рт. Маргаан таслах зөвлөлийн 14 дугаартай тогтоолд дурдсанаар: татварын хяналт шалгалт хийхээр татвар төлөгчид мэдэгдсэнээс хойш тайлангийн залруулгыг хийх боломжгүй гэсэн байдлаар дүгнэлт гаргасан. Татварын ерөнхий хуулийн 31.1-д Татвар төлөгч татварын тайланг дараагийн татварын жилд багтаан залруулж болно гэж заасан. Хууль тогтоогч энэхүү заалтыг батлахдаа татварын тайланг залруулах хугацааг дараагийн жилд багтаан буюу нэг жилийн хугацаанд гэж тогтоосон байх бөгөөд хуулийн энэхүү заалтын зорилго нь татварыг үнэн зөв тайлагнах, залруулах, татварын бүрдүүлэлтийг бүрэн хангах, татвар төлөгчид боломж олгох, их хэмжээний алданги, торгуулийн өрөнд орохгүй нөхцөлийг бүрдүүлэх, аж ахуй нэгж, хувийн хэвшлийн байгууллагын үйл ажиллагааг дэмжих, тэдний хэвийн үйл ажиллагааг зогсоохгүй, алдагдуулахгүй байх нөхцөл, боломжийг хангах гэх зэрэг хууль зүйн үр дагавар, ач холбогдлыг агуулж байна.
Гэтэл том татвар төлөгчийн газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн зүгээс 2020, 2021, 2022, 2023 онуудыг хамруулан татварын шалгалтыг 2024 оны 09 дүгээр сард хийсэн нь татвар төлөгч нь 2023 оны татварын тайланг дараагийн жилд багтаан буюу 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор багтаан залруулах боломжийг хаасан буюу Татварын ерөнхий хуулийн 31.1-д заасан зохицуулалтыг шууд зөрчсөн гэж үзэж байна.
Том татвар төлөгчийн газрын татварын хяналт шалгалтын хэлтэс нь өмнө нь манай компанид 2017, 2018, 2019 онуудын татварын шалгалт хийж 2021 онд акт гаргаж байсан бөгөөд 2024 онд хийх татварын шалгалтыг 2020, 2021, 2022 онуудыг хамруулан хийх боломжтой байсан. Өөрөөр хэлбэл 2023 оны татварын тайланг Татварын ерөнхий хуулийн 31.1-д заасан хугацааг өнгөрсөн үед шалгалт хийж дутагдал гарсан тохиолдолд алданги торгууль тавих нь зүй ёсны юм. Гэтэл хуульд зааснаар татвар төлөгч татварын тайланг дараагийн татварын жилд багтаан залруулж болно гэж эрхийг нь олгосон байтал энэхүү боломжийг нь эдлүүлэхгүйгээр их хэмжээний алданги, торгууль давхар давхар ногдуулж, аж ахуйн нэгжийн эрх зүйн байдлыг дордуулж байгаа нь төрийн байгууллагын үйлдэл, гаргасан шийдвэр нь хуульд нийцэхгүй байна гэж үзэж байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.6-д заасныг үндэслэн Том татвар төлөгчийн газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дугаартай татварын Нөхөн ногдуулалтын акт-аар тогтоосон нийт 3,963,723,874.11 төгрөгийн төлбөрөөс 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс хойш тооцсон татварын хугацааны алданги болох 318,509,654.02 төгрөг, 2023 оны татварын нөхөн төлбөрт ногдуулсан торгууль, алданги болох 242,945,218.05 төгрөг, нийт 561,454,872.07 төгрөгийн төлбөрийг багасгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын Татварын улсын байцаагч Н.М, Б.Б нар 2024 оны 09 дүгээр сард манай компанид татварын шалгалт хийсэн бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд албан татварын ногдол, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж гүйцэтгэсэн. Уг шалгалтаар манай компанид 515,502,463 төгрөгийн нөхөн татвар, 1,264,856,605 төгрөгийн торгууль, 2,183,364,805 төгрөгийн алданги, нийт 3,963,723,874 төгрөгийн төлбөр төлүүлэхээр 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дугаартай татварын нөхөн ногдуулалтын актыг тогтоосон. Манай компанийн үйл ажиллагааг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны шийдвэрээр 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр зогсоосны улмаас үйлдвэрлэл, үйлчилгээний хэвийн үйл ажиллагаа тасалдаж, орлого олох эх үүсвэр хаагдсан. Иймд 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс хойш манай компанийн үйл ажиллагаа зогссон нь төрийн байгууллагын шийдвэр буюу хөндлөнгийн хүчин зүйлтэй холбоотой у тус хугацаанаас хойш тооцсон татварын хугацааны алданги болох 318,509,654 төгрөг мөн 2023 оны нөхөн татвар гэж 515,502,463 төгрөгийг ногдуулсан татварын тайланг Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дүгээр зүйлд зааснаар 2024 онд залруулах боломжтой байсан гэж үзсэн. Өөрөөр хэлбэл 2023 оны татварын тайланг Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан хугацаанд залруулах боломжийг олголгүйгээр нөхөн татвар ногдуулж, түүнтэй холбоотой торгууль, алдангийг давхар тооцсон нь бодит нөхцөл байдалтай нийцэхгүй байна. Манай компанийн үйл ажиллагаа зогссон, санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн зэрэг бодит байдлыг харгалзан үзэж, 2023 оны нөхөн татвартай холбоотой тайланг 2024 онд багтаан залруулах боломж, нөхцөлөөр хангах байтал аж ахуй нэгжийг их хэмжээний торгууль, алдангийн өр төлбөрт давхар оруулсанд бид хүлээн зөвшөөрч байна. 2023 оны нөхөн татварт ногдуулсан торгууль, алданги болох 242,945,218 төгрөг, мөн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс хойш тооцсон татварын алданги болох 318,509,454 төгрөг буюу нийт 561,454,872 төгрөгийг татварын нөхөн ногдуулалтын актаас хасуулж, нөхөн ногдуулалтын актад өөрчлөлт оруулан багасгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н.М, Б.Б нар шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Н.М, Б.Б бид ******* тоот регистрийн дугаартай Б м ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, тоот томилолтын дагуу /Эрсдэлд суурилсан - бүрэн/ шалгалт хийж, татварын улсын байцаагчийн 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн нөхөн ногдуулалтын актаар 37,144,487,931.08 төгрөгийн зөрчилд 515,502,463.90 төгрөгийн нөхөн татвар, 1,264,856,605.15 төгрөгийн торгууль, 2,183,364,805.06 төгрөгийн алданги, нийт 3,963,723,874.11 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр ногдуулсан.
Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлөөр Б м ХХК-ийн нөхөн ногдуулалтын актын зарим хэсгийг эс зөвшөөрч 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 27/25 дугаартай албан бичгээр Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гаргасан гомдлыг хэлэлцэж, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзэн, нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээж, шийдвэрлэсэн.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Б м ХХК-иас гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна.
Нэг. Уул уурхай хүнд үйлдвэрийн яамнаас 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр компанийн үйл ажиллагааг зогсоосон, үүний орлого олох эх үүсвэр хаагдсан, үйл ажиллагаа явуулаагүй нь төрийн байгууллагын шийдвэрээр буюу хөндлөнгийн хүчин зүйлээс үүдэлтэй тул энэ хугацаанаас хойших хугацаанд тооцсон 2020, 2021, 2022 онуудын татварын хугацааны алданги 318,509,654.02 төгрөгийг нөхөн ногдуулалтын актаас хасуулах хүсэлтэй байна гэсэн нэхэмжлэлийн тухайд:
Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны шалгалтаар тус компани нь барилгын зураг төсөл, уулын ажлын төлөвлөгөөгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан нь Газрын хэвлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1 дэх заалт, Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.2-т заасныг тус тус зөрчсөн тул Төв аймгийн Заамар сумын Их тохойрол гэх газарт ашигт малтмал ашиглах MV-, MV-, MV- дугаартай тусгай зөвшөөрлийн талбай дахь олборлох үйл ажиллагааг 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс зөрчлийг арилгах хүртэл хугацаагаар үйл ажиллагааг зогсоосон байдаг.
Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.2.1-д татвар төлөгчийн хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй албан татварт алданги тооцох хугацааг тухайн татварыг төлбөл зохих өдрөөс түүнийг төлсөн өдөр хүртэлх хоногоор тооцохоор зохицуулсан бөгөөд хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д Татвар төлөгч дараах эрх эдэлнэ:... 12.1.3. хууль тогтоомжийн дагуу татвар төлөх хугацааг сунгуулах;, 53 дугаар зүйлийн 53. 1. Доор дурдсан нөхцөл байдлын аль нэг нь үүсэж татвар төлөгч татварын өрийг төлөх боломжгүй болох нь тогтоогдсон бол татвар төлөгчийн бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргасан хүсэлтийг үндэслэн харьяа татварын алба татвар төлөх хугацааг 1 жил хүртэлх хугацаагаар сунгаж хөнгөлөлт үзүүлж болно: , 53.2. Татвар төлөгч энэ хуулийн 53.1-д заасан хөнгөлөлтийн хугацаанд татварын өрийг төлөх боломжгүй хүндэтгэн үзэх нөхцөл үүссэн тохиолдолд татвар төлөгчийн хүсэлтийг үндэслэн харьяалах татварын алба хугацааг дахин сунгаж болно. Сунгах хугацаа нь анхны хөнгөлөлтийг оруулан нийт 2 жилээс илүүгүй байна., 53.5.Энэ хуулийн 53.1, 53.2-т заасны дагуу татварын өр төлөх хугацааг хөнгөлсөн тохиолдолд хөнгөлөлтийн хугацаанд тооцох алдангийг 20 хувиар хөнгөлнө. гэж тус тус заасны дагуу татвар төлөгчийн бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргасан хүсэлтийг үндэслэн харьяа татварын алба хугацааны хөнгөлөлт үзүүлсэн тохиолдолд хөнгөлөлтийн хугацаанд тооцох алдангийг 20 хувиар бууруулж болох хуулийн зохицуулалттай.
Б м ХХК нь татвар төлөх хугацааны хөнгөлөлт эдлэх хүсэлтийг Татварын ерөнхий хуулийн 53.1, Татварын ерөнхий газрын даргын 2019 оны дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан Татварын өр төлөх хугацааг хөнгөлөх журам-ын 2.1-д заасны дагуу хүсэлтээ 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн дугаартай албан бичгээр Том татвар төлөгчийн газарт ирүүлсэн боловч тус газраас журмын 4.1-д заасны дагуу хүсэлтийг нягталж, эс зөвшөөрсөн шийдвэрийг 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаартай албан бичгээр хүргүүлсэн. Мөн тус компаниас ирүүлсэн 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн дугаартай хүсэлт гаргах тухай албан бичигт Том татвар төлөгчийн газар 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн дугаартай албан бичгээр татвар төлөх хугацааны хөнгөлөлт эдлэх асуудлаар 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаартай албан бичгээр хариу хүргүүлсэн талаар мэдэгдэж, татварын өр хураах үйл ажиллагааг татварын өрийг төлж барагдуулах хүртэл хэрэгжүүлэх талаар мэдэгдсэн байдаг.
Иймд татварын албанаас тус компанийн татварын өр төлөх хугацааг хөнгөлөх шийдвэр гаргаагүй тул хуульд заасан хугацаанд төлөөгүй албан татварт тооцсон алдангийг Татварын ерөнхий хуулийн 73.2.1-д заасны дагуу тооцон ногдуулсан бөгөөд гомдолд дурдсан 318,509,654.02 төгрөгийн алдангийг хасах мөн алдангийг 53.5-д заасны дагуу хөнгөлөх хуулийн үндэслэлгүй болно.
Хоёр. Татварын хяналт шалгалтаар нөхөн татвар 515,502,463.9 төгрөг ногдуулсан бөгөөд 2023 оны тайланг 2024 оны 12 дугаар сарын 31-ээс өмнө залруулах боломжтой байсан, 2023 оны нөхөн татварын асуудлыг татварын албаны зүгээс тайланг дараагийн тайлант жил буюу 2024 ондоо багтаан залруулахыг зөвлөх, боломж олгох байсан. Иймд 2023 онд татварын нөхөн төлбөрт ногдуулсан 242,945,218.05 төгрөгийг нөхөн ногдуулалтын актын төлбөрөөс хасуулах хүсэлттэй байна гэсэн нэхэмжлэлийн тухайд:
Татварын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.4-т Татварын алба нь эрсдэлийн удирдлагын арга хэмжээг дараах үе шаттайгаар хэрэгжүүлнэ:... 35.4.3. эрсдэлийг үнэлэх, шинжлэх; 35.10. Энэ хуулийн 35.4.3-т заасан эрсдэлийн үнэлгээ, шинжилгээний үр дүнг үндэслэн татварын хяналт, шалгалтад хамруулах татвар төлөгчийг сонгоно, Монгол Улсын Сангийн сайдын 2019 оны 305 дугаар тушаалаар батлагдсан Татварын албаны эрсдэлийн удирдлагын үйл ажиллагаа, хорооны ажиллах журам-ын 6 дугаар зүйлд Эрсдэлийг удирдах ба хяналтын арга хэмжээг тодорхойлох, 6.8-д Татварын албаны холбогдох нэгжийн болон хувь хүн, хуулийн этгээдийн өргөдөл, хүсэлт, гомдол, удирдамж чиглэлийн дагуу тухайлан баталсан шалгуур үзүүлэлтээр тооцоолсон татвар төлөгчийн эрсдэлийн түвшин, татварын албаны тодорхойлсон бусад эрсдэлд үндэслэн хяналт шалгалтад шилжүүлж болно гэж заасныг үндэслэн Эрсдэлийн удирдлагын газар татвар төлөгчийн эрсдэлийг тооцож, 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр тоот татварын хяналт шалгалт хийх томилолт олгосны дагуу татварын хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн.
Мөн Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албанаас 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаар албан бичигт хэрэг бүртгэлтийн ******* дугаартай хэрэгт шалгагдаж байгаа ******* регистрийн дугаартай Б м ХХК-ийн 2020 оноос 2023 оны санхүүгийн үйл ажиллагаанд татварын хяналт шалгалт оруулж хариуг ирүүлэх тухай албан бичгийг Татварын ерөнхий газарт ирүүлсэн.
Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д Татвар төлөгч татварын тайланг дараагийн татварын жилд багтаан залруулж болно., 30 дугаар зүйлийн 30.10-т заасан Сангийн сайдын 2019 оны ******* дугаар тушаалаар батлагдсан Татварын тайлан үйлдэх, тушаах, хүлээн авах, боловсруулах, тайланд залруулга хийх журам-ын 4.1-д Татварын ерөнхий хуулийн 31.1-д заасан хугацаанд багтаан татвар төлөгчийн хүсэлтээр татварын тайланд залруулга хийнэ. гэж татвар төлөгчид татварын тайлангаа залруулах хугацааг өөрт нь олгосон хуулийн зохицуулалт юм.
Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4-т Татварын хяналт шалгалт хийхээр татвар төлөгчид мэдэгдсэнээс хойш энэ хуулийн 31.1-д заасан тайлангийн залруулгыг хийхгүй, Сангийн сайдын 2019 оны ******* дугаар тушаалаар батлагдсан Татварын тайлан үйлдэх, тушаах, хүлээн авах, боловсруулах, тайланд залруулга хийх журам-ын 4.3-т Татварын тайланг залруулах энэ журмын 4.1-д заасан хугацаа өнгөрсөн, Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам-ын 4.2.1-т заасны дагуу татварын хяналт шалгалт хийхээр татвар төлөгчид мэдэгдсэн бол татвар төлөгчийн тайланг залруулах хүсэлтийг татварын алба хүлээн авахгүй бөгөөд энэ тухай татвар төлөгчид мэдэгдэнэ. гэж заасан.
Татварын улсын байцаагчид Б м ХХК-д гүйцэтгэх захирал У.У*******, нягтлан бодогч С.Н******* нарт утсаар Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.5-д заасны дагуу хяналт шалгалт хийх болсон талаар мэдэгдэж, 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Татварын удирдлагын нэгдсэн системд бүртгэлтэй гүйцэтгэх захирал болон нягтлан бодогчийн утасны дугаараа холбогдон мэдэгдэх, 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Татварын удирдлагын нэгдсэн системд бүртгэлтэй n*******.s@b*******.mn хаягаар татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, томилолтыг хавсарган хүргүүлсэн.
Ингэснээр тус компанийн 2023 оны татварын тайлан залруулах хугацаа дээрх хуулийн зохицуулалтын дагуу 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөр дуусгавар болсон.
Бид татварын хяналт шалгалтын ажлыг Татварын ерөнхий хууль, түүнд нийцүүлэн гаргасан эрх зүйн баримт бичгийн хүрэ хийж гүйцэтгэсэн тул тус компанийн гаргасан нэхэмжлэл нь хуулийн үндэслэлгүй юм.
Түүнчлэн Б м ХХК нь маргаан таслах зөвлөлийн тогтоолыг 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр гардан авсан боловч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан байна.
Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.19 дэх хэсэгт Татвар төлөгч нь Маргаан таслах зөвлөлийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд шийдвэрийг гардан авснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд хандах эрхтэй., Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 14 дүгээр тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь хэсэгт Шийдвэрийг эс зөвшөөрвөл татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын актад гомдол гаргагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргах эрхтэй. гэсэн, мөн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана: 14.1.1. дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол;, 14.3-т "Шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд, хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана. гэж тус тус заасны дагуу тус компанийн нэхэмжлэл нь хуульд заасан хугацааг хэтрүүлсэн байна.
Иймд Б м ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д "Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана: 54.1.8.энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн. гэж заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б м ХХК нь Том татвар төлөгчийн газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дугаартай татварын Нөхөн ногдуулалтын акт-аар тогтоосон нийт 3,963,723,874.11 төгрөгийн төлбөрөөс 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс хойш тооцсон татварын хугацааны алданги болох 318,509,654.02 төгрөг, 2023 оны татварын нөхөн төлбөрт ногдуулсан торгууль, алданги болох 242,945,218.05 төгрөг, нийт 561,454,872.07 төгрөгийн төлбөрийг багасгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.
1. Шүүх дараахь үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн улсын байцаагч Н.М, Б.Б нарын 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн тоот Нөхөн ногдуулалтын акт-аар Зөрчлийн тухай хуулийн 11.19 зүйлийн 11.19.1, Татварын ерөнхий хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, 82.1.2, 82.1.1, 73 дугаар зүйл Алданги 73.1, 73.2, 73.2.1, 84 дүгээр зүйлийн 84.1, 84.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн 515,502,463.9 төгрөгийн нөхөн татвар, 1,264,856,605.15 төгрөгийн торгууль, 2,183,364,805.06 төгрөгийн алданги, нийт 3,963,723,874.11 төгрөгийн төлбөрийг Б м ХХК-иар төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
3. Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 14 дугаар тогтоолоор татварын улсын байцаагч Н.М, Б.Б нарын 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн тоот Нөхөн ногдуулалтын акт-ыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
4. Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.3-т Татварын алба энэ хуулийн 30.2-т заасны дагуу тайланг хянах бөгөөд мэдээлэл зөрүүгүй тохиолдолд тайланг хүлээж авах бөгөөд шаардлагатай тохиолдолд анхан шатны болон холбогдох бусад баримтыг шаардаж болно, 30.4-т Татварын алба энэ хуулийн 30.2-т заасны дагуу тайланг хянаж мэдээллийн зөрүү илэрвэл илрүүлснээс хойш ажлын 3 өдрийн дотор мэдээллийн зөрүүг залруулах шаардлагыг татвар төлөгчид хүргүүлнэ, 30.5-д Татвар төлөгч энэ хуулийн 30.4-т заасан шаардлагыг хүлээн авснаас хойш ажлын 3 өдөрт багтаан шаардлагад заасан зөрүүг арилгаж, залруулсан тайланг тушаах үүрэгтэй бөгөөд татварын алба тайланг хүлээн авна, 31 дүгээр зүйлийн 31.1-д Татвар төлөгч татварын тайланг дараагийн татварын жилд багтаан залруулж болно, 31.4-т Татварын хяналт шалгалт хийхээр татвар төлөгчид мэдэгдсэнээс хойш энэ хуулийн 31.1-д заасан тайлангийн залруулгыг хийхгүй гэж тус тус заасан байна.
5. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь 2023 оны нөхөн татвар ногдуулалтын хувьд манай компани татварын тайландаа залруулга хийх боломжтой байсан, гэтэл тайландаа залруулга хийх боломжийг хариуцагч олгоогүй, манай компанийн татварын тайланг 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр татварын байгууллага хүлээн авсан атлаа 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр татварын хяналт шалгалт хийх талаар мэдэгдсэн нь манай компанийн залруулга хийх эрхийг хаасан, өөрөөр хэлбэл Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4-т Татварын хяналт шалгалт хийхээр татвар төлөгчид мэдэгдсэнээс хойш энэ хуулийн 31.1-д заасан тайлангийн залруулгыг хийхгүй гэж заасан зохицуулалтын дагуу манай компанийн тайлангаа залруулах эрхийг хаасан, тодруулбал хяналт шалгалт хийх талаар манайд 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр мэдэгдсэнээс хойш 09 дүгээр сарын 10-ны өдөр тайланг хүлээн авч манай компанийн Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.4, 30.5-д заасан залруулга хийх эрхийг хаасан гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.
6. У нь Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйл болон 31 дүгээр зүйл нь тус тусдаа өөр харилцааг зохицуулсан байна, тодруулбал, тус хуулийн 30 дугаар зүйлээр татвар төлөгчийн илгээсэн татварын тайланг татварын албаны зүгээс хянан үзэх харилцааг, илүү тодруулбал татварын алба зөрүүтэй мэдээлэл илэрсэн тохиолдолд шаардлагатай гэж үзвэл мэдээллийн зөрүүг залруулах шаардлагыг татвар төлөгчид хүргүүлэхээр байх ба үүнээс үзэхэд тус хуулийн 30 дугаар зүйлийн холбогдох зохицуулалтуудыг татварын алба шаардлагатай тохиолдолд хэрэглэхээр байх ба уг зохицуулалт нь татвар төлөгчийн зүгээс хүсэлтээрээ тайлан залруулах харилцаанд хамааралгүй байна.
7. Харин Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлээр татвар төлөгчийн зүгээс өөрийн хүсэлтээрээ татварын тайландаа залруулга хийх харилцааг зохицуулсан байна.
8. Иймд Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйл нь татвар төлөгчийн зүгээс хүсэлтээрээ тайлан залруулах харилцаанд хамааралгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь манай компанийн Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.4, 30.5-д заасан залруулга хийх эрхийг хариуцагч хаасан гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.
9. Мөн дээр дурдсан Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан зохицуулалтаас үзэхэд, нэхэмжлэгч нь тайлан илгээсэн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн татварын хяналт шалгалт хийхээр мэдэгдсэн 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл олон сарын хугацаанд татварын тайландаа залруулга хийх боломжтой байсан болох нь тогтоогдож байх тул манай компанийн тайландаа залруулга хийх эрхийг хязгаарласан гэсэн агуулгаар нэхэмжлэгч тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.
10. Мөн нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь ... 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас манай компанийн үйл ажиллагааг зогсоож, дугаартай Үйл ажиллагааг түр зогсоох тухай акт үйлдэн уурхайн тоног төхөөрөмжүүдийг лацдаж, компанийн үйл ажиллагааг бүрэн зогсоосны улмаас манай компани орлого олох боломжгүй болж, хэвийн үйл ажиллагаа алдагдсан тул манай компани нь татвар төлөх хугацааны хөнгөлөлт эдлэх ёстой гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.
11. У нь Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын 2025 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Хариу хүргүүлэх тухай №******* тоот албан бичгээр ...Танай компани нь Татварын албан ирүүлсэн 2021 оны татварын тайланд 179.9 тэрбум төгрөгийн, 2022 оны татварын тайланд 86.8 тэрбум төгрөгийн тус тус борлуулалтын орлоготой тайлагнасан. Мөн энэ оны 3-5 дугаар саруудын нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд нийт 25.4 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого тайлагнасан байх тул танай компанийг үйл ажиллагаа зогсоосон гэж үзэхээргүй байна. Иймд Б м ХХК-ийн хугацаандаа төлөөгүй нийт 3,592,656,542.1 төгрөгийн татварын өрөнд татвар төлөх хугацааны хөнгөлөлт эдлүүлэх боломжгүй... гэсэн хариуг нэхэмжлэгчид өгсөн нь хууль зүйн үндэслэлтэй байх ба нэхэмжлэгчийн татвар төлөх хугацааны хөнгөлөлт эдлэх ёстой гэж маргаж байгаа үндэслэл нь Татварын ерөнхий хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д заасан үндэслэлүүдэд хамаарахгүй байна.
12. Дээр тайлбарласан үндэслэлүүдээс үзэхэд, маргаан бүхий 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн тоот Нөхөн ногдуулалтын акт нь захиргааны актад тавигдах шаардлагыг хангасан, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй захиргааны акт байна.
13. Өөрөөр хэлбэл, дээр тайлбарласан хууль зүйн үндэслэлүүдээс үзэхэд маргаан бүхий 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн тоот Нөхөн ногдуулалтын акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх гэж заасан зарчимд нийцсэн захиргааны акт байна.
14. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б м ХХК-ийн Том татвар төлөгчийн газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дугаартай татварын Нөхөн ногдуулалтын акт-аар тогтоосон нийт 3,963,723,874.11 төгрөгийн төлбөрөөс 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс хойш тооцсон татварын хугацааны алданги болох 318,509,654.02 төгрөг, 2023 оны татварын нөхөн төлбөрт ногдуулсан торгууль, алданги болох 242,945,218.05 төгрөг, нийт 561,454,872.07 төгрөгийн төлбөрийг багасгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ